Чи эрүүл болохыг хүсэж байна уу?
Бид наманчилж, Их Эзэнд хөрвөгдөх үед эрүүл болж, бидний гэм ариусгагдах болно.
Иерусалимд болж байсан нэгэн сайхан баярын үеэр Аврагч цугларсан олныг орхиод тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг хайж олохоор явсан юм. Тэрээр тэднийг хонины хаалганы дэргэд байдаг өвдөгсдийг эдгээдгээрээ алдартай Бетзада гэдэг цөөрмийн тэнд байдаг таван саравчнаас олов.
Иоханы сайн мэдээнд цөөрмийн дэргэд байсан “тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. Тэд ус хөдлөхийг хүлээж байв” хэмээн өгүүлдэг.
“Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд,ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ” (Иохан 5:3–4).
Аврагчийн энэ үйлчлэл нь Карл Блохын Христ Бетзадад өвчтэй хүмүүсийг эдгээж буй нь нэртэй сайхан зурган дээр дүрслэгдсэн байдаг. Блох, цөөрмийн дэргэд хэвтээд хүлээж буй “сул дорой өвчтэй хүнийг” Есүс олж, (Иохан 5:7) хөшгийг нь зөөлхөн сөхөн харж байгаагаар зуржээ. Энд сул дорой гэдэг нь хүч тэнхээгүй болсон хүмүүсийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь өөртөө тусалж чадахгүй болсон тэдэнд үйлчлэхээр чимээгүйхэн ирсэн Аврагчийн нигүүлсэл, ач ивээлийг онцлон харуулж байна.
Өвчнөөсөө болж доройтон 38 жилийн турш шаналсан өвчтэй хүн сүүдэр газар, шалан дээр эвхрэн хэвтэж байгааг уг зурган дээр дүрсэлжээ.
Аврагч нэг гараараа хөнжлийн захаас барьж, нөгөө гараараа түүнийг өөр рүүгээ дуудан “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” хэмээн шийдэмгийгээр асуусан юм.
Мөнөөх өвчтэй хүн “Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог” (Иохан 5:6–7) хэмээн хариулдаг.
Тэр хүний хувьд, хүсэж байсан ч, хэзээ ч боломжгүй мэт санагдаж байсан сорилтынх нь хариуд Есүс бүрэн дүүрэн хариултыг өгдөг.
“Бос, дэвсгэрээ аваад, яв.
“Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав” (Иохан 5:8–9).
Аврагч Иерусалим хүрэх замдаа уяман өвчтэй арван хүнтэй уулзаж, тэдэнд хайрын өөр нэгэн жишээг үзүүлсэн тухай Лук өгүүлсэн байдаг. Тэд өөрсдийн өвчний улмаас “зайдуу зогсож байв” (Лук 17:12). Тэд цэвэр биш, хэрэгцээгүй, хөөгдсөн хүмүүс байлаа.
“Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч” гэж тэд хашгирч байв (Лук 17:13). Өөрөөр хэлбэл, “Та бидний төлөө ямар нэг юм хийж өгөөч?” хэмээн тэд гуйж байлаа.
Нинжин сэтгэлээр дүүрэн Агуу Эмч, гайхамшиг итгэлээр ирдэгийг мэдэх тул тэдэнд “Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл” (Лук 17:14) гэж хэлжээ.
Тэднийг итгэлтэйгээр алхах зуур гайхамшиг тохиож, алхам тутамд нь бие махбод нь цэвэршин, эдгэрч байгаагаа хараад мэдэрсэн тэдний хэмжээлшгүй их баяр баясгаланг та төсөөлж чадах уу?
“Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг хараад буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулав.
“[Эзэний] хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. …
“[Есүс] түүнд, -Бос, өөрийн замаар яв: Итгэл чинь чамайг эдгээлээ гэв” (Лук 17:15–16, 19).
Урьд нь би эмч байхдаа бие махбодыг засаж, сэлбэхэд анхаарч ажилладаг байсан. Есүс Христ бие, сэтгэл болон сүнсийг эдгээдэг бөгөөд Түүний эдгээлт итгэлээс эхэлдэг.
Та хэзээ итгэл болон баяр баясгалангаар дүүрч байснаа санаж байна уу? Та өөрийн гэрчлэлтэй болсон үеэ эсвэл Бурхан танд та бол Бурханы хүү, охин бөгөөд Тэрээр танд маш их хайртай гэдгийг баталж мөн та эдгээгдсэн гэдгээ мэдэрсэн үеийг санадаг уу? Хэрэв тэр цаг мөч мартагдсан юм шиг санагдвал үүнийг дахин сэргээн санаарай.
Хэрхэн эрүүл, бүрэн дүүрэн эсвэл эдгээгдэж болох талаар Аврагч бидэнд ингэж зөвлөсөн:
“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир. Би та нарыг амраая.”
“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.”
“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” (Матай 11:28–30).
“Ирээд, намайг дага” (Лук 18:22) гэсэн үгс нь хуучин амьдрал болон дэлхийн хүслүүдээ орхиж, “Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, бүх зүйлүүд шинэ болсон байна” (2 Коринт 5:17), бүр шинэ, итгэлээр дүүрэн зүрх сэтгэлтэй шинэ бүтээл бологтун хэмээн урьдаг. Тэгээд бид бүрэн бүтэн болдог.
“Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; асуу тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно” (С ба Г 88:63).
Бид Түүнд ойртсоноор мөнх бус амьдрал нь хүнд хэцүү байх учиртай бөгөөд “бүх зүйлст сөрөг тал байна” (2 Нифай 2:11) гэдэг нь авралын төлөвлөгөөн дэх алдаа биш гэдгийг ойлгодог. Сөрөг тал нь үнэндээ мөнх бус амьдралын амин чухал хүчин зүйл бөгөөд бидний хүсэл зоригийг хүчирхэгжүүлж, сонголтыг зөв болгодог. Бид Түүний дүр төрхийг өөрсдийнхөө царай төрхөнд шингээн (Алма 5:19-ийг үзнэ үү), зүрх сэтгэлээрээ Түүнд бууж өгөх үед амьдралын тааж боломгүй олон өөрчлөлт биднийг Бурхантай мөнхийн харилцаатай болоход тусалдаг.
“Намайг дурсаж үүнийг үйлд” (Лук 22:19) хэмээн Аврагч бидний нэрлэдэг ариун ёслолыг анх бий болгохдоо биднээс хүссэн. Талх, усны энэхүү ёслол нь Бурхантай хийсэн бидний ариун гэрээг шинэчилдэг бөгөөд Цагаатгалын хүчийг бидний амьдралд авчирдаг. Бид зүрх сэтгэлийг хатууруулан, хүзүүг хөшүүн болгодог амьдралын хэв маяг, зуршлуудаа орхисноор мөн дотоод хэсгээ цэвэрлэснээр бид эдгээгдэх болно. Бид “эсэргүүцлийн зэр зэвсг[ээ]” (Алма 23:7) доош тавих үед бид “[өөрсдийнхөө] төлөө сонгогчид” (С ба Г 58:28) болон үйлдэж, цаашид Сатаны арга залинд мэхлэгдэхгүй байж мөн дэлхий ертөнцийн аймшигтай дуу чимээнд дүлийрэхгүй болдог.
Бид наманчилж, Их Эзэнд хөрвөгдөх үед эрүүл болж, бидний гэм ариусгагдах болно. Бид Инос шиг “Энэ хэрхэн бүтэв?” хэмээн гайхаж болох юм. Их Эзэн түүнд “Христэд итгэлтэйн чинь учир буюу. … иймийн тул, яв, итгэл чинь чамайг эдгээлээ” (Инос 1:7, 8) гэж хариулсан билээ.
Христэд итгэгч Корри тэн Бүүм хэмээх голланд эмэгтэй Дэлхийн II дайны үед бөөнөөр хорих газар хоригдож байхдаа ийм эдгээлтийг олж авсан ажээ. Корри маш их зовсон ч хорих газруудын нэгэнд амиа алдсан хайрт эгч Бецитэйгээ адил тэнд амь үрэгдээгүй юм.
Дайны дараа тэрээр өөрт тохиолдсон явдлуудаа мөн эдгээлт, өршөөлийн талаар олон хүмүүсийн өмнө байнга ярьдаг байв. Нэгэн удаа Корригийн хоригдож байсан Германы Равенсбрукын аймшигт шоронд нацист хамгаалагч байсан хүн түүн дээр ирж, Христийн өршөөл болон хайрын талаарх түүний үгэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.
“Фролайн, би таны хэлсэн үгэнд ямар их талархалтай байна гээч. Таны хэлснээр “Тэр миний гэм нүглүүдийг угаасан шүү дээ!” гэв.
“Тэр надтай гар барихаар гараа сунгасан байв.” “Тэгтэл уучлах хэрэгтэй гэж би байнга … заадаг мөртлөө гараа сунгаж чадахгүй байлаа.
“Уур хилэн, өшөө хонзонгийн бодлууд миний дотор буцалж байсан бөгөөд би тэр бодлууд ямар нүгэлтэй болохыг мэдэж байв. … Их Эзэн Есүс, намайг уучил. Мөн түүнийг уучлахад надад туслаач гэж би залбирлаа.
“Би инээмсэглэх гэж оролдон, гараа өргөхийг хичээв. Гэвч чадахгүй байлаа. Би сайхан сэтгэл эсвэл энэрлийг өчүүхэн төдий ч мэдрэхгүй байлаа. Тэгээд би дахиад чимээгүй залбирлаа. Есүс, би түүнийг уучилж чадахгүй байна. Надад Өөрийнхөө өршөөлийг өгөөч.
“Түүний гарыг барих үед хамгийн гайхалтай явдал болов. Миний мөр, гарын алгаар минь дамжин тэр хүн рүү гүйдэл гүйх мэт болоход энэхүү үл таних хүнийг хайрлах хайр миний зүрх рүү урсан орж ирсэн нь намайг ихэд гайхшруулсан юм.
“Тэгээд би дэлхийн эдгээлт нь сайн үйлс болон бидний уучлалаас шалтгаалдаггүй, харин Түүнээс ирдэг гэдгийг олж мэдсэн. “Дайснаа хайрла” гэж Тэр бидэнд хэлэхдээ зарлигтай хамт бас хайрыг өгдөг.”1
Корри тэн Бүүм эдгээгдсэн юм.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Уй гашуу, зовлон зүдүүрээр хүрээлүүлэн зовж буй тэднийг хамгаалж чадах нэгэн амь байдаг бөгөөд энэ нь Их Эзэн Есүс Христ юм”2 хэмээн хэлжээ.
Хэрэв та цэвэр бус, хайрлагддаггүй, аз жаргалгүй, зохисгүй, эрүүл бус эсвэл бүрэн дүүрэн бус санагдвал “Амьдралын талаарх шударга бус юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин зөв болгогдох болно”3 гэдгийг санаарай. Танд зориулсан Аврагчийн цаг хугацаа болон зорилгуудад итгэлтэй, тэвчээртэй байгтун. “Бүү ай, зөвхөн итгэ” (Марк 5:36).
Аврагч бидний бодгалыг засаж, зүрхийг эдгээхийн төлөө эрж хайсаар байгаа гэдэгт итгээрэй. Тэрээр хаалган дээр хүлээгээд тогшиж байдаг. Бүгдээрээ дахин залбирч, наманчилж, уучилж, мартаж эхлэх байдлаар хаалгаа нээцгээе. Бурханыг хайрлаж, хөршдөө үйлчлэн, цэвэр болсон амьдралтайгаа ариун газруудад зогсоцгооё. Бетзеда цөөрөм дээр байсан сул дорой өвчтэй хүн, Иерусалим руу явах замд таарсан уяман өвчтөнгүүд, Корри тэн Бүүм бүгдээрээ эрүүл болсон. “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” “Бос, дэвсгэрээ аваад яв.” Түүний “нигүүлсэл чамд хангалттай” (2 Коринт 12:9), та хэзээ ч ганцаараа алхахгүй.
Би Бурхан амьд гэдгийг мэднэ. Бид бүгд Түүний хүүхдүүд бөгөөд Тэр биднийг хэн байгаагаар нь болон хэн болж чадахаар нь хайрладаг гэдгийг би мэднэ. Тэр Өөрийн хүүг бүх хүн төрөлхтөний цагаатгагч золиослол болгон дэлхий рүү илгээсэн гэдгийг би мэднэ. Түүний сайн мэдээг хүлээн авч, Түүнийг дагасан хүмүүс нь “түүний өөрийнх нь цагт, мөн түүний өөрийнх нь замаар, мөн түүний өөрийнх нь тааллын дагуу,” (С ба Г 88:68) Түүний зөөлөн нигүүлслээр эдгээгдэж мөн бүрэн дүүрэн болно гэдгийг би мэднэ. Эдгээр бүх зүйлийг Есүс Христийн нэрээр би та нарт гэрчилж байна, амен.