Бурханд илүү ойртох нь
Аврагч маань биднийг өөрсдийнхөө хүслийг Түүнийхтэй нийцүүлэн, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг байгаасай хэмээн хүсдэг.
Намайг “Попи” гэж дууддаг 6 настай зээ хүү Оли маань машинаас нэг юм авах хэрэг гарсан байна. Байшин дотроос харж байсан аав нь Олид мэдэгдэлгүйгээр машинд ойртох үед нь алсын удирдлагаар хаалганых нь түгжээг тайлж, явахад нь түгжсэн ажээ. Тэгтэл Оли гэрт инээсээр орж ирэв!
Гэр бүлийнхэн нь түүнээс “Чи яаж хаалганы түгжээг тайлж бас буцааж түгжиж чадав аа?” гэж асуужээ. Харин тэр зүгээр л инээмсэглэсэн аж.
Түүний ээж болох манай охин: “Энэ яг л Попигийн хийдэг шиг юм болов уу? Аягүй бол чи түүн шиг ид шидийн хүчтэй байх аа!” гэв.
Хэдэн минутын дараа энэ явдал дахин давтагдахад түүний шинэ чадварын талаар асуусан нэмэлт асуултуудын хариулт болгож: “Гайхалтай юм аа. Миний бодлоор Попи надад хайртай, миний хамгийн сайн найзуудын нэг болохоор тэр намайг харж ханддаг байх аа!” гэжээ.
Би Африк, Папуа Шинэ Гвиней, Австрали, Шинэ Зеланд болон Номхон далайн арлуудын итгэлтэй гэгээнтнүүдийн амьдралд тохиосон үнэнхүү гайхалтай зүйлсийн тухай мэдэх боломжоор адислагдсан юм. Олигийн зөв. Миний бодлоор Оли миний талаар ямар бодолтой байдаг шиг, тэдгээр итгэлтэй хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн талаар тэгж мэдэрдэг байх. Тэд Бурханыг дотны нөхрийн хувьд хайрладаг ба Тэр тэднийг харж ханддаг.
Энэ сүмийн гишүүд сүнслэг гэрчийг хүлээн авах, Их Эзэнийг дагах ариун нандин гэрээ байгуулах эрхтэй ба олон ч хүмүүс түүнчлэн хүлээн авдаг. Үүнээс үл хамааран, зарим нь Түүн рүү тэмүүлж байхад зарим нь тэгдэггүй. Та алинд нь хамаарагдах вэ?
Бурхан бол орчлон ертөнцийн цөм- бидний анхаарлаа төвлөрүүлэх цэг билээ. Тэр үнэхээр тийм байна уу? Эсвэл Тэр, заримдаа бидний зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос хол байдаг уу? (Мозая 5:13 үзнэ үү). Бидний зүрх сэтгэл дэх бодлууд нь чухал төдийгүй, “зорилт” нь бас чухал гэснийг анхаараарай. Бидний зан авир, үйлдлүүд хэрхэн зорилтыг маань тусгаж харуулдаг бол?
Манай хүү Бэн 16 насандаа гадасны чуулган дээр үг хэлж байхдаа нэг асуулт асуусан юм. “Хэрэв нэг хүн долоо хоног бүр өөрт чинь нэг зүйл амлачихаад амлалтаа хэзээ ч биелүүлэхгүй байвал яах вэ?” гээд цааш нь үргэлжлүүлэн “Бид ариун ёслолоос хүртэж, Түүний зарлигуудыг сахин, үргэлж Түүнийг санана гэсэн гэрээ байгуулахдаа өгч буй амлалтаа нухацтайгаар авч үздэг үү?” хэмээн асуусан.
Их Эзэн бидэнд Түүнийг болон Түүний хүчийг санахад туслах аргуудаар хангасан. Нэг арга нь бид бүгдийн туулдаг зовлон зүдгүүр юм (Алма 32:6-г үзнэ үү). Үзэж туулсан сорилт бэрхшээлээ дурсан бодоход тэдгээр нь миний өсөлт, ойлголт, мэдрэмжид бодит үр дүн үзүүлсэн нь тодорхой байдаг. Тэдгээр нь намайг Тэнгэрлэг Эцэгт, Түүний Хүү Есүс Христэд илүү ойртуулж, улмаар уг туршлага, ариусгал нь зүрх сэтгэлд минь суусан юм.
Их Эзэний заавар, чиглүүлэг нь амин чухал байдаг билээ. Тэр итгэлийн хүчээр баригдсан далайн хөлөгт хэрхэн цэвэр агаар оруулах зааварчилгаа өгч, Жаредын итгэлтэй ахад тулгарсан хоёр бэрхшээлийн нэгд нь туслалцаа үзүүлсэн (Ифер 2:20 үзнэ үү). Гэхдээ, Тэрбээр гэрлээр хангах асуудлыг түр орхиод зогсоогүй түүнчлэн Их Эзэн Тэрбээр уг асуудлыг шийдвэрлэхэд тэд зайлшгүй сорилт бэрхшээлүүдтэй тулгарах болгоно гэдгийг ойлгуулсан билээ. Мөн Тэрбээр Өөрөө салхи шуурга, бороо, үер усыг илгээх ажээ (Ифер 2:23–24 үзнэ үү).
Тэр яагаад ингэж байгаа юм бол? Аюул ослыг бидэнд тохиохоос нь өмнө зогсоож чадах атлаа яагаад бидэнд аюул ослоос өөрсдийгөө холдуулахыг сануулдаг юм бол? Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф эхнэр, хүүхдийнх нь унтаж амарч байсан тэргээ холдуул гэсэн сүнслэг сануулгыг хүлээн авсны дараа тун удалгүй хар салхи үүсч, асар том модыг үндсээр нь сугалан, яг тэдний байрлаж байсан тэр газар унагахыг харсан тухай түүхээ хуваалцсан байдаг (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 47 үзнэ үү).
Энэ хоёр тохиолдлын аль алинд нь аюулыг зайлуулахын тулд цаг агаарыг сайжруулж болох байсан. Гэхдээ чухал зүйл нь гэвэл Их Эзэн асуудлыг Өөрөө шийдэж өгөхийн оронд Тэр биднийг асуудлаа өөрсдөө шийдвэрлэхдээ Түүнд тулгуурлаж мөн Түүнд найдвараа тавихад туслах тэрхүү итгэлээ хөгжүүлээсэй хэмээн хүсдэг юм. Тэгснээр бид Түүний хайрыг байнга, хүчирхэгээр, тодорхойгоор, хувиараа мэдэрч чадна. Тэгснээр бид Түүнтэй нэгддэг бөгөөд Түүн шиг болж чадна. Биднийг Өөртэйгээ адилхан болгох нь Түүний зорилго буюу энэ нь Түүний ажил, мөн алдар суу билээ (Мосе 1:39 үзнэ үү).
Нэгэн жаахан хөвгүүн машинаараа тоглохоор байшингийнхаа ар дахь шороог тэгшлэхийг оролдож байлаа. Гэтэл зам дээр нь нэг том чулуу тээг болоод байж гэнэ. Уг чулууг бүх л чадлаараа түлхэж, чангаасан ч бүр хичнээн их зүтгэл гаргасан ч огт хөдөлсөнгүй.
Аав нь түүнийг хэсэг хугацаанд харж байснаа түүн дээр ирж, “Иймэрхүү том чулууг зайлуулахын тулд чи бүх хүчээ дайчлах хэрэгтэй” гэж хэлжээ.
Хөвгүүн “Би бүх л хүчээ дайчилсан шүү дээ” гэв.
Харин аав нь “Үгүй ээ, чи тэгээгүй. Чи миний тусламжийг аваагүй байна шүү дээ” хэмээн түүнд хэлжээ.
Тэр хоёр хамтдаа нөгөө чулууг амархан холдуулж чаджээ.
Папуа Шинэ Гвинейн анхны гадасны ерөнхийлөгч болох миний найз Вайба Ромын аав тусламж хэрэгтэй үедээ Тэнгэр дэх Эцэгтээ хандаж болох талаар сурч авсан байна. Тэр аав болон түүний амьдардаг тосгоны хүмүүс зөвхөн ургуулсан тариагаараа амьдралаа тэтгэдэг байжээ. Нэг өдөр тэрээр тариан талбайнхаа хэсэг газрыг цэвэрлэх гэж шатааж байв. Удаан хугацаанд маш халуун байсан тул тариа ногоо нь тун хуурай байсан гэнэ. Уг гал нь яг л өнгөрсөн ерөнхий чуулган дээр Ерөнхийлөгч Томас С.Монсоны дүрсэлсэн шиг их гал болон хувирав (Томас С.Монсон “Дуулгавартай байдал нь адислалыг авчирдаг” Ensign or Liahona, 2013оны 5-р сар, 89–90-ийг үзнэ үү). Тэр гал зүлэг ногоо, бут руу дамжиж хүүгийнх нь хэлснээр “аймшигтай галан мангас” болжээ. Тэрээр тосгоны бусад хүмүүсийн төлөө санаа зовж мөн тэд тариагаа алдах вий хэмээн эмээсэн байна. Хэрэв бүгд устах юм бол тэр ах тосгоны шүүхэд очих ёстой байв. Галыг зогсоох боломжгүйгээ харахдаа тэр Их Эзэнийг санасан ажээ.
Одоо би түүний хүү болох найзынхаа хэлсэн үгсээс иш татъя: “Тэр толгодын орой дээр бутан дунд өвдөг сөхрөн суугаад Тэнгэрлэг Эцэгээс галыг зогсоохыг гуйн залбирч эхэлсэн байна. Гэнэт түүний залбирч байсан тэр газар их хэмжээний хар үүл цугларч, маш хүчтэй бороо орсон бөгөөд энэ нь зөвхөн гал асч байсан тэр хэсэгт л болсон ажээ. Тэрээр гал гарч байгаа хэсгээс бусад бүх газарт хаа сайгүй тэнгэр цэлмэг байсныг харсан байна. Их Эзэн өөр шиг нь энгийн нэгний залбиралд хариулсанд үл итгэн, дахин сөхөрч яг л хүүхэд шиг уйлж гарчээ. Тэгээд тэр “Энэ бол хамгийн амттай мэдрэмж байсан” гэж хэлсэн гэнэ” (Алма 36:3 үзнэ үү).
Аврагч маань биднээс өөрсдийн хүслийг Түүнийхтэй нэг болгох хүртлээ Түүнийг хайрлаасай гэж хүсдэг. Тэр үед бид Түүний хайрыг мэдэрч, алдар сууг нь мэдэх болно. Тэр үед биднийг Тэрээр хүссэнээрээ адисалж чадна. Хиламаны хүү Нифайд ийм зүйл тохиолдсон бөгөөд Их Эзэн бүх зүйлд итгэсний учир түүний асуусан болгоныг нь түүнд өгөх боломжтой болсон юм (Хиламан 10:4–5 үзнэ үү).
Яан Мартелийн Пайгийн амьдрал зохиолын гол баатар нь Христийн талаар “Би түүнийг оюун бодлоосоо холдуулж чадахгүй байсан юм. Одоо ч гэсэн чаддаггүй. Би бүхэл бүтэн гурван өдөр Түүний тухай бодсон. Тэр миний бодолд байх тусам би Түүнийг мартаж чадахгүй байв. Христийн талаар суралцах тусам Түүнийг орхимооргүй болж байлаа” гэж хэлжээ ([2001], 57).
Би Аврагчийнхаа талаар яг ингэж мэдэрч явдаг. Ялангуяа хэцүү үеүд болон ариун газруудад Тэр үргэлж л ойр байдаг. Заримдаа санаандгүй байхад бараг л мөрөн дээр минь гараа тавьж, надад хайртай гэдгээ Тэр мэдүүлж байх шиг санагддаг. Би Түүнд зүрх сэтгэлээ зориулан өөрийн төгс бус арга замаар тэр их хайрыг нь хариулдаг билээ (С ба Г 64:22, 34-ийг үзнэ үү).
Хэдхэн сарын өмнө би ахлагч Жэффри Р.Холланд ахтай номлогчдын дуудлагыг томилохоор хамтран ажилласан юм. Бидний явах цаг хүртэл тэр намайг хүлээж, хамтдаа алхах үед мөрөн дээр минь гараа тавьж байсан. Өмнө нь нэг удаа Австралид байхад яг ингэж байсныг би түүнд хэлсэн юм. Харин тэр “Энэ чинь яагаад гэвэл би чамд хайртай болохоор шүү дээ” гэж хариулсан. Энэ нь үнэн болохыг би мэдэж байлаа.
Хэрэв бидэнд Аврагчтай хамт мөр зэрэгцэн алхах завшаан тохиолдсон бол Тэр гараа мөрөн дээр минь яг л тэгж тавих байсан гэж би боддог. Эммаус руу явж байсан төлөөлөгчид шиг зүрх маань “бидний дотор шатах” байсан (Лук 24:32). “Ир, та нар харна” гэсэн нь Түүний захиас билээ (Иохан 1:39). Энэ бол Түүний хувийн урилга ба уг урилгыг хүлээн авснаар Тэр гараа бидний мөрөн дээр тавьж мөн бид Түүнтэй хамт алхах болно.
Иносын богинохон мөртлөө гүн агуулгатай номонд өгүүлсэн шиг бид ч мөн түүнчлэн мэдрэх болтугай. “Мөн зуурдын бие нь үхэшгүйг өмсөх тэр өдөр баясна би. Мөн би түүний өмнө зогсох болно, тэгээд түүний царайг тааламжтайгаар харж, мөн тэрээр: Надад ирэгтүн, адислагдсан болой чи, миний Эцэгийн харшуудад чамд зориулан бэлтгэгдсэн байр буй гэж хэлэх болно” (Инос 1:27).
Өөртөө тохиолдсон маш олон туршлагын учир мөн Ариун Сүнсний хүч надад гэрчилсэн болохоор Бурхан амьд гэдгийг би баттайгаар гэрчилж байна. Би Түүний хайрыг мэдэрдэг. Энэ бол хамгийн амттай мэдрэмж билээ. Бид бүгд өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлж, Түүнийг үнэнхүү хайрлахын тулд шаардлагатай бүхий л зүйлсийг хийх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.