Их Эзэнд итгэл найдвараа тавь
Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн агуу захиасыг хуваалцахын тулд чадах бүхнээ хийхэд оролцогтун.
Саяхан Баллард эгч бид хоёр Европын таван орноор томилолтоор яваад ирлээ. Тэнд олон номлогчтой уулзах онцгой боломж надад тохиосон юм.Тэдний дунд та нарын охид, хөвгүүдийн нэг нь ч байсан байж мэднэ. Ерөнхийлөгч Томас С.Монсон манай залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн номлолд үйлчлэх насны хязгаарыг доошлуулсныг зарласнаас хойш тэдний 3000 гаруйтай нь уулзах онцгой боломж надад тохиосон билээ. Христийн гэрэл тэдний нүүрэнд гэрэлтэж байсан бөгөөд тэд сонирхогчдыг олж, тэдэнд заан, баптисм хүртээх мөн тэднийг идэвхжүүлэх болон хүчирхэгжүүлэх, Бурханы хаант улсыг байгуулахаар ажлыг урагшлуулах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Гэхдээ тэд энэ ажлыг дангаар хийх боломжгүй гэдгийг би тэдэнтэй уулзаж явахдаа л хурдан ойлгож авсан. Өнөөдөр бидний хүн нэг бүр сайн мэдээг хуваалцахад идэвхтэй оролцох шаардлагатай байгаа учраас би өнөөдөр сүмийн бүх гишүүдэд хандан ярихыг хүсч байна.
Бошиглогч Иосеф Смитийн тунхагласныг өнөөдөр үг хэлсэн хүмүүс олон удаа эш татсаны адил “бүх зүйлс хэлэгдсэний дараа хамгийн агуу, хамгийн чухал үүрэг бол сайн мэдээг хуваалцах явдал юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит 2007 он, 330-р хуудас).
1974 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Магадгүй номлолын ажлын хамгийн чухал шалтгаан нь дэлхийд сайн мэдээг сонсох болон хүлээн авах боломжийг олгох явдал юм. Судрууд сайн мэдээг заах тухай тушаал, амлалт, дуудлага мөн шагналуудаар дүүрэн байдаг. Би тушаах гэдэг үгийг зориуд хэрэглэсэн нь бид ганцаараа болоод хамтаараа үүнээс зайлсхийх боломжгүй бөгөөд бидэнд байнга ирдэг удирдамж учраас тэр юм” хэмээн хэлжээ (“When the World Will Be Converted,” Ensign, 1974 оны 10-р сар, 4-р хуудас).
Тэр жилийн 7-р сард Канадын Торонто номлолыг удирдахаар Баллард эгч бид хоёр хүүхдүүдийнхээ хамт явсан юм. Тэгэхэд ерөнхийлөгч Кимбаллын хэлсэн үгс, ялангуяа “Ах нар минь ээ, бид бүгд чадах бүхнээ хийж байгаа юу гэж би боддог. Бид дэлхийн өнцөг булан бүрд зааж буй арга барилдаа сэтгэл хангалуун байдаг уу? Одоогоор бид номлолын ажлыг 144 жил хийж байгаа ч хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхэд бид бэлэн байна уу? Улам олон хүнд заахад бэлэн байгаа юу?” (Ensign, 1974 оны 10-р сар, 5-р хуудас) гэж хэлсэн нь чихэнд минь сонсогдсоор байв.
Мөн тэрээр Бурханы хаант улс болон сүмийг хамтдаа байгуулахын тулд шаргуу ажиллахыг биднээс хүссэн билээ.
Өнгөрсөн зургаадугаар сард ерөнхийлөгч Томас С.Монсон сүмийн гишүүдэд хандаж, яг энэ захиасыг давтсан юм. Ерөнхийлөгч: “Номлогчид болон гишүүд хамтдаа хүмүүсийг Түүнд авчирч болохын тулд Их Эзэний талбайд хөдөлмөрлөх цаг нь яг одоо юм. Тэрээр сайн мэдээг хуваалцах олон арга замыг бидэнд бэлтгэсэн бөгөөд хэрэв бид Түүний ажлыг хийхдээ итгэлээр үйлдэх аваас Тэрээр биднийг хөдөлмөрлөх үед бидэнд туслах болно” гэж хэлсэн билээ (“Faith in the Work of Salvation” 2013 оны 6-р сарын 23-ны тусгай нэвтрүүлэг дээр хэлсэн үгээс lds.org/broadcasts).
Ах, эгч нар аа, Иосеф Смитийн үеэс эхлэн өнөөг хүртэлх бошиглогчдын заасан зүйлсийг тунгаан бодох нь ашиг тустай юм. Тэд сүмийн гишүүдээс болон удирдагчдаас дэлхийн өнцөг булан бүрд буй Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд сайн мэдээний сэргээлтийн захиасыг хүргэхэд санаа сэтгэлээ бүрэн зориулахыг хүсч, тэднийг урамшуулан дэмжсэн билээ.
Одоо та бүхэнд хүргэх миний захиас бол Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа явдал юм. Өнөө үед сүмийн бүх гишүүд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг хайраар дэлгэрүүлж чадсанаар л энэхүү ажил хийгдэх боломжтой. Бид эдүгээ үйлчилж байгаа бараг 80 000 номлогчтойгоо хамтран ажиллах хэрэгтэй байна. Түүнчлэн гадасны болон тойргийн зөвлөлийн удирдагчдад даалгасан энэ агуу ажлын тухай мэдээллийг LDS.org вэб хуудсан дахь “Авралын ажлыг яаравчлуулах нь” хэсэгт байршуулсан байгаа.
Бид өөрсдийн судалгаанаас сүмийн хамгийн идэвхтэй гишүүд сайн мэдээний адислалыг хайртай хүмүүсийнхээ төдийгүй урьд нь уулзаж байгаагүй хүмүүсийн ч гэсэн амьдралын хэсэг нь байгаасай гэж хүсдэгийг мэдсэн билээ. Мөн олон гишүүн номлолын ажлыг хийхэд болон сайн мэдээг хуваалцахдаа үндсэн хоёр шалтгааны улмаас эргэлздэгийг ч бид бас мэднэ.
-
Нэгдүгээр шалтгаан нь айдас. Олон гишүүн ядаж сайн мэдээг хуваалцах боломжийн төлөө залбирдаггүй. Учир нь, биелүүлж чадахгүй гэж тэдний боддог ямар нэг зүйлийг хийхээр тэнгэрлэг өдөөлтийг хүлээн авах вий хэмээн болгоомжилдог.
-
Хоёр дахь шалтгаан нь номлолын ажлын талаарх буруу ташаа ойлголт.
Ариун ёслолын цуглаан дээр хэн нэг нь босоод “Өнөөдөр би номлолын ажлын тухай ярих болно” гэж хэлэхэд эсвэл магадгүй ахлагч Баллард Ерөнхий чуулган дээр босоод мөн адил зүйлийг хэлэхэд сонсож буй та нарын зарим нь “Дахиад л нөгөөх сэдэв, урьд нь бид сонссон шүү дээ” хэмээн бодож болох юм.
Хэн ч гэм буруутай гэдгээ мэдрэхийг хүсдэггүйг бид мэднэ шүү дээ. Магадгүй таны найзуудтайгаа болон хөршүүдтэйгээ харилцах харилцаанаас тань боломжгүй зүйлийг шаардаж буй мэт танд санагдаж болох юм. Сайн мэдээг бусадтай хуваалцахад таны эсвээс бүрэн цагийн номлогчдын хэн нэгнийх нь мэдэрдэг айдсыг би Их Эзэний тусламжтайгаар арилгаж өгье.
Есүс Христийн биднээс хүссэн зүйлсийг хийхэд шийдвэр төгс бай. Аврагч ийн хэлсэн билээ:
“Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.
Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу?
Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ?
Хэрэв та нар … хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэнгэр дэх Эцэг тань өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” (Матай 7:7–11).
Ах, эгч нар аа, гишүүд болон бүрэн цагийн номлогчид та бүхэн итгэлээр өвдөг сөгдөн, номлолын ажлыг хийх боломжуудаар адислаач хэмээн Их Эзэнээс гуйх аваас тэдний айдас итгэл, зоригоор солигдох болно. Тэгээд бид итгэлээ харуулан, Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээг танилцуулах боломжуудыг хайх ёстой, тэгвэл боломж гарцаагүй олдох болно. Эдгээр боломжууд хэзээ ч өөрийгөө албадахыг мөн итгэдэггүй зүйлээ ярихыг шаардахгүй. Эдгээр нь ах, эгч нараа гэсэн хайрын үр дүн болж, жам ёсоороо гарч ирэх болно. Юмсыг сайнаар бод, та нартай ярьсан хүмүүс хайрыг тань мэдрэх болно. Тэд сайн мэдээг хүлээн авах цаг нь болоогүй байсан ч мэдэрсэн зүйлээ хэзээ ч мартахгүй. Нөхцөл байдал өөрчлөгдөхөөр энэ нь ирээдүйд мөн өөрчлөгдөх боломжтой болно.
Бид Их Эзэний зараалд байгаа үед чадах бүхнээ хийвэл алдах боломжгүй юм. Хэдийгээр үр дүн нь хэн нэгэн сонгох эрхээ ашигласны үр дагавар ч гэлээ, сайн мэдээг хуваалцах нь бидний үүрэг.
Их Эзэнд итгэ. Тэр бол Сайн Хоньчин мөн. Тэр хоньдоо мэддэг. Хонин сүрэг түүний дууг таньдаг. Өнөөдөр Сайн Хоньчны дуу хоолой нь таны болон миний дуу хоолой юм. Хэрэв бид оролцохгүй бол сэргээлтийн захиасыг сонсож болох олон хүмүүс үүнийг сонсохгүй өнгөрөх болно. Энгийнээр хэлбэл, энэ нь өөрт оногдсоноо хийх итгэл болон үйлдлийн л асуудал юм. Зарчим нь номлолын боломжуудын төлөө хувиараа болоод гэр бүлээрээ залбир гэсэн маш энгийн болно. Сургаал ба Гэрээнд Их Эзэн хэлэхдээ олон хүмүүс “хаанаас олохыг мэддэггүйн улмаас” л үнэнээс хол байдаг гэжээ (С ба Г 123:12).
Та нүүрэмгий, уран илтгэгч, сэнхрүүлэгч багш байх албагүй. Хэрэв танд цаглашгүй хайр энэрэл, итгэл найдвар байгаа бол та нар “энэ хүмүүст дуу хоолойгоо [өргөж,] зүрх сэтгэлд тань Түүний тавих бодлуудыг [ярьвал]... та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй.
“... та нар юу хэлэх нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно” гэж Их Эзэн амалсан (С ба Г 100:5–6).
Миний сайн мэдээг номло гарын авлага нь “заах хэн нэгнийг олох хүртэл таны номлолын ажилд юу ч тохиолдохгүй. Өдөр бүр боломжийнхоо хэрээр олон хүмүүстэй ярилц. Хүмүүстэй ярилцах нь зарим талаараа сүрдмээр зүйл байдаг нь хэвийн зүйл боловч амаа нээхдээ болон сэргээгдсэн сайн мэдээг тунхаглахдаа илүү зоригтой байх итгэл мөн хүч чадлын төлөө та залбирч болно” хэмээн бидэнд сануулдаг (2004 он, 156–157-р хуудас). Бүрэн цагийн номлогчид оо, хэрэв та нар илүү ихийг заахыг хүсвэл өдөр бүр илүү олон хүмүүстэй ярилцах ёстой. Энэ бол номлогчдыг илгээдэг Их Эзэний шалтгаан нь байсаар ирсэн юм.
Их Эзэн биднийг мэддэг. Тэрээр биднийг сул талуудтай гэдгийг мэднэ. Та нарын зарим нь хүнд дарамттай байгаа гэдгийг би ойлгож байна. Гэсэн хэдий ч та нарын хэн нь ч энгийн сайхан арга замуудаар сайн мэдээг хуваалцах нь хүнд дарамт хэмээн мэдрэхгүй байгаасай гэж би залбирч байна. Харин энэ бол онцгой боломж! Их Эзэний үйлчлэлд бие сэтгэлээ бүрэн зориулахаас өөр агуу баясал энэ амьдралд байхгүй шүү дээ.
Бурханаас сүнслэгээр нөлөөлөгдөн, Түүнээс удирдамж хүсэх нь хамгийн чухал алхам бөгөөд түүний дараа явж, Сүнс өөрт тань өдөөсөн зүйлийг хийх хэрэгтэй. Хэрэв гишүүд авралын ажлыг зөвхөн өөрсдийн үүрэг гэж үзвэл энэ нь үнэхээр сүрдмээр байж мэднэ. Харин тэд үүнийг бүрэн цагийн эрэгтэй, эмэгтэй номлогчдоор заалгахаар хүмүүсийг Их Эзэнд авчрах Түүний урилга гэж үзвэл сэтгэл сэргэж, хүч чадал орон, урамтай байх болно.
Бид хүн болгоноос бүх зүйлийг хий гэж хүсч байгаа юм биш. Харин хэрэв настай болон залуу гишүүн бүр дор хаяж нэг хүнд хүрч чадвал Христийн мэндэлсний баяр хүртэл сая сая хүмүүс Их Эзэн Есүс Христийн хайрыг мэдрэх болно гэдгийг ойлгон залбирахыг бид бүх гишүүдээс хүсч байна. Энэ нь Аврагчид өргөн барих ямар гайхамшигтай бэлэг вэ.
Маш амжилттай ажиллаж байгаа нэгэн номлогч гэр бүлээс би зургаан долоо хоногийн өмнө захидал хүлээн авсан юм. Энэ бол Флоридагийн Моннсын гэр бүл. Тэд захидалдаа:
“Хүндэт ахлагч Баллард, авралын ажлыг яаравчлуулах нь гэсэн сэдэвтэй дэлхий даяарх 30 минутын нэвтрүүлгийн дараа бид гэр бүлийнхээ номлолын зөвлөгөөнийг хийлээ. Өсвөр насны ач, зээ нар маань зөвлөгөөнд оролцохыг хүсч байгааг бид хараад хэчнээн их баярласан гээч. Бид энэ зөвлөгөөнөөс хойш гэр бүлийнхээ заах хүмүүсийн тоог 200 хувиар нэмэгдүүлснээ тайлагнаж байгаадаа баяртай байна.
Ач, зээ нар маань найз нарыгаа сүмд авчирч, идэвх султай зарим найзуудтайгаа ариун ёслолын цуглаанд сууж, шинээр танилцсан зарим хүмүүст номлогчийн хичээлүүдийг заалгахаар амласан. Идэвх султай эгч нарын маань нэг нь өөрөө сүмдээ буцаж ирсэн төдийгүй шинэ сонирхогчдыг дагуулж ирлээ.
Нэг ч хүн номлогчдоос хичээл авах урилгаас татгалзсангүй. Энэ сүмийн гишүүн байх ямар сайхан цаг үе байна вэ!” гэж бичсэн байв (хувийн захиа, 2013 оны 8-р сарын 15).
Сүнсний өдөөлтүүдийг сонс. Хүчтэй залбирлаар Их Эзэнд хандан, даруухан залбир. Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн агуу захиасыг хуваалцахын тулд чадах бүхнээ хийхэд оролцогтун.
Би өөр нэг амжилттай ажиллаж байсан гишүүн номлогч Клэйтон Кристэнсэний үгсээс эш татахыг хүсч байна. Тэрээр “Таныг хэн нэгэнтэй ажиллаж, түүнийг Есүс Христэд танилцуулахад Аврагч танд болон таны тусалсан тэр хүнд ямар их хайртайг та мэдрэх болно” гэж хэлсэн юм (The Power of Everyday Missionaries: The What and How of Sharing the Gospel [2013], 1).
Ах, эгч нар аа, итгэлээс тань үүдэлтэй гайхамшгуудаас ирэх баяр баяслыг олоход Бурхан та нарыг адислах болтугай. Моронайн 7-р бүлэгт:
“Мөн Христ хэлдэг: Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас ... шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно.
“… Учир нь гайхамшгууд үйлдэгдэх нь итгэлээр бөлгөө; мөн хүмүүнд тэнгэр элчүүд үзэгдэж мөн тохинуулах нь итгэлээр юм; иймийн тул, хэрэв эдгээр зүйл байхаа больсон бол хүмүүний үрсэд халаг болог, учир нь энэ бол итгэлгүйн учир, тиймийн тул бүгд хоосон юм” гэж бидэнд заасан билээ (Моронай 7:33, 37).
Их Эзэн та нарын залбирлуудыг сонсох болно гэдгийг мөн эдүгээ болон ирэх он жилүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээг танилцуулах олон боломж та нарт олдох болно гэдгийг би та нарт хувийнхаа туршлагаар гэрчилж байна. Ерөнхийлөгч Монсон, бид ойлголоо. Бид бүгдээрээ тэрхүү бэлтгэгдсэн хүнийг хайх болно оо. Номлолын үйлчлэлээс ирдэг агуу баяр баяслыг бид бүгдээрээ мэдрэхийн төлөө би залбирч байна. Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр, амен.