2010–2019
Тууштай зууран барих нь
Аравдугаар сар 2013


10:14

Тууштай зууран барих нь

Бид Тэнгэрлэг Эцэгийн маань оршихуй руу хөтөлдөг төмөр бариулаас тууштай зууран барих болтугай.

Аав маань түүний гэр бүл болох эцэг эх нь, 4 хүүхдийнхээ хамт сүмээ орхиод ихэнх нь энэ амьдралд дахин хэзээ ч эргэж ирэхгүйгээр холдон одсон тэр өдрийг, бүр яг цагийг санадаг байсан. Түүнийг 13 настай дикон байхад тухайн үед ням гарагийн анги өглөө эхэлж, ариун ёслолын цуглаан нь үдээс хойш болдог байжээ. Хаврын нэгэн сайхан өдөр ням гарагийн өглөөний цуглаанаасаа гэртээ ирээд гэр бүлээрээ хамтдаа үдийн хоолоо идэж байх үеэр ээж нь “Хонгор минь, үдээс хойш бүгдээрээ ариун ёслолын цуглаанд очих уу эсвэл гэр бүлээрээ хөдөө салхинд гарах уу?” гэж ааваас нь энгийнээр асуужээ.

Аав маань өсвөр насны ах, эгч нартайгаа ариун ёслолд маш анхааралтай суудаг байсан бөгөөд өөр тийшээ явна гэсэн санаа хэзээ ч төрж байгаагүй аж. Тэр ням гарагийн үдээс хойших аялал нь гэр бүлийн зугаатай үйл ажиллагаа байсан байж болох ч тэр санаандгүй шийдвэр эцэстээ түүний гэр бүлийг хамгаалалт, аюулгүй байдал, адислалуудынх нь хамт сүмээс холдуулж, өөр зам руу хөтөлсөн байна.

Өөр зам сонгохоор уруу татагдаж болох өнөө үеийн хүмүүст сургамж болгож, Мормоны Номны бошиглогч Лихай гэр бүлийнхэнтэйгээ харсан үзэгдлээ хуваалцжээ. [Тэрээр] “тоогүй олон хүмүүс … дэргэд нь [түүний] зогссон тэр модны зүг удирдах замыг олохоор тэднээс олон нь урагш зүтгэж байгааг … харав.

“Мөн… тэд урагшлан мөн модны зүг дагуулах замаар явж эхэлсэн буюу.

“Мөнхүү улиран тохиох дор харанхуй манан бий болов; …  бүр харанхуй үлэмжийн их манан, үүний хэрээр харгуйг эхэлсэн тэд замаа алдсанаар тэд хэрэн тэнэж төөрөлдөх ажгуу.”1

Дараа нь Лихай “шаргуу урагшлан буй” хоёр дахь бүлэг хүмүүсийг “ажив, мөн тэд урагшлан мөн төмөр бариулын үзүүрт хүрэн барив; мөн тэд харанхуй манан дундуур зүтгэн урагшилж, ойртон бүр мөн уг модны жимснээс тэд хүртэх хүртлээ төмөр бариулаас барьсаар явах ажээ.” Харамсалтай нь “агуу хийгээд нүсэр барилгад” байсан хүмүүс “ирж бас жимснээс хүртсэн тэднийг хуруугаараа занган басхүү элэглэх байдалтай” байсны улмаас “тэд уг модны жимснээс хүртсэний дараа тэд ичингүйрхэв гэлтэй нүд бэлчээн харах ажээ.” Дараа нь эдгээр хүмүүс “хориглогдсон замаар будилан орж мөн төөрч”2 одсон билээ. Тэд эцсээ хүртэл тэвчих боломжгүй эсвэл хүсэлгүй байжээ.

Гэхдээ гурав дахь бүлэг хүмүүс амьдралын модонд хүрч чадсанаас гадна уналтад ороогүй юм. Тэд “доош унаад мөн уг модны жимснээс хүртэх хүртэл төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш зүтгэх бөлгөө”3 гэж тэдний талаар сударт өгүүлдэг. Энэ бүлэг хүмүүсийн хувьд төмөр бариул нь тэдний цорын ганц хамгаалалт, аюулгүй байдал байсан бөгөөд тэд тууштай зууран барьжээ. Тэд ням гарагийн үдээс хойш салхинд гарах зэрэг жижиг зүйл байсан ч төмөр бариулаа тавиагүй юм.

Энэ бүлэг хүмүүсийн талаар ахлагч Дэвид А.Бэднар “Тууштай зуурсаар” гэдэг нь энэ шүлгийн чухал хэсэг юм. … Магадгүй энэ гурав дахь бүлэг хүмүүс Христийн үгсийг тогтмол уншиж, судалж, эрж хайдаг байсан байх. … Энэ бол та бидний нэгдэх ёстой тэрхүү бүлэг хүмүүс юм”4 гэж заажээ.

Бурханы сүмийн гишүүд бид Есүс Христийг дагаж, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагана гэсэн гэрээ байгуулсан билээ. Бид баптисм хүртэхдээ Аврагчийн гэрчлэгч болж,5 сул доройчуудад туслан,6 Бурханы зарлигуудыг сахиж, төлөөлөгч Паулын зааснаар “бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй”7 учраас шаардлагатай үед наманчлах гэрээнд орсон билээ.

Долоо хоног бүр бид ариун ёслолын цуглаанд очиж, талх уснаас хүртсэнээр эдгээр гэрээнүүдээ шинэчлэх боломжтой байдаг. Энэхүү энгийн үйлдэл маань бид нүгэл үйлдвэл наманчилж, Есүс Христийг дагана гэдгээ баттай амлах боломжийг бидэнд дахин олгодог. Үүний хариуд биднийг удирдаж мөн хамгаалах Өөрийн Сүнсийг өгөхөөр Бурхан амладаг билээ.

Номлогчид маань Миний Сайн Мэдээг Номло номноос заахдаа ням гарагийн сүмийн цуглаануудад очсоноор бид гэрчлэл болон илчлэлт хүлээн авдаг гэдгийг ойлгуулдаг билээ. “Бид сүмийн цуглаануудад очиж, хамтдаа шүтэн биширснээр бие биенээ хүчирхэгжүүлдэг. Найз нѳхѳд болон гэр бүлтэйгээ харилцсанаар бид ѳѳрсдѳѳ шинэчлэгддэг. Бид судруудыг судалж, сэргээгдсэн сайн мэдээний тухай илүү ихийг сурахад бидний итгэл бэхэждэг.”8

Хүмүүс ням гарагт яагаад тусдаа гурван цуглаан байдаг мөн яагаад цуглаан бүрд оролцох хэрэгтэйг асууж болох юм. Одоо бүгдээрээ эдгээр гурван цуглааны талаар товчхон суралцъя.

  • Ариун ёслолын цуглаан нь талх, уснаас хүртэх ёслолд оролцох боломж олгодог. Бид гэрээнүүдээ шинэчилж, Сүнсийг илүү ихээр мэдэрч түүнчлэн Ариун Сүнснээс удирдамж заавар хүлээн авахаар адислагддаг.

  • Ням гарагийн анги нь бүгд “сэнхэрч мөн хамтдаа баясаж”9 болохын тулд “хаант улсын сургаалыг… бие биендээ заах”10 боломжийг олгодог. Сэргээгдсэн сайн мэдээний сургаалуудыг ойлгосноор агуу хүч ба хувийн амар амгалан бидэнд ирдэг.

  • Санваарын цуглаанууд бол ах нар болон залуу эрэгтэйчүүдэд “[өөрсдийн] үүргүүдээ суралцан,”11 “илүү төгс зааварлагдахад”12 нь зориулсан цаг юм. Харин Халамжийн Нийгэмлэгийн цуглаан нь сүмийн эгч нарыг “итгэлээ хөгжүүлж … гэр орон, гэр бүлээ бэхжүүлэн, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх”13 боломжоор хангадаг.

Үүний адил, залуу эмэгтэйчүүд болон хүүхдүүд маань өөрсдийн цуглаан, ангиудтай. Тэд ангидаа сайн мэдээг заалгаж, тэдэнд ирэх чухал үүргүүдэд бэлтгэдэг. Онцгой боловч хоорондоо уялдаа холбоотой эдгээр цуглаануудад бид сургаалаас суралцан, сүнсийг мэдэрч, нэг нэгэндээ үйлчилдэг. Холоос явдаг, тээврийн зардал, эрүүл мэнд гэх мэт асуудлууд байж болох ч бид ням гарагийн бүх цуглаандаа оролцохоор хичээх хэрэгтэй. Гурван цагийн турш болдог ням гарагийн цуглаанаас ирдэг агуу баяр баясгалан, амар тайвны адислалуудыг би амлаж байна.

Манай гэр бүл ням гарагийн бүх цуглаануудад оролцох болно гэж амласан билээ. Энэ нь бидний итгэлийг бэхжүүлж, сайн мэдээний талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлдэг гэдгийг бид олж мэдсэн юм. Сүмийн цуглаануудад оролцох бидний шийдвэр, ялангуяа гэртээ хариад хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахих нь бидэнд сайхан байдгийг бид мэднэ. Бид амралт эсвэл аяллаар явж байхдаа ч ням гарагийн бүх цуглаанууддаа оролцдог. Саяхан нэг охин маань аялж явсан хотдоо сүмд очсон тухайгаа “Тийм ээ, аав аа, би ням гарагийн гурван цуглаанд бүгдэд нь оролцсон” гэж бичсэн байсан. Охин маань энэ зөв шийдвэрийнхээ төлөө адислагдсан гэдгийг бид мэднэ.

Бид хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариунаар нь сахих талаар олон сонголттой байдаг. Бидэнд үргэлж “сайн” гэж хэлж болох зүйлс гардаг ч үүнийг илүү сайн сонголт болох сүмийн цуглаандаа явахын тулд золиосолж болно. Үнэндээ энэ нь дайсан “[бидний] бодгалийг хуурч, мөн [биднийг болгоомжтойгоор] там уруу удирддаг”14 аргуудын нэг юм. Тэрээр “сайн” зүйлсээр “илүү сайн” эсвэл бүр “хамгийн сайн” зүйлсийг орлуулахдаа ашигладаг.15

Бариулаас тууштай зууран барих гэдэг нь боломжийнхоо хэрээр ням гарагийн цуглаанууд болох ариун ёслолын цуглаан, ням гаргийн анги, санваар эсвэл Халамжийн Нийгэмлэгийн цуглаандаа тогтмол оролцоно гэсэн үг юм. Бидний хүүхдүүд өсвөр үеийнхэн, хүүхдийн хэсэг, залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангийн хичээлдээ тус тус оролцдог. Бид аль цуглаанд нь оролцох эсэхээ хэзээ ч сонгох ёсгүй юм. Бидэнд өгөгдсөн хүндэтгэлийн бүх цуглаануудад оролцож, шүтэн биширснээр бид Бурханы үгнээс зууран барьдаг.

Төмөр бариулаас тууштай зууран барих гэдэг нь бид Бурханы бүх зарлигуудыг сахихыг хичээж, өдөр бүр хувиараа болон гэр бүлээрээ залбирч, өдөр тутам судруудаас судлахыг хэлдэг.

Тууштай зууран барих гэдэг нь Мормоны Номонд заадаг Христийн сургаалын нэг хэсэг нь юм. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглүүдээ наманчлан, зүрх сэтгэлээ өөрчилж, Түүнийг даган, баптисмын усанд доош орж, биднийг удирдаж мөн тайтгаруулдаг Ариун Сүнсний батлах бэлгийг хүлээн авч, Нифайн зааснаар амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл “урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглодог”16 билээ.

Ах, эгч нар аа, бид гэрээт хүмүүс билээ. Бид чин хүсэлтэйгээр гэрээнүүдийг хийн мөн сахиж, амлагдсан адислал болох “Эцэгт байгаа бүхнийг”17 хүлээн авах болно. Бид гэрээнүүдээ сахиж, төмөр бариулаас тууштай зууран барих юм бол уруу таталтууд болон дэлхийн аюулыг эсэргүүцэх хүчтэй байх болно. Мөн “бусад бүх жимснээс илүү хамгийн үнэт мөн хамгийн хүсэл татам болох тэр”18 жимсний модонд очих хүртлээ бид энэ мөнх бус амьдралыг бүхий л шалгууруудынх нь хамтаар удирдан залах боломжтой болно.

Өсвөр насандаа явдаг байсан сүмдээ аав минь эргэн ирж мөн өсч хөгжихөд нь урамшуулан дэмжсэн нэгэн сайн эмэгтэйтэй гэрлэх хувь тохиосон юм. Тэдний итгэлээр дүүрэн амьдрал нь бүх хүүхдүүдийг нь, дараагийн үе болох ач зээ нар мөн тэдний үр удмыг адисалж байна.

Хүндэтгэлийн өдрийн цуглаанууддаа оролцох уу, үгүй юу гэсэн энгийн шийдвэр эмээ, өвөөгийн маань гэр бүлд том нөлөө үзүүлжээ. Бидний өдөр тутам гаргадаг шийдвэрүүд бидний амьдралд нэн чухал арга замаар нөлөөлөх болно. Ариун ёслолын цуглаандаа очих уу, үгүй юу гэсэн өчүүхэн мэт санагдах шийдвэр нь мөнхийн үр нөлөө үзүүлж болох юм.

Бид тууштай байхыг сонгох мөн хамтдаа цугларч, гэрээнүүдээ сахиснаар ирдэг агуу адислалууд болон хамгаалалтыг олж авах болтугай. Бид Тэнгэрлэг Эцэгийн маань оршихуй руу хөтөлдөг төмөр бариулаас тууштай зууран барих болтугай хэмээн Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.