Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд
Шийдвэр гаргах эрх чөлөөгөө зөв ашиглаж сурах нь одоо болон мөнхөд сүнслэгээр өсөн дэвжихэд тань зайлшгүй хэрэгтэй юм.
Ах, эгч нар аа, бид өдөр болгон ямар нэгэн шийдвэр гаргадаг билээ. Ерөнхийлөгч Монсон “шийдвэрүүд хувь заяаг маань тодорхойлж байдаг”1 гэж бидэнд заасан. Шийдвэр гаргах эрх чөлөөгөө зөв ашиглаж сурах нь одоо болон мөнхөд сүнслэгээр өсөн дэвжихэд тань зайлшгүй хэрэгтэй юм. Суралцахад хэзээ ч залуудахгүй, өөрчлөгдөхөд хэзээ ч хөгшдөхгүй. Бурхан бидэнд мөнхөд өсч хөгжих хүслийг суулгасан тул бид суралцах мөн өөрчлөгдөх эрмэлзэлтэй байдаг.2 Шинэ өдөр эхлэхэд мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд гаргах боломж бидэнд ирдэг билээ.
Бид тэнгэр дэх эцэг, эхийн сүнсэн хүүхдүүд-мөнхөд амьдрах бодгалиуд юм. Библид “Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр, … эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв”3 гэсэн байдаг. Саяхан би миний дуртай дуунуудын нэг болох “Би Бурханы хүүхэд”4 дууллыг хүүхдийн найрал дуучид дуулахыг сонссон юм. Тэр үед би “Дуулдаг ээжүүд болон итгэлтэй аавууд энэ дууг яагаад бараг дуулдаггүй юм бол” гэж бодож байж билээ. Бид чинь бүгдээрээ Бурханы хүүхдүүд биш билүү? Үнэндээ бол бидний хэн нь ч Бурханы хүүхэд байхаа больж чадахгүй!
Бурханы хүүхдүүдийн хувьд бид Түүнийг бүх зүрх, сэтгэлээрээ хайрлах ёстой. Дэлхийн аав, ээжээсээ ч илүү хайрлах ёстой юм шүү.5 Хөршөө ч мөн өөрийн ах, эгч, дүүс шиг хайрлах учиртай юм. Энэ хоёроос илүү чухал тушаал гэж үгүй.6 Амьдралын аль ч үед бай ялгаагүй бид хүний амийг дээдлэн хүндэтгэх ёстой билээ.
Бие, сүнс хоёр бодгалийг бүрдүүлнэ гэж сударт заасан байдаг.7 Бид энэхүү хоёр хэсгээс бүрддэг учир та бүгд үнэлж барамгүй бие, сүнснийхээ төлөө Бурханд талархлаа илэрхийлээрэй.
Хүний бие
Олон жилийн турш мэргэжлийн эмчээр ажилласан минь надад хүний бие махбодыг хүндлэн бишрэх сэтгэлийг суулгасан юм. Та нарт бэлэг болгон Бурханы бүтээсэн энэхүү бие махбод үнэхээр агуу! Харах нүд, сонсох чих, орчин тойронд байгаа гайхамшгийг мэдрэх хуруунуудаа анзаар. Уураг тархитай учир та суралцаж, бодож, сэтгэж чадна. Танд анзаарагдахгүйгээр таны зүрх өдөржин, шөнөжин эцэж цуцалтгүй цохилно.8
Мөн бие махбод маань өөрөө өөрийгөө хамгаалж байдаг. Ямар нэгэн асуудал гарч, анхаарал тавих шаардлага гарахад өвдөж, анхааруулна. Заримдаа халдварт өвчин тусахад эсрэг биетийг боловсруулж гаргаснаар дахин энэ өвчнөөр өвдөхөөргүй болгож, дархлаа суулгадаг.
Бие махбод маань мөн нөхөн сэргэх чадвартай. Шарх, сорви эдгэрдэг. Яс хугарсан ч дахин бэхжин эдгэдэг. Бурханы бидэнд өгсөн бие махбодын гайхалтай чанаруудын багахан хэсгээс дурдахад л ийм байна.
Хэдий тийм ч гэсэн, хүн болгонд биш юм аа гэхэд өрх болгонд л онцгой анхаарал шаардагдах өвчин, эмгэг байдаг.9 Ийм бэрхшээлийг даван туулах аргыг Их Эзэн бидэнд өгсөн юм. Тэрээр “Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; … хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж … мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө”10 хэмээн хэлсэн билээ.
Маш онцгой сүнснүүд ихэвчлэн төгс бус бие махбодод оршдог.11 Ийм биетэй, онцгой хэрэгцээ бүхий хүүхэд төрөхөд эцэг, эх, хамаатан садан нь түүнд зориулан амьдралаа зохицуулснаар тэр өрх гэр хүчирхэгжиж байдаг.
Хөгшрөлт ба үхэл аль аль нь Бурханы бидэнд өгсөн бэлэг юм. Таны мөнх бус бие махбодын үхэл ч гэсэн Бурханы агуу аз жаргалын төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг юм.12 Яагаад гэж үү? Яагаад гэвэл үхсэнээр л таны сүнс Түүн дээр эргэж очиж чадна.13 Мөнхийн талаас аваад үзвэл үхэл бол Бурхантай уулзахаар бэлтгэгдээгүй хүмүүст л цагаас өмнө тохиолдож буй мэт санагддаг.
Бурханы мөнхийн төлөвлөгөөнд бие махбод ийм чухал байр суурь эзэлдэг учир бидний биеийг төлөөлөгч Паул “Бурханы ариун сүм”14 гэж нэрлэсэнд гайхаад байх зүйлгүй юм. Толинд харах болгондоо өөрийнхөө биеийг ариун сүм мэт төсөөлөн харж бай. Ингэх нь өдөр бүр талархаж байх ёстой энэхүү үнэн нь таныг биеэ хэрхэн арчилж, ашиглах талаар зөв шийдвэр гаргахад тань туслах болно. Таны гаргасан шийдвэр бүр таны ирээдүйг тодорхойлдог. Яаж гэж үү? Таны бие бол сүнсний чинь ариун сүм юм. Биеэ хэрхэх чинь шууд сүнсэнд чинь нөлөөлнө. Мөнхийн ач холбогдол бүхий ирээдүйг чинь тодорхойлох зарим жишээнүүдээс би дурдъя.
-
Биеэ анхаарч, ашиглах тал дээр та ямар сонголт хийдэг вэ?
-
Ямар Сүнслэг зан чанаруудыг та хөгжүүлэхээр сонгодог вэ?
Хүний сүнс
Таны сүнс бол үхэшгүй мөнхийн зүйл. Их Эзэн өөрийн бошиглогч Абрахамд хандан “Чи төрөхөөсөө өмнө сонгогдсон билээ”15 гэж хэлсэн байдаг. Иеремиягийн16 болон бусад хүмүүсийн17 талаар ч Их Эзэн иймэрхүү зүйлс хэлсэн байдаг. Таны18 талаар хүртэл Тэрээр бас л үүнтэй ижил утгатай зүйлийг хэлсэн билээ.
Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг болоод их удаж байгаа. Та Түүний хүү эсвэл охин нь учраас Тэрээр таныг яг энэ цагт энэ дэлхий дээр ирж, Түүний агуу ажлыг хийх удирдагчаараа сонгосон юм.19 Та махан биеийнхээ чадвараар биш харин эр зориг, зүрх сэтгэлийнхээ үнэнч байдал, үнэнийг эрэлхийлэх хүсэл болон мэргэн ухааныг хүсэх тэмүүлэл мөн бусдад үйлчлэх хүсэл зориг гэх мэт сүнсний чадваруудынхаа ачаар сонгогдсон билээ.
Энэ дэлхийд төрөхөөсөө өмнө та эдгээр зан чанаруудын заримыг нь хөгжүүлж чадсан. Харин бусад зан чанаруудыг дэлхий дээр энд байхдаа20, тэдгээрийг идэвхтэй эрэлхийлснээр хөгжүүлэх боломжтой юм.21
Биеэ захирах буюу хүслээ хязгаарлаж чаддаг байх нь нэгэн чухал сүнслэг зан чанар билээ. Биеэ захирч сурахад бидний дотоод сэтгэл хүчирхэгждэг. Тэгээд таны дотоод сэтгэл толгой эргэм, хэцүү, бэрхшээлтэй үеүдэд хийх сонголтыг тань тодорхойлдог. Мөн мацаг барьснаар бид биеийн дур хүслээ хянаж сурдаг төдийгүй та дээрээс ирэх тусламжийг илүү амар хялбар авч чаддаг болно. Учир нь мацаг барихдаа бид илүү гүн залбирдаг юм. Бид яагаад биеэ захирч чаддаг байх ёстой юм бэ? Хүн төрөлхтөнг өсгөж, тоог нь нэмэгдүүлэхийн тулд Бурхан бидэнд хангалттай их идэх мөн хайрлаж дурлах маш хүчтэй дур хүслийг өгсөн юм.22 Бид энэхүү дур хүслээ Бурханы өгсөн хуулийн хүрээнд ашиглаж чадвал бид илүү урт насалж, илүү их хайрлаж мөн хайрлуулж, бүрэн төгс баяр баяслыг мэдрэх болно.23
Ийм учраас Бурханы өгсөн энэхүү зайлшгүй чухал дур хүслийг буруу ашиглахад л биднийг Бурханы аз жаргалын төлөвлөгөөнөөс холдуулах уруу таталтууд ирдэгт гайхаад байх зүйлгүй юм. Дур хүслээ хянана гэдэг тийм ч амар биш. Дур хүслээ төгс хянаж чаддаг нэгээхэн хүн ч бидний дотор үгүй.24 Бүх хүн алддаг. Бүгд буруу зүйл хийдэг. Мөн бүгд нүгэл үйлддэг. Тиймээс бид яах ёстой вэ? Энэ бүгдээсээ бид суралцах хэрэгтэй. Мөн чин сэтгэлээсээ наманчлах ёстой юм.25
Бид гаргадаг зан авир, үйлдлүүдээ өөрчилж чадна. Тэр ч байтугай хүсэл эрмэлзлэлээ ч мөн өөрчилж чадна. Яаж вэ? Ганцхан л арга байгаа. Жинхэнэ өөрчлөлт – мөнхийн өөрчлөлт нь зөвхөн Есүс Христийн Цагаатгалын эдгээх, ариусгах, хүчирхэгжүүлэх хүчээр л ирдэг.26 Тэр танд хайртай, бүр хүн нэг бүрд хайртай!27 Түүний тушаалуудыг чин сэтгэлээсээ, үнэнчээр мөн ягштал дагах юм бол Түүний хүчийг ашиглахыг Тэрээр танд зөвшөөрөх болно. Есүс Христийн сайн мэдээ бол өөрчлөлтийн сайн мэдээ юм!28
Махан биеийнхээ хүслийг хянаж чаддаг хүний хүчтэй сүнс нь сэтгэл хөдлөлөө болон хүсэл тэмүүллээ хязгаарлаж чаддаг бөгөөд хэзээ ч тэдэндээ захирагддаггүй юм. Бидний биед хүчилтөрөгч хэрэгтэй байдагтай адил сүнсэнд маань ийм эрх чөлөө зайлшгүй хэрэгтэй юм! Биднийг захирах зүйл байхгүй байна гэдэг нь жинхэнэ эрх чөлөө мөн!29
Бид “эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол [зовлонт байдал] болон үхлийг сонгох эрхтэй.”30 Эрх чөлөө, мөнхийн амьдралд хүргэх арай өндөр жишгийн замыг сонговол энэ замд гэрлэлт зайлшгүй тохиох ёстой.31 Хожмын үеийн гэгээнтнүүд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Бурханаас заяагддаг бөгөөд гэр бүл нь хүүхдүүдийнхээ мөнхийн ирээдүйн төлөө өгсөн Бүтээгчийн төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг юм” хэмээн тунхагладаг. Бид бас “хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм”32 гэдгийг мэддэг.
Их Эзэний сургаалд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд хийгдэх гэрлэлт нь маш чухал байр суурь эзэлдэг бөгөөд Бурханы мөнхийн төлөвлөгөөний үндсэн хэсэг байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт нь дэлхий дээр болон тэнгэр дэх амьдралын бүрэн бүтэн байдлыг авчрах Бурханы загвар юм. Бурханы гэрлэлтийн загварыг буруугаар ашиглаж, өөрөөр ойлгож, өөрчилж болохгүй.33 Жинхэнэ баяр баяслыг мэдрэхийг хүсэж л байвал ингэж болохгүй. Бурханы гэрлэлтийн загвар нь нөхөн үржих ариун хүчийг болон зөвхөн гэрлэсэн хүмүүсийн хооронд байх нандин, дотно харьцааг тань хамгаалдаг юм.34 Адам, Ева хоёрыг эхнэр, нөхрийн харьцаа үүсгэхээс нь өмнө Бурхан тэднийг гэрлүүлсэн гэдгийг бид мэднэ.35
Өнөө үед, иргэний засаглалт улс орнууд гэрлэлтийг хамгаалах тун их хүсэл сонирхолтой байдаг, учир нь хүчирхэг гэр бүлүүд л өсөж буй шинэ үеийнхэнд маань шаардлагатай эрүүл мэнд, боловсрол, халамж болон хөгжин дэвжих боломжуудыг олгодог.36 Гэвч иргэний засаглалт улс орнууд хуулиа бичиж, өөрчилж, хэрэгжүүлэхдээ ихэнхдээ нийгмийн хандлагад эсвэл төрийн бодлогод хэт их баригдсан байхыг нь анзаарч болно. Ямар хууль тогтоомж гарч байгаагаас үл шалтгаалан гэрлэлтийн болон ёс суртахууны талаарх Их Эзэний сургаалуудыг өөрчилж үл болно.37 Ямар ч нүгэл, бүр хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн ч бай хамаагүй Бурханы нүдэнд нүгэл хэвээрээ л үлдэнэ гэдгийг санацгаа!
Бид Аврагчийн хайр, энэрлийг бусдад үзүүлж, Бурханы бүх хүүхдүүдийн эрхийг мөн тэдний дотоод сэтгэлийг хүндэлдэг боловч хэзээ ч Түүний сургаалыг өөрчилж чадахгүй билээ. Бидэнд тэгж өөрчлөх эрх ч байхгүй. Түүний сургаалыг бид зөвхөн судалж, ойлгож, мөрдөж л чадна.
Аврагчийн заасны дагуу амьдарвал бид сайхан амьдрах болно. Түүний зааснаар бид гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх мөн гэрлэснийхээ дараа гэр бүлээсээ гадуур бэлгийн харьцаа байхгүй байх ёстой юм.38 Их Эзэний энэ арга бол дуусашгүй аз жаргалыг мэдрэх цорын ганц арга билээ. Түүний зам бидэнд тасралтгүй үргэлжлэх ая тухтай байдлыг өгч, орон гэрт маань дуусашгүй амар амгаланг авчирна. Тэгээд хамгийн сайхан нь юу вэ гэвэл, Түүнийг дагаснаар бид Аврагч болон Тэнгэрлэг Эцэгийнхээ гэрт эргэн очиж, мөнхийн амьдралыг мөн өргөмжлөлийг хүртэх юм.39 Энэ нь яалт ч үгүй Бурханы ажил хийгээд алдар суу мөн билээ.40
Хайрт ах, эгч нар аа, бид өдөр бүр шийдвэр гаргадаг бөгөөд тэдгээр шийдвэрүүд маань бидний хувь заяаг тодорхойлдог. Нэгэн өдөр л бид бүгд Их Эзэний өмнө шүүгдэхээр зогсож байх болно.41 Тэгээд Есүс Христ хүн нэг бүртэй ганцаарчлан уулзаж ярилцана.42 Бид өөрсдийн бие, сүнслэг зан чанаруудын талаар болон Бурханы гэрлэлтийн загварын талаар гаргасан шийдвэрүүдийнхээ тухай Түүнд тайлагнах болно. Би мөнх амьдралд биднийг аваачиж чадах тийм шийдвэрүүд бүхий сонголтуудыг бид өдөр болгон хийж байгаасай хэмээн чин сэтгэлээсээ Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.