Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжих нь
Христийн Цагаатгалаар дамжуулан хүн бүр цэвэр ариун болж, эсэргүүцлийнхээ ачаа дарамтаас салж чадна
Би саяхан Айдахо мужийн гайхалтай сэтгэгдэл төрүүлэм өсвөр үеийнхэнтэй уулзах боломжоор адислагдсан билээ. Амьдралынхаа энэ цаг мөчид тэднийг юу хийж байх ёстой гэж үздэг талаарх миний бодлыг нэгэн ариун журамт залуу эмэгтэй надаас асуув. Би тэдэнд Есүс Христийн Цагаатгалын хүчийг амьдралдаа таньж мэдэхэд суралцахыг зөвлөсөн юм. Өнөөдөр би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний хүлээн авч чадах хувийн бат бөх байдал болох тэрхүү хүчний нэг талын тухай тайлбарлая.
Бид Мормоны Номоос Аммон болон түүний ах нар Есүс Христийн сайн мэдээг “зэрлэг мөн хатуу сэтгэлт мөн харгис хүмүүст”1 заасан талаар уншдаг. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь хөрвөгдөн, гэм нүгэлт байдлаасаа татгалзсан билээ. Тэд зэр зэвсгээ булшилж, хэзээ ч дахин зэвсэг барихгүй2 хэмээн Их Эзэнтэй гэрээ хийснээр тэдний хөрвөлт бүрэн төгс болсон юм.
Дараа нь, тэдний хөрвөгдөөгүй ахан дүүс дайран довтолж, тэднийг хөнөөж эхэлсэн юм. Итгэлтэй болсон тэдгээр хүмүүс зэр зэвсэг дахин барьж, сүнслэг байдлаа эрсдэлд оруулахын оронд дайсныхаа илдэнд алагдахыг сонгожээ. Тэдний энэ шударга үлгэр дуурайл нь илүү олон хүмүүсийг хөрвөгдөж, эсэргүүцлийн зэвсгээ хаяхад хүргэсэн билээ.3
Их Эзэн Аммоноор дамжуулан тэднийг нифайчуудын дунд хоргодохыг зааварчилснаар тэд Аммоны хүмүүс4 гэгдэх болжээ. Нифайчууд тэднийг олон жилийн турш хамгаалсан ч яваандаа нифайчуудын их цэргийн хүч суларч, нэмэлт хүч, бэхлэлт зайлшгүй шаардлагатай болов.5
Тэр үе Аммоны хүмүүсийн сүнслэг амьдралынх нь тун эгзэгтэй цаг үе байлаа. Тэд зэр зэвсгээ хэзээ ч дахин барихгүй хэмээх гэрээндээ үнэнч хэвээр байсан бөгөөд эцгүүд нь гэр бүлээ хамгаалах үүрэгтэйгээ ч ойлгож байв.6 Тэрхүү үүрэг нь тэдний хувьд гэрээгээ зөрчихгүй байх хангалттай шалтгаан болсон ажээ.7
Их Эзэнтэй хийсэн гэрээгээ зөрчих нь хэзээ ч зөвтгөгдөхгүй гэдгийг тэдний санваарын мэргэн удирдагч Хиламан мэдэж байв. Тэрээр сүнслэгээр өдөөгдсөн өөр нэгэн сонголтыг санал болгосон байна. Тэдний хөвгүүд эцгүүдийнхээ үйлдсэн нүглийн гэм бурууг хэзээ ч үүрэхгүй тул тэд эцгүүдийнхээ нэгэн адил гэрээ хийх шаардлагагүйг Хиламан тэдэнд сануулсан юм.8 Хөвгүүд нь хэдийгээр нас залуу боловч бие бялдрын хувьд хүчтэй мөн хамгийн чухал нь тэд ариун журамтай, цэвэр ариун байв. Хөвгүүд нь эхчүүдийнхээ итгэлээр хүчирхэгжсэн байв.9 Эдгээр залуу эрс бошиглогч-удирдагчийнхаа удирдлагаар эцгүүдийнхээ өмнөөс гэр бүл, орон гэрээ хамгаалсан юм.10
Энэхүү чухал шийдвэртэй холбоотой үйл явдлууд нь Есүс Христийн Цагаатгал Бурханы хүүхдүүдийн амьдралд хувийн бат бөх байдлыг хэрхэн авчирдгийг харуулдаг. Тэдгээр эцгүүдэд төрсөн мэдрэмжийг төсөөлөн бодно уу. Урьдын тэрслүү үйлдлүүд нь тэднийг эхнэр, хүүхдүүдээ хэрэгтэй үед нь хамгаалж чадахгүйд хүргэсэн нь тэдэнд ямар санагдсан бол? Хөвгүүдэд нь тулгарсан харгис хэрцгий явдлыг мэдээд тэд дотроо уйлж байсан нь гарцаагүй. Хүүхдүүд нь биш, харин эцгүүд нь гэр бүлээ хамгаалах ёстой шүү дээ!11 Тэдний харуусал асар их байсан нь тодорхой.
Яагаад сүнслэгээр өдөөгдсөн санваарын удирдагч нь тэднийг зэвсгээ дахин барьж, “сүнсээрээ мөхөх вий” хэмээн айсан юм бол?12 Их Эзэн: “Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй”13 хэмээн тунхагласан билээ. Эдгээр итгэлтэй эцгүүд аль эрт нүглээ наманчилж, Есүс Христийн Цагаатгалаар цэвэр ариун болсон атал яагаад тэдэнд гэр бүлээ хамгаалж болохгүй хэмээн зөвлөсөн юм бол?
Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр ариун болж чадах нь тулгуур үнэн юм. Бид ариун журамтай бөгөөд цэвэр ариун болж чадна. Гэвч заримдаа бидний буруу сонголтууд урт хугацаанд үргэлжлэх үр дагаврыг бидэнд авчирдаг. Бүрэн наманчлалын чухал алхмуудын нэг нь урьдын гэм нүглүүдийнхээ богино ба урт хугацааны үр дагаврыг даван туулах явдал юм. Эдгээр аммончуудын эцгүүд урьд өмнө нь хийсэн сонголтуудынхаа улмаас зуурдын хүсэлдээ хөтлөгдөн, Сатанаар дахин уруу татагдахуйц эмзэг болсон байв.
Сатан бидний урьдын гэм буруугийн талаарх санамжийг ашиглан, эрхшээлдээ урхидан оруулахыг хичээдэг. Бид түүний хууран мэхлэлтээс зайлсхийхийн тулд байнга сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Аммончуудын эцгүүдэд ийм л нөхцөл байдал тулгарсан юм. Олон жил итгэлтэй амьдарсан хэдий ч өөрсдийгөө өнгөрсөн гэм нүглийнхээ санамжаас сүнслэг байдлаараа хамгаалах нь тэдэнд зайлшгүй чухал байлаа.
Олон тулалдаанд ахмад Моронай хамгийн хүч султай хотуудын бэхлэлтийг удирдсан билээ. “Тэрээр тэднийг шуудууны доторх эрэг дээгүүр гуалингаар хашлага барих болгов; мөн тэд шуудуунаас шороог ухаж, гуалин хашлагыг манаж овоолов; мөн гуалин мөн шороогоор үлэмж өндөр бат бэх ханаар … хотыг хүрээлэх хүртэл … хөдөлмөрлүүлэв.”14 Ахмад Моронай сул дорой газруудыг хүчирхэгжүүлэхийн тулд бэхлэлт барихын ач холбогдлыг мэддэг байв.15
Эдгээр аммончуудын эцгүүд мөн л Моронайн нэгэн адил байв. Тэдний итгэлтэй амьдралыг урьдын шударга бус байдлаас нь тусгаарлан хамгаалах илүү өндөр бөгөөд илүү өргөн бэхлэлт хэрэгтэй байлаа. Тэдний хөвгүүд зөв шударга дадал хэвшлээр адислагдсан тул эцгүүдтэйгээ адил уруу таталтанд өртөхөөргүй байв. Ийнхүү тэд сүнслэг байдлаа эрсдүүлэхгүйгээр гэр бүлээ итгэлтэйгээр хамгаалж чадсан юм.
Урьдын буруу сонголтынхоо үр дагавраас ангижрахыг хүсэгч хүмүүст дуулгах баярт мэдээ бол Их Эзэн сул дорой байдлыг эсэргүүцлээс өөрөөр авч үздэг явдал юм. Наманчлаагүй эсэргүүцэл нь ял шийтгэл авчирдгийг Их Эзэн анхааруулдаг,16 бол харин сул дорой байдлын тухайд үргэлж нигүүлсэнгүйгээр ярьдаг билээ.17
Эцгүүд нь аммончуудын эцгүүдэд ёс бус уламжлалуудын тухай заасныг нь мэдээж бодолцох хэрэгтэй. Хэдий тийм ч, Тэнгэр дэх Эцэгийн бүх хүүхдүүд мөнх бус амьдралд ирэхдээ Христийн гэрэлтэй байдаг. Тиймээс тэдний нүгэлт үйлдлийн үр дагавраас гадна сүнсний эмзэг байдлыг Сатан ашиглахыг оролддог юм.
Аз болоход тэд сайн мэдээг заалгаж, наманчилж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан сүнслэг байдлаараа Сатаны хууран мэхлэлтээс хавьгүй илүү хүчтэй болцгоосон юм. Тэд өнгөрсөн харгис үе рүүгээ эргэн орох уруу таталттай учраагүй байх магадлалтай ч бошиглогч-удирдагчаа дагаснаар Сатанд “тэдний бодгалийг [хуурч], мөн тэднийг болгоомжтойгоор там руу [удирдах]” боломжийг олгоогүй юм.”18 Аврагчийн Цагаатгал тэднийг гэм нүглээс нь ариусгаад зогсохгүй тэд санваарын удирдагчийнхаа зөвлөгөөнд дуулгавартай байсан учраас Аврагч тэднийг сул дорой байдлаас нь хамгаалж, хүчирхэгжүүлсэн билээ. Нүглээ мартана гэсэн даруухан бөгөөд насан туршдаа дагах тэдний амлалт нь тэднийг тулалдааны талбарт байлдсанаас илүүгээр гэр бүлийг нь хамгаалсан юм. Хүлцэнгүй байдал нь тэднийг адислалаар дутаагаагүй бөгөөд тэднийг хүчирхэгжүүлж, ирээдүй хойч олон үеийнхнийг нь адисалсан билээ.
Энэ түүхийн төгсгөл нь Их Эзэний нигүүлсэл хэрхэн “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгодгийг”19 тодорхой харуулдаг. Эдгээр итгэлтэй эцгүүд хөвгүүдээ Хиламаны удирдлаган дор дайнд явуулдаг. Хөвгүүд нь ширүүн тулаанд орон, бүгдээрээ бага зэрэг шархадсан ч нэг нь ч амь эрсдээгүй юм.20 Эдгээр залуу эрс хүч нь суларсан Нифайн их цэрэгт чухал дэмжлэг болох нь батлагдсан билээ. Тэд гэртээ эргэн ирэхдээ итгэлтэй бөгөөд сүнслэг байдлаараа илүү хүчтэй болсон байв.21 Өнөө үед Мормоны Номыг судлагч олон суралцагч эдгээр цэвэр ариун, зөв шударга хөвгүүдийн үлгэр дуурайлаас суралцдаг.
Бид бүгд амьдралдаа буруу сонголт хийсэн үе байдаг. Бид бүгдэд Есүс Христийн Цагаатгалын гэтэлгэгч хүч зайлшгүй хэрэгтэй. Бидний хүн нэг бүр аливаа эсэргүүцлээ заавал наманчлах ёстой. “Учир нь Их Эзэн бибээр нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй.”22 Тэрбээр ийнхүү нүглийг хүлцэн тэвчиж чаддаггүйн учир нь Түүн шиг болохын тулд юу хийх ёстойг мэддэгт оршино.
Биднээс олонх нь зан төлөвтөө сул дорой байдлыг бий болгодог. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан аммончуудын нэгэн адил, Сатаны ашиглахаар хичээж болох өнгөрсөн үеийн алдаануудаас өөрсдийгөө хамгаалах сүнсний бэхлэлтийг барьж чадна. Аммончуудын эцгүүдийн эргэн тойронд баригдсан сүнсний хамгаалалтууд нь тэднийг, гэр бүлүүдийг нь, эх орныг нь мөн ирээдүй хойч үеийнхнийг нь адисалж, хүчирхэгжүүлсэн юм. Энэ бүхэн бидэнд ч бас хамаатай.
Тэгэхээр бид эдгээр мөнхийн бэхлэлт, хамгаалалтуудыг хэрхэн барих вэ? Бидний хийх эхний алхам нь чин сэтгэлийн, бүрэн төгс наманчлал байх ёстой. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүн бүр цэвэр ариун болж, эсэргүүцлийнхээ ачаа дарамтаас салж чадна. Наманчлал нь ял шийтгэл биш гэдгийг санагтун. Наманчлал нь илүү гэрэл гэгээтэй ирээдүй рүү хөтлөх найдвараар дүүрэн зам юм.
Тэнгэр дэх Эцэг маань бидэнд өөрсдийн эмзэг болон итгэлтэй байдлуудын хооронд бэхлэлт барихад туслах арга хэрэгслүүдийг өгсөн юм. Дараах зөвлөмжүүдийг анхаарч хэрэгжүүлнэ үү:
-
Гэрээ байгуулж, ёслолуудыг хүлээн ав. Тэгээд өвөг дээдсийнхээ төлөөх ёслолуудыг ариун сүмд хийхээр тууштай, дэс дараатай ажилла.
-
Сайн мэдээг сүмийн гишүүн бус эсвэл идэвх султай гэр бүлийн гишүүдтэйгээ эсвэл найз нартайгаа хуваалц. Эдгээр үнэнийг хуваалцах нь та нарын амьдралд шинэ урам зориг авчирна.
-
Сүмийн бүх дуудлагууддаа, нэн ялангуяа гэрийн болон айлчлагч багшийн дуудлагадаа итгэлтэйгээр үйлчил. Сард зөвхөн 15-хан минут гэрийн эсвэл айлчлагч багшаа хийдэг тийм багш битгий бай. Харин тэдгээр гэр бүлийн гишүүн бүрд нэг бүрчлэн анхаарал тавь. Тэдэнтэй биечлэн танилц. Жинхэнэ найз нь бай. Тэдний хүн нэг бүрд онцгой анхаарал тавьдгаа сайн үйлсээрээ харуул.
-
Хамгийн чухал нь, өөрийн гэр бүлийнхээ гишүүдэд үйлчил. Эхнэр, нөхрийнхөө болон хүүхдүүдийнхээ сүнслэг байдлын хөгжлийг эн тэргүүнд тавь. Хүр бүрд туслахын тулд чадах бүхнээ хийхэд анхаарлаа төвлөрүүл. Цаг зав, анхаарал халамжаа сэтгэл харамгүй зориул.
Эдгээр зөвлөмжүүдэд нэгэн нийтлэг санаа агуулагдаж байгаа нь бид амьдралаа бусдад үйлчлэхэд зориулах явдал юм. Та амьдралаа Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүдэд үйлчлэхэд зориулахад,23 Сатаны уруу таталт амьдралд тань хүчгүй болно.
Тэнгэр дэх Эцэг тань танд онцгой хайртай учраас Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан таныг хүчирхэг болгоно. Энэ нь үнэхээрийн гайхамшигтай биш гэж үү? Та нараас олонх нь муу сонголтынхоо ачаа дарамтыг мэдэрдэг бөгөөд та бүхэн Их Эзэний өршөөл, нигүүлсэл болон хүч чадлын урам зориг оруулагч хүчийг мэдэрч чадна. Би энэ хүчийг мэдэрсэн бөгөөд энэ нь та нарын хүн нэг бүрд мэдрэгдэх болно гэдгийг гэрчилж байна, Есүс Христийн нэрээр, амен.