Эцсээ хүртэл тэвчих хүч чадал
Зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчих бидний чадвар нь бидний гэрчлэл хэр хүчтэй байгаа болон бид хэр гүнзгий хөрвөгдсөнөөс хамаардаг.
Бид өглөө бүр сэрэхдээ сорилт, бэрхшээл дүүрэн шинэ өдөртэй учирдаг билээ. Эдгээр бэрхшээлүүд нь бие махбодын сорилт, санхүүгийн асуудал, харилцаан дахь хүндрэл, сэтгэлийн зовлон, бүр уг хүний итгэлийн бэрхшээл зэрэг олон замаар ирдэг.
Бидний амьдралд учирдаг бэрхшээлүүдийг даван туулж, шийдэж болдог хэдий ч зарим нэг бэрхшээл нь ойлгоход хэцүү, даван туулах боломжгүй мөн биднийг дараагийн амьдралдаа очих хүртэл байсаар байж ч болох юм. Бид шийдэж чадах бэрхшээлүүдээ тухайн үед нь даван туулж, шийдэж чадахгүй бэрхшээлүүдээ үргэлжлүүлэн тэвчих үед бидний хөгжүүлдэг сүнслэг байдлын хүч чадал нь амьдралд учирдаг бүхий л бэрхшээлүүдийг амжилттайгаар даван туулахад бидэнд тусалдаг билээ.
Ах, эгч нар аа, бидэнд хайртай Тэнгэрлэг Эцэг байгаа бөгөөд Тэрээр дэлхий дээрх амьдралыг маань бүтээсэн билээ. Тиймээс бидний хүн нэг бүр Түүний оршихуй дахь мөнх амьдралд тохирохуйц байхын тулд шаардлагатай хичээлүүдээс суралцаж чадна.
Энэхүү зарчмыг бошиглогч Иосеф Смитийн амьдралын түүх үлгэрлэн харуулдаг. Бошиглогч хэдэн хамтрагчийн хамт Миссурийн Либертид хэдэн сар хоригдож байлаа. Шоронд зовж шаналж байхдаа бошиглогч гэгээнтнүүдийг тухайн үеийн зовлон шаналлаас чөлөөлөгдөж болохын тулд Их Эзэнээс даруухнаар залбирч гуйсан юм. Хариуд нь Их Эзэн бошиглогч Иосефыг болон биднийг учрах зовлон бэрхшээлүүдээ амжилттай тэвчин туулах аваас тэдгээр нь бидний сайн сайхны төлөө байх болно гэдгийг заасан билээ. Иосефын гуйлтад Их Эзэн хариулахдаа:
“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;
“Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно”1 гэсэн юм.
Тэнгэрлэг Эцэг бидний амьдралын аяллыг зан чанар, хүч чадлыг маань сорих сорилт байхаар зохион байгуулсан юм. Бид сайн, муу нөлөөнд хоёуланд нь өртдөг болсон ба өөрсдийнхөө төлөө аль замаар нь явахаа сонгох ёс суртахууны сонгох эрх чөлөө бидэнд өгөгдсөн билээ. Эртний Мормоны Номын бошиглогч Самуэл: “та нар чөлөөтэй; өөрсдийнхөө төлөө үйлдэх нь та нарт зөвшөөрөгдсөн билээ; учир нь болгоогтун, Бурхан та нарт мэдлэг өгч мөн тэрээр та нарыг чөлөөтэй болгосон буюу”2 гэж заасан юм.
Тэнгэрлэг Эцэг маань түүнчлэн биднийг мөнх бус байдлынхаа улмаас үргэлж зөв болон үнэнч шударга сонголтуудыг хийхгүй гэдгийг ойлгож байсан. Бид төгс бус бөгөөд алдаа гаргадаг учраас бидэнд Түүний дэргэд эргэж очиход тусламж хэрэгтэй билээ. Энэхүү зайлшгүй тусламжийг Есүс Христийн сургаал, үлгэр жишээ болон Түүний цагаатгагч золиослолоор дамжуулан хангадаг. Аврагчийн цагаатгагч золиослол нь наманчлалын зарчмаар дамжуулан бидний ирээдүйн аврал болон өргөмжлөлийг боломжтой болгодог билээ. Хэрэв бид шударгаар, чин сэтгэлээсээ наманчилбал цэвэршигдэн мөн чанараа өөрчилж болох ба цаашид бэрхшээлүүдээ амжилттай тэвчиж, даван туулахад маань Цагаатгал бидэнд тусалж чадна.
Тэсвэр хатуужил нь Есүс Христийн сургаал дахь нэгэн чухал зарчим юм. Бидний мөнхийн ирээдүйн чанар нь зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчих бидний чадавхаас шууд хамаардаг учраас энэ зарчим нь чухал билээ.
2 Нифай 31-р бүлэгт бошиглогч Нифай Есүс Христийн хүлээн авсантай адил баптисмын авралын ёслолыг, дараа нь Ариун Сүнсний бэлгийг бид хүлээн авсныхаа дараа “урагш тэмүүлэн … Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Бидэнд мөнх амьдрал байх болно”3 хэмээн бидэнд заасан.
Тиймээс, Тэнгэрлэг Эцэгийнхээ хамгийн агуу адислал болох мөнх амьдралыг хүлээн авахын тулд бид зохих ёслолуудыг гүйцэтгэж, дараа нь үүнтэй холбоотой гэрээнүүдийг үргэлжлүүлэн сахих ёстой. Өөрөөр хэлбэл бид амжилттайгаар тэвчих ёстой юм.
Бидний зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчих чадвар нь бидний гэрчлэл хэр хүчтэй байгаа болон бид хэр гүнзгий хөрвөгдсөнөөс хамаардаг. Бидний гэрчлэл хүчирхэгжиж, бид Есүс Христийн сайн мэдээнд үнэхээр хөрвөгдөх үед бидний сонголтууд Ариун Сүнсээр нөлөөлөгддөг бөгөөд тэдгээр нь Христэд төвлөрч, зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчих бидний хүслийг дэмжих болно. Хэрэв бидний гэрчлэл сул дорой мөн хөрвөлт маань өнгөцхөн байвал тааруу сонголт хийлгэгч дэлхийн хуурмаг уламжлалуудад автагдах том эрсдэлд бид орох болно.
Би бие махбодын хувьд тэвчихэд шаардагдах хичээл зүтгэлийг харуулсан нэгэн туршлагыг хуваалцаж, үүнийг сүнслэг байдлын хувьд тэвчихэд шаардагдах хичээл зүтгэлтэй харьцуулмаар байна. Би номлолоосоо буцаж ирэх үедээ Калифорни дахь нэг коллежийн хүндлэл хүлээсэн дасгалжуулагч бөгөөд зохиогч нэгний төлөө сагс тоглох боломж надад байлаа. Тэр дасгалжуулагч тэмцээний улирал эхлэхээс өмнө тоглогчдынхоо бие бялдрыг сайн байлгах тал дээр туйлын анхаардаг байв. Тэрээр бид бүгдийг бэлтгэл хийх талбайд бөмбөгөнд хүрэхээсээ өмнө сургуулийн ойролцоох толгод руу гүйх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан бөгөөд бид тогтсон хугацаанд маш хурдан гүйх хэрэгтэй байдаг байлаа. Миний хамгийн анхны гүйлт намайг номлолын талбараасаа дөнгөж ирсний дараахан байсныг би санадаг ба тэр үед би бараг үхэх нь дээ л гэж бодож билээ.
Дасгалжуулагчийн зорилго болгон тогтоосон тэр хугацаанд амждаг болохын тулд надад олон долоо хоногийн ихээхэн бэлтгэл шаардсан юм. Тэрхүү гүйлтэд гүйхийн зэрэгцээ барианы зурвас дөхөхөд улам хурдан гүйх чадвартай болсон маань үнэхээр гайхалтай байлаа.
Сагсан бөмбөг амжилттай тоглохын тулд та эхлээд зөв галбиртай болох хэрэгтэй. Бие махбодын хувьд зөв галбиртай байх нь нэлээд үнэ цэнээр ирдэг бөгөөд тэрхүү үнэ цэнэ нь үнэнч, шаргуу зан мөн хувийн сахилга бат юм. Түүнчлэн сүнслэг тэсвэр хатуужил нь шагнал болж ирдэг. Өөрийгөө зориулах, шаргуу бөгөөд хувийн сахилга баттай байх нь мөн адил үнэ цэнэтэй юм.
Хэрэв та өөрийн гэрчлэлийг авч үлдэхийг хүсвэл энэ нь мөн таны биетэй адил зөв галбиртай байх хэрэгтэй. Тэгэхээр бид хэрхэн гэрчлэлээ зөв галбиртай байлгах вэ? Бид зурагтаар сагсан бөмбөг үзээд л биеэ зөв галбиртай болгочихож чадахгүй. Үүнтэй адил бид зурагтаар Ерөнхий чуулган үзсэнээр гэрчлэлээ зөв галбиртай болгох боломжгүй юм. Бид Есүс Христийн сайн мэдээний суурь зарчмуудыг сурч, судлах хэрэгтэй бөгөөд дараа нь тэдгээрийн дагуу амьдрахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой. Тэгснээр л бид Есүс Христийн шавь болох ба тэгж байж л бид бат бөх гэрчлэлтэй болдог билээ.
Бидний амьдралд гай зовлон учрах үед бид Есүс Христийн зан чанаруудаас дуурайх хүсэлтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь сүнслэгээр бэлтгэгдсэн байхад туйлын чухал юм. Сүнслэгээр бэлтгэгдсэн байх гэдэг нь бид сүнслэг хүч чадал, эрч хүчийг хөгжүүлсэн буюу сүнслэг байдлаараа зөв галбиртай байх гэсэн үг юм. Бид үргэлж зөвийг сонгохуйц сүнслэг байдлын зөв галбиртай байх болно. Мөн бид сайн мэдээгээр амьдрах хүсэл, чадвартаа гуйвшгүй байх болно. Нэр нь үл мэдэгдэх нэгэн зохиолч “Чи голын усанд урсахааргүй чулуу болох ёстой” гэсэн байдаг.
Бид өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг учраас өдөр бүр сүнслэг хүч чадал дээрээ ажиллах нь чухал билээ. Бид сүнслэг хүч чадлаа хөгжүүлэхийн хэрээр дэлхийн хуурмаг уламжлалууд болон бидний өдөр тутмын бэрхшээлүүд нь биднийг зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчих чадварт өчүүхэн сөрөг нөлөө үзүүлэх болно.
Сүнслэг хүч чадлын агуу жишээ нь бидний гэр бүлийн түүхээс ирдэг. Өвөг дээдсийнхээ түүхүүдээс бид тэсвэр хатуужлын эерэг зан чанарыг харуулсан жишээнүүдийг олж чадна.
Манай гэр бүлийн түүх уг зарчмыг харуулдаг. Манай элэнц өвөө Жозеф Ватсон Мэйнс Английн Иоркшайрын Хуллд 1856 онд төрсөн бөгөөд түүний гэр бүл Англид байхдаа сүмд нэгдэн, хожим нь Солт Лэйк хот руу нүүжээ. Тэрээр 1883 онд Эмили Кийптэй гэрлэж, найман хүүхдийн эцэг, эх болсон юм. Жозеф 53 настайдаа 1910 оны зургаадугаар сард бүрэн цагийн номлолд дуудагджээ. Эхнэр болон найман хүүхдийнхээ дэмжлэгээр тэр төрөлх Англидаа номлолд үйлчлэхээр явсан юм.
Итгэлтэйгээр үйлчилсэн хоёр жил орчмын дараа тэрээр хамтрагчтайгаа хамт дугуйгаа унан, Английн Глусэстэр дэх ням гарагийн цуглаан руу явж байтал дугуй нь хагарчээ. Тэрээр дугуйнаасаа буугаад хэр их гэмтсэнийг нь харав. Уг гэмтэл нь ноцтой байсан тул засахад удна гэдгийг тэр мэдээд “түрүүлж очоод ням гарагийн цуглааныг эхлүүлж бай, би удахгүй очих болно” гэж хамтрагчдаа хэлжээ. Ингэж хэлмэгцээ тэрээр газарт ойчиж, зүрхний шигдээсээр гэнэт нас барсан юм.
Жозеф Ватсон Мэйнс энэ амьдралдаа дахин хэзээ ч эхнэр болон найман хүүхдээ хараагүй юм. Тэд түүний шарилыг Солт Лэйк хотод авчран, хуучин Вотэрлүү Ассэмбли Халлд оршуулах ёслолыг хийжээ. Оршуулах ёслол дээр нь Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Энтони В.Айвинс үг хэлэхдээ: “Энэ бол сайн мэдээний бидэнд өгдөг зүйл билээ. Сайн мэдээ бидэнд үхэлд өртөшгүй байдлыг бус алдар суут амилуулалтад найдах бидний найдвараар ирэх үүний ялалтыг өгдөг. … [Жозеф Мэйнсэд] энэ нь хэрэгжих болно. … Хүмүүн зөв шударга байдалд, итгэлдээ үнэнч байж, итгэлд амьдралаа өгөхөө мэдэх нь жаргал цэнгэл, сэтгэл ханамж болон баяр баясал билээ”4 хэмээн бидэнд амьдрал, үхэл болон тэсвэр хатуужлын тухай чухал хичээлийг заасан юм.
Намайг элэнц өвөөгийнхөө үзүүлсэн сүнслэг байдлын хүч чадал болон тэсвэр хатуужлын жишээг дагахаар хамгийн сайнаараа хичээх үед энэхүү гэр бүлийн түүх нөлөөлдөг. Жозефийг нас барснаас хойш амьдрал нь мэдээж тун хэцүү байсан боловч эхнэр Эмилигийнх нь итгэл мөн адил надад сүнслэгээр нөлөөлдөг билээ. Түүний гэрчлэл хүчирхэг, хөрвөлт нь бүрэн байсан бөгөөд тэрээр ганцаараа найман хүүхдээ тэжээн, амьдралынхаа үлдсэн хугацаанд итгэлдээ үнэнч байсан юм.
Төлөөлөгч Паул: “Аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе”5 гэж хэлсэн. Дэлхий дээрх бидний өмнө тавигдсан уралдаан нь бартаа саадаар дүүрсэн, тэсвэр хатуужлын уралдаан билээ. Энэхүү уралдааны замд тохиолдох саад, бартаанууд нь өдөр бүр бидэнд тулгардаг сорилт, бэрхшээлүүд юм. Бид ёс суртахууны сонгох эрхээ ашиглаж, зөв буруугийн хооронд сонголт хийх уралдаанд гүйхээр энэ дэлхийд ирсэн билээ. Уралдаанаа нэр хүндтэй, амжилттай дуусгаж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очихын тулд бидний төлөх ёстой үнэ нь өөрийгөө зориулах болон шаргуу зан мөн хувийн сахилга бат юм. Бид сүнслэг байдлаараа зөв галбиртай болох хэрэгтэй. Бид сүнслэг хүч чадлыг хөгжүүлэх хэрэгтэй. Бидэнд үнэн хөрвөлт рүү удирдах хүчирхэг гэрчлэл хэрэгтэй бөгөөд үр дүнд нь бид тулгарах ямар ч бэрхшээлийг тэвчихэд шаардлагатай дотоод амар амгаланг болон хүч чадлыг олох болно.
Тиймээс өглөө бүр босоод ямар ч бэрхшээл тулгарсан бай, бидний сүнслэг хүч чадал нь Их Эзэний тусламжтай нэгдсэнээр энэхүү уралдааны бариан дээр төлөөлөгч Паулын хэлсэн тэрхүү итгэлийг та бүхэн мэдрэх болно гэдгийг санагтун. Паул:
“Учир нь би хэдийн ундаан өргөл мэт асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна.
“Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан.
“Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг … шагнах болно”6 хэмээн хэлжээ.
Би та бүхэнд Тэнгэрлэг Эцэг бодитой гэдгийг мөн энэ цаг үед энэ дэлхийд биднийг авчирсан Түүний аз жаргалын агуу, мөнхийн төлөвлөгөөг гэрчилж байна. Эцсээ хүртэл тэвчих хүч чадлыг өөрсдөдөө хөгжүүлэхэд маань Их Эзэний Сүнс бидэнд нөлөөлөх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.