2010–2019
Жинхэнэ хоньчид
Аравдугаар сар 2013


17:36

Жинхэнэ хоньчид

Гэрийн багшлалт нь олон залбирлын хариулт болдог бөгөөд биднийг хүмүүсийн амьдралд гарч болох өөрчлөлтийг харах боломжтой болгодог билээ.

Энэ үдэш Солт Лэйк хотын Ерөнхий чуулганы төвд Бурханы санваарыг атгагчид хол, ойроос цуглан ирсэн байна. Та нар бол үнэхээр “сүр хүчит санваартнууд” буюу төлөөлөгч Петрийн тунхагласнаар “сонгогдсон угсаа”1 билээ. Та бүхэнд хандаж үг хэлэх онцгой боломжтой байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг.

Намайг бага байхад манай гэр бүлийнхэн жил бүрийн зун Солт Лэйк хотоос бага зэрэг зүүн урагшаа 72 км зайд байх Прово хавцал руу машинаараа явж, тэнд байдаг жижигхэн байшиндаа хэдэн долоо хоног зусдаг байлаа. Хөвгүүд бид горхи руу загасчлахаар явах юм уу усанд сэлэхийг үргэлж тэсэн ядан хүлээдэг байсан бөгөөд аавыг хурдан явъя хэмээн шавдуулдаг байж билээ. Тэр үед аав маань 1928 оны Олдсмобил гэдэг машинтай байсан юм. Хэрэв аав 60 -аас дээш км/цагийн хурдтай явбал ээж “аажуухан яваарай!” гэдэг байв.

Харин би хажуугаас нь “Аав аа, гишгээд өг, хурдан давхиарай!” гэдэг байсансан. Аав маань Прово хавцал хүртэл замын турш 60 орчим км/цагийн хурдтай явж, заримдаа сүрэг хонь зам дээр таарахад л түр саатдаг байлаа. Бидний өмнүүр хоньчингүй мэт харагдах зуу зуун хонь өнгөрч, хэдэн нохой хажуугаар нь хуцаж явахыг хардаг байв. Гэтэл бүүр цаана хоньчин нь хазааргүй, ногтолсон морьтой явж байгаа нь харагддаг байж билээ. Морь нь хаашаа явахаа мэддэг бөгөөд ноход нь хонио хариулчихдаг болохоор хоньчин нь заримдаа эмээл дээрээ тухлан суугаад зүүрмэглэн явдаг байв.

Энэ дүр зургийг олон жилийн өмнө Германы Мюнхен хотод миний харсан зүйлтэй харьцуулья. Нэгэн ням гарагийн өглөө бид номлогчийн чуулган руу явж байлаа. Номлолын ерөнхийлөгчийн машины цонхоор хараад явж байтал гартаа таяг барьсан нэгэн хоньчин хоньдоо дагуулан явж байхыг харсан юм. Хоньд нь түүний хаа явсан газар руу л дагаж байв. Зүүн бол зүүн, баруун бол баруун, тэр л зүг рүү нь дагаж байлаа. Хонио залан, дагуулж явсан тэр хоньчин болон хониныхоо ард морьтойгоо хээв нэг зүгээр л дагаад явж байсан нөгөө хоньчин хоёрыг би хооронд нь харьцуулж, ялгааг нь гаргасан юм.

“Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхнийгөө мэднэ”2 гэж Есүс хэлсэн билээ. Тэрбээр бидэнд жинхэнэ хоньчин ямар байх ёстойг төгс жишээгээрээ харуулдаг.

Ах нар аа, Бурханы санваарыг атгагчдын хувьд бид удирдан чиглүүлэх үүрэгтэй. Их Эзэний мэргэн ухаан биднийг хэрхэн сүмийн гэр бүлүүдийн хоньчид нь байх тэрхүү удирдамжийг бидэнд өгсөн. Бид тэдгээр гэр бүлүүдэд үйлчилж, зааж мөн гэрчилж болно. Үүнийг гэрийн багшлалт гэдэг бөгөөд би энэ үдэш та бүхэнд үүний талаар ярихыг хүсч байна.

Сүмийн тойрог бүрд бишоп нь санваартнуудыг гэрийн багшаар томилох ажлыг хариуцдаг ба тэдэнд сар бүр айлууд руу очихыг даалгадаг. Тэд хосоороо буюу боломжтой бол пристийн эсвэл багшийн албатай Аароны санваартнууд насанд хүрсэн Мелкизедек санваартнуудтай хамт явдаг. Хуваарилж авсан айлуудаар явахдаа Аароны санваартан нь тухайн хичээлийн нэг хэсгийг зааж байх хэрэгтэй. Ийм үүрэг даалгавар нь эдгээр залуу эрэгтэйчүүдийг номлолд болон насан туршийн санваарын үйлчлэлд бэлтгэхэд нь тусалдаг.

Гэрийн багшлалтын хөтөлбөр нь орчин цагийн илчлэлтийн үр дүн бөгөөд санваарт томилогдсон хүмүүст “заах, тайлбарлах, ухуулах, баптисм хүртээх, … гишүүн бүрийн гэрээр айлчлан, мөн чанга дуугаар болон чимээгүй залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах, … сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх; мөн сүмд алдас байхгүй, мөн бие биендээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, мөн шүүмжлэхгүй байхад анхаарах”3 зэрэг үүргүүдийг даалгадаг.

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй: “Гэрийн багшлалт бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг харж хандах, урамшуулан дэмжих мөн зааж зөвлөх хамгийн урамтай бөгөөд хамгийн чухал боломжуудын нэг юм. … [Энэ] бол бурханлаг үйлчлэл, бурханлаг дуудлага. Зүрх сэтгэл, гэр орон бүрд сүнсийг … аваачих нь гэрийн багш нарын үүрэг. Бурханы хүүхдүүдийн итгэлтэй, өгөөмөр сэтгэлтэй гэрийн [багш] ажил үүргээ хамгийн сайнаараа шамдан хийснээр хэмжээлшгүй амар амгалан, баяр баясал мөн сэтгэл ханамжийг олдог”4 гэж анхааруулсан байдаг.

Мормоны Номоос бид Алма “тэдний бүх санваартнуудыг мөн бүх багш нарыг нь адислан томилов; мөн тэд шударга бус аваас нэг нь ч адислан томилогдоогүй бөлгөө.

Тиймийн тул тэд өөрсдийн хүмүүсийг харж хандсан, мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлүүд дээр дэмжин асарсан болой”5 хэмээн уншдаг билээ.

Бид гэрийн багшлалтын үүргүүдээ гүйцэтгэхдээ тухайн гэр бүлийн гишүүн бүрд тохиолдож буй саад бэрхшээлийг олж мэдвэл илүү сайн байдаг. Ингэснээр бид илүү үр бүтээлтэйгээр зааж мөн тэднийг хэрэгцээтэй тусламжаар хангаж болох юм.

Мөн гэрийн багшлалт хийх цагийг урьдчилан тохирвол илүү амжилттай байх боломжтой. Үүнийг сануулсан, олон жилийн өмнө надад тохиолдсон нэгэн явдлыг би та нартай хуваалцъя. Тухайн үед Номлогчийн гүйцэтгэх хороо Спэнсэр В.Кимбалл, Гордон Б.Хинкли, Томас С.Монсон гэсэн гишүүдээс бүрддэг байлаа. Нэгэн үдэш Хинкли ах, эгч хоёр хорооны гишүүдийг эхнэрүүдийнх нь хамт оройн хоолонд гэртээ урьсан юм. Биднийг маш сайхан зоог барьж дуусахад хэн нэгэн хаалга тогшлоо. Ерөнхийлөгч Хинклиг хаалгаа тайлахад түүний гэрийн багш нарын нэг нь зогсож байв. Тэрээр “би тантай цаг тохироогүйгээ мэдэж байна л даа, бас хамтрагч маань ч алга, гэхдээ өнөө орой танайд очих хэрэгтэй гэсэн мэдрэмж надад төрсөн юм. Би таныг зочидтой байна гэдгийг мэдсэнгүй” гэжээ.

Ерөнхийлөгч Хинкли гэрийн багшаа найрсгаар урьж оруулаад гурван төлөөлөгч болон эхнэрүүдэд маань гишүүний хувьд бидний үүрэг юу вэ гэдгийг заалгахаар суулгав. Гэрийн багш нь бага зэрэг сандарсан байдалтайгаар хамгийн сайнаараа хичээж заасан юм. Ерөнхийлөгч Хинкли түүнийг ирсэнд талархахад тэрээр бушуухан гараад явчихаж билээ.

Гэрийн багшлалтыг хийх бас нэгэн тохиромжгүй жишээг би та нарт дурдъя. Хэдэн жилийн өмнө Тэргүүн Зөвлөлд байсан ерөнхийлөгч Марион Ж.Ромни өвлийн нэгэн хүйтэн шөнө гэрт нь ирж байсан гэрийн багшийнхаа талаар ярьдаг байж билээ. Тэрээр багшийг гэрт нь орж, хичээлээ заахыг урихад тэрээр сандарсан байдалтайгаар малгайгаа гартаа бариад зогссон чигээрээ “Юу л даа, Ромни ах аа, гадаа хүйтэн байна, тэгээд би машинаа царцаахгүйн тулд асаалттай орхичихсон юм л даа. Би зүгээр л бишопдоо танайхаар очсон гэж хэлэхийн тулд л ирсэн юм аа”6 гэж хэлж байсан гэдэг.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Ерөнхийлөгч Ромнид тохиолдсон явдлыг санваартнуудын цуглаан дээр ярьсныхаа дараа “Ах нар аа, бид илүү сайн, бүр гойд сайн хийж чадна шүү дээ!”7 гэж билээ. Би түүнтэй санал нэг байна.

Гэрийн багшлалт нь сар тутам очиж, царайгаа харуулахаас илүү зүйл юм. Бидний үүрэг бол заах, урамшуулан дэмжих, зоригжуулах, идэвхгүй хүмүүс дээр очиж тэднийг идэвхжүүлэх мөн цаашлаад Бурханы хөвгүүд, охидыг өргөмжлөлд авчрах явдал юм.

Үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор би гэрийн багш нарын гарцаагүй ашиглаж болох ухаалаг зөвлөгөөг хуваалцъя. Абрахам Линкольн “Та хэн нэгнийг өөрийн талд оруулахын тулд эхлээд түүнийг өөрийнхөө чин үнэнч найз гэдэгт итгүүл”8 гэж хэлсэн байдаг. Мөн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Хамгийн гол нь хичээл заадаг гэр бүл, хувь хүмүүсийнхээ жинхэнэ найз нь бай” гэж анхааруулсан билээ. … “Найз гэдэг хүн зөвхөн үүргээ биелүүлэхийн тулд очдоггүй. Найз бол нэр хүндээс илүү хүмүүст туслахыг л боддог. Найз хүн санаа тавьж, [хайраа үзүүлдэг] мөн бусдыг сонсч, тус дэм үзүүлдэг.”9

Гэрийн багшлалт нь олон залбирлын хариулт болдог бөгөөд биднийг хүмүүсийн амьдралд гарч болох өөрчлөлтийг харах боломжтой болгодог билээ.

Үүний нэг жишээ нь эдийн засгийн хямралын үед Америкийн засгийн газрын хөтөлбөрөөр Ютад ирсэн Дик Хаммэр байсан юм. Тэрээр хожмын үеийн гэгээнтэн залуу эмэгтэйтэй танилцаж, гэрлэсэн ажээ. Тэрээр Юта мужийн Сэйнт Жорж хотод Дикийн Кафе нэртэй ресторан байгуулсан нь түүнийг олны танил болгосон юм.

Миний найз Виллард Милн түүний гэрийн багшаар томилогдсон байв. Би рестораных нь цэсийг хэвлэж өгсөн болохоор Дик Хаммэрийг ч бас мэддэг байсан ба Сэйнт Жоржид очих үедээ найзаасаа “бидний найз Дик Хаммэр сайн мэдээнд хэр өсч байна?” гэж асуудаг байлаа.

Хариуд нь тэр ихэвчлэн “Тэр удаан боловч сайжирч байгаа” гэдэг байв.

Виллард Милн хамтрагчтайгаа тэднийд сар бүр очихдоо Дик болон түүний гэр бүлтэй сайн мэдээний захиасыг болон өөрсдийн гэрчлэлүүдийг үргэлж хуваалцдаг байлаа.

Олон жилийн дараа нэгэн өдөр Виллард над руу утасдаад сайхан мэдээ дуулгасан юм. Тэрээр “Монсон ах аа, Дик Хаммэр хөрвөгдсөн, тэр одоо баптисм хүртэх гэж байгаа. Тэр бараг л 90 настай. Гэвч бид хоёр насаараа найзууд явсан тул түүний баптисм хүртэх шийдвэрт би маш их баяртай байна. Би олон жилийн турш тэднийд гэрийн багш хийж байна” гэж билээ. Виллард энэ сайхан мэдээг дуулгахдаа хоолой нь зангирч байсан юм.

Хаммэр ах баптисм хүртэж, жилийн дараа үзэсгэлэнт Сэйнт Жорж ариун сүмд хувийн хишгээ хүртэн, лацдан холболтын адислалаа хүлээн авсан билээ.

Би Виллардаас “Тийм урт хугацааны турш түүний гэрийн багш байх үед урам чинь хугарч байв уу?” гэж асуухад

тэрээр “Үгүй ээ, хичээл зүтгэл болгон минь үр дүнгээ өгсөн. Би тэдний гэр бүлийнхэнд ирсэн баяр баяслыг харж байна. Тэдний амьдралд авчирсан сайн мэдээний адислалуудын төлөө мөн ямар нэг арга замаар би тэдэнд туслах онцгой боломжтой байсан учраас зүрх сэтгэл минь талархлаар дүүрэн байна. Би их аз жаргалтай байна” гэж хариулсан юм.

Ах нар аа, бид ирэх жилүүдэд идэвх султай болон бүрэн идэвхтэй олон хүмүүст очиж, заах онцгой боломжтой байх болно. Хэрэв бид дуудлагадаа үнэн сэтгэлээсээ хандвал олон хүний амьдралыг адислах боломжтой болно. Өөрсдийгөө сүмээс хөндийрүүлсэн тэдэн дээр очих нь яваандаа тэдний идэвхтэй болох хаалгыг нь нээх түлхүүр нь ч байж болох юм.

Үүнийг дотроо санаж, бүгдээрээ хуваарилж авсан хүмүүстээ тусламжийн гараа сунгацгаая. Тэднийг Их Эзэний ширээнд ирж, Түүний үгэн дээр найрлаж, Түүний Сүнстэй нөхөрлөхдөө баясаж, “цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх”10 байхад нь тусалцгаая.

Хэрэв та нарын хэн нэгэн нь гэрийн багшлалт хийхдээ хайнга ханддаг бол яг одооноос гэрийн багшлалт хийх үүрэгт ажилдаа өөрийгөө дахин зориулж эхлэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болсон гэдгийг би та нарт хэлье. Хариуцаж авсан хүмүүстээ туслахын тулд шаардлагатай бүх алхмыг хийх шийдвэрийг яг одоо гарга. Заримдаа хамтрагчаа гэрийн багшлалт хийхэд нь бага зэрэг уриалан дуудах хэрэг гарч болох ч та уйгагүй хичээвэл амжилтад хүрэх болно.

Ах нар аа, бид гэрийн багшлалтыг байнга хийж байх ёстой. Бидний Их Эзэн “Одоо боллоо” гэж хэлэх хүртэл уг ажил хэзээ ч зогсохгүй. Бид хүмүүсийн зүрх сэтгэлд нь хүрч, амьдралыг нь гэрэлтүүлэх хэрэгтэй байна. Мөн бодгалиудад аврал хэрэгтэй байна. Бидэнд итгэмжлэн даалгасан тэдгээр эрхэм нандин бодгалиудыг гэрэлтүүлэх, зүрх сэтгэлд нь хүрэх мөн тэднийг аврах нь бидний ариун нандин боломж билээ. Бид итгэлтэйгээр мөн сэтгэл дүүрэн баясалтайгаар үүнийг хийх хэрэгтэй.

Төгсгөлд нь биднийг ямар гэрийн багш байх ёстойг харуулах нэгэн жишээг дурдъя. Бүхнээс агуу нэг Багш байдаг. Тэрбээр амьдрал ба үхэл, үүрэг ба хувь заяаны талаар заасан юм. Тэрбээр үйлчлүүлэхийн тулд бус үйлчлэхээр, хүлээн авахын тулд бус бусдад өгөхөөр, Өөрийн амийг аврахын тулд бус бусдын төлөө өөрийгөө золиослох гэж амьдарч байсан юм. Тэрээр шунаг хүслээс илүү сайхан хайрыг, эрдэнэсээс илүү ядуу зүдүү байдлыг дүрсэлсэн юм. Тэрбээр хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв хэмээн энэ Багшийн талаар хэлсэн байдаг.11 Түүний хуулиуд нь чулуун дээр бус, харин хүмүүний зүрхэнд сийлэгдсэн билээ.

Би Агуу Багш, Бурханы Хүү Есүс Христ, бүх хүн төрөлхтний Аврагч, Гэтэлгэгчийн талаар ярьж байна. Библийн цэдэгт Түүний талаар Тэрбээр “сайныг үйлдэж явсан”12 юм гэж хэлдэг. Бидний хувиршгүй удирдагч бөгөөд бидний үлгэр дуурайл болсон түүнээс бид гэрийн багшлалтдаа бурханлаг тусламжийг авч чадна. Үүний учраас хүмүүсийн амьдрал адислагдаж, зүрх сэтгэл нь тайтгарч, бодгалиуд аврагдах болно. Бид жинхэнэ хоньчид болох болно. Энэ бүхэн биелэх болтугай хэмээн би тэрхүү агуу Хоньчин, Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. 1 Петр 2:9.

  2. Иохан 10:14.

  3. Сургаал ба Гэрээ 20:42, 47, 53–54.

  4. Дэвид О.Маккэй, Priesthood Home Teaching Handbook, шинэчилсэн хувилбар. (1967), ii,iii.

  5. Мозая 23:17–18.

  6. Марион Ж.Ромнигийн ярианд иш татагдсан, 1963 оны 8-р сарын 9нд Санваартнуудын гэрийн багшлалтын сургалт дээр хэлсэн үг.

  7. Эзра Тафт Бэнсон, “To the Home Teachers of the Church,” Ensign, 1987 оны 5-р сар, 50.

  8. Абрахам Линкольн, Дэвид Дикамп Томпсоны, Abraham Lincoln, the First American (1895), 226.

  9. Эзра Тафт Бэнсон, Ensign, 1987 оны 5-р сар, 50.

  10. Ефес 2:19.

  11. Матай 7:28–29-г үзнэ үү.

  12. Үйлс 10:38.