“4-р сарын 29-өөс 5-р сарын 5: ‘Хүчит өөрчлөлт.’ Мозая 4–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)
“4-р сарын 29-өөс 5-р сарын 5. Мозая 4–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)
4-р сарын 29-өөс 5-р сарын 5: “Хүчит өөрчлөлт”
Moзая 4–6
Хэн нэгний ярихыг сонсоод, амьдралаа өөрчилье гэсэн сэдэл танд төрж байсан уу? Магадгүй та сонссон зүйлээсээ болж арай өөрөөр, бүр огт өөрөөр амьдрахаар шийдсэн байж болох юм. Хаан Бенжамины заавар ийм л үг байсан бөгөөд түүний заасан үнэнүүд сонссон хүмүүстээ үүний адил нөлөөлж байв. Хаан Бенжамин тэнгэр элчийн өөрт нь заасан зүйлсийг буюу “Христийн цагаатгагч цус[аар]” (Мозая 4:2) дамжуулан гайхамшигт адислалуудыг хүлээн авах боломжтой гэдгийг өөрийн хүмүүстэй хуваалцсан. Түүний захиасны ачаар тэд харах өнцгөө өөрчилсөн (Мозая 4:2-ыг үзнэ үү) ба Сүнс тэдний хүслийг өөрчилсөн (Мозая 5:2-ыг үзнэ үү) мөн тэд Бурханы хүслийг үргэлж дагах гэрээг Түүнтэй байгуулсан (Мозая 5:5-ыг үзнэ үү). Хаан Бенжамины үгс хүмүүст ийнхүү нөлөөлжээ. Тэдгээр нь танд хэрхэн нөлөөлөх вэ?
Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа
Есүс Христээр дамжуулан би нүглүүдээсээ ангижирч, энэ байдлаа хадгалж чадна.
Заримдаа нүглээсээ өршөөгдсөн хэмээн бодогдсон ч уг мэдрэмжээ хадгалан, зөв шударга байх зам дээрээ үлдэхэд хэцүү байх үе танд гарч болох юм. Хаан Бенжамин өөрийн хүмүүст хэрхэн нүглийнхээ ангижралыг хүлээн авч, үүнийгээ хадгалах талаар заажээ. Мозаягийн 4-р бүлгийг судлахдаа, дараахтай адил асуултуудыг тавихыг бод.
-
1–8-р шүлэг.Бурхан ямар нөхцөлөөр нүглээс ангижруулдаг вэ? Та наманчлахад таныг сүнслэгээр өдөөсөн, Түүний талаарх ямар зүйлийг эдгээр шүлгээс мэдэж авсан бэ? Та наманчилснаа хэрхэн мэдэх вэ?
-
11–16-р шүлэг.Эдгээр шүлэгт цэдэглэснээр, хэрвээ бид 11-р шүлэгт дүрсэлсэн зүйлсийг үйлдвэл амьдралд маань юу тохиох вэ? Та эсвэл таны хайртай хэн нэгэн эдгээр өөрчлөлтийг хэрхэн мэдэрч байсан бэ? Тэдгээр өөрчлөлтийг Мозая 3:19 дээрх өөрчлөлтүүдтэй харьцуул.
-
16–30-р шүлэг.Байгаагаа бусадтай хуваалцах нь нүглийн ангижралаа хадгалахад тань хэрхэн тусалж болох вэ? Та 27-р шүлгийг Христтэй адил болохын тулд гаргах хичээл зүтгэлдээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
Бид ямар утгаараа бүгд гуйлгачид байдаг вэ? Эдгээр шүлэгт цэдэглэснээр, бид Бурханы бүх хүүхдэд хэрхэн хандах ёстой вэ? (Мозая 4:26-г үзнэ үү). Хэнд таны туслалцаа хэрэгтэй вэ?
Мөн Бэки Крэйвэний “Хариултыг өөртөө үлдээ” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.
Би Бурханд итгэж, найддаг.
Хаан Бенжамины Бурханд итгэж, найдах урилга эрт дээр үед ч, одоо ч чухал хэвээр. Та Мозая 4:5–10-ыг уншихдаа, Бурханд итгэх шалтгаан өгдөг Түүний талаарх үнэнүүдийг хайж ол. Хаан Бенжамины 10-р шүлэгт өгсөн урилгуудыг анхаар. Бурханд найдах нь яагаад хаан Бенжамины урилгын дагуу үйлдэхийг илүү амархан болгодог вэ?
Дараах зарим судрыг судлаад, Бурханы зан чанаруудаар жагсаалт гаргахыг бод. Үүнд: Иеремиа 32:17; 1 Иохан 4:8; 2 Нифай 9:17; Алма 32:22; Мормон 9:9; Ифер 3:12; Сургаал ба Гэрээ 19:1–3; 88:41. Та жагсаалтаа ашиглан өгүүлбэрийг янз бүрээр дараах байдлаар гүйцээн бичиж болно. “Бурхан гэдгийг мэддэг учраас, Би Түүнд итгэж чадна.”
Бурхантай холбоотой туршлага хуримтлуулснаар Түүнд найдах бидний найдвар өсөн нэмэгддэг. Мозая 4:1–3-т хаан Бенжамины хүмүүст “Бурханы сайн сайхны мэдлэгт ирэхэд нь” юу тусалсан бэ? (6-р шүлэг). Бурхантай холбоотой туршлагаа бод. Тэдгээр туршлага Түүний талаар танд юу зааж байна вэ? Бурханд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд та ямар алхмууд хийж байгаа (хийж болох) вэ?
“Ариун Эцэг минь амьд,” Дуулал, д. 158-ыг үзнэ үү.
Би бодол, үг, үйлдлээ хянах ёстой.
Бурхан бидэнд байж болох бүх нүглийн жагсаалтыг бэлдэж өгдөггүй. Мозая 4:29–30-д хэлснээр, Тэр оронд нь юу хийдэг вэ? Таны бодол, үг, үйлдэл танд болон бусдад хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бод. Тэдгээр нь таны Бурхантай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Та “[өөрийгөө] хэрхэн хянадаг” вэ?
Их Эзэний Сүнс зүрх сэтгэлийг минь хүчтэй өөрчилж болно.
Хүмүүс “Би өөрчлөгдөж чадахгүй. Би ийм л хүн” гэж хэлэх нь олонтоо. Эсрэгээрээ, хаан Бенжамины хүмүүсийн туршлага Их Эзэний Сүнс хэрхэн зүрх сэтгэлийг үнэхээр өөрчилдгийг харуулсан. Та Мозая 5:1–5-ыг уншихдаа, жинхэнэ хөрвөлтийн “хүчит өөрчлөлт” амьдралд тань хэрхэн тохиолдсон эсвэл тохиолдож болохыг бод. Удаан, аажим өөрчлөлтүүд болон “хүчирхэг” туршлагуудынхаа талаар бодоорой. Таныг уруу таталттай тулгарахад эдгээр туршлага хэрхэн тусалдаг вэ?
Мөн Езекиел 36:26–27; Алма 5:14-ийг үзнэ үү.
Би Түүнтэй гэрээ байгуулахдаа Христийн нэрийг өөр дээрээ авдаг.
Христийн нэрийг өөр дээрээ авах гэдэг нь ямар утгатай талаар та Мозая 5:7–9-өөс юу сурсан бэ? Ариун ёслолын залбирал (Моронай 4–5-ыг үзнэ үү) нь энэ талаар юу зааж байна вэ? Та Аврагчид “харьяалагддагаа” хэрхэн үзүүлж болох вэ?
Мөн Д.Тодд Кристоффэрсоны “Яагаад гэрээний зам гэж” захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Наманчлал баяр хөөрийг авчирдаг.
-
Наманчлалын баяр баясгалангийн талаар заахын тулд та хүүхдүүдээр гараа бохир заваан болсны дараа угаахад ямар санагдаж байгааг нь харуул. Дараа нь та үүнийг Мозая 4:1–3 дээрх хүмүүст нүглүүд нь өршөөгдөхийн өмнө болон дараа төрсөн мэдрэмжтэй харьцуулж болно. Биднийг сүнслэгээр цэвэршүүлдэг Аврагчийн хүчний талаар гэрчлэлээ хуваалц.
-
Таны хүүхдүүд хэрхэн бүрэн дүүрэн, чин сэтгэлээсээ наманчлахаа мэдэх үү? Хаан Бенжамины хүмүүсийн хийсэн зүйлсийг Мозая 4:1–3, 10-аас олж мэдэхэд нь тэдэнд тусал. Тэд бас Судруудын удирдамжийн “Наманчлах, наманчлал” гэсэн хэсгийг харж болно. Есүс Христ хэрхэн наманчлалыг боломжтой болгосон бэ?
Есүс Христийн сайн мэдээ бусдад хайраар болон найрсаг хандахад намайг урамшуулдаг.
-
Бусдад үйлчлэхэд надад сайхан мэдрэмж төрдөг. Таны заадаг хүүхдүүд хэн нэгнийг хайрлаж, үйлчилж байснаа мөн уг туршлагын улмаас тэдэнд ямар мэдрэмж төрж байсан тухай ярьж болно. Хүмүүс ямар ямар шалтгаанаар бусдад үйлчлэхийг хүсдэггүй вэ? Хэн нэгнийг тусламж хэрэгтэй хүмүүст туслахад урихдаа бид юу гэж хэлж болох вэ? Санаа авах бол Мозая 4:16–26-аас хайж олно уу.
-
Бид Христэд ирж, нүглийнхээ ангижралыг хүлээн авахдаа “Бурханы хайраар дүүрдэг” (Moзая 4:12) хэмээн хаан Бенжамин заасан. Энэ нь биднийг бусдад хайраа үзүүлэн, найрсаг хандахад хүргэдэг. Та болон танай хүүхдүүд Мозая 4:13–16, 26 (эсвэл “Би үргэлж Тантай байх болно,” Хүүхдийн дууны ном, 78)-г судлаад, бидний хэрхэн бусдад үйлчилж болохыг харуулсан үг хэллэгийг олж болно. Дараа нь тэд тэдгээрийг жүжигчлэн үзүүлж эсвэл зургийг нь зурж, нэг нэгнийхээ үг хэллэгийг тааж болно. Бид гэртээ болон сургууль дээрээ эсвэл сүм дээр хэрхэн хайр, найрсаг байдлыг үзүүлж чадах вэ?
Би Бурхантай гэрээ байгуулахдаа Христийн нэрийг өөр дээрээ хүлээн авдаг.
-
Танай хүүхдүүдэд “Есүс Христийн” нэр бүхий нэрийн тэмдэг хийх мөн цамцныхаа зүрхэн тушаа газарт зүүх таалагдаж болох юм (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Тэднийг ийн үйлдэж байх зуур та тэдэнд Мозая 5:12-ыг уншаад, Бурхантай байгуулах гэрээ эсвэл амлалт нь хэрхэн Христийн нэрийг “үргэлж зүрх сэтгэлдээ бичээстэй хэвээр” байлгахтай адилхан болох тухай хуваалцаж болно.