Ирээд, Намайг дага
5-р сарын 6–12: “Их Эзэний хүчинд.” Moзая 7–10


“5-р сарын 6–12: ‘Их Эзэний хүчинд.’ Мозая 7–10,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“5-р сарын 6–12. Мозая 7–10,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Аммон Лимхай хаанд зааж байгаа нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Хаан Лимхайн өмнө зогсох Аммон, 1949–1951, масонит дээр тосон будгаар зурсан, 35 15/16 x 48 ямх. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

5-р сарын 6–12: “Их Эзэний хүчинд”

Moзая 7–10

Хаан Мозаягийн хүмүүс Зарахемлад “үргэлжилсэн амгаланд” (Мозая 7:1) байсны дараа, олон жилийн өмнө Лихай-Нифайн нутагт амьдрахаар явсан хэсэг нифайчуудын талаар бодож эхэлжээ. Олон үе өнгөрсөн ч Мозаягийн хүмүүс тэднээс ямар ч сураг сонсоогүй аж. Тиймээс Мозая явсан нифайчуудыг хайлгахаар эрлийн багийг удирдахыг Аммоноос хүсэв. Эрлийн баг “алдсын учир” (Мозая 7:24) леменчүүдэд боолчлогдсон байсан нифайчуудыг олжээ. Харин Аммоны ах дүүс дээрээ ирсэн явдал гэнэт тэдэнд чөлөөлөгдөх итгэл найдварыг төрүүлсэн байна.

Заримдаа бид яг тэр боолчлогдсон нифайчуудын адил нүглийнхээ улмаас зовж шаналан, амар амгаланг дахин мэдрэх болов уу хэмээн боддог. Заримдаа бид Аммоны адил бусдад тусламжийн гараа сунгах сүнслэг удирдамжийг хүлээн авч, хожим нь бидний гаргасан хүчин чармайлт тэднийг “тэргүүнээ өргөцгөө[ж], мөн баяс[аж], мөн найдлагаа Бурханд хандуул[ахад]” (Мозая 7:19) өдөөсөн болохыг олж мэддэг. Ямар нөхцөлд байхаас үл хамааран, бид бүгд наманчилж, “тэрээр … [биднийг] чөлөөлөх болно” гэдэгт итгэн, “зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд ханд[ах]” (Мозая 7:33) хэрэгтэй.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Moзая 7:14–33

Есүст намайг эдгээх хүч чадал бий.

Аммонтой уулзсан явдал хаан Лимхайд найдвар төрүүлсэн бөгөөд тэрээр уг найдвараа хүмүүстээ дамжуулахыг хүссэн. Магадгүй түүний үгс танд ч гэсэн найдвар төрүүлж чадна. Лимхайн хүмүүсийн нөхцөл байдлын мэдээллийг Мозая 7:20–25 дээрээс харахыг бод. Дараа нь Мозая 7:14–33-ыг уншихдаа, дараах асуултуудыг тунгаан бодоорой.

  • Лимхай хүмүүсийнхээ Христэд итгэх итгэл, найдварыг хүчирхэгжүүлэхийн тулд юу гэж хэлсэн бэ?

  • Ямар үг хэллэг нь танд найдвар мэдрэхэд тусалж байна вэ? (19, 33-р шүлгийг үзнэ үү).

  • Бурхан таныг чөлөөлж чадна, чөлөөлөх болно гэдэгт итгэхэд танд ямар туршлага тусалсан бэ?

Мөн “Израилын Гэтэлгэгч” дууллыг Дуулал номын д. 5-аас үзнэ үү.

Moзая 7:26–27

Би “Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.”

Мозая 7:26–27 дээр Лимхай Абинадайн заасан зарим үнэнийг тайлбарласан. Эдгээр шүлгээс та ямар ямар үнэнийг тодорхойлж болох вэ? Эдгээр үнэн Бурханыг болон өөрсдийгөө харах таны арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?

Семинарын дүрс

Moзая 8:13–19

Их Эзэн хүн төрөлхтний тусын тулд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгдөг.

Их Эзэн үзмэрчийг өгсөн талаарх Аммоны гэрчлэлийг Лимхай сонсоод, “үлэмж баясан, мөн Бурханд талархал илэрхийлж[ээ]” (Мозая 8:19). Тэр яагаад ийм бодол санаатай байсан гэж та нар бодож байна? Та Мозая 8:13–19 дэх Аммоны үгсээс үзмэрчдийн талаар юу олж мэдсэн бэ?

Өнөө үед бид Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг. Тэд хэрхэн танд “агуу ашиг тус хүргэсэн” бэ? (Moзая 8:18). Эдгээр нь Есүс Христийн тухай танд юу заасан бэ?

Та Аммонтай адил бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэрэгтэй болохыг хэрхэн зоригтой ярьж чадах вэ? (Мозая 8:13–18-ыг үзнэ үү). Жишээлбэл: Та гэр бүлтэйгээ эсвэл олон нийтийн сүлжээнд юуны тухай хуваалцаж болох вэ?

  • Иосеф Смитээр болон Их Эзэний бусад бошиглогчоор өнөө үед сэргээгдсэн үнэнүүд (Бурханы мөн чанар, бидний бурханлаг мөн чанар мөн бидний гэр бүлийн мөнхийн мөн чанар). “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт” эсвэл “Гэр бүл: Дэлхий даяар өргөх тунхаг” (Gospel Library) эдгээр үнэний заримыг нь бодоход тань тусалж болно.

  • Зарлигууд эсвэл ёслолуудын адислалууд (Мэргэн ухааны үг, ариун явдлын хууль эсвэл гэр бүлийн лацдан холболт).

Өнгөрсөн сард бид Ерөнхий чуулган дээр бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үгсийг сонссон. Танд сүнслэгээр нөлөөлсөн ямар захиас байсан бэ? Та сурсан зүйлийнхээ дагуу юуг өөрөөр хийх вэ? Их Эзэний үзмэрчид “ирэх зүйлсийн тухай” юу гэж хэлсэн бэ? (Мозая 8:17).

Moзая 9–10

Би “Их Эзэний хүчинд” зовлон бэрхшээлтэйгээ нүүр тулж чадна.

Зениф өөрийнх нь алдаа түүний хүмүүсийг хүнд байдалд оруулсныг хүлээсэн. Харин дараа нь тэр леменчүүдтэй дайтахаар явахдаа өөрийн хүмүүст зовлон бэрхшээлээ Их Эзэнд итгэх итгэлээр даван туулахад нь тусалжээ. Та Мозая 9–10-ыг уншихдаа, Зенифийн хүмүүс итгэлээ харуулахын тулд юу хийснийг олж мэд. Бурхан тэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Их Эзэн таныг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? “Их Эзэний хүчинд” урагш явах гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (Мозая 9:17; 10:10–11).

Moзая 10:11–17

Миний сонголт олон үеийнхэнд нөлөөлнө.

Та Мозая 10:11–17-г уншихдаа, леменчүүдийн өмнөх үеийнхний үйлдэл, хандлага дараагийн үеийнхэнд нь хэрхэн нөлөөлснийг олж тогтоо. Энэ судар таны сонголтууд бусдад мөн хараахан төрөөгүй байгаа хүмүүст хүртэл сайн болон муугаар хэрхэн нөлөөлж болох талаар юу гэж зөвлөж байна вэ?

Үзүүлэнт хичээлийг ашигла. Үзүүлэнт хичээл нь суралцах явцыг илүү хөгжилтэй, дурсамжтай болгодог. Өрсөн даалуунууд нь хүмүүсийн сонголт үр удамд нь хэрхэн нөлөөлж болохыг харуулж болно (Мозая 10:11–17-г үзнэ үү).

Хүүхдүүдэд заах санаа

Moзая 7:19

Бурхан судрууд дахь хүмүүст тусалсан, надад ч бас тусалж чадна.

  • Лимхай хаан хүмүүсээ зовлон зүдгүүртэй үед нь итгэлийг нь хөгжүүлэхээр судар хуваалцжээ. Та хүүхдүүдээсээ итгэлтэй болоход нь тусалсан судрын түүх эсвэл дүрүүд байгаа эсэх талаар асуу. Дараа нь та Мозая 7:19-ийг тэдэнд уншиж өгөөд, энэ шүлэгт дурдсан түүхүүдийг харж болно (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Дээгүүр өнгөрөх баяр,” “Цөлд буй изриалчууд” зэргийг х. 70–76-аас үзнэ үү). Танай хүүхдүүд эдгээрийг жүжигчлэн тоглох дуртай байж болно. Их Эзэн эдгээр түүх дээрх уг хүмүүст хэрхэн тусалсан бэ? Тэр бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Их Эзэн бидэнд хэрхэн тусалдаг тухай илүү их жишээ авах бол хүүхдүүдтэй хамт дуулахаар “Мормоны Номын түүхүүд” юм уу “Нифайн зориг” (Хүүхдийн дууны ном, 62–63, 64–65) дууны хэдэн бадгийг сонго. Их Эзэн Мормоны Номон дээр хүмүүст хэрхэн тусалсныг мөн Тэр бидэнд хэрхэн тусалж чадахыг олж тодорхойлоход тэдэнд тусал.

Мозая 8:16–18

Бурхан бидэнд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгсөн.

  • Үзмэрчийн талаар заах нэг арга зам бол эдгээрийг шил, дуран эсвэл микроскоп зэрэг бидэнд илүү сайн харахад тусалдаг зүйлстэй харьцуулж болох юм. Дараа нь таныг хүүхдүүддээ Мозая 8:17-г уншиж өгөхөд тэд үзмэрч гэдэг үгийг сонсох тоолондоо дурангаар харж байгаа юм шиг нүдэндээ гараа тавьж болох юм (мөн Мосе 6:35–36-г үзнэ үү). Их Эзэн бошиглогчдод бидний харж чадахгүй юмсыг харахад тусалсан зүйлсийн талаар тэдэнтэй ярилц.

  • Мозая 8:16–18-ыг хүүхдүүдтэй хамт уншсаныхаа дараа та тэдэнд Үзмэрч нь бидэнд … -д тусалдаг … -тэй адил юм гэх мэт өгүүлбэрийг гүйцээх арга замуудын талаар бодоход тусалж болно. Жишээлбэл: Үзмэрч бол биднийг Есүс рүү чиглүүлдэг замын тэмдэглэгээ юм.

  • Та бас цаасаар хөлийн ул хийгээд, дээр нь бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн биднээс хийхийг хүсдэг зүйлсийг зурахад урьж болно. Өрөөнд хөлний улнуудыг зам болгон цувуулж тавиад, дээр нь хүүхдүүдээр алхуул. Үзмэрч бидэнд хэрхэн “агуу тус” болж болох вэ? (Мозая 8:17–18-ыг үзнэ үү).

Мозая 9:14–18; 10:10–11

Их Эзэн намайг сул дорой байх үед хүчирхэгжүүлж чадна.

  • Хүүхдүүд бэрхшээлтэй тулгарах үедээ заримдаа сул дорой, тусламж авч чадахгүй мэт мэдэрч болно. Та хүүхдүүдэд Их Эзэний хүчинд найдахад нь хэрхэн туслах вэ? Бид бие бялдрын хувьд хүчтэй болохын тулд юу хийдэг талаар тэднээс асууж болох юм. “Хүмүүний хүч чадалтай” байна гэдэг нь ямар утгатай вэ? (Мозая 10:11-ийг үзнэ үү). “Их Эзэний хүчтэй” байна гэдэг нь ямар утгатай вэ? (Мозая 9:17–18; 10:10-ыг үзнэ үү). Бид Их Эзэний хүчийг хэрхэн хүлээж авдаг вэ? Таны заадаг хүүхдүүд Их Эзэний хүчийг хүлээн авахад тусалдаг зүйлсийн зургийг зурж болох юм.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Иосеф Смит Моронайтай хамт байгаа нь

Иосеф Смитийн үзэгдэл, Кларк Кэлли Прайс