Судрууд
Мозая 9


Зенифийн Цэдэг—тэд Зарахемлагийн нутгийг орхисон цагаас хойш тэд леменчүүдийн гараас чөлөөлөгдсөн цагийг хүртэлх түүний хүмүүсийн шастир оршвой.

9–22-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 9

Зениф Лихай-Нифайн нутгийг эзэмшихээр Зарахемлагаас бүлэг хүмүүсийг удирдав—Лемен үндэстний хаан уг нутгийг өвлөхийг тэдэнд зөвшөөрөв—Леменчүүд болон Зенифийн хүмүүсийн хооронд дайн болов. Ойролцоогоор МЭӨ 200–187 он.

1 Зениф би, нифайчуудын бүх хэлийг заалгасан тул, мөн Нифайн нутгийн, өөрөөр хэлбэл өөрийн эцэг өвгөдийн анхны өв нутгийн талаар мэдлэгтэй байсан учир, мөн манай их цэрэг тэдний дээр ирж мөн тэднийг устгаж болохын тулд би леменчүүдийн дунд тэдний хүчийг тагнахаар туршуулаар илгээгдсэн байсан учир—гэвч би тэдний дунд сайн нь байгааг хараад тэд устгагдахгүй байгаасай хэмээх хүсэлтэй байсан болой.

2 Тиймийн тул, бидний захирагч тэдэнтэй хэлэлцээр хийгээсэй хэмээсэн учир аглаг буйдад би ах дүүстэйгээ маргав; гэвч тэрээр догшин мөн цусанд дуртай хүн байсан учир намайг алахыг тушаав; харин их цус урсгасны дүнд би амь гарсан бөлгөө; учир нь эцэг хүн эцэг хүний эсрэг, мөн ах нь дүүгийнхээ эсрэг, аглаг буйд дахь манай их цэргийн ихэнх нь устгагдтал тулалдав; мөн амьд үлдсэн бид алагдсан тэдний эхнэрүүдэд мөн хүүхдүүдэд болсон явдлыг хэлэхээр Зарахемла нутагт эргэж ирсэн бөлгөө.

3 Гэсэн хэдий ч, би эцэг өвгөдийнхөө нутгийг өвлөх хэт их хүсэлтэй байсан учир уг нутгийг эзэмшихээр явах хүсэлтэй байсан тэдгээрийг цуглуулж, мөн уг нутагт очихоор дахин аглаг буйд дахь аянаа эхэлсэн буюу; гэвч бид өлсгөлөн мөн зовлонт зүдгүүрүүдэд цохигдсон болой; учир нь бид Их Эзэн Бурханаа санахдаа удаан байв.

4 Гэсэн хэдий ч, олон өдөр аглаг буйдад бэдэрсний эцэст бид эцэг өвгөдийн минь нутгийн ойролцоо байсан тэр, ах дүүсийнхээ алагдсан тэр газар майхнуудаа босгов.

5 Мөнхүү улиран тохиох дор би хааны санаа бодлыг мэдэж болохын тулд, мөн өөрийн хүмүүстэй очиж мөн нутгийг амгалан эзэмшиж болох эсэхийг мэдэж болохын тулд би дөрвөн хүнийхээ хамт дахин хотод орж, хаан дээр очив.

6 Мөн би хаан дээр очиж, мөн тэрээр надтай бибээр Лихай-Нифай нутгийг мөн Шилом нутгийг эзэмшиж болохоор гэрээлсэн болой.

7 Мөн түүнчлэн тэрээр өөрийн хүмүүсийг уг нутгаас гарахыг зарлиглаж, мөн би өөрийн хүмүүсийн хамт, бид үүнийг эзэмшиж болохын тулд уг нутагт очсон бөлгөө.

8 Мөн бид барилгууд барьж, мөн хотын хэрмийг, тийм ээ, бүр Лихай-Нифай хотын мөн Шилом хотын хэрмийг засаж эхлэв.

9 Мөн бид газар боловсруулав, тийм ээ, бүр бүх төрлийн үрээр, эрдэнэ шишийн, мөн буудай, арвай, мөн носын болон шамын үрээр, мөн янз бүрийн жимсний үрээр буюу; мөн бид өнөр өтгөн болж мөн уг нутагт дэгжиж эхэлсэн бөлгөө.

10 Эдүгээ үүнийг эзэмшиж болохын тулд уг нутгийг бидэнд Лемен хаан өгсөн нь миний хүмүүсийг боолчлолд оруулах түүний заль бас башир арга байжээ.

11 Тиймийн тул улиран тохиох дор, бид уг нутагт арван хоёр жил оршсоны дараа, миний хүмүүс уг нутагт хүчирхэгжиж мөн тэд тэднийг хүчээр давамгайлж мөн тэднийг боолчлолд оруулж чадахгүй болуузай хэмээн Лемен хаан эмээж эхлэв.

12 Эдүгээ тэд залхуу мөн хиймэл шүтээн шүтэгч хүмүүс байв; тиймийн тул тэд бидний гарын хөдөлмөрөөр өөрсдийгөө цатгаж болохын тулд, тийм ээ, тэд бэлчээр дэх сүргийн маань дээр өөрсдөө зооглож болохын тулд тэд биднийг боолчлолд оруулах хүсэлтэй байлаа.

13 Тиймийн тул улиран тохиох дор тэднийг миний хүмүүстэй маргаж тэмцэлдүүлэхийн тулд Лемен хаан хүмүүсээ өдөөн хатгаж эхлэв; тиймийн тул уг нутагт дайнууд мөн зөрчилдөөн гарч эхлэв.

14 Учир нь, миний засаглалын арван гурав дахь жилд, Шилом нутгийн өмнөдөд, Нифайн нутагт миний хүмүүс сүргээ усалж мөн тэжээж, мөн газраа боловсруулж байх үед олон тооны леменчүүд тэдэн дээр ирж мөн тэднийг хөнөөж, мөн тэдний сүргийг, мөн тэдний талбай дахь эрдэнэ шишийг дээрэмдэж эхэлжээ.

15 Тийм ээ, мөнхүү улиран тохиох дор тэд, гүйцэгдээгүй бүгд нь бүр Нифайн хот руу ортлоо зугтаж, мөн надаас хамгаалалтыг хүсэв.

16 Мөнхүү улиран тохиох дор би тэднийг нум, мөн сум, илд мөн сэлэм, бороохой, дүүгүүр, мөн өөрсдийн бүтээж чадах бүх л төрлийн зэвсгээр зэвсэглэн, мөн би хүмүүстэйгээ хамт леменчүүдийн эсрэг тулалдахаар давшсан билээ.

17 Тийм ээ, Их Эзэний хүчинд бид леменчүүдийн эсрэг тулалдахаар давшин явав; учир нь би болон миний хүмүүс, тэрээр биднийг дайснуудын маань гараас чөлөөлөөсэй хэмээн Их Эзэнд хүчтэйгээр гуйн залбирсан болой, учир нь бид эцэг өвгөдийнхөө чөлөөлөлтийн тухай дурсамжид сэрээгдсэн болой.

18 Мөн Бурхан бидний гуйлтыг сонсож, мөн бидний залбирлуудад хариулсан билээ; мөн бид түүний хүчинд урагш давшив; тийм ээ, бид леменчүүдийн эсрэг давшиж, мөн нэг өдөр мөн нэг шөнийн дотор бид гурван мянга дөчин гурвыг хөнөөв; бид тэднийг бүр нутгаасаа зайлуулан гаргатал хөнөөсөн бөлгөө.

19 Мөн би өөрөө, өөрийн гараар тэдний үхэгсдийг оршуулахад туслав. Мөн болгоогтун, биднийг агуу их харамсал мөн гашуудалд хүргэж, ах дүүсийн маань хоёр зуун далан ес нь алагдсан байв.

Хэвлэх