Судрууд
Мозая 1


Мозаягийн Ном

Бүлэг 1

Бенжамин хаан өөрийн хөвгүүдэд эцэг өвгөдийнх нь хэлийг мөн бошиглолыг сургав—Тэдний шашин мөн соёл иргэншил нь өөр өөр ялтаснууд дээрх цэдгүүдийн улмаас хадгалагдсан байдаг—Мозая хаанаар сонгогдож мөн цэдгүүд болон бусад зүйл хамгаалан хадгалагдахаар өгөгдөв. Ойролцоогоор МЭӨ 130–124 он.

1 Мөн эдүгээ Зарахемлагийн бүх нутагт, Бенжамин хаанд харьяалагдах бүх ард түмний дунд дахин зөрчилдөөн огт байсангүй, иймээс Бенжамин хаан өөрийн үлдсэн бүх өдрийг үргэлжийн амгаланд өнгөрөөв.

2 Мөнхүү улиран тохиох дор түүнд гурван хүү байв; мөн тэрээр тэднийг Мозая, Хилорум мөн Хиламан хэмээн нэрлэв. Мөн тэрээр тэд ойлголттой хүмүүс болж болохын тулд тэднийг эцэг өвгөдийнхөө бүх хэлэнд сургагдахаар болгов; мөн тэдний эцэг өвгөдийн амаар яригдсан, тэдэнд Их Эзэний мутраар өгөгдсөн бошиглолуудын талаар тэд мэдэж болно хэмээсний тул болой.

3 Мөн түүнчлэн тэрээр гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн цэдгүүдийн талаар тэдэнд зааж, хэлсэн нь: Хөвгүүд минь, эдгээр цэдэг мөн энэ зарлигуудыг тээсэн эдгээр ялтас байгаагүй аваас бид Бурханы нууцуудыг мэдээгүйгээс бүр одоо цагт ч гэсэн мэдэхгүйдээ зовох ёстойсон гэдгийг би та нарыг санаасай хэмээнэ.

4 Учир нь энэ ялтаснуудын тусламжгүй аваас бидний эцэг Лихай хүүхдүүддээ сургахын тулд эдгээр бүх зүйлийг цээжилж чадах нь боломжгүй байсан юм; учир нь тэрээр Египетийн хэлийг заалгасан байсан аж, тиймийн тул тэрээр энэ сийлбэрүүдийг уншиж чадаад мөн тэдгээрийг хүүхдүүддээ заажээ, тэгснээр тэд өөрсдийн хүүхдүүддээ зааж чадсан аж, мөн ингэснээр Бурханы зарлигуудыг, бүр одоо цагийг хүртэл биелүүлсээр иржээ.

5 Би та нарт хэлнэ, хөвгүүд минь, бид түүний нууцуудыг уншиж мөн ойлгож болохын тулд, мөн түүний зарлигууд үргэлж бидний нүдний өмнө байж болохын тулд Бурханы мутраар хамгаалагдаж бас хадгалагдсан эдгээр зүйл байгаагүй аваас, бүр бидний эцэг өвгөд итгэлээ алдан доройтож мөн бид өөрсдийн ах дүүс болох леменчүүдийн адил байж, эцэг өвгөдийнхөө зөв бус уламжлалын улмаас эдгээр зүйлийн талаар юу ч мэдэхгүй, эсвээс бүр заалгасан ч тэдгээрт үл итгэх болой.

6 Ай хөвгүүд минь, эдгээр үг үнэн, мөн түүнчлэн эдгээр цэдэг үнэн гэдгийг та нар санаасай хэмээнэ би. Мөн болгоогтун, түүнчлэн тэд Иерусалимыг орхисон тэр цагаас одоог хүртэлх бидний эцэг өвгөдийн цэдгүүд мөн үгсийг тээсэн Нифайн ялтаснууд, тэдгээр нь үнэн; мөн тэдгээр нь бидний нүдний өмнө байгаа учир бид тэдгээрийн гарцаагүйг мэдэж чадна.

7 Мөн эдүгээ, хөвгүүд минь, та нар тэдгээрийн ашиг тусыг хүртэж болохын тулд та нар тэдгээрийг хичээнгүйлэн судлахыг санаасай хэмээнэ би; мөн бидний эцэг өвгөдөд өгсөн Их Эзэний амлалтуудын дагуу та нар энэ нутагт дэгжиж болохын тулд, та нар Бурханы зарлигуудыг сахиасай хэмээнэ би.

8 Мөн Бенжамин хаан энэ номд бичигдээгүй илүү олон зүйлийг хөвгүүддээ заасан ажээ.

9 Мөнхүү улиран тохиох дор Бенжамин хаан хөвгүүддээ сургахаа төгсгөл болгосны дараа, тэр өтлөв, мөн тэрээр тун удахгүй бүх хорвоогийн жамаар одох ёстойгоо мэдсэн аж; тиймийн тул, тэр хаант улсыг хөвгүүдийнхээ нэгэнд шилжүүлэх нь зохистой хэмээн боджээ.

10 Тиймийн тул, тэрээр Мозаяг өөрийн өмнө авчруулав; мөн эдгээр нь түүнд хэлсэн түүний үгс бөлгөө, хэлрүүн: Хүү минь, нутаг даяарх бүх хүн, өөрөөр хэлбэл уг нутагт орших Зарахемлагийн бүх хүн, мөн Мозаягийн хүмүүс цугларсан байж болохын тулд тэдний дунд зар бичиг тараагаасай хэмээнэ би; учир нь маргааш би өөрийн энэ ард түмэнд чамайг Их Эзэн Бурханы минь бидэнд өгсөн хүмүүсийн удирдагч мөн хаан гэдгийг өөрийн амаар тунхаглах болно.

11 Мөн үүнээс гадна, тэд Их Эзэн Бурханы Иерусалим нутгаас гарган авчирсан бүх хүний дээгүүр онцлогдож болохын тулд би энэ ард түмэнд нэр өгөх болно; мөн тэд Их Эзэний зарлигуудыг сахихдаа хичээнгүй байсаар буй ард түмэн учир би үүнийг хийнэ.

12 Мөн зөрчилд байхаас бусдаар хэзээ ч арилгагдахгүй нэрийг би тэдэнд өгнө.

13 Тийм ээ, мөн үүнээс гадна би чамд хэлнэ, хэрэв Их Эзэний их тааллыг хүртсэн энэ ард түмэн зөрчилд унах аваас, мөн ёс бус болон садар самуун хүмүүс болбоос, Их Эзэн тэднийг бусдын гарт оруулна, тэгснээр тэд өөрсдийн ах дүүс шиг сул дорой болох болно; мөн тэрээр өөрийн зүйрлэшгүй мөн гайхамшигт хүчээрээ бидний эцэг өвгөдийг одоо болтол хамгаалсан шигээ тэднийг дахин хамгаалах нь үгүй.

14 Учир нь би чамд хэлнэ, хэрэв тэрээр бидний эцэг өвгөдийг хамгаалахын тулд мутраа сунгаагүй бол тэд леменчүүдийн гарт орж, мөн тэдний үзэн ядалтын хохирогч болох байсан нь гарцаагүй буйза.

15 Мөнхүү улиран тохиох дор Бенжамин хаан хүүдээ хандсан эдгээр үгээ төгсгөл болгосны дараа, тэрээр хаант улсын бүх хэргийн талаарх хариуцлагыг түүнд өгөв.

16 Мөн үүнээс гадна, тэрээр түүнчлэн гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн цэдгүүдийн талаарх хариуцлагыг; мөн түүнчлэн Нифайн ялтаснуудыг; мөн түүнчлэн, Лебений илдийг, мөн Их Эзэний мутраар бэлтгэгдсэн тэрхүү бөмбөрцгийг, өөрөөр хэлбэл тэр зүг чиг заагчийг түүнд өгөв, бидний эцэг өвгөдийг аглаг буйд дундуур удирдсан, хүн бүрийг үүнд хандуулсан анхаарал мөн хичээнгүйллийн дагуу нь удирдсан түүнийг буюу.

17 Тиймийн тул, тэд итгэлгүй үедээ дэгжсэнгүй бас аян замдаа урагшилсангүй, харин буцаж туугдсан билээ, мөн Бурханы дургүйцлийг өөрсдийнхөө дээр авчирсан юм; мөн тиймийн тул тэд өлсгөлөн мөн зовлон зүдгүүрүүдэд цохигдож, өөрсдийн үүрэгт сануулагдахаар өдөөгдсөн бөлгөө.

18 Мөн эдүгээ, улиран тохиох дор Мозая явж мөн эцгийнхээ өөрт нь зарлигласныг хийж, мөн тэд түүний эцгийн өөрсдөд нь ярих үгсийг сонсохын тулд ариун сүм өөд явахаар нэгдэн цугларч болохын тулд Зарахемла нутагт байсан бүх ард түмэнд зар тараав.