Бүлэг 14
Исаиа Мессиаг төлөөлөн ярив—Мессиа доромжлогдох нь мөн зовлонгууд нь яригдав—Тэрээр Өөрийн бодгалийг нүглийн төлөө тахил болгож мөн зөрчигчдийн төлөө өмгөөлөл хийх болно—Исаиа 53-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 148 он.
1 Тийм ээ, бүр Исаиа ийн хэлсэн бус уу: Хэн бидний мэдээнд итгэж, мөн хэнд Их Эзэний мутар илчлэгдсэн билээ?
2 Учир нь тэрээр түүний өмнө хэврэг ургамал мэт мөн хуурай газраас гарах үндэс адил ургах болно; түүнд онцгой бие бялдар мөн гоо сайхан ч үгүй байна; мөн бид түүнийг харах үед бидний сэтгэлийг татах хүсмээр сайхан нь түүнд үгүй байх болно.
3 Тэрээр хүмүүсээр ад үзэгдэж мөн эсэргүүцэгдэнэ; шаналсан нэгэн мөн гашуудлыг танин мэдсэн нэгэн байх бөлгөө; мөн бид түүнээс нүүрээ буруулах мэтээр нууна; тэрээр ад үзэгдэж, мөн бид түүнийг хүндэтгэх нь үгүй.
4 Гарцаагүй тэр бидний гашуудлыг тээж, мөн бидний шаналлыг үүрсэн; гэсэн хэдий ч бид түүнийг нэрвэгдсэн, Бурханаар цохигдсон, мөн зовоогдсон хэмээн бодсон.
5 Гэвч тэрээр бидний зөрчлүүдийн төлөө шархадсан, тэрээр бидний алдсуудын төлөө зодуулан хөх няц болсон; бидний амар амгалангийн төлөөс түүний дээр байсан; мөн түүний ташуурын ормоор бид эдгэрсэн буюу.
6 Бид бүгд, хонь адил төөрч одсон; бид нэг бүрчлэн өөрийн замыг хөөж одсон; мөн Их Эзэн бид бүгдийн алдсуудыг түүний дээр үүрүүлсэн.
7 Тэрээр хавчигдсан, мөн тэрээр тамлагдсан, гэвч тэрээр ам нээсэн нь үгүй; нядалгааны газар луу хурга авчрагдах мэт тэрээр авчрагдан, мөн ноос хяргагчийн өмнө хонь хэлгүй байдаг мэт тэрбээр амаа үл нээсэн болой.
8 Тэрээр шоронгоос мөн шүүлтээс авагдсан буюу; мөн хэн түүний үе удмыг тунхаглах билээ? Учир нь тэрээр амьдын ертөнцөөс хөнөөгдөн алагдсан байв; тэрээр миний хүмүүсийн зөрчлүүдийн төлөө зовсон бөлгөө.
9 Мөн тэрээр өөрийн булшийг ёс бусыг үйлдэгчидтэй нэг дор байлгав, мөн үхэлдээ баянтай нэг дор байв; тэрбээр хилэнц үйлдээгүй хэдий ч, мөн түүний аманд худал хуурмаг байгаагүй хэдий ч буюу.
10 Гэвч түүнийг хөх няц болгох нь Их Эзэний таалалд нийцсэн юм; тэрээр түүнийг гашуудалд умбуулсан; та түүний бодгалийг нүглийн төлөө тахил болгон өргөхөд тэрээр үр удмаа харах болно, тэрээр өөрийн өдрүүдийг уртасгаж, мөн Их Эзэний таалал түүний мутарт дэгжих болно.
11 Тэрээр бодгалийнхаа тарчлалыг харах болно, мөн сэтгэл хангалуун байх болно; миний зөв шударга үйлчлэгч мэдлэгээрээ олныг зөвтгөх болно; учир нь тэрээр тэдний алдсуудыг үүрэх болно.
12 Тиймийн тул би түүнд агуу дайчдын хамт хувийг оногдуулж, мөн тэрээр хүчтэнүүдтэй хамт олзыг хуваалцана; учир нь тэр өөрийн бодгалийг үхэлд юүлсэн билээ; мөн тэрбээр зөрчигчидтэй хамт тоологдсон; мөн тэрээр олны нүглийг үүрч, мөн зөрчигчдөд өмгөөлөл үйлдсэн бөлгөө.