Бүлэг 20
Лемен үндэстний хэдэн охиныг Ноагийн пристүүд хулгайлав—Леменчүүд Лимхай болон түүний хүмүүстэй дайтав—Леменчүүдийн дайчид ухран туугдаж мөн тайвшруулагдав. Ойролцоогоор МЭӨ 145–123 он.
1 Эдүгээ Шэмлонд леменчүүдийн охид хамтдаа дуулж, бүжиглэж, мөн цэнгэцгээхээр цуглардаг нэгэн газар байлаа.
2 Мөнхүү улиран тохиох дор нэгэн өдөр тэднээс цөөн хэд нь дуулж, бүжиглэхээр цугларцгаасан бөлгөө.
3 Мөн эдүгээ Ноа хааны пристүүд Нифай хотод эргэж очихоос ичсэн учир, тийм ээ, мөн түүнчлэн хүмүүс тэднийг алах болов уу хэмээн айсан учир, тиймийн тул тэд эхнэр, хүүхдүүддээ буцаж зүрхэлсэнгүй.
4 Мөн аглаг буйдад үлдсэн учир, мөн леменчүүдийн охидыг олсны учир, тэд нуугдаж хэвтэн мөн тэднийг ажиглав;
5 Мөн цөөн хэд нь бүжиглэхээр цугларсан үед, тэд нуугдсан газруудаасаа гарч ирээд мөн тэднийг барьж, мөн тэднийг аглаг буйд тийш авч одов; тийм ээ, леменчүүдийн охидоос хорин дөрвийг нь тэд аглаг буйд тийш авч одсон буюу.
6 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд охид нь алга болсныг олж мэдээд, тэд Лимхайн хүмүүст уурлав, учир нь Лимхайн хүмүүсийг авсан гэж тэд боджээ.
7 Тиймийн тул тэд их цэргээ илгээв; тийм ээ, бүр хаан өөрөө хүмүүсийнхээ өмнө явав; мөн тэд Лимхайн хүмүүсийг устгахаар Нифайн нутаг өөд одов.
8 Мөн эдүгээ Лимхай тэднийг цамхгаас олж хараад, бүр дайны бүрэн бэлтгэлтэй байгааг тэр олж мэдэв; тиймийн тул тэр хүмүүсээ цуглуулж, мөн тэднийг талбайд мөн ойд нуугдан хүлээв.
9 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийг өгсөж ирэх үед Лимхайн хүмүүс хүлээж байсан газраасаа гарч тэдний зүг дайран, мөн тэднийг алж эхлэв.
10 Мөнхүү улиран тохиох дор тулалдаан үлэмж ширүүн болов, учир нь тэд идшээ харамласан арслангууд адил тулалдсан бөлгөө.
11 Мөнхүү улиран тохиох дор Лимхайн хүмүүс леменчүүдийг өмнөө туун ухрааж эхлэв; гэсэн хэдий ч тэд леменчүүдийн хагаст нь хүрэхгүй цөөн байв. Гэвч тэд амьдралынхаа төлөө мөн эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө тулалдсан ажээ; тиймийн тул тэд улайрч мөн луунууд адил тулалдсан болой.
12 Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүдийн хааныг үхэгсдийн дунд олов; гэвч тэр үхээгүй, шархдаж мөн газар орхигдсон байв, түүний хүмүүс тийм хурдан зугтсан байсан ажгуу.
13 Мөн тэд түүнийг барьж мөн шархыг нь боогоод, мөн Лимхайн өмнө түүнийг авчирч, мөн хэлэв: Болгоогтун, леменчүүдийн хаан энэ байна; тэрээр шарх олсон тул үхэгсдийн дунд унасан байв, мөн тэд түүнийг орхин оджээ; мөн болгоогтун, бид түүнийг таны өмнө авчирлаа; мөн эдүгээ түүнийг хөнөөцгөөе хэмээв.
14 Гэвч Лимхай тэдэнд: Та нар түүнийг хөнөөхгүй, харин би түүнтэй уулзаж болохын тулд түүнийг нааш авчрагтун хэмээв. Мөн тэд түүнийг авчрав. Мөн Лимхай түүнд хэлэв: Миний хүмүүсийн эсрэг дайтахаар ирэх ямар шалтгаан танд байсан билээ? Болгоогтун, миний хүмүүс танд өгсөн тангаргийг минь зөрчөөгүй билээ; тиймийн тул, та нар яагаад миний хүмүүст өгсөн тангаргаа зөрчив?
15 Мөн эдүгээ хаан хэлэв: Танай хүмүүс миний хүмүүсийн охидыг барьж одсон учир би тангаргаа зөрчсөн буюу; тиймийн тул, би уурандаа өөрийн хүмүүсийг танай хүмүүсийн эсрэг дайтахаар ирэх болгосон билээ.
16 Мөн эдүгээ Лимхай энэ явдлын талаар юу ч сонсоогүй байв; тиймийн тул тэр хэлэв: Би өөрийн хүмүүсийн дунд эрье, мөн ийм зүйлийг үйлдсэн хэн боловч мөхөх болно. Тиймийн тул тэрээр хүмүүсийнхээ дунд нэгжлэг хийх болгов.
17 Эдүгээ Гидеон эдгээр зүйлийг сонсоод, тэрээр хааны ахмад байсан тул тэрээр урагшлан мөн хаанд хэлэв: Би танаас хүлцэхийг гуйя, мөн энэ хүмүүсийг нэгжихгүй байгаач мөн энэ зүйлийг тэдэн дээр бүү тохоогооч.
18 Учир нь та энэ хүмүүсийн устгахаар эрэлхийлж байсан эцгийнхээ пристүүдийг санахгүй байна гэж үү? Мөн тэд аглаг буйдад байгаа бус уу? Мөн леменчүүдийн охидыг хулгайлсан нь тэд бус уу?
19 Мөн эдүгээ, болгоогтун, мөн эдгээр зүйлийн талаар хаанд хэлэгтүн, түүний хүмүүс бидний тухайд тайвшруулагдаж болохын тулд, тэрээр өөрийн хүмүүст хэлж болохын тулд буюу; учир нь болгоогтун тэд аль хэдийн бидний эсрэг ирэхээр бэлтгэж байна; мөн болгоогтун түүнчлэн бид цөөхүүлээ билээ.
20 Мөн болгоогтун, тэд олон тооны дайчидтайгаа ирэх болно; мөн хаан тэднийг бидний тухайд тайвшруулахаас бусдаар бол бид мөхөх ёстой боллоо.
21 Учир нь бидний эсрэг бошиглосон Абинадайн тэрхүү үгс биелэгдсэн биш гэж үү—мөн энэ бүгд бид Их Эзэний үгсийг анхааран сонсохгүй мөн алдсуудаасаа салахгүй байсны учраас бус уу?
22 Мөн эдүгээ хааныг тайвшруулцгаая, мөн бид түүнд өгсөн тангаргаа биелүүлье; учир нь бид амиа алдсанаас боолчлолд байх нь илүү дээр бөлгөө; тиймийн тул, ийм их цус урсгахаа зогсооцгооё.
23 Мөн эдүгээ Лимхай эцгийнхээ мөн аглаг буйдад зугтсан пристүүдийн талаар бүх зүйлийг хаанд хэлж, мөн охидыг нь авч одсон хэмээн тэднийг буруутгав.
24 Мөнхүү улиран тохиох дор хаан түүний хүмүүсийн тухайд тайвшрав; мөн тэрээр тэдэнд: Бүгдээрээ зэвсэггүйгээр миний хүмүүстэй уулзахаар явцгаая; мөн би та нарт миний хүмүүс танай хүмүүсийг алахгүй хэмээн ам өгч тангараглая гэв.
25 Мөнхүү улиран тохиох дор тэд хааныг дагаж, мөн леменчүүдтэй уулзахаар зэвсэггүйгээр явлаа. Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүдтэй уулзав; мөн леменчүүдийн хаан тэдний өмнө өөрөө бөхийж, мөн Лимхайн хүмүүсийн өмнөөс гуйсан болой.
26 Мөн леменчүүд Лимхайн хүмүүсийг зэвсэггүй байгааг хараад тэднийг өрөвдөж мөн тэдний тухайд тайвшрав, мөн хаантайгаа хамт нутгийнхаа зүг амар амгалан буцацгаав.