Бүлэг 26
Сүмийн олон гишүүн үл итгэгчдээр нүгэлд удирдагдав—Алмад мөнх амьдрал амлагдав—Наманчилж мөн баптисм хүртсэн тэд уучлалыг авах болно—Алмад мөн Бурханд нүглээ тоочиж мөн наманчилсан, Сүмийн нүгэлтэй гишүүд өршөөгдөх болно; эс бөгөөс тэд Сүмийн хүмүүсийн дунд тоологдох нь үгүй. Ойролцоогоор МЭӨ 120–100 он.
1 Эдүгээ улиран тохиох дор өсвөр үеийнхний олон нь Бенжамин хааны үгсийг ойлгож чадаагүй байв, учир нь түүнийг өөрийн хүмүүст ярьж байх тэр цагт тэд бяцхан хүүхдүүд байжээ; мөн тэд эцэг өвгөдийнхөө уламжлалд итгэсэн нь үгүй.
2 Тэд нас барагсдын амилуулалтын талаар яригдсан зүйлд итгэсэнгүй, бас тэд Христийн ирэлтийн талаар ч итгэсэн нь үгүй.
3 Мөн эдүгээ итгэлгүйнхээ учир тэд Бурханы үгийг ойлгож чадсангүй; мөн тэдний зүрх сэтгэл хатуурсан байв.
4 Мөн тэд баптисм хүртсэнгүй; бас сүмд нэгдсэн нь ч үгүй. Мөн тэд сүсэг бишрэлийнхээ хувьд тусгаар хүмүүс байж, мөн бүр өөрсдийн таашаалыг эрхэмлэдэг мөн нүгэлт байдалдаа тэр чигээр үлдэв; учир нь тэд Их Эзэн Бурханаа дуудахыг хүссэнгүй.
5 Мөн эдүгээ Мозаягийн засаглалын үед тэд Бурханы хүмүүсийн тооны хагаст нь ч хүрэхгүй байв; гэвч гишүүдийн дундах зөрчилдөөний улмаас тэд илүү олон тоотой болов.
6 Учир нь, улиран тохиох дор тэд бялдууч үгсээрээ сүмд байгсдаас олныг мэхэлж, мөн тэднийг олон нүгэл үйлдэхэд хүргэсэн аж; тиймийн тул сүмд байж нүгэл үйлдсэн тэд сүмээр зэмлэгдэх ёстой нь зайлшгүй болов.
7 Мөнхүү улиран тохиох дор тэд пристүүдийн өмнө авчрагдаж, мөн багш нараар пристүүдэд хүргэгдсэн байв; мөн пристүүд тэднийг дээд прист асан Алмагийн өмнө авчирсан бөлгөө.
8 Эдүгээ Мозая хаан сүмийн дээрх эрх мэдлийг Алмад өгсөн байв.
9 Мөнхүү улиран тохиох дор Алма тэдний талаар мэдээгүй байв; гэвч тэдний эсрэг олон гэрч байжээ; тийм ээ, хүмүүс босож мөн тэдний алдсын талаар ихийг гэрчилж байв.
10 Эдүгээ сүмд урьд нь ийм зүйл нэгээхэн ч тохиолдож байсангүй; тиймийн тул Алма сэтгэлдээ шаналж, мөн тэр тэднийг хааны өмнө аваачигдахаар болгов.
11 Мөн тэрээр хаанд хэлэв: Болгоогтун, ах дүүсээрээ буруутгагдсан тэд, таны өмнө бидний авчирсан олон нь энд байна; тийм ээ, мөн тэд төрөл төрлийн алдсуудыг хийсэн нь баригдсан бөлгөө. Мөн тэд алдсуудаа үл наманчилна; тиймийн тул гэмт хэргүүдийнх нь дагуу та тэднийг шүүж болохын тулд, бид тэднийг таны өмнө авчирсан билээ.
12 Гэвч Мозая хаан Алмад хэлэв: Болгоогтун, би тэднийг үл шүүнэ; тиймийн тул би тэднийг шүүлгэхээр таны гарт шилжүүлье.
13 Мөн эдүгээ Алмагийн сэтгэл дахин шаналав; мөн тэрээр явж мөн энэ хэргийн талаар юу хийх ёстойгоо Их Эзэнээс лавлав, учир нь Бурханы мэлмийд бурууг хийх вий хэмээн тэр айсан ажээ.
14 Мөнхүү улиран тохиох дор тэр бүхий л зүрх сэтгэлээ Бурханд юүлсний дараа, Их Эзэний дуу хоолой түүнд ирж, хэлрүүн:
15 Адислагдсан болой Алма чи, мөн Мормоны Усанд баптисм хүртсэн тэд адислагдсан болой. Миний үйлчлэгч Абинадайн үгсэд итгэсэн үлэмж итгэлийнхээ учир адислагдсан болой, чи.
16 Мөн, чиний тэдэнд ярьсан зөвхөн тэр үгсэд итгэх үлэмж итгэлийнхээ учир адислагдсан болой, тэд.
17 Мөн энэ хүмүүсийн дунд сүм байгуулсныхаа учир адислагдсан болой чи; мөн тэд оршин тогтнох болно, мөн тэд миний хүмүүс байх болно.
18 Тийм ээ, миний нэрийг авахад бэлэн энэ хүмүүс адислагдсан болой; учир нь миний нэрээр тэд нэрлэгдэх болно; мөн тэд минийх болой.
19 Мөн чи зөрчигчийн талаар надаас лавласан учир адислагдсан болой, чи.
20 Чи бол миний үйлчлэгч; мөн чамд мөнх амьдрал байх болно хэмээн би чамтай гэрээ хийе; мөн чи надад үйлчилж мөн миний нэрээр явах болно, мөн миний хоньдыг нэгтгэн цуглуулах болно.
21 Мөн миний дуу хоолойг сонсох тэр нь миний хонь байх болно; мөн түүнийг та нар сүмд хүлээн авна, мөн түүнийг би түүнчлэн хүлээн авах болно.
22 Учир нь болгоогтун, энэ бол миний сүм; баптисм хүртсэн хэн боловч наманчлалын төлөө баптисм хүртэх болно. Мөн та нарын хүлээж авах хэн боловч миний нэрэнд итгэх болно; мөн түүнийг би чөлөөтэйгээр өршөөх болно.
23 Учир нь дэлхийнхний нүглийг өөр дээрээ авагч нь би билээ; учир нь тэднийг бүтээсэн нь би билээ; мөн төгсгөл хүртэл итгэх түүнд баруун гар талдаа байрлахыг соёрхох нь би билээ.
24 Учир нь болгоогтун, миний нэрээр тэд нэрлэгдэнэ; мөн хэрэв тэд намайг мэдэх аваас тэд гарч ирэх болно, мөн миний баруун гар талд мөнхөд эзлэх байртай байх болно.
25 Мөнхүү улиран тохиох дор хоёр дахь бүрээ дуугарахад, тэгэхэд намайг огт мэддэггүй байсан тэд гарч ирэн мөн миний өмнө зогсох болно.
26 Мөн тэгээд намайг Их Эзэн тэдний Бурхан гэдгийг, намайг тэдний Гэтэлгэгч гэдгийг тэд мэдэх болно; гэвч тэд гэтэлгэгдэхээс татгалзсан болой.
27 Мөн тэгэхэд би тэднийг огт мэддэггүй байсан хэмээн тунхаглан зарлах болно; мөн тэд одон, чөтгөр болон түүний элч нарт бэлтгэгдсэн үүрдийн галд орох болно.
28 Тиймийн тул би та нарт хэлнэ, миний дуу хоолойг сонсохгүй түүнийг, мөнхүү түүнийг та нар миний сүмд хүлээн авахгүй байх болно, учир нь би түүнийг эцсийн өдөр хүлээн авахгүй.
29 Тиймийн тул би чамд хэлнэ, Явагтун; мөн миний эсрэг зөрчил үйлдэх хэнийг боловч, үйлдсэн тэр нүглүүдийнх нь дагуу чи түүнийг шүүх болно; мөн хэрэв тэр чиний мөн миний өмнө нүглүүдээ тоочиж, мөн чин зүрхнийхээ угаас наманчлах аваас, түүнийг чи уучлах болно, мөн түүнчлэн би түүнийг өршөөх болно.
30 Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэдний миний эсрэг үйлдсэн алдаануудыг нь өршөөх болно.
31 Мөн та нар түүнчлэн нэг нэгнийхээ алдаануудыг уучлах ёстой; учир нь үнэнээр би та нарт хэлнэ, наманчилж буйгаа хэлсээр байтал нь хөршийнхөө алдааг эс уучлах тэр, мөнхүү тэр нь өөр дээрээ буруутгалыг авчирдаг бөлгөө.
32 Эдүгээ би чамд хэлнэ, Явагтун; мөн нүглүүдээ эс наманчлах хэн боловч тэр нь миний хүмүүсийн дунд тоологдох ёсгүй; мөн энэ цагаас хойшид энэ нь мөрдөгдөх ёстой.
33 Мөнхүү улиран тохиох дор Алма эдгээр үгийг сонсоод тэдгээрийг өөртөө байлгаж болохын тулд, мөн сүмийн хүмүүсийг Бурханы зарлигуудын дагуу шүүж болохын тулд бичиж авсан бөлгөө.
34 Мөнхүү улиран тохиох дор Алма явж мөн алдас үйлдсэн нь баригдсан тэднийг Их Эзэний үгийн дагуу шүүв.
35 Мөн нүглүүдээ наманчилсан мөн тэдгээрийг тоочсон хэнийг боловч, тэрээр тэднийг сүмийн хүмүүсийн дунд тоолсон ажгуу;
36 Мөн нүглүүдээ тоочоогүй мөн алдсуудаа наманчлаагүй тэд, мөнхүү тэд нь сүмийн хүмүүсийн дунд тоологдохгүй болж, мөн тэдний нэрс хасагдав.
37 Мөнхүү улиран тохиох дор Алма сүмийн бүх ажил хэргийг зохицуулав; мөн тэд дахин амар амгалан байж мөн Бурханы өмнө хянамгайгаар алхаж, олныг хүлээн авч, мөн олонд баптисм хүртээн, сүмийн ажил хэргүүдэд үлэмж дэгжиж эхлэв.
38 Мөн эдүгээ сүмийг удирдаж асан тэд болох Алма мөн түүний хамтран хөдөлмөрлөгчид байдгаараа хичээнгүйлэн алхаж, бүх зүйлд Бурханы үгсийг зааж, төрөл бүрийн зүдгүүрийг амсан, Бурханы сүмд хамаарагдаагүй тэд бүгдээр хавчигдан байж эдгээр бүх зүйлийг хийсэн болой.
39 Мөн тэд ах дүүсээ зэмлэв; мөн тэдгээр нь түүнчлэн Бурханы үгээр, хүн бүр нүглүүдийнхээ дагуу, өөрөөр хэлбэл үйлдсэн тэр нүглүүддээ зэмлэгдэж байв, мөн тэд тасралтгүй залбирч, мөн бүх зүйлд талархал илэрхийлж байхыг Бурханаар зарлиг болгуулсан болой.