Судрууд
Мозая 6


Бүлэг 6

Бенжамин хаан ард түмний нэрийг цэдэглэж мөн тэдэнд сургах пристүүдийг томилов—Мозая зөв шударга хааны ёсоор засаглав. Ойролцоогоор МЭӨ 124–121 он.

1 Мөн эдүгээ, Бенжамин хаан ард түмэнд ярьж дууссаныхаа дараа, зарлигуудыг нь дагахаар Бурхантай гэрээнд орсон тэд бүгдийн нэрсийг тэрээр бичиж авбал зохино хэмээн бодов.

2 Мөнхүү улиран тохиох дор бяцхан хүүхдүүдээс бусдаар, гэрээнд орж мөн Христийн нэрийг өөрсдийн дээр аваагүй нэгээхэн ч бодгаль байсангүй.

3 Мөн түүнчлэн, улиран тохиох дор Бенжамин хаан эдгээр бүх зүйлийг хийж дуусгаад, мөн хүү Мозаягаа өөрийн ард түмний дээр захирагч бөгөөд хаан байхаар томилон адисалж, мөн түүнд хаант улсын талаарх бүх хариуцлагыг өгөн, мөн түүнчлэн тэд Бурханы зарлигуудыг сонсож бас мэдэж болохын тулд мөн тэднийг өөрсдийнх нь өргөсөн тангаргийг санахад өдөөн хатгахын тулд хүмүүст сургах пристүүдийг томилоод, тэрээр цугласан олныг тарааж мөн тэд, хүн бүр, өөр өөрийн гэр бүлд, гэртээ буцацгаав.

4 Мөн Мозая эцгийнхээ оронд засаглаж эхлэв. Мөн тэрээр гучин насандаа засаглаж эхэлсэн болой, энэ нь бүхэлдээ Лихай Иерусалимыг орхисон цагаас дөрвөн зуун далан зургаа орчим жил болов.

5 Мөн Бенжамин хаан гурван жил амьдраад мөн тэрээр нас барав.

6 Мөнхүү улиран тохиох дор Мозая хаан Их Эзэний замуудаар алхаж, мөн түүний шүүлтүүдийг мөн түүний тогтоолуудыг мөрдөн, мөн түүний зарлигуудыг, түүний өөрт нь зарлигласан юунд ч болов, бүх зүйлд дагав.

7 Мөн Мозая хаан өөрийн хүмүүсийг газар боловсруулахаар болгов. Мөн тэрээр өөрийн ард түмэнд ачаа болохгүйн тулд, тэрээр бүх зүйлд эцгийнхээ хийж байсны дагуу хийж болохын тулд, түүнчлэн тэрээр өөрөө газар боловсруулав. Мөн гурван жилийн турш түүний бүх ард түмний дунд зөрчилдөөн байсангүй.