“5-р сарын 15–21. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12: ‘Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 15–21. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
5-р сарын 15–21
Матай 21; Марк 11; Лук 19; Иохан 12
“Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй”
Энэхүү тоймд өгсөн санааг уншихаасаа өмнө Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12-ыг унш. Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл Сүмийн ангидаа хуваалцаж болох сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Аврагч Бетанаас Иерусалим руу аялсныхаа дараа өлссөн байсан бөгөөд зайдуухан байсан инжрийн мод жимстэй мэт харагджээ. Гэвч Есүс ойртон очоод, ямар ч жимсгүй болохыг олж харав (Maтай 21:17–20; Maрк 11:12–14, 20-ийг үзнэ үү). Нэг талаараа, инжрийн мод нь Иерусалим дахь хоёр нүүртэн шашны удирдагчидтай адил мэт байв. Тэдний заадаг хоосон сургаал, гаднаа ариун мэт харагдах байдал ямар ч сүнслэг тэжээл өгдөггүй байсан. Фарисайчууд болон хуулийн багш нар олон зарлиг тушаалыг дагаж байгаа мэт харагдсан ч хамгийн агуу хоёр тушаал болох Бурханаа болон хөршөө өөрийн адил хайрлахыг орхигдуулсан байв (Maтай 22:34–40; 23:23-ыг үзнэ үү).
Үүнтэй харьцуулахад, олон хүн Есүсийн сургаалын сайн үр жимсийг анзаарч эхэлсэн байдаг. Түүнийг Иерусалимд ирэхэд тэд модноос мөчир огтлон замыг нь засаж, “Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй” (Зехариа 9:9) хэмээх эртний бошиглол эцэст нь биелж байгаад баясан угтаж авав. Энэ долоо хоногт уншихдаа та өөрийн амьдрал дахь Аврагчийн сургаал, цагаатгагч золиосын үр жимсийг болон хэрхэн “олон үр жимс бий болгож” (Иохан 12:24) болох талаараа бодоорой.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Их Эзэн гаднах байдлаар нь шүүдэггүй, харин зүрх сэтгэлийн хүслээр нь шүүдэг.
Есүсийн амьдарч байсан цаг үед олон хүн татвар хураагчдыг шударга бус, хүмүүсээс хулгайлдаг гэж боддог байв. Закхай татвар хураагчдын ахлагч, баян хүн байсан тул илүү их сэрдэгддэг байж. Харин Есүс Закхайн зүрх сэтгэлийг харсан. Лук 19:1–10 нь Закхайн зүрх сэтгэлийн талаар юуг илчилдэг вэ? Та эдгээр шүлэгт Закхай Аврагчид үнэнч гэдгээ харуулахын тулд юу хийсэн болохыг дүрсэлсэн үгсийг тэмдэглэж болно. Таны зүрх сэтгэлийн хүсэл юу вэ? Та Закхайн адил Аврагчийг эрэлхийлэхийн тулд юу хийж байна вэ?
Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү.
Есүс хоёр нүүртнүүдийг буруутгав.
Хуулийн багш нар, фарисайчуудтай Аврагчийн харилцсан байдлыг Закхайтай харилцсан байдалтай харьцуулахад сонирхолтой ялгааг олж харах болно. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийн тайлбарласан. “Харин бусдын нүдэнд зөв шударга мэт харагдсанаар дэлхийн магтаал, нөлөө болон эд баялгийг авч, адислагдах ёстой байсан ард иргэдийг дарангуйлж буй бичээчид, фарисайчууд, садукайчууд шиг хоёр нүүртнүүдийг [Есүс] зөвт эсэргүүцлээр эсэргүүцэн боссон билээ” (“Чин үнэнч байх нь,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66).
Матай 23-т Аврагч хэд хэдэн зүйрлэл ашиглан хоёр нүүртнийг дүрсэлжээ. Эдгээр зүйрлэлийг тэмдэглэж эсвэл жагсаан бичээд, хоёр нүүртний талаар юу зааж байгааг тэмдэглэж болно. Хоёр нүүр гаргах болон сайн мэдээний дагуу амьдрах гэж хичээх хүмүүний сул талуудын хооронд ямар ялгаа байдаг вэ? Та Аврагчийн сургаал дээр тулгуурлан юуг өөрчлөхөд сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Bible Dictionary дахь “Hypocrite”-ийг үзнэ үү.
Матай 21:1–11; Марк 11:1–11; Лук 19:29–44; Иохан 12:1–8, 12–16
Есүс Христ бол миний Хаан.
Есүсийг Цагаатгалаа гүйцэлдүүлэхээс хэдхэн хоногийн өмнө Иерусалимд ирэхэд, Түүнийг Хаанаа хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүс Иерусалим явах замд нь тосолж, хувцаслаж, далдуу модны мөчир дэвсэж, магтаал өргөж, сүсэг бишрэлээ харуулжээ. Дараах эх сурвалжууд Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногт болсон эдгээр үйл явдлын талаарх таны ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлж болох талаар бод.
-
Хааныг тосолж буй эртний жишээ: 2 Хаад 9:6, 13
-
Сүр жавхлантай орох тухай эртний бошиглол: Зехариа 9:9
-
Хосанна гэдэг үгийн утга: Судруудын удирдамж дахь “Хосанна” (scriptures.ChurchofJesusChrist.org)
-
Аврагч хэрхэн дахин ирэх талаарх бошиглолууд: Илчлэл 7:9–12
Та Аврагчийг өөрийн Их Эзэн, Хааны хувиар хэрхэн хүндлэн дээдэлж, хүлээн авч болох вэ?
Мөн ахлагч Гэррит В.Гонгийн “Хосанна, Халлелуяа—Амьд Есүс Христ: Сэргээлт, Христийн амилсны баярын утга учир” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 63–67-оос үзнэ үү.
Хамгийн агуу хоёр тушаал бол Бурханыг болон бусдыг өөрийн адил хайрлах явдал юм.
Есүс Христийг дагахаар хичээх үедээ шантарвал Матай 22-т гардаг хуульчдад хэлсэн Аврагчийн үгс танд шавь байх замыг тань хялбарчилж, үүн дээр төвлөрөхөд тусална. Үүнийг дараах нэг арга замаар гүйцэтгэж болно. Их Эзэний хэд хэдэн зарлиг тушаалыг жагсаан бич. Жагсааж бичсэн зүйлс тань хоёр агуу тушаалтай хэрхэн холбогдож байна вэ? Хоёр агуу тушаал дээр анхаарлаа төвлөрүүлэх нь бусад тушаалыг сахихад танд хэрхэн туслах вэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Матай 21:12–14.Матай 21:12–14 дээрх Есүсийн үг, үйлдэл ариун сүмийн талаарх Түүний бодлыг хэрхэн харуулж байна вэ? Бид Ариун Сүмийн талаарх бодлоо хэрхэн харуулж болох вэ? Бид гэр орноо ариун сүм шиг болгохын тулд амьдралаасаа юуг “хөөн гаргаж” (12-р шүлэг) болох вэ? Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) зэрэг ариун сүмийн тухай дуу дуул.
-
Матай 21:28–32.Хоёр хүүтэй хүний тухай сургаалт зүйрлэлийн ямар сургамж танай гэр бүлд тус болох вэ? Жишээлбэл, чин сэтгэлээсээ дуулгавартай байх, наманчлахын ач холбогдлын талаар ярихдаа уг түүхийг ашиглаж болно. Гэр бүлээрээ сургаалт зүйрлэлийг жүжиг болгон бичээд, өөр өөр дүрд ээлжлэн тоглож болох юм.
-
Матай 22:15–22; Лук 20:21–26.Хүүхдүүдэд Есүсийн “дүрс, бичээстэй” зооснуудыг дуурайлган хийх нь таалагдаж болох юм. Тэд бидний Бурханд өгч болох “Бурханы юмыг” (Матай 22:21) зоосныхоо ар талд бичиж болно. Та нар бас Аврагчийн “дүрс, бичээсийг” өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болохыг ярилцаж болно (Матай 22:20; мөн Мозая 5:8; Алма 5:14-ийг үзнэ үү).
-
Иохан 12:1–8.Мариа Аврагчийг гэх хайраа хэрхэн харуулсан бэ? Бид Түүнийг гэх хайраа хэрхэн харуулж болох вэ?
-
Иохан 12:42–43.Нийгмийн ямар ямар үр дагавар заримдаа Христэд итгэх итгэлээ илэрхийлэх, хамгаалах эр зоригийг маань мохоодог вэ? Нийгмийн дарамт шахалтад бууж өгөөгүй хүмүүсийн жишээг Даниел 1:3–20; 3; 6; Иохан 7:45–53; 9:1–38; Moзая 17:1–4-өөс үзнэ үү. Бусдыг шашны үзэл бодлоо илэрхийлж, хамгаалж байгаа үед бид хэрхэн тэдэнд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “ Хаан Тань Их Эзэн тул баясан бишрэхтүн!,” Дуулал, д. 30.