Шинэ Гэрээ 2023
5-р сарын 15–21. Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12: “Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй”


“5-р сарын 15–21. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12: ‘Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“5-р сарын 15–21. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Зураг
Есүсийг дөхөж ирэх үед мод руу авирсан эр

Инжир модон дээрх Закхай, Жэймс Тиссот

5-р сарын 15–21

Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12

“Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу айсуй”

Та Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20-ийг болон Иохан 12-ыг уншиж байхдаа Ариун Сүнсээс хүлээн авах өдөөлтөд анхаарлаа хандуул. Эдгээр зарчмыг заахдаа анхаарах хэрэгтэй зүйлийг энэ эх сурвалжийн эхэнд байх “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээг хангах” хэсгээс харна уу.

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос зураг үзүүлээд, зураг дээрх үйл явдлын талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Лук 19:1–10

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг нэрээр минь мэддэг.

Та Аврагч, Закхай хоёрын тухай уншиж байхдаа хүүхдүүдийг тань адисалж болох ямар захиасыг олж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Инжир модон дээрх Закхай (энэ тойм дээрх эсвэл ChurchofJesusChrist.org) зургийг үзүүл. Хүүхдүүдэд Закхайг олж, нэрийг нь хэлэхэд тусал. Закхай, Есүс хоёрын түүхийг ярих үедээ хүүхдүүдээр хийлгэх хөдөлгөөн зохио. Жишээлбэл, цугласан олныг харахын тулд өлмий дээрээ зогсох эсвэл мод руу авирч байгаа дүр үзүүлэх. Аврагч Закхайг хараад, нэрээр нь дуудсан гэдгийг тайлбарла. Аврагч үүний адил хүүхэд бүрийг мөн тэдний нэрийг мэддэг гэдгийг гэрчил.

  • Ангид хоосон зургийн жааз авчир эсвэл цаасаар хий. Ангийнхан “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр [хүүхдийн нэр]-ыг мэддэг гэж хэлж байхад хүүхэд бүрийг ээлжлэн зургийн жаазыг нүүрэн дээрээ барихад урь.

  • Хүүхдүүдтэй хамт “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2) гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай дуу дуул. Тэнгэрлэг Эцэг өөрсдөд нь хайртай гэдгийг мэдэхэд тэдэнд тусалдаг зүйлсийг сонсоход хүүхдүүдийг урь.

Матай 21:12–14

Ариун сүм бол ариун нандин газар мөн.

Эдгээр шүлэгт тодорхойлогдсон Есүсийн ариун сүмийг гэх хүндлэл бишрэл нь ариун сүм бол ариун нандин газар гэдгийг ойлгоход таны заадаг хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүс ариун сүмийг цэвэрлэсэн нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 51) зургийг үзүүлээд, Maтай 21:12–14-т цэдэглэсэн түүхийг ярьж өг. Хүүхдүүдэд уг зургаас мөнгө, амьтдыг олоход тусал. Дараа нь Аврагч яагаад мөнгө хүүлэгчид болон амьтан зарж байсан хүмүүсийг ариун сүмээс гарч явахыг хүссэн тухай ярилц.

  • Ариун сүмүүдийн зургийг үзүүлээд (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 117–119-ийг үзнэ үү), хүүхдүүдээс ариун сүмийг харахад тэдэнд ямар санагддагийг хуваалцахыг хүс. Та ариун сүм бол бид Бурханд амлалт өгч, өөрсдийн залбиралд хариулт эрэлхийлж, Бурхантай ойрхон гэдгээ мэдэрдэг газар гэдгийг тайлбарлаж болох юм. Ариун сүм бол онцгой газар гэж хэлж байгаа Ариун Сүнсээс ирэх мэдрэмжийг таньж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдээс ариун сүм дотор байгаа мэт биеэ авч явахыг хүс. Жишээлбэл, тэд шивнэж ярин, бишрэл хүндэтгэлтэй сууж болно.

  • Хамтдаа “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) дууг дуулж, хүүхдүүдийг хэзээ нэг өдөр ариун сүмд орох зорилго тавихад урь.

Зураг
Колорадогийн Форт Коллинс ариун сүм

Ариун сүм бол Их Эзэний өргөө мөн.

Матай 21:28–32

Би дуулгавартай байж чадна.

Тэнгэрлэг Эцэг биднийг дуулгавартай байгаасай хэмээн хүсдэг. Хоёр хүүгийн тухай сургаалт зүйрлэл бол дуулгавартай байдлын ач холбогдлыг заах боломж юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Самбар дээр хоёр хүүг зураад, Maтай 21:28–32 дээрх сургаалт зүйрлэлийг ярихдаа уг зургийг ашигла. Аль хүү нь эцэстээ зөв зүйл хийсэн бэ? Хүүхдүүдээс гэртээ дуулгавартай байхын тулд хийж чадах зүйлсээ нэрлэхийг хүс. Тэдгээр зүйлийн аль нэгийг хийж байгаагаар өөрсдийгөө зурахыг тэднээс хүс.

  • Хүүхдүүдийг эцэг эхдээ дуулгавартай байсан туршлагаасаа хуваалцахад урь. Дуулгавартай байснаараа тэд хэрхэн адислагдсан бэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Лук 19:1–10

Би Аврагчийг эрэлхийлэх юм бол Түүнийг олох болно.

Та Аврагчид илүү ойртохын тулд хийж болох зүйлсийг бодож олоход нь хүүхдүүдэд туслахын тулд Закхайн түүхийг ашиглаж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Лук 19:1–10-ыг уншаад, Закхайн тухай илэрхийлсэн зүйлсийг ярилцахын тулд хэдэн шүлэг уншаад, түр зогс. Закхай Есүсийг харахын тулд юу хийсэн бэ? Есүс түүнийг модноос буу гэхэд тэр хариуд нь ямар үйлдэл хийсэн бэ? Хүүхэд бүрээс Есүсийг харахыг хүсэж байгаа нэг шалтгаанаа хуваалцахыг хүс. Хэрэв Аврагч манай хотод ирсэн бол бид бэлтгэхийн тулд юу хийх байсан бэ?

  • Закхайтай адил Аврагчийг эрэлхийлж байж болох таньдаг хүмүүсээ бодоход хүүхдүүдийг урь. Хэн нэгэнд Аврагчийн талаар сурч мэдэхэд нь туслахын тулд юу хийж чадахыг хүүхдүүдээс асуу.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг мэддэг бөгөөд тэдэнд хайртай гэдгийг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

Матай 21:12–14

Ариун сүм бол миний хүндэтгэх ёстой ариун нандин газар юм.

Аврагч ариун сүмийг цэвэрлэж байгаа түүх нь ариун сүмийн ариун нандин байдлын талаар хүүхдүүдэд заахад хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Maтай 21:12–14-ийг уншихад урь. Есүс ариун сүмийг цэвэрлэсэн нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 51) зургийг үзүүлээд, зурагт аль шүлгийг дүрсэлсэн байгааг тэднээс асуу.

  • Хүүхдүүдийг ариун сүм дотор орж, ойр орчмоор нь явснаа эсвэл ариун сүмийн зургийг харсан үед ямар мэдрэмж төрснөө хуваалцахад урь. Ариун сүм бол ариун нандин газар гэдгийг мэдэхэд тэдэнд юу тусалсан бэ? Та яагаад ариун сүмд дуртай байдгаа хүүхдүүдтэй хуваалцаж болно. Яагаад энэ нь танд ариун нандин бэ?

  • Нэг эсвэл түүнээс олон өсвөр үеийнхнийг ангид ирж, ариун сүмд орохын тулд хэрхэн бэлтгэсэн тухайгаа ярихад урь. Хэрэв тэд ариун сүмд орж үзсэн бол тэнд байхад ямар мэдрэмж төрсөн тухайгаа ярихыг хүс.

  • Ариун сүмийн зургийг эвлүүлдэг зураг болгон хайчлаад, хүүхэд бүрд нэг нэг хэсгийг өг. Хүүхдүүдээс эвлүүлдэг зургийнхаа ард ариун сүмд ороход бэлтгэхийн тулд хийж чадах нэг зүйлээ бичихийг хүс. Хүүхэд бүрийг бодол санаагаа хуваалцсаны дараа тэдний хэсгийг эвлүүлдэг зурагт нэм.

  • надад ариун сүмд үйлчлэхэд тусална гэж самбар дээр бич. Хүүхдүүдийг эдгээр өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг санал болгоход урь. “Баптисмын гэрээгээ сахих нь” эсвэл “Ариун Сүнс” зэрэг үгс байж болно.

Матай 23:25–28

Есүс намайг үйлдэл болон хүсэлдээ зөв шударга байхыг хүсдэг.

Есүс хуулийн багш нар болон фарисайчуудад зөв шударга дүр эсгэх биш, харин сайн мэдээний дагуу чин сэтгэлээсээ амьдрахын ач холбогдлыг заасан. Энэ үнэнийг ойлгоход хүүхдүүдэд юу туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Та хүүхдүүдтэй хамт Maтай 23:25–28-ыг уншиж байхдаа, хоёр нүүртэн гэгчийн талаар Библийн толь бичиг дээрх “Шашин шүтлэггүй мөртлөө шүтлэгтэй болж жүжиглэдэг хүн” гэсэн тодорхойлолтыг хуваалцах талаар бодож үз. Яагаад хоёр нүүртэн байх нь муу вэ?

  • Maтай 23:25 дээрх зүйрлэлийг харуулахын тулд хүүхдүүдэд гадна тал нь цэвэрхэн боловч дотор тал нь бохир аяга үзүүл. Бид хэрхэн дотроосоо цэвэр ариун болж чадах вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хичээлийн явцад ойлгож мэдсэн зүйлсээсээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болох ямар нэг зүйлийг бодоход хүүхдүүдэд тусал.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийн эцэг эхийг дэмж. “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нар бөгөөд тэд хоёул хүүхдүүддээ нөлөөлөх гол үүрэг хариуцлагыг хүлээж, хамгийн агуу хүчийг агуулдаг билээ (Дэд хууль 6:6–7-г үзнэ үү). Та сүм дээр хүүхдүүдэд зааж байхдаа, тэдний эцэг эхийг өөрсдийн нэн чухал үүргийг биелүүлэхэд хэрхэн дэмжиж болох арга замуудыг залбирч байгаад эрэлхийл” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).

Хэвлэх