Шинэ Гэрээ 2023
5-р сарын 1–7. Лук 12–17; Иохан 11: “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!”


“5-р сарын 1–7. Лук 12–17; Иохан 11: ‘Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“5-р сарын 1–7. Лук 12–17; Иохан 11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Хүүгээ тэврэн авч буй эцэг

Үрэлгэн хүү, Лиз Лэмон Свиндл

5-р сарын 1–7

Лук 12–17; Иохан 11

“Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!”

Лук 12–17 мөн Иохан 11-ийг залбирч уншаад, эдгээр бүлэг дэх үнэнийг ойлгож, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд нь зааж буй хүүхдүүддээ хэрхэн тусалж болохыг эрэлхийл.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Лук 12–17 ба Иохан 11 дээр гардаг зарим сургаалт зүйрлэлийг хүүхдүүдэд сануулаад, эдгээр түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Лук 15

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ Өөр дээр нь эргэн ирээсэй хэмээн хүсдэг.

Тогтмол ирдэггүй хүүхдүүд зэрэг ангийнхаа хүүхдүүдийн талаар бод. Та тэдэнд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд хэрхэн тусалж чадах вэ? Та тэдэнд хайраар нөлөөлөхдөө хэрхэн бусад хүүхдийг танд туслахад сүнслэгээр урамшуулж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдэд зоос, нөгөө хүүхдэд хонины зураг, бас нэг хүүхдэд үрэлгэн хүүгийн зургийг өг (ChurchofJesusChrist.org эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Лук 15-д гардаг гурван сургаалт зүйрлэлийг яриад, эдгээр зүйлийг дурдах үед зоос эсвэл зургаа өргөхөд хүүхдүүдийг урь. Та хүүхдүүдийг сургаалт зүйрлэлүүдийг нэг нэгэндээ өөрсдийнхөө үгээр дахин ярихад урьж болно.

  • Суралцагчдаас ямар нэг зүйл алдаж байсан үеийнхээ тухай хуваалцахыг хүс. Тэд үүнийг хэрхэн олж авсан бэ? Хүмүүс Тэнгэрлэг Эцэгийг дагахгүй байх үедээ сүнслэг байдлын хувьд төөрч болдог гэдгийг тайлбарла. Төөрсөн хүмүүсийг Түүн рүү буцаж ирэхийг Бурхан хүсдэг, бид тэдэнд тусалж чадна гэдгийг гэрчил.

  • Хүүхдүүдийг Хүүхдийн хэсэгт ирдэггүй бусад хүүхдийн талаар бодоход урь. Тэдгээр хүүхдийг Хүүхдийн хэсэгт эсвэл үйл ажиллагаанд ирэхийг урьсан зурвас бичихэд эсвэл будахад тэдэнд тусал. Тэдгээр хүүхдэд Тэнгэрлэг Эцэгийн тэднийг гэсэн хайрыг мэдрэхэд нь бид өөрөөр хэрхэн тусалж чадах вэ?

Лук 17:11–19

Би адислалууддаа талархсанаар Тэнгэрлэг Эцэгтээ хайраа харуулж чадна.

Уяман өвчтэй арван хүний түүх талархалтай байхад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийн эдгээсэн уяман өвчтэй арван хүний түүхийг ярь. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзүүлээд, хүүхдүүдийг хуруугаараа арав хүртэл тоолоход урь. Дараа нь Есүст талархсан уяман өвчтэй нэг хүнийг харуулахын тулд есөн хуруугаа гаргахгүй байхыг тэднээс хүс. Эелдэг найрсаг эсвэл тусч үйлдэлд нь талархаж болох хэн нэгний талаар бодоход хүүхдүүдэд тусал.

  • Хүүхэд бүрийг талархдаг ямар нэг зүйлээ жүжигчлэн үзүүлэхэд уриад, энэ нь юу болохыг бусад хүүхдээр таалга. Бид адислалууддаа талархдаг гэдгийг Тэнгэрлэг Эцэгт харуулж болох арга замуудыг хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Иохан 11:1–46

Есүс бол Бурханы Хүү гэдэгт бид итгэдэг.

Лазарын дүү Марта Есүст “Та бол Христ, … Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг” (Иохан 11:27) гэж хэлсэн. Мариа, Марта, Лазар нарын түүх Есүс Христийн талаарх хүүхдүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүс Лазарыг үхлээс амилуулсан түүхийг товч ярь (мөн Шинэ Гэрээний түүхүүд дээрх “43-р бүлэг: Есүс Лазарыг амьдралд эргүүлэн авчирсан нь”-ыг х. 107–109-оос эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү). Хүүхдүүдэд хатаж гандсан мөчир, амьд ургамал хоёрыг үзүүлээд, аль нь үхсэн аль нь амьд болохыг асуу. Нас барсан хүмүүс Есүс Христийн хүчээр амилж, мөнхөд амьдрах болно гэдэг гэрчлэлээ хуваалц.

  • Есүсийн “Амилал ба амь бол Би байгаа юм” (Иохан 11:25) хэмээн Мартад хэлсэн үгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Аврагч амилсан учраас бид нас барсан хайртай хүмүүстэйгээ дахин уулзана гэдгийг тайлбарла.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Лук 15

Би Есүст алдсан хонио олоход нь тусалж чадна.

Бид бүгд Аврагчийн сургаалт зүйрлэл дэх зарим талаараа алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүү мэт байдаг хэн нэгнийг мэднэ. Эдгээр хүнд хайраар хандахад хүүхдүүдийг хэрхэн сүнслэгээр урамшуулж болохоо бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Лук 15:1–10 дээр гардаг алдагдсан хонь эсвэл алдагдсан зоосны тухай сургаалт зүйрлэлийг уншаад, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдэд тусал.

  • Эцэг, том хүү, бага хүү гэж самбарт бич. “Үрэлгэн хүү” (ChurchofJesusChrist.org) видеог үзүүлээд, жагсааж бичсэн хүмүүст төрсөн зарим мэдрэмжийг самбар дээр бичих боломжийг хүүхдүүдэд олгохын тулд үе үе түр зогс. Нүгэл үйлдсэн хүмүүсийн талаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр юу гэж боддог вэ?

    5:34
  • Нэг хүүхдээс өрөөнөөс гарахыг хүсээд, бусад хүүхдээр зоос эсвэл цаасан хонийг нуулга. Өнөөх хүүхдийг буцааж оруулаад, зоос эсвэл хонийг олуул. Хүмүүс ямар талаараа зоос, хонины адил “алдагдсан” мэт байдаг вэ? Хүүхдүүдийг тэр хүмүүст хандаж болох арга замуудыг хуваалцахад урь. Хүүхдүүдтэй хамт холбогдох дууг буюу “Сэтгэлээсээ хайрладаг хоньчин” (Дуулал, д. 117)-ийг дуулаад, Бурханд эргэж ирэх үед ирдэг баяр баясгаланг гэрчил.

  • Есүс сайн мэдээний адислал байхгүйн улмаас “алдагдсан” хүмүүсийг төлөөлүүлэн хонь, зоос, үрэлгэн хүүг ашигласан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг эдгээр адислал амьдралд нь байхгүй таньдаг хүмүүсийнхээ тухай бодоход урь. Тэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд нь тэр хүмүүст туслахын тулд юу хийж болох вэ?

Есүс ба хоньд

Өрөвч зөөлөн хоньчин, Ёнг Сунг Ким

Лук 17:11–19

Би адислалууддаа талархсанаар Тэнгэрлэг Эцэгтээ хайраа харуулж чадна.

Уяман өвчтэй арван хүний түүх нь адислалуудынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархахад хүүхдүүдийг урамшуулах сайхан арга байж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Уяман өвчтэй арван хүний түүхийг хамтдаа унш. Талархсан уяман өвчтэй хүн хэрхэн адислагдсан бэ? Яагаад адислалуудынхаа төлөө Бурханд талархах нь чухал вэ?

  • Хүүхдүүдийг нэрийнхээ үсэг бүрээр эхэлсэн талархаж явдаг зүйлүүдээ жагсааж бичихэд урь.

  • Адислалуудынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархлын зурвас бичихийг хүүхдүүдээс хүс. Тэд залбирах үедээ талархал илэрхийлэх хэрэгтэйг өөртөө сануулахын тулд уг зурвасаа орныхоо дэргэд өлгөж болно.

Иохан 11:1–46

Есүс бол Бурханы Хүү гэдэгт бид итгэдэг.

Мартагийн адил Есүс бол “Христ, Бурханы Хүү” гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд туслахын тулд та Мариа, Марта, Лазар нарын түүхийг хэрхэн ашиглаж болох вэ? (Иохан 11:27).

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 11 дээрх хүмүүсийн хэлсэн зарим мэдэгдлийг самбар дээр бич. Хүүхдүүдийг мэдэгдэл бүрийг хэн хэлснийг тааж, хариултаа шалгахын тулд Иохан 11-ийг судлахад урь. Тэд Есүс, Марта, Мариа, Лазар нарын оронд байсан бол тэдэнд ямар санагдах байсан бол? Есүст итгэх нь гунигласан эсвэл айсан үед бидэнд хэрхэн туслах вэ?

  • Иохан 11:20–27 дээрх Мартагийн гэрчлэлийг унш. Хүүхдүүдээс Мартагийн Есүс Христэд итгэлтэй байсныг харуулсан үг, хэллэгийг хайж олохыг хүс. Түүнд итгэлтэй байхын тулд бид юу хийж чадах вэ?

  • Иохан 11:25-ыг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Хүн бүр амилах боловч зөвхөн зөв шударга хүмүүс мөнх амьдралыг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой дахин хамт амьдарна гэдгийг тайлбарла.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Долоо хоногийн туршид талархаж буй зүйлсээ бичих юм уу зурах цаасыг хүүхдүүдэд өг.

Заах чадвараа сайжруулах

Давталт бол суралцах түлхүүр юм. Сайн мэдээний зарчмыг нэгээс олон удаа сонсох юм уу үйл ажиллагаа явуулах нь хүүхдүүдэд ач тустай. Үйл ажиллагаануудыг олон арга замаар давтахыг хичээ.