Бүлэг 43
Есүс Лазарыг амьдралд эргүүлэн авчирсан нь
Лазар нэртэй нэгэн эр Бетанд аж төрдөг байв. Тэр Мариа, Марта гэдэг хоёр дүүтэйгээ амьдардаг байв. Есүс Лазар болон түүний дүү нарыг ихэд хайрладаг байв. Тэд ч Есүст хайртай байлаа.
Лазар маш хүнд өвдсөн байв. Аврагч өөр хотод байв. Мариа, Марта хоёр Лазар өвчтэй байгаа тухай Есүст хэл хүргүүлэв.
Аврагч шавь нараасаа Лазар дээр хамт очиж туслахыг хүсэв. Бетан уруу явахаас шавь нар нь айж байв. Энэ бол Иерусалимын ойролцоо хот байв. Иерусалимд байгаа зарим хүмүүс Есүсийг алахыг хүсэж байв.
Есүс шавь нартаа Лазарыг нас барсан гэж хэлэв. Тэрээр Лазарыг амьдралд буцаан авчирна гэдгээ хэлэв. Энэхүү гайхамшиг шавь нарт нь Тэр бол Аврагч гэдгийг мэдэхэд нь туслах байв. Есүс Бетан уруу явлаа. Тэднийг тэнд очиход Лазар нас бараад дөрөв хоносон байлаа.
Хэрэв Есүс эртхэн ирсэн бол Лазар амьд байх байсан гэж Марта хэлэв. Есүс Лазар дахин амьдрах болно гэв. Есүс Мартагаас итгэж байгаа эсэхийг нь асуулаа. Марта тийм гэв. Есүс бол Аврагч гэдгийг тэр мэдэж байлаа.
Тэгээд Марта Есүсийг орхин явлаа. Тэр дүү Мариагаа авчрахаар явав. Мариа ч мөн Есүстэй уулзахыг хүсэж байлаа. Олон хүн түүнийг дагаж ирлээ. Мариа Аврагчийн хөлд өвдөг сөхрөн суугаад уйлж байлаа. Түүнтэй хамт ирсэн хүмүүс ч уйлж байв. Есүс Лазарын цогцос нь хаана байгааг асуув.
Есүс Лазарыг оршуулсан агуй уруу явлаа. Агуйн аман дээр чулуу тавьсан байв. Тэр хүмүүст чулууг нь холдуул гэж хэлэв.
Есүс дээш харав. Тэр Тэнгэрлэг Эцэгт Өөрийнх нь залбирлыг сонсдогт талархав.
Тэгээд Есүс чанга дуугаар агуйгаас гарч ирэхийг Лазарт хэлэв. Лазар алхсаар гарч ирэв. Гайхамшгийг харсан хүмүүсийн олонх нь одоо Есүс бол Аврагч гэдэгт итгэдэг болов.