Бүлэг 63 Паул номлолоо дуусгасан нь Паул Иерусалим дахь ариун сүм уруу явав. Еврей биш хүмүүсийг Паул ариун сүм рүү авч орж байна гэж хэсэг Еврейчүүд боджээ. Энэ нь Еврей хүмүүсийг ихээхэн уурлуулав. Тэд Паулыг ариун сүмээс гаргаж ирээд зодож занчив. Үйлс 21:26–32 Ромын цэргүүд Паулыг баривчлан авав. Тэд түүнийг Еврейчүүдтэй ярилц гэв. Тэр тэнгэрээс гарсан гэрлийг харж, Аврагчийн дуу хоолойг сонссон гэдгээ хүмүүст гэрчлэн хэлэв. Есүсийн хэлсний дагуу тэрээр сайн мэдээг зааж байгаа гэдгээ хэлэв. Үйлс 21:33–40; 22:1–15 Хүмүүс Паулд итгэсэнгүй. Тэд Паулыг алахыг хүсжээ. Цэргүүд Паулыг тэр шөнөдөө шоронд хорив. Үйлс 22:22–30 Тэр шөнө шоронд Паул дээр Аврагч ирээд түүнийг бүү ай гэв. Тэр мөн Паулыг Ром явж тэнд сайн мэдээг заа гэлээ. Үйлс 23:11 Паулыг хамгаалахын тулд Ромчууд түүнийг өөр хот руу явуулав. Агрийп хаан тэнд байдаг байв. Паул Фарисай хүн байсан мөн Есүст итгэдэг хүмүүсийг үзэн яддаг байснаа Хаан Агрийпад ярив. Тэр түүгээр ч зогсохгүй тэднийг шоронд хийдэг байсан. Тэгээд Паул тэнгэрээс гэрэл гарахыг харж, Аврагчийн дуу хоолойг сонссон юм. Одоо тэр Есүст итгэдэг болсон. Үйлс 23:12–35; 25:13–23; 26:1–15 Паул сайн мэдээ үнэн гэдгийг Хаан Агрийпад гэрчлэв. Есүс амилсан гэдгийг тэр хэлэв. Есүс Христ Паулыг Өөрийнх нь сайн мэдээг заа гэж үзэгдлээр хэлсэн. Паул Христийг дуулгавартай дагасан учраас олон хүн түүнийг үзэн яддаг болсон. Үйлс 26:16–23 Паулын хэлсэн зүйлээс болж Есүст бараг итгэх шахлаа гэж Хаан Агрийп хэлэв. Хаан Агрийп Паулыг үхэх ёсгүй гэж үзэж байв. Гэвч тэр Паулыг шүүлгэхээр Ром руу явуулах хэрэгтэй байжээ. Үйлс 26:27–32 Паул Ромын шоронд хоёр жил хоригдов. Олон хүмүүс түүнтэй уулзахаар ирдэг байв. Тэр тэдэнд сайн мэдээг заадаг байлаа. Паул өөр газруудад байгаа Гэгээнтнүүдэд захидал бичсэн. Эдгээр захидлуудын зарим нь Шинэ Гэрээнд бичигдэн үлдсэн байдаг. Үйлс 28:16–31 Паул алуулна гэдгээ мэдэж байв. Гэвч тэр айхгүй байлаа. Тэр Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаг байсан юм. Тэр сайн мэдээг заадаг байсан. Тэр номлолоо дуусгалаа. Тэнгэрлэг Эцэг өөрт нь хайртай гэдгийг Паул мэдэж байв. Тэр нас барсныхаа дараа Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй хамт амьдарна гэдгээ мэдэж байв. 2 Тимот 4:6–8