“5-р сарын 8–14. Maтай 19–20; Maрк 10; Лук 18: ‘Надад өөр юу дутагдаж байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 8–14. Maтай 19–20; Maрк 10; Лук 18,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
5-р сарын 8–14
Матай 19–20; Марк 10; Лук 18
“Надад өөр юу дутагдаж байна вэ?”
Maтай 19–20; Mарк 10 мөн Лук 18-ыг уншаад, заадаг хүүхдүүдээ санах хэрэгтэй. Хүлээн авсан сүнсний өдөөлт бүрээ тэмдэглэж ав. Бэлтгэл тань эдгээр бүлгээс хүүхдүүдийн мэдвэл зохих зүйлийг заахад тусална.
Хуваалцахад урь
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа ямар нэгэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Санахад нь туслахын тулд тэдэнд зураг үзүүл.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Тэнгэрлэг Эцэг биднийг ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болоосой хэмээн хүсдэг.
Мөнхийн гэр бүлийн тухай сургаалаас суралцах нь заадаг хүүхдүүдэд тань хэрхэн тустай байж болох вэ? “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org) дээрх гэрлэлтийн талаарх үнэнийг эргэн харах нь танд тус болж болох юм.
Боломжит үйл ажиллагаа
-
Maрк 10:6–8-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, гэрлэсэн хосын зургийг үзүүл. Хүүхдүүдээс таныг эрэгтэй, эмэгтэй гэсэн үгсийг унших үед эрэгтэй, эмэгтэй хүн рүү заахыг хүс. Тэнгэрлэг Эцэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хоорондоо гэрлээсэй хэмээн хүсдэг гэдгийг тайлбарла (Эхлэл 1:27–28-ыг үзнэ үү).
-
Гэр бүлийн болон ариун сүмийн зураг үзүүл. Зураг дээрээс харж байгаа зүйлийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Тэнгэрлэг Эцэг биднийг мөнхөд хамт байлгахын тулд ариун сүмд гэр бүлтэйгээ лацдан холбуулаасай хэмээн хүсдэг гэдгийг тайлбарла. Эцэг эх нь хараахан лацдан холбуулаагүй байгаа хүүхдүүдэд болгоомжтой ханд.
-
“Aз жаргалтай гэр бүл” (Хүүхдийн дууны ном, 104) зэрэг гэр бүлийн тухай дууг хамтдаа дуул. Дуугаа хэд хэдэн удаа давтан дуулах талаар бод. Хүүхдүүдийг гэр бүлтэйгээ хамт хийсэн хөгжилтэй зүйлсээ хуваалцахад урь. Тэд яагаад гэр бүлдээ талархдаг вэ?
-
“Би ариун сүм харах дуртай” эсвэл “Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 99, 98) гэх мэт ариун сүмийн тухай дуу дуул. Хүүхдүүдээс ариун сүмийн эсвэл гэр бүлийн зураг гартаа барих эсвэл зурахыг хүс. Яагаад ариун сүмд гэрлэх нь чухал болох шалтгаануудыг бодоход хүүхдүүдэд тусал.
Есүс бяцхан хүүхдүүдийг адислахын тулд тэднийг Өөр дээрээ ирээсэй хэмээн хүсдэг.
Энэ түүх Есүс тэдэнд хэчнээн их хайртайг мэдрэх боломжийг хүүхдүүдэд олгодог.
Боломжит үйл ажиллагаа
-
Mарк 10:13–16 дээрх түүхийг өөрийн үгээр хуваалц. Есүсийн тэднийг гэх хайрыг мэдэрсэн үеэ бодоход хүүхдүүдэд тусал. Есүс тэдэнд хайртай бөгөөд тэднийг адислахыг хүсдэг талаарх гэрчлэлээ хүүхдүүдэд хуваалц.
-
Христ хүүхдүүдтэй хамт (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 47) зургийг харуул. Есүсийн дэргэд сууж буй хүүхдүүдийн нэг нь байсан бол ямар байх байсныг төсөөлөн бодоход хүүхдүүдэд тусал. Есүс Христийн талаар бодол санаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Өөрсдийгөө Есүсээр адислуулж байгаагаар зургаа зурахыг хүүхдүүдээс хүс (Maрк 10:16-г үзнэ үү).
Хэрэв бид зарлигуудыг дагавал мөнх амьдралыг хүлээн авна.
Есүс баян залууд мөнх амьдрах буюу Тэнгэрлэг Эцэгтэй адил амьдрахын тулд зарлигуудыг дуулгавартай дагах хэрэгтэй хэмээн заасан.
Боломжит үйл ажиллагаа
-
Maрк 10:17–22 дээрх баян залуугийн түүхийг хүүхдүүдэд уншиж өг. (Мөн Шинэ Гэрээний түүхүүд дээрх “42-р бүлэг: Баян залуу эр”-ийг х. 105–106-аас үзэх эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү.) Есүс уг залууд юу гэж хэлснийг мөн уг залуу хэрхэн хариулсныг сонсохыг тэднээс хүс.
-
Эцэг эхээсээ зөвлөгөө, заавар хүсдэг боловч дуулгавартай дагаж мөрддөггүй хүүхдүүдийн тухай нэг юм уу илүү олон түүх ярь. Тэнгэрлэг Эцэгийн биднээс хийхийг хүсдэг зарим зүйл юу вэ? Бид Түүний зарлигуудыг дуулгавартай дагах үед ямар байдаг вэ?
-
Та илүү сайн байхын тулд ямар нэг зүйл хийх хувийн өдөөлт хүлээн авсан туршлагаасаа хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Тэнгэрлэг Эцэг биднийг ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болоосой хэмээн хүсдэг.
Гэрлэлтийн тухай Есүсийн заасан зүйлс хүүхдүүдэд ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болоход тэмүүлэхэд тусална.
Боломжит үйл ажиллагаа
-
Maрк 10:6–8-ыг чанга уншихыг нэг хүүхдээс хүс. Нэгдэх гэдэг нь ямар нэг зүйлд “үнэнч хэвээр байх” эсвэл “нягт нийлэх” гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Эхнэр, нөхөр хоёр нэгдэн нийлж, нэг нэгнээ хайрлан, хамтрагчид болж ажиллах нь яагаад чухал вэ?
-
Та “Яагаад гэр бүлүүд Сүмд чухал байдаг вэ?” эсвэл “Яагаад ариун сүмд гэрлэх нь таны хувьд чухал вэ?” гэх мэт асуултуудын хариултыг олоход туслахыг хүүхдүүдээс хүс. Марк 10:6–8; 1 Коринт 11:11; Сургаал ба Гэрээ 42:22; 131:1–4; Мосе 3:18, 21–24; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” зэрэг эх сурвалжуудаас хариултаа олоход нь тэдэнд тусал.
-
“Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98) гэх мэт гэр бүлийн тухай дууг хамт дуул. Хүүхдүүдтэй мөнхийн гэрлэлт, гэр бүлийн тухай гэрчлэлээ хуваалц. Тэднийг гэрчлэлээ хуваалцахад мөн адил урь.
Есүс надад өсөж хөгжихийн тулд юу хийх хэрэгтэйгээ олж мэдэхэд тусална.
Баян залуу Есүсийг эрэлхийлж, өөртөө тусгайлан зориулсан тодорхой удирдамж хүлээж авсан. Та хүүхдүүдийг амьдралдаа үүнтэй адил удирдамж эрэлхийлэхэд хэрхэн урамшуулж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг дүрсэлсэн шүлгийг Maрк 10:17–22-оос хайж олохыг хүүхдүүдээс хүс. Баян залууд Есүсийн өгсөн зөвлөгөө хувийн чанартай байсан ба бид бүгдээрээ Сүнсээр дамжуулан Их Эзэнээс хувийн удирдамж хүлээн авч чадна гэдгийг тайлбарла.
-
Maрк 10:17–22-ыг хамтдаа унш. Баян залууд дуулгавартай дага хэмээн Есүсийн хэлсэн зарлигуудыг самбар дээр бичихэд хүүхдүүдийг урь (19-р шүлгийг үзнэ үү). Есүс түүнээс өөр юу хийхийг хүссэн бэ? (21-р шүлгийг үзнэ үү). Хүүхдүүдийг Есүсийг илүү сайн дагахын тулд хийж эхлэх эсвэл хийхээ болих хэрэгтэй зүйлийнхээ тухай бодоход урамшуул. Есүс биднээс юу хийхийг хүсдэгийг олж мэдэх ямар арга зам байдаг вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Зурвас бичих эсвэл үйлчлэлийн эелдэг үйлдлүүд хийх зэргээр гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ илэрхийлэхэд хүүхдүүдийг урь.