“Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2023)
“Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх
Сайн мэдээг ойлгомжтой арга замаар заавал хүүхдүүд үүнийг сурахад бэлэн мөн сурах хүсэлтэй байдаг. Ялангуяа, хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол тэдэнд туслах үүднээс дараах төрлийн үйл ажиллагааг ашиглах талаар бодож үзнэ үү.
-
Дуулах. Хүүхдийн дууны ном дээрх дуунууд нь сургаалыг үр нөлөөтэй заадаг. Зааж буй сайн мэдээний зарчимтай тань холбоотой дуунуудыг Хүүхдийн дууны номын ард байх сэдвийн жагсаалтыг ашиглан ол. Дуунуудын зааж буй захиасыг амьдралтайгаа холбож ойлгоход хүүхдүүдэд тусал. Жишээ нь, та дууны шүлэг дэх үг, хэллэгийн талаар асуултууд тавьж болно. Дуулахын зэрэгцээ хүүхдүүдээр дуундаа тохирсон хөдөлгөөн хийлгүүлж эсвэл өөр үйл ажиллагаа явуулж байхдаа цаана нь дуу тавьж болно. Бусад санааг энэ гарын авлагын хавсралт дахь “Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах,” “Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуу болон сүмийн дууллыг сурч, эргэн санахад туслах” зэрэг хэсгүүдээс үзнэ үү.
-
Түүх сонсох эсвэл жүжигчлэн үзүүлэх. Бага насны хүүхдүүд судруудаас болон таны амьдрал, Сүмийн түүх, гэр бүлийн түүх эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс түүх сонсох дуртай байдаг. Түүхээ ярихдаа тэднийг оролцуулах арга зам эрэлхийл. Тэд зураг эсвэл үзүүлэн барин зогсож, сонсож буй зүйлээ зурж, түүхийн үйл явдлыг жүжигчлэн үзүүлж эсвэл бүр түүх ярихад тусалж болно. Хуваалцах түүхүүдээсээ сайн мэдээний үнэнүүдийг олж харахад хүүхдүүдэд тусал.
-
Судар унших. Бага насны хүүхдүүд тийм ч сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас суралцахад оролцуулж чадна. Та ганцхан шүлэг, түлхүүр үг хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж болох юм. Та судрыг чанга уншиж байхдаа анхаарлыг нь татахыг хүссэн тодорхой үг эсвэл хэллэгийг сонсоод босоход эсвэл гараа өргөхөд хүүхдүүдийг урьж болно. Тэд хэд хэдэн удаа давтах юм бол судрын богино үг хэллэгүүдийг цээжилж чадна. Тэд Бурханы үгийг сонсвол Сүнсийг мэдэрнэ.
-
Хөдөлгөөнтэй байх. Бага насны хүүхдүүд ихэвчлэн хөдөлгөөнтэй байдаг учраас тэднийг хөдлөх, үсрэх, харайх, тонгойх, алхах зэрэг таны зааж буй зарчим эсвэл түүхтэй холбоотой үйлдлүүдийг хийж, хөдөлгөөнтэй байлгахаар төлөвлө. Эдгээр үйлдлийг хамт дуулж байхдаа хийвэл мөн үр дүнтэй байх болно.
-
Зураг эсвэл видео үзүүлэх. Та хүүхдүүдэд сайн мэдээний зарчим мөн судрын түүхтэй холбоотой зураг юм уу видео үзүүлэхдээ, харж байгаа зүйлээсээ суралцахад туслах асуултуудыг тэдэнд тавь. Жишээлбэл, “Энэ зураг эсвэл видеон дээр юу гарч байна вэ? Үүнийг үзэхэд та нарт ямар мэдрэмж төрж байна вэ?” гэж та асууж болох юм. Gospel Media аппликэйшн, GospelMediaLibrary.ChurchofJesusChrist.org болон children.ChurchofJesusChrist.org вэбсайт нь зураг, видео олж үзэхэд тохиромжтой эх сурвалжууд юм.
-
Хүүхдүүдийг туршлагаа хуваалцахад нь тусалж, урамшуулан дэмжих. Бага насны хүүхдүүдэд том хүүхдүүдтэй адил хуваалцах зүйл их байхгүй байж болох ч та тэднийг тодорхой чиглүүлж өгөх юм бол тэд суралцаж буй зүйлийнхээ талаар мэдэрсэн, ойлгож мэдсэн зүйлээсээ хуваалцаж чадна.
-
Хийж бүтээх. Хүүхдүүд сурч байгаа түүх, зарчимтайгаа холбоотой ямар нэг зүйлийг барьж, зурж, будаж болно. Тэднийг хийж бүтээсэн зүйлээ гэртээ аваачиж, сурч мэдсэн зүйлээ санахын тулд гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж.
-
Хичээлдээ үзүүлэн материал ашиглах. Энгийн үзүүлэн материал бүхий хичээл нь ойлгоход хэцүү сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд ойлгуулахад тусална. Хичээлд үзүүлэн материал ашиглаж байхдаа, хүүхдүүдийг татан оролцуулах арга замыг бодож ол. Тэд зүгээр үзэж харахаас илүүтэй харилцан үйлддэг үйл ажиллагаанаас илүү ихийг сурна.
-
Жүжигчлэн үзүүлэх. Хүүхдүүд бодит амьдралд тулгарч болзошгүй нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлснээр сайн мэдээний зарчмууд амьдралд нь хэрхэн үйлчлэхийг илүү сайн ойлгодог.
-
Үйл ажиллагаануудыг давтах. Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг ойлгохын тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй байж болно. Нэг хичээлийн туршид ч гэсэн түүх эсвэл үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү ай. Жишээлбэл, та нэг хичээлийн туршид судрын түүхийг судраас унших, өөрийн үгээр товчилж ярих, видео үзүүлэх, түүх ярихдаа хүүхдүүдээр туслуулах, жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих гэх мэт өөр өөр арга замаар хэд хэдэн удаа хуваалцаж болно. Ангид явуулсан үйл ажиллагааг гэртээ давтах нь хүүхдүүдэд суралцаж, эргэн санахад тусална.
-
Бусадтай харилцах. Хүүхдүүд нийгэмшиж сурч байгаа бөгөөд ихэвчлэн үеийнхэнтэйгээ хамт суралцаж, тоглох дуртай байдаг. Тэдэнд суралцаж байхдаа хуваалцах, ээлжлэх, хамтран ажиллах боломж олго.
-
Олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулах. Бага насны хүүхдүүдийн анхаарал хурдан сарнидаг ба тэдний суралцах хэв маяг ч өөр өөр байдаг. Олон төрлийн үйл ажиллагаа ашиглан, хүүхдүүдэд явц дунд нь өөрчлөлт хэрэгтэй эсэхэд анхаарал хандуул. Жишээлбэл, танд чимээгүй байх, идэвхтэй оролцох үйл ажиллагаануудыг ойр ойрхон, ээлжлэн явуулах хэрэг гарч болно.
Бага насны хүүхдүүдийн багшийн хувьд та сайн мэдээний зарчмуудыг заахаас гадна Сүмийн хичээлд зохих ёсоор оролцож сурахад хүүхдүүдэд туслах үүрэгтэй. Жишээлбэл, тэд ээлжлэх, хуваалцах, бусдыг хүндлэх гэх мэт зүйлийг сурах хэрэгтэй байж болно. Зарим багш хүүхэд бүрийг тодорхой арга замаар хичээлд оролцуулах үүрэг даалгаврын хүснэгт хийдэг (залбирал хэлэх, зураг барих, цаас тараах гэх мэт). Даалгавруудыг долоо хоног бүр өөрчилж болно. Энэ нь хүүхдүүдийг ээлжлэн оролцоход болон ангийн зөв зохистой төлөв байдалд анхаарлыг нь төвлөрүүлэхэд тусалдаг.
Хүүхдүүдэд, ялангуяа бага насныханд тогтож, хэвшиж дадсан хуваарь тустай байдаг. Бага насны хүүхдүүдийн анхаарал хурдан сулардаг бөгөөд заримдаа хичээлийн туршид анхаарлаа төвлөрүүлэх нь амаргүй байдаг учраас хэвшиж дадсан хэв загвараа өөрчлөн, нэг үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа руу тогтмол шилжиж байх нь хамгийн тохиромжтой. Жишээлбэл, ангийнхаа хэвшмэл хуваарьт тоглоом тоглох, зураг будах, дуу дуулах гэх мэт завсарлагыг үе үе оруулж болно.