Шинэ Гэрээ 2023
Та бол хүүхдүүдийн багш


“Та бол хүүхдүүдийн багш,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2023)

“Та бол хүүхдүүдийн багш,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Есүс хүүхэд тэвэрсэн байгаа нь

Та бол хүүхдүүдийн багш

Бурхан таныг хүүхдүүддээ Аврагчийн арга барилаар заалгахаар дуудсан бөгөөд Бурханы ариун санваарын эрх мэдлээр энэ дуудлагад онцгойлон адисалсан. Та туршлагатай багш биш байсан ч зохистой амьдарч, өдөр бүр залбирч, судраас судалбал амжилттай байхад тань туслахын тулд Тэнгэрлэг Эцэг танд Ариун Сүнсний нөлөө, хүчийг өгөх болно (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Таны халамжид даатгасан хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэрээр тэдэнд юу хэрэгтэйг мөн тэдэнд хэрхэн хамгийн сайнаар хүрч болохыг мэддэг. Таныг Ариун Сүнсний нөлөөг залбирч эрэлхийлэх үед Тэр таныг хичээлээ бэлдэж мөн зааж байхад тань чиглүүлэх болно. Тэрээр таны юу хэлэх, юу хийх хэрэгтэйг танд илчилнэ (2 Нифай 32:5-ыг үзнэ үү).

Сайн мэдээг ойлгох хүүхдийн чадамжийг хэзээ ч бүү дутуу үнэл. Энэ эрхэм нандин хүүхдүүд амьдралынхаа бүхий л хүрээнд мэдээллийг зогсолтгүй шингээн авч, суурь үзэл бодлоо төлөвшүүлж, хөгжүүлж мөн аливааг олж мэдэж, хуваалцаж байдаг. Ялангуяа энэ нь сайн мэдээний хувьд үнэн бөгөөд хүүхдүүд үүний энгийн үнэнүүдээс суралцахад бэлэн төдийгүй хүсэлтэй байдаг. Сүнслэг зүйлд итгэх тэдний итгэл хүчтэй, цэвэр ариун, мөч хором бүрд суралцах боломжтой байдаг. Тэдний ойлголт дутуу ч тэд сурч мэдсэн зүйлийнхээ дагуу сайн дураараа үйлддэг. Бид бүгд сайн мэдээг тэдний адил хүлээж авах хэрэгтэй. Аврагчийн зааснаар “Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж авахгүй нь тийш ер орохгүй” (Лук 18:17).

Хүүхдүүдэд багшлах дуудлага бол ариун нандин итгэл найдвар бөгөөд заримдаа хийж чадахгүй мэт санагдах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг таныг дуудсан мөн Тэр таныг дэмжинэ. Энэ бол Их Эзэний ажил бөгөөд таныг “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (Сургаал ба Гэрээ 4:2) үйлчлэх үед Тэр таны чадвар, бэлэг, авьяасыг өсгөн нэмэгдүүлж, таны үйлчлэл заадаг хүүхдүүдийн тань амьдралыг адислах болно.