“Бага насны хүүхдүүдэд заах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“Бага насны хүүхдүүдэд заах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
Бага насны хүүхдүүдэд заах
Танай гэр бүл бага насны хүүхдүүдтэй бол дараах үйл ажиллагаанууд тэдэнд суралцахад нь туслах болно.
-
Дуулах. Хүүхдийн дууны ном дээрх дуунууд нь сургаалыг үр нөлөөтэй заадаг. Та зааж буй сайн мэдээний зарчмуудтайгаа холбоотой дуунуудыг Хүүхдийн дууны номын ард байх сэдвийн индексийг ашиглан ол. Дуунуудын зааж буй захиасыг өөрсдийнхөө амьдралтай адилтгахад нь хүүхдүүддээ тусал. (Мөн энэхүү эх сурвалж дээрх “Сайн мэдээнээс суралцахдаа ариун нандин дуу хөгжмийг оролцуулах” хэсгийг үзнэ үү.)
-
Түүхийг сонсох эсвэл жүжигчлэн үзүүлэх. Бага насны хүүхдүүд судруудаас болон таны амьдрал, гэр бүлийн түүх, Сүмийн түүх болон Сүмийн сэтгүүлээс түүх сонсох дуртай байдаг. Түүхээ ярихдаа тэднийг оролцуулах арга зам эрэлхийл. Тэд зураг эсвэл үзүүлэн барин зогсож, сонсож буй зүйлээ зурж, түүхийн үйл явдлыг жүжигчлэн үзүүлж эсвэл бүр түүх ярихад тусалж болно. Хуваалцаж байгаа түүхүүд дээрх сайн мэдээний үнэнийг ойлгож ухаарахад нь хүүхдүүддээ тусал.
-
Судар унших. Бага насны хүүхдүүд тийм ч сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас суралцахад оролцуулж чадна. Та магадгүй ганцхан шүлэг, түлхүүр үг эсвэл хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж болно. Хүүхдүүд хэд хэдэн удаа давтвал судрын богино үг хэллэгүүдийг цээжилж чадаж магадгүй. Тэд Бурханы үгийг сонсоод, Сүнсийг мэдэрнэ.
-
Зураг эсвэл видео үзүүлэх. Хүүхдүүддээ сайн мэдээний зарчим эсвэл судрын түүхтэй холбоотой зураг харуулах эсвэл видео үзүүлэхдээ харж байгаа зүйлээсээ суралцахад нь тус болох асуултуудыг тавь. Жишээлбэл: “Энэ зураг эсвэл бичлэг дээр юу гарч байна вэ? Үүнийг үзэхэд та нарт ямар мэдрэмж төрж байна вэ?” гэж та асууж болох юм. Gospel Media аппликэйшн, GospelMedia.ChurchofJesusChrist.org болон children.ChurchofJesusChrist.org вэбсайт нь зураг, видео зэргийг олж үзэхэд тохиромжтой эх сурвалжууд юм.
-
Хийж бүтээх. Хүүхдүүд суралцаж байгаа зарчим, түүхүүдтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг барьж, зурж, будаж болно.
-
Хичээлд үзүүлэн материал ашиглах. Энгийн үзүүлэн материал ашигласан хичээл нь ойлгоход хэцүү сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд ойлгуулахад тусалж болно. Үзүүлэнт хичээлийг заахдаа хүүхдүүдээ оролцуулах арга замуудыг хайж ол. Тэд зүгээр үзэж харахаас илүүтэй харилцан үйлддэг үйл ажиллагаанаас илүү ихийг сурна.
-
Жүжигчлэн үзүүлэх. Хүүхдүүд бодит амьдралд тулгарч болзошгүй нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлснээр сайн мэдээний зарчмууд амьдралд нь хэрхэн үйлчлэхийг илүү сайн ойлгодог.
-
Үйл ажиллагаануудыг давтах. Бага насны хүүхдүүдэд аливаа зүйлийг ойлгохын тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй байж болно. Түүх, үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү эмээ. Жишээлбэл, судрын түүхийг судраас унших, өөрийн үгээр товчилж ярих, бичлэг үзүүлэх, түүхүүдийг уншихдаа хүүхдүүдээрээ туслуулах, түүхийн утгыг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих гэх мэт өөр өөр арга замаар хэд хэдэн удаа хуваалцаж болно.