Шинэ Гэрээ 2023
Гэр бүлээрээ судраас судлах үйл явцыг сайжруулах санаа


“Гэр бүлээрээ судраас судлах үйл явцыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“Гэр бүлээрээ судраас судлах үйл явцыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Ээж хүү хоёр судраас судалж байгаа нь

Гэр бүлээрээ судраас судлах үйл явцыг сайжруулах санаа

Гэр бүлээрээ судраас тогтмол судлах нь гэр бүлдээ Ариун Сүнсний нөлөөг мэдэрч мөн сайн мэдээнээс суралцахад туслах хүчирхэг арга юм. Гэр бүлээрээ хэр ихийг хэр удаан унших нь тогтмол хичээл зүтгэл гаргахтай адил тийм ч чухал биш. Та судраас судлахыг гэр бүлийнхээ амьдралын чухал хэсэг болгосноор гэр бүлийнхээ гишүүдэд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртож, Бурханы үгэн дээр суурилан гэрчлэлээ босгоход туслах болно. Дараах асуултуудын талаар хамтдаа зөвлөлдөхийг бод.

  • Танай гэр бүлийн гишүүд бие биенээ судраа бие даан судлахад хэрхэн урамшуулж болох вэ?

  • Танай гэр бүлийнхэн сурч мэдэж байгаа зүйлсээ хуваалцахад хүн бүрийг урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?

  • Өдөр бүрийн заах боломжтой мөчүүддээ Шинэ Гэрээнээс сурч мэдсэн зарчмуудаа хэрхэн онцолж болох вэ?

Гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн тохиромжтой газар юм гэдгийг сана. Сүмийн ангиудад боломжгүй тийм арга замаар гэртээ сайн мэдээнээс суралцаж, зааж болно. Гэр бүлдээ судраас суралцахад нь туслах арга замуудыг бодож олохын тулд санаачилгатай бай. Гэр бүлийнхээ судраас судлах үйл явцыг сайжруулахын тулд дараах санаануудаас заримыг нь ашиглахыг бод. Үүнд:

Гэр бүл, Сүмийн удирдагчид нэгэн айлд хамтдаа дуулж байна

Дуу хөгжим ашигла

Сударт заасан зарчмуудыг бататгах дуунуудыг дуул. Долоо хоног тутмын тоймд Сүмийн дуулал эсвэл хүүхдийн дууг санал болгон оруулсан. Та дууны шүлэгт орсон үг эсвэл хэллэгийн талаар гэр бүлийнхнээсээ асууж болох юм. Танай гэр бүл дуулахаас гадна дууны үгэнд таарсан хөдөлгөөн хийж эсвэл өөр үйл ажиллагааг явуулах хооронд ард нь тавьсан хөгжмийг сонсож болно. Нэмэлт санааг энэхүү материал дахь “Сайн мэдээнээс суралцахдаа ариун нандин дуу хөгжмийг оролцуулах” хэсгээс үзнэ үү.

Утга учиртай судруудыг хуваалц

Хувиараа судлах үедээ олж мэдсэн утга учир бүхий судрын хэсгийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах цаг гарга.

Өөрийнхөө үгээр ярь

Судраас сурч мэдсэн зүйлээ өөрийн үгээр дүгнэн хэлэхийг гэр бүлийнхнээсээ хүс.

Судруудыг амьдралдаа хэрэгжүүл

Судрын хэсгийг уншсаныхаа дараа үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг хуваалцахад гэр бүлийнхнийгээ урь.

Асуулт тавь

Гэр бүлийнхнийгээ сайн мэдээний тухай асуулт тавихад уриад, уг асуултад хариулахад туслах шүлгийг эрж олох цаг гарга.

Судар үзүүл

Танд утга учиртай санагдсан шүлгийг сонгож, гэр бүлийнхээ гишүүдийн тогтмол харж болох газарт байрлуул. Ээлжлэн үзүүлэх судраа сонгоход гэр бүлийнхнийгээ урь.

Ээж нь хүүхдүүдийнхээ хамт судраас судалж байгаа нь

Судрын жагсаалт гарга

Гэр бүлээрээ ирэх долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн шүлэг сонго.

Судруудыг цээжил

Гэр бүлийн тань хувьд утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, гэр бүлийнхээ гишүүдийг өдөр бүр давтан уншсанаар эсвэл цээжлэх тоглоом тоглосноор уг хэсгийг цээжлэхэд урь.

Үзүүлэнт хичээлүүдийг заа

Гэр бүлээрээ уншиж байгаа судрын хэсгийн тань сайн мэдээний зарчмуудтай холбоотой эд зүйлийг ол. Эд зүйлс бүр судрууд дахь сургаалуудтай хэрхэн холбогдож байгаа талаар ярилцахыг гэр бүлийн гишүүдээсээ хүс.

Сэдэв сонго

Гэр бүлээрээ хамтдаа судлах сэдвийг гэр бүлийн гишүүдээрээ ээлжлэн сонгуул. Тухайн сэдвийн тухай судрын мөрийг олохын тулд Topical Guide, Bible Dictionary эсвэл Судруудын удирдамжийг ашигла (scriptures.ChurchofJesusChrist.org).

Зураг зур

Гэр бүлээрээ хэдэн шүлэг уншсаны дараа, уншсан зүйлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл зурахад цаг зарцуул. Нэг нэгийнхээ зурсан зүйлийн талаар ярилцах цаг гарга.

Түүхийг жүжигчлэн тогло

Түүх уншсаныхаа дараа гэр бүлийнхээ гишүүдийг энэ тухай жүжигчлэн тоглоход урь. Дараа нь уг түүх хувь хүн бүрд болон гэр бүлд тань тохиолдож буй зүйлстэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилц.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хэлсэн. “Таныг гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллахад аяндаа таны Хүндэтгэлийн өдрүүд үнэхээр баясгалантай болно гэдгийг би амлаж байна. Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байх бөгөөд таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно. Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно” (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119).