“Хувиараа судраас суралцах үйл явцыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“Хувиараа судраас суралцах үйл явцыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
Хувиараа судраас суралцах үйл явцыг сайжруулах санаа
Судрууд дахь Бурханы үгсийг илүү үр дүнтэй суралцах зарим энгийн арга байдаг. Үүнд:
Есүс Христийн тухай үнэнийг эрж хайх
Судрууд бидэнд бүх зүйл Христийг гэрчилдэг гэдгийг заадаг (2 Нифай 11:4; Мосе 6:63-ыг үзнэ үү) учраас Аврагчийн талаар мөн Түүнийг хэрхэн дагахыг заадаг шүлгүүдийг тэмдэглэж, бичиж авч болно.
Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг эрж хайх
Танд онцгойлон зориулан бичсэн мэт нөлөөлж байгаа тодорхой үг, хэллэгүүдийг судруудаас олж болно. Тэдгээр нь хувь хүний хувьд танд хамаатай, сүнслэг нөлөө, урам зориг төрүүлэхүйц санагдаж магадгүй. Тэдгээр үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэх юм уу судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.
Сайн мэдээний үнэнийг эрж хай
Заримдаа сайн мэдээний үнэнүүдийг (ихэнхдээ сургаал эсвэл зарчмууд гэгддэг) шууд илэрхийлсэн байдаг бол зарим тохиолдолд жишээгээр эсвэл түүхээр дамжуулан тайлбарладаг. “Эдгээр шүлэгт мөнхийн ямар үнэнийг заасан байна вэ?” гэж өөрөөсөө асуу.
Сүнсийг сонс
Уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүл. Эдгээр нөлөө нь Тэнгэрлэг Эцэгийн таныг сураасай хэмээн хүссэн зүйл ч байж магадгүй.
Судруудыг өөрийн амьдралтай адилтгах
Та уншиж буй түүх, сургаалаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод. Жишээлбэл, та өөрөөсөө “Надад уншиж буй зүйлтэй маань адил юу тохиолдсон билээ?” эсвэл “Судар дээрх энэ хүний үлгэр жишээг би хэрхэн дагаж чадах вэ?” гэж асууж болно.
Суралцаж байхдаа асуу
Таныг судруудаас суралцаж байхад оюун бодолд тань асуултууд орж ирж болно. Эдгээр асуулт таны уншиж байгаа зүйлтэй эсвэл ерөнхийдөө таны амьдралтай холбоотой байж болох юм. Та үргэлжлүүлэн судраас суралцаж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодож, хариултыг нь эрж хай.
Судар судлах тусламжийг ашигла
Уншиж буй шүлгүүдийнхээ талаар нэмэлт ойлголт олж авахын тулд зүүлт тайлбар, Topical Guide, Bible Dictionary, Судруудын удирдамж, (scriptures.ChurchofJesusChrist.org) болон бусад хичээлийн туслах материалыг ашигла.
Судрын түүхэн нөхцөл байдлыг бодож үз
Та тухайн судрын түүхэн нөхцөл байдал буюу орчинг бодож үзэх юм бол уг судрын талаар гүн гүнзгий ойлголтыг олж авах боломжтой. Жишээлбэл, бошиглогчийн хандан ярьсан хүмүүсийн нөхцөл байдал, итгэл үнэмшлийн талаар мэдэх нь түүний үгийн зорилгыг ойлгоход тань тусална.
Төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Суралцаж байхдаа төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж авах олон арга зам бий. Жишээлбэл, та утга учир бүхий үг, хэллэгийг тэмдэглэж, төрсөн сэтгэгдлээ судар дээрээ бичиж болно. Мөн та хүлээж авсан ойлголт, мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэл дээрээ бичиж болно.
Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судал
Таны судраас олж мэдсэн зарчмуудын талаар хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид юу заасан тухай унш (жишээ нь, conference.ChurchofJesusChrist.org болон Сүмийн сэтгүүлүүдийг үзнэ үү).
Ойлголтуудаа хуваалц
Хувиараа судалж мэдсэн зүйлсийнхээ талаар ярилцах нь бусдад заах сайн арга байхаас гадна уншсан зүйлийнхээ талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдар
Судар судлах нь бидэнд сүнслэгээр нөлөөлөхөөс гадна биднийг амьдрах арга замаа өөрчлөхөд хүргэдэг. Уншиж байхад тань Сүнс юу хийхэд өдөөж байгааг сонс, дараа нь эдгээр өдөөлтийн дагуу үйлдэх амлалт өг.