“2-р сарын 10–16. 2 Нифай 6–10: “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“2-р сарын 10–16. 2 Нифай 6–10,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
2-р сарын 10–16
2 Нифай 6–10
“Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!”
Та 2 Нифай 6–10-ыг уншиж байхдаа юу заах талаар Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Энэ тойм болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нэмэлт санаануудыг өгч болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хувиараа эсвэл гэр бүлээрээ 2 Нифай 6–10-аас суралцах явцдаа Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаар сурсан зүйлээ ээлжлэн хуваалцахад хүүхдүүдийг урамшуул.
Сургаалыг заа: Бага насны хүүхдүүд
Есүс Христ намайг нүгэл болон үхлээс авардаг.
Есүс Христ хүн бүрийг үхлээс авардаг бөгөөд бидэнд нүглээ наманчлах боломжийг олгодог гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд та 2 Нифай 9:7–13 болон 20–23-ыг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Авирч гарах боломжгүй маш гүнзгий нүхэнд унасан нэгэн хүний тухай түүхийг хүүхдүүдэд ярьж өг. Нэгэн хүн ирж, уг хүнийг нүхнээс татан гаргав. Та энэ түүхийг самбар дээр зурж эсвэл хүүхдүүдтэй хамт жүжигчлэн тоглохыг хүсэж болно. Энэ нүх нь үхэлтэй адил бөгөөд тусалсан хүн нь бидэнд амилуулалтын бэлгийг өгснөөр бүх хүнийг үхлээс аварсан тэрхүү Есүс Христтэй адил гэдгийг тайлбарла. Нөгөө хүн ахиад л өөр нэг нүх рүү унасан гэдгийг хүүхдүүдэд хэл. Энэ удаа аварсан хүн нь тэр хүнд нүхнээс авиран гарахад ашиглах шатыг өгсөн. Энэ нүх нь нүгэлтэй адил бөгөөд шат нь бидэнд наманчлан, нүглээсээ өршөөгдөх боломжийг олгодог Есүс Христийн Цагаатгал гэдгийг тайлбарла. 2 Нифай 9:22–23-ыг уншаад, Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаар гэрчлэлээ хуваалц.
-
“Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) зэрэг Есүс Христийн хайрын тухай дууг хамтдаа дуул. Аврагчийг өөрсдөд нь хайртай гэдгийг мэдэхэд нь тэдэнд тусалдаг зүйлсийн зургийг зурахад хүүхдүүдийг урь.
“Зүрх сэтгэл минь зөв шударгад баясдаг.”
Та заадаг хүүхдүүдээ “зөв шударгад баясдаг” байхад буюу Их Эзэнийг баяр хөөртэйгөөр дуулгавартай дагахад хэрхэн урамшуулж чадах вэ? (2 Нифай 9:49).
Боломжит үйл ажиллагаанууд
-
2 Нифай 9:49-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, Иаковын юунд хайртай мөн юуг үзэн яддаг гэж хэлснийг олж мөн ойлгоход нь тэдэнд тусал. Хүүхэд сайн эсвэл муу сонголт хийдэг жишээнүүдийг хуваалцан, хийсэн сонголт нь баяр хөөрийг авчрахаар бол босож зогсоход, уйтгар гунигийг авчрахаар бол суухад хүүхдүүдийг урь. Зөвийг сонгох нь яагаад бидэнд баяр хөөрийг авчирдаг вэ? Та нар хэзээ зөвийг сонгосныхоо улмаас баяр хөөрийг мэдэрсэн бэ?
-
Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108) гэх мэт дуулгавартай байснаар ирдэг баяр хөөрийн тухай дууг хамтдаа дуулж, биднийг юу баяр хөөртэй болгодог талаар сонсохыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг бусад хүүхдээс ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаа эцэг эхийн дүрд ээлжлэн тоглуул. Баяр хөөртэйгөөр дуулгавартай байх дадлагыг бусад хүүхдээр хийлгэ.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Их Эзэн үргэлж Өөрийн амлалтыг биелүүлэх болно.
Их Эзэн Өөрийн амлалтуудыг биелүүлдэг гэдгийг ойлгох нь хүүхдүүдэд Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд мөн Түүний зарлигуудыг дагаснаар өөрсдөдөө итгэх итгэлтэй болоход тусалдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Найздаа өгсөн амлалт юм уу баптисм хүртэхдээ байгуулсан гэрээ гэх мэт өөрсдийн хийсэн зарим амлалтын тухай ярихыг хүүхдүүдээс хүс. Яагаад амлалтаа сахин биелүүлэхэд заримдаа хэцүү байдаг вэ? Яагаад амлалтаа сахих нь чухал байдаг вэ? Дараах хэсгийг уншиж өг. “Их Эзэн Бурхан хүүхдүүдтэйгээ хийсэн гэрээнүүдээ тэрээр гүйцэлдүүлэх болно” (2 Нифай 6:12). Адислалууд нь тэр даруй ирээгүй ч Бурхан Өөрийн амлалтуудыг хэрхэн сахисан тухай нэг жишээ хуваалц.
-
Хүүхдийн зурагны хажууд Есүсийн зургийг тавьж үзүүл. 2 Нифай 7:1-ийг уншин, Бурханы хүмүүс Түүний сайн мэдээг дуулгавартай дагахаа болих нь Түүнээс “салсантай” адил гэдгийг тайлбарла. Бид баптисмын гэрээ зэрэг гэрээнүүдээ сахихгүй үед өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэг болон Аврагчаас салгадаг гэдгийг харуулахын тулд хүүхдийн зургийг Есүсийн зургаас холдуул. (Баптисмын гэрээг давтахын тулд С ба Г 20:37-г үзнэ үү.) Аврагчийн Цагаатгал Өөрт нь буцаж ойртох боломжийг бидэнд хэрхэн олгодог вэ? Та үүнийг ярилцангаа уг зургуудыг буцаан ойртуулахад хүүхдүүдийг урь.
Есүс Христ намайг нүгэл болон үхлээс авардаг.
Есүс Христ бол тэдний Аврагч гэдгийг мэдэж авахад нь хүүхдүүдэд туслахын тулд та 2 Нифай 9:10–23-ыг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдээс самбар дээр нэг зам зурахад туслахыг хүсээд, замыг дагуулан саад бартааг нэмж зурахад урь. 2 Нифай 9:10-ыг хамтдаа уншаад, уг шүлгээс бидэнд Бурхан руу буцаж очиход саад болдог саад бартааг дүрсэлж байгаа үгсийг ашиглан самбар дээрх саад бартааг нэрлэхэд хүүхдүүдийг урь. Тэгээд Есүс Христ хэрхэн бидний төлөө эдгээр саад бартааг давсан тухай ярьж (2 Нифай 9:21–23-ыг үзнэ үү) мөн ийн ярих зуураа хүүхдүүдийг уг саад бартааг самбараас арилгахад урь.
-
Едений цэцэрлэгээс явж байгаа нь (ChurchofJesusChrist.org) зэрэг Адам, Ева хоёрын зургийг үзүүл. Бурханы Едений цэцэрлэг дэх идэж болохгүй хэмээн өөрсдөд нь хэлсэн жимснээс Адам, Ева хоёр идэхдээ нүгэл болон үхлийг энэ дэлхийд авчирсныг тайлбарла. Есүс Христийн зургийг үзүүл. Есүс нүгэл болон үхлийг хэрхэн ялан дийлснийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд энэ тоймын “Бага насны хүүхдүүд” хэсэгт байгаа заах санаанд буй нүхэнд унасан хүний тухай түүхийг хэлж өг. Тэгээд энэ түүхийн зургийг зурах юм уу жүжигчлэн тоглохыг хүүхдүүдээс хүс. 2 Нифай 9:21–23-ыг уншаад, Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлээ хуваалц.
-
Сүмийн дуулал эсвэл Хүүхдийн дууны ном (эдгээр номон дахь индексийг ашиглаж болно) дээрээс Аврагчийн Цагаатгалын тухай дууг олоход хүүхэд бүрд тусал. Есүсийн бидний төлөө хийсэн зүйлийг дүрсэлж байгаа үгсийг уг дуунуудаас олж, хуваалцахад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдээс Аврагчийн Цагаатгалын талаарх бодол сэтгэгдлээ хуваалцахыг хүс эсвэл та гэрчлэлээ хуваалц.
Би Бурханы зөвлөгөөг дагаснаар адислагдана.
Хүүхдүүдэд Бурханд итгэх бат суурьтай болоход нь тусал. Тэгснээр мэдлэг, чадвар нь нэмэгдэх тусам тэд Түүнд найдаж, Түүний зөвлөгөөг үргэлжлүүлэн дагах болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг дуртай ном, хобби зэрэг сайн мэддэг зүйлийнхээ талаар ярихад урь. Нэг хүүхдээс 2 Нифай 9:20-ийг уншихыг хүсээд, Бурхан “бүх зүйлийг мэддэг” гэдгийг гэрчил. Бурхан бүх зүйлийг мэддэг гэдгийг ойлгох нь яагаад бидэнд чухал вэ?
-
Тэдний нэг найз Сүмийн зарлиг, заавруудыг тэнэглэл гэж хэлж байхыг сонслоо гэж төсөөлөхийг хүүхдүүдээс хүс. Тэд тэр найздаа хандан юу гэж хэлэх байсан бэ? Бүрэн дүүрэн ойлгоогүй ч гэсэн Бурханы зөвлөгөөнд найдах нь яагаад чухал вэ? Эдгээр асуултын талаар тунгаан бодож, ярилцахад тус болох 2 Нифай 9:20, 28–29, 42–43-ыг харахад хүүхдүүдийг урамшуул.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаар ойлгож мэдсэн зүйлээ гэр бүлийнхэндээ заах арга замыг бодож олоход нь хүүхдүүдэд тусал. Тухайлбал, тэд Аврагч бидэнд нүгэл болон үхлийг ялан дийлэхэд хэрхэн тусалдаг тухай тайлбарлахдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглаж болно.