Ирээд, Намайг дага
11-р сарын 23–29. Ифер 1–15: “Итгэлээр бүх зүйл гүйцэлддэг”


“11-р сарын 23–29. Ифер 1–15: ‘Итгэлээр бүх зүйл гүйцэлддэг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 23–29. Ифер 1–15,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Ифер агуйд орж байгаа нь

Гэри Өрнэст Смит, Ифер хадан агуйд нуугдсан нь

11-р сарын 23–29

Ифер 12–15

“Итгэлээр бүх зүйл гүйцэлддэг”

Та Ифер 12–15-ыг уншиж байхдаа, заадаг хүүхдүүдээ бод. Энэ тойм дахь үйл ажиллагааны санаанууд ангийнхаа хүүхдүүдийн хэрэгцээг хангахад танд туслах өөр бусад санааг өгч болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Агуу итгэлээ харуулсан хүмүүсийн тухай судрын түүхийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Зарим жишээг Ифер 12:11–22-оос олж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Ифер 12:6–22

Итгэл бол харж чадахгүй зүйлсэд итгэх явдал юм.

Моронай итгэлийнхээ улмаас агуу зүйлс үйлдсэн хүмүүсийн хэд хэдэн жишээг хуваалцсан. Та хүүхдүүдэд итгэл гэж юу болохыг заахын тул эдгээр жишээг хэрхэн ашиглаж болохоо бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ифер 12:6 дахь “Итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд” гэсэн хэсгийг хүүхдүүдэд уншиж өгөөд, энэ хэсгийг тантай хамт давтаж хэлэхэд тэднийг урь. Харагдахгүй боловч итгэдэг зүйлсээ хүүхдүүдэд хэлж өгч мөн нэмэлт жишээг бодоход нь хүүхдүүдэд тусал. “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50–51) дуу эсвэл итгэлийн тухай өөр дуу тусалж болно.

  • Ифер 12:13–15, 20–21 (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 7885 болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас) дэх итгэлийн жишээг харуулсан зургийг үзүүл. Зургаас юу харж байгаагаа мөн уг түүхийн талаар мэдэх зүйлээ өөрт тань ярих боломжийг хүүхдүүдэд олго. Энэ хүмүүс хэрхэн итгэлээ харуулсан болон итгэлийнх нь улмаас юу болсныг хүүхдүүдтэй ярилц.

  • Хүүхдүүдтэй таах тоглоом тогло. Ифер 12:13–15, 19–20-д дүрсэлсэн итгэлтэй хүмүүс хэн болохыг таатал тэдний тухай сэжүүрийг хүүхдүүдэд гаргаж өг. Дараа нь хүүхдүүдэд яг тэр хүний (эсвэл өөр итгэлтэй хүмүүсийн) талаарх сэжүүрийг ээлжлэн гаргаж өгөх маягаар ангийн бусад хүүхдийг таатал уг тоглоомыг дахин тоглох боломжийг тэдэнд олго. Эдгээр хүний итгэлийн юуг хүндлэн биширдгээ хуваалц.

Ифер 12:23–27

Есүс Христ надад хүчтэй байхад тусалж чадна.

Моронай шиг хүүхдүүдэд заримдаа сул дорой мэт санагдах үе тохиолддог. Аврагч “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болго[дог]” (Ифер 12:27) хэмээх Моронайн сурсан зүйлийг мэдэж авахад тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Биеийн асар их хүч шаардагдаж байж гүйцэтгэдэг ажлыг хүүхдүүдэд дүрслэн хэл. Яг одоо хийхэд хүч нь хүрэхгүй зүйлсийн жишээг хуваалцахад хүүхдүүдийг урь. Бид хэрхэн эдгээр ажлыг хийх хангалттай хүчтэй болж чадах вэ? Бидэнд хийх сүнслэг ажил бас байгаа ч заримдаа сүнслэг байдлын хувьд сул дорой мэт санагддагийг тайлбарла. Моронай ялтсан дээрх өөрийн цэдгийн тухайд ийнхүү мэдэрч байсан. Ифер 12:27-г хүүхдүүдэд уншиж өг. Их Эзэн өөрсдийгөө сул дорой гэж бодож байгаа хүмүүст юу амласан бэ?

  • Аврагч танд эсвэл таны мэдэх хэн нэгэнд ямар нэгэн хүнд зүйл хийхэд тусалж байсан туршлагаасаа хуваалц. Есүсээс тусламж эрэлхийлэх юм бол Тэрээр тэдэнд сул дорой байсан ч гэсэн хүчтэй байхад тусалж чадна гэдгийг хүүхдүүдэд гэрчил.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Ифер 12:5–6

Итгэл бол харж чадахгүй зүйлсдээ итгэх явдал юм.

Таны заадаг хүүхдүүд гэрчлэлийнхээ үндэс суурийг тавьж байгаа. Ифер 12:6 дээрх Моронайн итгэлийн талаарх зөвлөгөө тэдэнд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бошиглогч Ифер “агуу хийгээд гайхамшигт зүйлсийг” жаредчуудад заахыг хичээсэн ч тэд түүний үгэнд итгэсэнгүй. Ифер 12:5-ыг уншаад, тэдний итгээгүй шалтгааныг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Харахгүй байгаа ч гэсэн Тэнгэрлэг Эцэгийн биднээс итгээсэй гэж хүсдэг зарим зүйл юу вэ? Ифер 12:6-г хамтдаа унш. Харахгүй байгаагаасаа болоод сүнслэг үнэнд итгэдэггүй хүмүүст Моронай юу заасан бэ?

  • Бусад хүүхдэд үзүүлэлгүйгээр нэг хүүхдэд нэгэн зураг үзүүлээд, тухайн зургийг ангийнхаа бусад хүүхдэд дүрслэн хэлэхийг түүнээс хүс. Цаг байвал энэ үйл ажиллагааг өөр зургаар хийх боломжийг бусад хүүхдэд олго. Дараа нь Ифер 12:6-г уншихад уриад, “итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд” гэсэн хэсгийг олоход тэднийг урь. Бид Есүс Христийг харж чадахгүй үедээ Түүнд итгэх итгэлээ хэрхэн харуулж болох вэ?

  • Ифер 12:6 дахь “сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй” гэсэн хэсгийг уншихыг хүүхдүүдээс хүс. Бид зарлигийг дагаснаар энэ нь үнэн болохыг мэдэх боломжтой гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Аравны нэг төлөх, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, мэргэн ухааны үгийг даган амьдрах гэх мэт Бурханы биднээс тэр талаар гэрчлэлтэй болоосой гэж хүсдэг сайн мэдээний зарчмуудын талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Дараа нь Би тухай гэрчлэлтэй болохын тулд-ыг хийх ёстой хэмээн самбарт бич. Та эдгээр болон өөр бусад сайн мэдээний үнэний талаар гэрчлэлтэй болохын тулд итгэлээ хэрхэн хөгжүүлснээ хуваалц.

Ифер 12:4, 32

Найдвар бол миний бодгалийн зангуу адил юм.

Бид Христэд итгэдгийнхээ ачаар “дэлхийд [илүү] найдаж болно” (Ифер 12:4) гэдгийг ойлгоход нь заадаг хүүхдүүддээ тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Найдвар” (Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org) дахь “найдвар” гэсэн үгийн тодорхойлолтыг хүүхдүүдтэй хуваалц. Энэхүү тодорхойлолт болон Ифер 12:4, 32 дахь тодорхойлолт дээр үндэслэхэд, бид юунд найдах ёстой вэ? (мөн Моронай 7:40–42-ыг үзнэ үү). Найдвар гэсэн үгээс гадна, найдвар гэх үгийн эсрэг утгатай өөр үгсийг бодоход хүүхдүүдэд тусал. Танд найдвар төрүүлдэг сайн мэдээний зарим үнэнийг тэдэнтэй хуваалцаад, ийнхүү хуваалцахад тэднийг урь.

  • Завь болон зангууны зураг үзүүл (эсвэл самбарт зур). Яагаад завинд зангуу хэрэгтэй вэ? Зангуу байхгүй бол завь яах вэ? Хамтдаа Ифер 12:4-ийг уншаад, найдвар хэрхэн зангуутай адилхан гэдгийг хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдийг завь болон зангууны зураг зураад, гэр бүлийнхэндээ найдварын талаар заахад урь.

Ифер 12:23–29

Есүс Христ надад хүчтэй байхад тусалж чадна.

Хүүхдүүд өсөж том болохын хэрээр өөрсдийн сул дорой байдлыг мэдэх болно. Аврагч хэрхэн “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болго[дог]” (Ифер 12:27) болохыг тэдэнд заахын тулд эдгээр шүлгийг ашигла.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ифер 12:23–25-ыг уншаад, яагаад Моронайн сэтгэл зовж байсныг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Тэдэнд иймэрхүү мэдрэмж төрж байсан эсэхийг асуу. Дараа нь тэднийг 26–27-р шүлгийг уншаад, Их Эзэн Моронайг хэрхэн урамшуулсныг олж мэдэхэд урь. Сул дорой байдалдаа Их Эзэний хүч, тусламжийг хүлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Аврагч танд ямар нэгэн хэцүү зүйлийг хийхүйц хүч чадалтай болоход тусалж байсан туршлагаасаа хуваалц.

  • Хүүхдүүдийг ямар нэгэн сул дорой мөн хүчтэй зүйлийн зургийг зурахад урь. Дараа нь Аврагч хэрхэн сул дорой байдлыг хүчтэй болгодог талаар тэдэнд зааж байгаа Ифер 12:23–29 дэх зарим үг, хэллэгийг зурган дээрээ нэмэхэд урь. Хүүхдүүдэд өөрсдөд нь байж болох сул талуудынхаа талаар бодож, хүчтэй болохын тулд Аврагчийн тусламжийг эрэлхийлэхэд урамшуул.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг тэр талаар гэрчлэлтэй болохыг хүсэж байгаа нэг үнэнийг бичихэд урь. Тухайн үнэний талаар гэрчлэлтэй болохын тулд итгэлээ хөгжүүлэх зорилго тавихад нь тусал.

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа хүүхдүүдээ ойлгохыг хичээ. “Зааж байгаа хүмүүсийнхээ ар гэрийн амьдрал, авьяас чадвар, хэрэгцээг ойлгоход танд туслах арга замыг ол. Суралцагчдаас асуун, тэднийг анхааралтай сонсож, өөр өөр нөхцөл байдалд тэд юу ярьж, хийж байгааг ажигла. … Ойлгохын тулд эцэг эхээс нь асуу. Юуны өмнө зөвхөн Сүнсний өгч чадах ойлголтыг хүлээн авахын тулд залбир” (Аврагчийн арга барилаар заах нь,7).