Ирээд, Намайг дага
10-р сарын 26-аас 11-р сарын 1. Мормон 1–6: “Бү[гдийг] наманчл[ахад] … ятгаж чадаасай билээ би”


“10-р сарын 26-аас 11-р сарын 1. Мормон 1–6: ‘Бү[гдийг] наманчл[ахад] … ятгаж чадаасай билээ би,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“10-р сарын 26 – 11-р сарын 1. Мормон 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Мормон алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Том Ловэлл, Мормон ялтаснуудыг хураангуйлж буй нь

10-р сарын 26-аас 11-р сарын 1

Moрмон 1–6

“Бү[гдийг] наманчл[ахад] … ятгаж чадаасай билээ би”

Мормон 1–6-д дүрсэлсэн үйл явдлуудыг ойлгох нь хүүхдүүдэд хэцүү байж болох ч тэд Мормоны түүхээс ёс бус дэлхийд зөв шударга амьдрах тухай сургамжийг олж авах боломжтой. Та сайн мэдээнд үнэнч үлдэх талаар хүүхдүүдэд заахдаа түүний туршлагыг хэрхэн ашиглаж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүд Мормоны талаар юу мэдэх вэ? Гэр бүлийнхнээсээ ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрхтэй адил Мормоны зургийг үзүүл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Мормон 1:1–3

Би Мормонтой адил зөв шударга байж чадна.

Хэдийгээр таны заадаг хүүхдүүд жаахан ч гэлээ, сүнслэг зан чанарыг хөгжүүлж, зөв шударга амьдарч чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мормон 1:1–3-ыг хүүхдүүдэд уншиж өг эсвэл “49-р бүлэг: Мормон ба түүний зааврууд”-ыг (Мормоны Номын түүхүүд, 138–142 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг) ашиглана уу. Амморон Мормонд тусгай даалгавар өгөхдөө хэдэн настай байсныг олж сонсоход тэднийг урь. Дараа нь хэдэн настай байсныг нь хуруугаараа үзүүлэхийг тэднээс хүс. Мормоны хэдэн настай байсныг төсөөлөн бодоход хүүхдүүдэд туслахын тулд 10 настай хүүхдийн зураг үзүүл. Аммороны бяцхан Мормоноос олж харсан зан чанарыг ойлгоход тэдэнд туслаад, хүүхдүүд Есүс Христийг дагах юм бол Мормонтой адилхан байж чадна гэдгийг гэрчил.

  • Таны энгийн үйлдлийг дагаж үйлдэх тоглоомыг хүүхдүүдтэй тогло. Дараа нь Есүсийн хийсэн зүйлсийн зургийг үзүүлээд, Түүнийг хэрхэн дагаж болох талаар ярь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 33–35, 41–42-ыг үзнэ үү). Жишээлбэл, сайн мэдээг заах, Бурханыг дагахад хүмүүсийг урамшуулах, бусдыг хайрлах гэх мэтээр Мормон хэрхэн Есүс Христийн үлгэр жишээг дагаж байсан тухай ярилц.

Moрмон 3:3, 9

Тэнгэрлэг Эцэг надад олон адислал өгдөг.

Мормоны зааврууд Тэнгэрлэг Эцэгийн өөрсдөд нь өгсөн адислалуудыг ухааран ойлгоход хүүхдүүдэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мормон 3:3 болон 9-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, нифайчууд Тэнгэрлэг Эцэгээр адислагдсан байснаа ухааран ойлгоогүй гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэгийн өгсөн адислалуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэдэнд санаа өгөх зураг эсвэл эд зүйл үзүүл. Тэнгэрлэг Эцэгийн өгсөн адислалуудад талархаж байгаагаа харуулахын тулд бид өнөөдөр юу хийж болох вэ?

  • Хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн өгсөн адислалуудын талаар бодоход тусалж, эдгээр адислалын заримынх нь зургийг зурахыг тэднээс хүс. Зургаа гэртээ нүдэнд харагдахуйц газар тавиад, Тэнгэрлэг Эцэг тэднийг олон арга замаар адисалдаг гэдгийг санахад тэднийг урь. Та мөн тэднийг “Хайрт Эцэг минь Тандаа талархъя” (Хүүхдийн дууны ном, 9) дууны эхний бадгийг дуулж, Тэнгэрлэг Эцэгээс ирдэг адислалуудыг тодорхойлоход урьж болно.

Мормон 3:12

Тэнгэрлэг Эцэг намайг хүн нэг бүрийг хайрлаасай хэмээн хүсдэг.

Та өөрийн заадаг хүүхдүүдэд эргэн тойрны хүмүүсээ хайрлах хүсэлтэй болоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрийг самбарт хүний зураг зураад, зурсан хүн бүр нь бусдаас юугаараа өөр байгааг онцлохыг хүс. Бүх зургийг тойруулан том зүрх зур. Тэнгэрлэг Эцэг бүх хүнийг хайрлаасай хэмээн биднээс хүсдэг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Мормон 3:12-ыг уншаад, “хайрын” болон “хайрладаг байв” гэсэн үгсийг онцол. Мормон бусдыг хайрладгаа харуулахын тулд юу хийсэн бэ?

  • Дэлхийн өөр өөр улс орны хүүхдүүдийн зургийг үзүүлээд, “Бусдыг хайрлаж хүндлэхийг Есүс заасан юм(Хүүхдийн дууны ном, 39) гэх мэт бусдыг хайрлах талаар өгүүлсэн дууг хамтдаа дуул. Өөрийн бүх хүүхдийг хайрлах Бурханы хайрын талаар гэрчил. Хүүхдүүдтэй хамт энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг гүйцээж хий.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Мормон 1:1–3; 2:1, 23–24; 3:1–3, 12, 17–22

Би ч гэсэн Мормонтой адилхан зөв шударга байж чадна.

Аммороныг Мормон ариун цэдгүүдийг хадгалах үүрэг хариуцлагыг үүрч чадна гэдгийг олж харах үед тэр жаахан хүүхэд байсан. Та заадаг хүүхдүүдээсээ ямар зөв шударга зан чанарыг олж хардаг вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрийг Мормон 1:1–3; 2:1, 23–24; 3:1–3, 12, 20–22 зэргээс аль нэгийг нь уншаад, Мормоны талаар юу ойлгож авснаа хуваалцахад тусал. Дараа нь хүүхэд бүрээс олж харсан зөв шударга зан чанарыг хуваалц.

  • Мормоны зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзнэ үү). Мормон нифайчуудын цэдгийг хадгалж, хамгаалж чадах хариуцлагатай, итгэл даахуйц байсан тул бидэнд Мормоны Ном өнөөдөр байгааг олж харахад хүүхдүүдэд тусал. Хариуцлагатай, итгэл даасан байх гэдэг нь ямар утгатай болохыг хүүхдүүдтэй ярилц. Тэднийг илүү хариуцлагатай болж болох арга замын талаар бодоход урь.

    Бяцхан хүү Мормон

    Скотт М.Снөү, 10 настай Мормон

Мормон 2:8–15; 5:10–11

Бурханлаг харуусал жинхэнэ өөрчлөлт рүү хөтөлдөг.

Ёс бус нифайчууд харуусаж байсан ч тэдний харуусал наманчлах хүсэл төрүүлдэг харуусал байгаагүйг Мормон олж харсан (Мормон 2:13-ыг үзнэ үү). Та дэлхийн харуусал, наманчлахад хүргэдэг бурханлаг харуусал хоёрын ялгааг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт Наманчлахад хүргэдэг харуусал болон Наманчлахад хүргэдэггүй харуусал гэсэн гарчгуудыг бич. Хүүхдүүдийг Мормон 2:8, 10–15-р шүлгүүдийг ээлжлэн уншихад урь. Харууслын талаар ойлгож мэдсэн зүйлээ самбар дахь холбогдох гарчгийн доор бичихэд тэдэнд тусал. Бид нүгэл үйлдэхэд мэдэрдэг харуусал биднийг өөрчлөгдөхөд хүргэж байгааг хэрхэн бататгах вэ?

  • Бурханлаг харуусал биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болж өөрчлөгдөхөд хэрхэн тусалж болох талаар ангийнхантай хуваалцуулахаар бишопын зөвлөлийн гишүүн эсвэл нэг хүүхдийн эцэг эхийг урь. Бид бурханлаг эсвэл дэлхийн харууслыг мэдэрч байгаагаа ялган таних нь яагаад чухал вэ? Хүүхдүүдийг Мормон 2:12-ыг судлаад, яагаад наманчлал нь бидний “зүрх сэтгэлийг баяс[гах]” (Мормон 2:12) ёстойг олж мэдэхэд урь.

Мормон 3:12

Би бусдыг хайрлах Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрдэг.

Биднийг хайрладаг болон өөрсөдтэйгөө адилхан хүмүүсийг хайрлах нь ихэнхдээ амархан байдаг ч бид Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар биднээс өөр шашин шүтлэгтэй, аливаа зүйлийг өөрөөр хийдэг хүмүүсийг ч хайрлаж чадна гэдгийг Мормон харуулсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мормон 3:12-ыг уншихад нь нэг хүүхдэд туслаад, бусдыг хайрлах талаар Мормоноос сурсан зүйлээ нэг өгүүлбэрт хураангуйлан бичихэд хүүхдүүдийг урь. Бичсэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Бид бусдыг гэх Бурханы хайрыг хэрхэн мэдэрч болох вэ? (Моронай 7:48-ыг үзнэ үү). Бид хүмүүсийг гэх хайраа ангидаа болон гэр бүлийнхэндээ харуулахын тулд юу хийж болох вэ?

  • Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж гүйцэтгэхэд урь. Биднээс өөр байж болох хүмүүст утга учиртай арга замаар хандаж болох арга замуудын талаар бодоход тэдэнд тусал.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Бусдад хайраа харуулах тухай сануулахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг гэртээ нүдэнд харагдах газарт байрлуулахад хүүхдүүдийг урь. Дараачийн хичээлд хийсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго.

Заах чадвараа сайжруулах

Заадаг хүүхдүүдийнхээ насанд тохируулан үйл ажиллагаануудыг өөрчил. Бага насны хүүхдүүдэд нарийн тайлбарлаж өгөх хэрэгтэй бөгөөд тэдэнд хялбар заах арга барилаар заах хэрэгтэй. Тэд өсөж том болохын хэрээр хичээлд илүү түлхүү оролцож, бодол санаагаа илүү сайн хуваалцдаг болно. Бүх хүүхдэд насанд нь тохируулан хуваалцах, гэрчлэх, оролцох боломж олгож, шаардлагатай үед тусал. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)