Ирээд, Намайг дага
12-р сарын 21–27. Христийн мэндэлсний баяр: “Тэрбээр Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно”


“12-р сарын 21–27. Христийн мэндэлсний баяр: ‘Тэрбээр Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 21–27. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Иосеф, Мариа ба нялх Есүс малын хашаанд

Волтэр Рэйн, Бурханы Хургыг хар

12-р сарын 21–27

Христийн мэндэлсний баяр

“Тэрбээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно”

Хүүхдүүд Христийн мэндэлсний баярыг хэрхэн тэмдэглэдгээ ярих хүсэлтэй байдаг. Есүс Христ дээр болон Түүний төрсөнд талархах сэтгэлд анхаарлаа төвлөрүүлэхэд хүүхдүүдэд туслахын тулд юу хийж болох талаар тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Христийн мэндэлсний баярын өдрүүдэд Есүс Христийг дурсан санахад тусалдаг, гэр бүлээрээ хийдэг зүйлээ ярихад эсвэл зурахад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

1 Нифай 11:13–22; Мозая 3:5–8; Алма 7:9–13; Хиламан 14:1–6; 3 Нифай 1:15, 19–21

Есүс Христ миний Аврагч болохоор төрсөн.

Таны заадаг хүүхдүүд яагаад бид Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдгийг мэддэг үү? Яагаад Есүс Христийн төрсөн нь тэмдэглүүштэй үйл явдал болохыг ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Зургууд үзүүлэнгээ Есүсийн төрөлтийн тухай ярь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 28, 29, 30, 31 гэх мэт). Мэддэг зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Мормоны Номын үед амьдарч байсан хүмүүс Есүс Христийн төрөлтийн тухай мэддэг байсныг хүүхдүүдэд заахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла.

  • Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлийн талаар хүүхдүүдэд заахын тулд Алма 7:11–12 дахь түлхүүр үгсийг унш. Есүс Христийн төрсөнд баярлаж байгаа шалтгаанаа хуваалцаж, Түүний цагаатгагч золиосын тухай бодлоо илэрхийл.

  • Аврагчийн Гетсеманид зовж шаналсан, загалмай дээр нас барсан, амилсан зэрэг Түүний цагаатгагч золиослолыг дүрсэлсэн зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 56, 57, 58, 59-ийг үзнэ үү). Зурган дээрээс харж байгаа зүйлээ танд ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэж очих боломжийг бидэнд олгохын тулд Есүс Христийг бидний үйлдсэн нүглээс болж зовж шаналан, бидний өмнөөс амиа өгч мөн биднийг амилуулахаар дэлхий рүү илгээсэн гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

  • Тэр Хүүгээ илгээсэн” эсвэл “Тэжээлийн тэвшинд” (Хүүхдийн дууны ном, 20–21, 26–27) гэх мэт Есүсийн төрөлтийн тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Есүс төрсний ачаар бидэнд боломжтой болсон адислалуудыг дүрсэлсэн дууны үг хэллэгийг хүүхдүүдэд онцол.

2 Нифай 25:23, 26

Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг.

Мормоны Номыг энэ жил судалж дуусаж байгаа тул энэ ном бол Түүн дээр очиход бидэнд туслах зорилгоор бичигдсэн, “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэдгийг хүүхдүүдэд сануул.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мормоны Номыг хүүхдүүдэд харагдахаар дээш барь. Номын гарчгийг мөн “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэсэн үгсийг унш. Хүүхдүүдэд номыг ээлжлэн барих боломж олгон, хавтсан дээрээс Аврагчийн нэрийг олоход тэдэнд тусал. Мормоны Номын талаарх өөрийн бодлыг мөн энэ нь хэрхэн танд Есүс Христийн талаар суралцахад тусалсныг хүүхдүүдэд ярьж өг.

  • Хүүхэд бүрд Есүсийн зургийг өг эсвэл Түүний зургийг өөрсдөөр нь зуруул. Таныг 2 Нифай 25:23, 26-аас уншиж байх явцад Христийн нэрийг сонсох бүрд зургаа дээш өргөхөд тэднийг урь. Мормоны Ном нь бидэнд “Христэд итгэхэд” (2 Нифай 25:23) туслахын тулд бичигдсэн гэдгийг гэрчил.

  • Мормоны Номоос Есүс Христийн талаар ойлгож мэдэхэд танд тусалдаг дуртай хэсгээ эсвэл түүхээ хүүхдүүдтэй хуваалц. Мормоны Номын дуртай түүхээ хуваалцахыг хүүхдүүдээс хүсээд, тэдгээр түүх нь Аврагчийн талаар суралцаж, Түүнд илүү ойртоход бидэнд хэрхэн тусалдгийг олж харахад тусал. Мормоны Номын түүхүүд дээрх зургуудыг харах нь тухайн түүхээ санахад тэдэнд тусалж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Нифай 11:13–22; Мозая 3:5–8; Алма 7:10–13; Хиламан 14:1–6; 3 Нифай 1:15, 19–21

Есүс Христ миний Аврагч болохоор төрсөн.

Христийн төрөлтийн ач холбогдлыг мөн энэ нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн сайн тусалж чадахаа бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх судрын эшлэлүүдээс нэгийг хүүхэд бүрд өг. Хүүхэд тус бүрийг өөрийн судрыг уншаад, ярьж буй бошиглогчийг тодорхойлж, тухайн бошиглогчийн Есүс Христийн талаар мэддэг байсан нэг зүйлийг хуваалцахад урь. Шаардлагатай бол тусламж үзүүлж, хамтарч ажиллах боломжийг тэдэнд олго.

  • Лук 2:4–14; Матай 2:1–2 болон 3 Нифай 1:15, 19–21-д цэдэглэгдсэн, Есүсийн төрөлттэй холбоотой зарим үйл явдлыг самбарт жагсааж бич. Тухайн үйл явдал Бетлехемд эсвэл Америк тивд эсвэл аль алинд нь болсон эсэхийг тодорхойлохын тулд эдгээр судрыг судлахад хүүхдүүдэд тусал. Яагаад бид Есүс Христийн төрөлтийн болон Аврагчийн номлолын хоёр дахь гэрч болох Мормоны Ном байгаад баярладаг вэ?

  • Хүүхдүүдтэй хамт Алма 7:10–13-ыг унш. Бид эдгээр шүлгээс Есүсийн төрөлт, Түүний бурханлаг мөн чанар, дэлхий дээрх зорилгынх нь талаар юу мэдэж авдаг вэ? Яагаад Есүс Христэд талархдаг талаар хуваалцах боломжийг хүүхдүүдэд олгоод, Түүний тухай гэрчлэлээ хуваалц.

2 Нифай 25:23, 26; 33:4, 10

Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг.

Иосеф Смит Мормоны Номын талаар ярихдаа “бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” хэмээсэн (Мормоны Номын удиртгал). Та хүүхдүүдэд энэ амлалтыг ойлгоход хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрд 2 Нифай 25:23, 26; 33:4, 10-аас нэг нэг шүлгийг өг. Хүүхдүүдийг өөрийн шүлгийг уншаад, Мормоны Номын бошиглогч Нифай биднийг юуг мэдээсэй хэмээн хүссэнийг тодорхойлоход хүүхдүүдийг урь. Олж мэдсэн зүйлээ самбарт бичихийг тэднээс хүс. Эдгээр нь Мормоны Номын чухал зорилгыг дүрсэлдгийг тайлбарла. Мормоны Номын чухал зорилгыг найздаа хэрхэн тайлбарлахаа нэг нэгэндээ жүжигчлэн үзүүлэх боломжийг хүүхдүүдэд олго.

  • Мормоны Номоос Есүс Христийн талаар сурч мэдэхэд танд тусалдаг дуртай хэсэг эсвэл түүхээ хүүхдүүдтэй хуваалц. Мормоны Ном дахь дуртай түүхээ хуваалцахыг хүүхдүүдээс хүсээд, тэдгээр түүх нь Аврагчийн талаар суралцаж, Түүнд илүү ойртоход бидэнд хэрхэн тусалдгийг олж харахад тусал. Есүс бол Христ гэдгийг мэдэхэд Мормоны Ном танд хэрхэн тусалсан талаар хүүхдүүдтэй хуваалц. Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлдэг Мормоны Номын шүлгийн эсвэл түүхийн талаар бодоход хүүхдүүдийг урамшуул. Үүнийгээ Мормоны Номын талаар мэддэггүй найз, гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалцахыг тэднээс хүс.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Мормоны Ном хэрхэн тэдэнд Христийн тухай илүү ихийг ойлгож мэдэхэд тусалсныг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Гэрчлэлийнхээ хэсэг болгон Мормоны Номын нэг шүлгийг эсвэл түүхийг хуваалцахад тэднийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд түүх сонсох дуртай. Түүхүүд нь үнэнд суралцаж, санахад нь хүүхдүүдэд туслах хамгийн сайн арга замын нэг юм. Есүсийн төрөлтийн талаарх түүхийг хуваалцаж байхдаа, Аврагчид итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэхэд тусалсан өөрийн амьдралын түүхийг хуваалцах талаар бодож үзнэ үү.