Ирээд, Намайг дага
6-р сарын 15–21. Алма 13–16: “Их Эзэний амралтад орогтун”


“6-р сарын 15–21. Алма 13–16: ‘Их Эзэний амралтад орогтун,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 15–21. Алма 13–16,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Алма, Амюлек хоёр шоронгоос гарч ирж байгаа нь

Алма, Амюлек хоёр шоронгоос чөлөөлөгдөж байгаа нь, Андрью Босли

6-р сарын 15–21

Алма 13–16

“Их Эзэний амралтад орогтун”

Бат бөх хөрвөлт нь долоо хоногт ганцхан удаа сүнслэг Ням гаргийн хичээлд суухаас илүү их зүйлийг шаарддаг. Ангийн гишүүдийг долоо хоногийн турш хувийн сүнслэг туршлагаа эрэлхийлэхэд урамшуул.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдэд сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах туршлагаасаа бие биетэйгээ хуваалцахад юу нөлөөлж болох вэ? Та тэднийг Алма 13–16-аас олсон өөрсдийг нь гайхшируулсан эсвэл өмнө нь огт бодож байгаагүй ойлголтоосоо хуваалцахад урьж болно. Тэднийг хуваалцаж байхад, энэхүү шинэ ойлголт тэдний амьдралыг хэрхэн өөрчилнө гэж бодож байгааг тэднээс асуу.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Алма 13:1–19

Санваарын ёслолууд Бурханы хүүхдүүдэд Есүс Христээр дамжуулан гэтэлгэгдэхэд тусалдаг.

  • Ангийн тань зарим гишүүн Алма 13-ыг судалснаар санваарт талархах талархлыг нь гүнзгийрүүлсэн ямар нэг зүйлийг олсон байж магадгүй. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Мөн та 2  болон 16-р шүлгийг хамт уншаад, “Санваар болон үүний ёслолууд ‘[Бурханы] Хүүгийн гэтэлгэлийг харуулдан хүлээхэд’ хэрхэн тусалдаг вэ?” гэх мэтээр асууж болно. Хэрэв тус болохоор бол, Итгэлдээ үнэнч байх нь, 109–110-р хуудаснаас ёслолуудын жагсаалтыг үзэж болно.

    Залуу эрэгтэйчүүд ариун ёслолын ширээний дэргэд зогсож байгаа нь

    Санваарын ёслолууд Есүс Христийн гэтэлгэлийг харуулдан хүлээхэд бидэнд тусалдаг.

  • Аммонайха дахь олон хүн санваартнуудын үүргийн талаар хуурамч сургаал заадаг байсан Нихорын дагалдагчид байв. Та ангийн гишүүдэд санваарын жинхэнэ мөн чанарын талаар суралцахад нь туслахын тулд тэднээс санваартнуудын хийвэл зохино гэж Нихорын үздэг зүйлсийг (Алма 1:3–6) Алмагийн заасан (Алма 13:1–12-ыг үзнэ үү) зүйлстэй харьцуулахыг хүсэж болно. Нихорын сургаалууд хүч чадал ба удирдлагын талаарх дэлхийнхний үзэл бодолтой юугаараа адил байна вэ? Алмагийн сургаал юугаараа өөр вэ?

  • Алма 13:1–19-ийг уншсанаар Их Эзэний ажилд гүйцэтгэх үүрэг хариуцлагадаа бид “дэлхийн сууринаас бэлтгэгдсэн” талаарх ярилцлага руу хөтлөгдөж болно. Алма 13:3 нь эдгээр үүргээ хэрхэн харах эсвэл хандах ёстой талаар бидэнд юу заадаг вэ? (мөн С ба Г 138:56-г үзнэ үү).

Aлма 13

Их Эзэн биднийг Түүний амралтад ороход урьдаг.

  • Санваар бидэнд “Их Эзэний амралтад ороход” тусалдгийг Алма заасан (Алма 13:16). Энэ санааны талаар ярилцлага эхлүүлэхийн тулд та ангийн гишүүдээс Алма 13:6, 12–13, 16, 29-ийг уншаад, эдгээр шүлэг “Их Эзэний амралтын талаар” юу зааж байгааг хуваалцахад урьж болно. Тэд мөн “Их Эзэний амралтад ордог” хүмүүсийн зан чанаруудыг тодорхойлж болно. Бид мөнх бус амьдралынхаа туршид Их Эзэний амралтыг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Алма 14

Сорилт бэрхшээл, гай зовлон тулгарах үед бид Их Эзэнд итгэж найдах ёстой.

  • Алма 14 нь биднийг зөв шударга байхыг хичээх үед ч гэсэн бид эсвэл хайртай хүмүүс маань хавчлага эсвэл сорилт бэрхшээлтэй тулгарах үед хэрхэн итгэлтэй хариулж болох талаар ярилцах боломж олгож болох юм. Та эхлээд ангийн гишүүдийг Алма 14 дэх үйл явдлыг сурвалжилж байгаа сэтгүүлчид гэж өөрсдийгөө төсөөлөн бодоход урьж болно. Тэд Алма, Амюлек хоёрт уг үйл явдлын талаар ямархуу төрлийн асуултууд тавих байсан бэ? Жишээ нь, “Их Эзэн яагаад таныг болон бусад зөв шударга хүмүүсийг зовохыг зөвшөөрдөг вэ?” эсвэл “Та хүнд зовлон бэрхшээлтэй тулгарсан хүмүүст ямар зөвлөгөө өгч болох вэ?” Алма 14-өөс сурсан зүйлс дээрээ үндэслэвэл, Алма, Амюлек хоёр эдгээр асуултад хэрхэн хариулж болох вэ?

  • Бидний ихэнх нь Аммонайхагийн итгэлтэй хүмүүсийн зовлонг хараад, Амюлекийн юу мэдэрснийг ойлгодог. Бид ч гэсэн “түүнчлэн [шаналж]” (Алма 14:10), ямар нэгэн юм хийж чаддаг ч байсан болоосой гэж хүсдэг. Энэ тохиолдолд Алмагийн хэлсэн зүйлээс бид юу мэдэж авч болох вэ? (Алма 14:8–13-ыг үзнэ үү). Та ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдлээс хуваалцаж болох юм. Ангийн гишүүд ерөнхийлөгч Кимбаллын мэдэгдлийн гол захиасыг өөрсдийн үгээр товч дүгнэж болно.

Алма 15:16, 18

Шавь байх нь золиослол шаарддаг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь Амюлек юуг орхисон мөн сайн мэдээг хүлээн авснаар юу олж авсныг жагсааж бичихийг санал болгодог. Ангийн гишүүд гаргасан жагсаалтаа хуваалцахыг хүсэж байж магадгүй эсвэл тэд эдгээр жагсаалтыг ангидаа хийж болно. Дараах судрууд тус болно. Үүнд: Алма 10:4–5; 15:16, 18; 16:13–1534:8. Яагаад Амюлек ийм золиослол гаргахад бэлэн байсан бэ? Бид яагаад мөн адил үйлдэхийг хүсдэг вэ? “[Амюлекийг] Их Эзэнд хүчирхэгжүүлсэн” Алмагийн жишээг бид хэрхэн дагаж болох вэ?

Алма 16:1–10

Бошиглогчдын үгс гүйцэлдэх болно.

  • Алма 16 нь бошиглогчид итгэсэн ба итгээгүй хүмүүсийн жишээг үзүүлдэг. Энэ жишээнүүдээс суралцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та Зорам ба Аммонайхагийн хүмүүс гэсэн хоёр гарчгийг самбарт бичиж болно. Ангийн гишүүд Алма 16:1–10-ыг уншаад, гарчиг бүрийн доор эдгээр хүмүүс бошиглогч Алмагийн үгсэд хэрхэн хандаж байсныг харуулсан үг хэллэгүүдийг бичиж болно. Бид амьд бошиглогчийн үгэнд итгэдэг гэдгээ Тэнгэрлэг Эцэгтээ харуулахын тулд юу хийж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдээс өөрсдийгөө сайн мэдээг хуваалцахдаа илүү сайн байсан ч болоосой гэж бодож байсан эсэхийг асуухыг бодож үз. Алма 17–22-ыг унших нь энэ зорилгодоо хүрэхэд туслах санаануудыг олж авахад тэднийг сүнслэгээр өдөөж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бурхан эмгэнэлт явдлаас байнга урьдчилан сэргийлдэггүй.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл өмнө нь дэлхийд тохиолдож байсан, тайлбарлашгүй мэт санагддаг олон эмгэнэлт явдлыг ийн тайлбарлажээ.

“Их Эзэн эдгээр эмгэнэлт явдлаас сэргийлж чадах байсан уу? Хариулт нь тийм. Их Эзэн бидний амьдралыг удирдах, биднийг өвчин зовлонгоос аврах, бүхий л осол эндэгдлээс сэргийлэх, бүр хүсвэл үхлээс хүртэл хамгаалах бүх хүчийг эзэмшдэг бүхнийг чадагч юм. Гэхдээ тэр тэгэхгүй. …

Хэрэв бидний эдгээсэй гэж залбирдаг өвчтэй хүмүүс эдгэрч, зөв шударга бүх хүн хамгаалагдаж, ёс бусчууд устгагдвал Эцэгийн төлөвлөгөө бүхэлдээ ашиггүй болж, сайн мэдээний үндсэн зарчим болох чөлөөт сонголт нь төгсгөл болно. Хэн ч итгэлээрээ амьдрах шаардлагагүй болох байсан. …

… Хэрэв бидний уй гашуу, зовлонгийн үүдийг хаавал хамгийн агуу найз болон туслагчдаа бид хөөн явуулах байсан биз. Зовлон зүдгүүр нь хүмүүсийг тэвчих, удаан тэсвэрлэх болон өөрийгөө хянах чадварт сургадаг ба тэднийг гэгээнтнүүд болгодог. …

… Би санваар байсан ч гэсэн бүх өвчтөнг эдгээж чадахгүйдээ талархдаг. Би үхэх ёстой байсан хүнийг эдгээж, зовох ёстой байсан хүнийг зовлонгоос нь ангижруулж болох байсан байх. Гэхдээ би Бурханы зорилгуудад саад болох байсан байх гэж эмээдэг.

Хэрэв би хязгааргүй хүчтэй байгаад, хязгаарлагдмал үзэл, ойлголттой байсан бол Абинадайг галд шатаж байхад галын дөлөөс аварч, ийнхүү үйлдсэнээр түүнийг нөхөж баршгүй хохироож болох байсан. Тэр амиа өгсөн ба амиа өгсөн хүмүүст олгогддог шагнал болох өргөмжлөлийг хүртсэн юм.

Хэрэв би хязгааргүй хүч чадалтай байсан бол Паулыг дайснуудаас нь хамгаалах байсан. Би түүний ‘махан бие дэх өргөсийг’ эдгээх байсан нь гарцаагүй. [2 Коринт 12:7]. Ингэснээр би Их Эзэний төлөвлөгөөг нурааж болох байв. …

Хэрэв би 1844 оны 6-р сарын 27-нд Картежийн шоронд байсан бол бошиглогч [Иосеф Смит] болон Патриарх [Хайрум Смит]-ийн бие рүү нэвт орсон сумнуудын чигийг өөрчлөх байсан биз. Би тэднийг зовлон зүдгүүрээс нь аварч болох байсан ч амиа өгөгчдийн хүлээн авдаг шагналаас нь бас салгачих байсан байх. …

Би ийм хязгааргүй хүчтэй байсансан бол Христийг Гетсемани дахь зовлон, доромжлол, өргөст титэм, шүүх дэх басамжлал, бие махбодын гэмтлээс нь хамгаалахыг хүсэх нь тодорхой. Би Түүнд алимны цууны оронд хүйтэн ус өгч, шархыг нь цэвэрлэж, эдгээх байсан. Би Түүнийг зовлон, үхлээс аварч, харин оронд нь дэлхий цагаатгагч золиослолыг нь хүртэх боломжоо алдах байсан. …

Эмгэнэлт үйл явдал тохиолдох үед бид Бурханд итгэж найдан, хэдийгээр бидний харах чадвар хязгаарлагдмал ч гэлээ Түүний зорилго хэзээ ч бүтэлгүйтэхгүй гэдгийг мэдэх ёстой” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 14–17, 20).

Заах чадвараа сайжруулах

Хичээнгүйлэн суралцахад урь. “Та хичээлдээ бэлдэж байхдаа “Би хичээлээ заахын тулд юу хийх вэ?” гэж бодохын оронд “Ангийн гишүүд маань суралцахын тулд юу хийх вэ?” гэж өөрөөсөө асуу. (Аврагчийн арга барилаар заах нь, 29).