“Та бол Есүс Христийн Сүмийн багш,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“Та бол Есүс Христийн Сүмийн багш,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
Та бол Есүс Христийн Сүмийн багш
Та Бурханаас Түүний хүүхдүүдэд Аврагчийн арга барилаар заахаар дуудагдсан. Та Түүний ариун санваарын эрх мэдлээр энэхүү дуудлагадаа онцгойлон адислагдсан. Та туршлагатай багш биш байсан ч зохистой амьдарч, өдөр бүр залбирч, судраас судалбал амжилттай байхад тань туслахын тулд Тэнгэрлэг Эцэг танд Ариун Сүнсний нөлөө болон хүчийг өгөх болно (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).
Таны халамжид даатгагдсан хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэрээр тэдэнд юу хэрэгтэйг мөн тэдэнд хэрхэн хамгийн сайнаар хүрч болохыг мэддэг. Таныг хичээлээ бэлдэж мөн заах үед Бурхан Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлнэ. Тэрээр таны юу хэлэх, юу заах хэрэгтэйг танд илчилнэ (2 Нифай 32:5-ыг үзнэ үү).
Сайн мэдээг заах, үүнээс суралцах гол зорилго нь амьдралыг өөрчлөхөд оршдог. Багшийн хувьд таны зорилго бол зааж байгаа хүмүүстээ Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхийн тулд чадах бүхнээ хийхэд туслах явдал билээ. Энэ зорилго нь хичээлээс гадуурх цагаар ч үргэлжилдэг. Зааж байгаа хүмүүсээ Есүс Христийн зарчим, сургаалуудаас суралцах үйл явцад идэвхтэй оролцож, ойлгож авсан зүйлсээ хэрэгжүүлдэг байхад урь. Тэднийг хичээлээс гадуурх хувийн болон гэр бүлийн суралцах цагаа сайн мэдээнээс суралцах үндсэн эх сурвалж болгоход урамшуулан дэмж. Тэд хувиараа болон гэр бүлээрээ суралцаж, итгэлээр үйлдсэнээр Сүнсийг амьдралдаа урих ба Сүнс нь жинхэнэ хөрвөлтийг авчирдаг билээ. Багшийн хувьд таны хийх бүх зүйл энэхүү ариун нандин зорилго руу чиглэх ёстой.
Зөвхөн судруудад болон хожмын үеийн бошиглогчдын үгсэд байдаг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг заа. Бурханы болон Түүний үйлчлэгчдийн заасан мөнхийн, өөрчлөгдөшгүй үнэн болоод цэвэр сургаал нь Сүнсийг урьж, амьдралыг өөрчлөх хүчтэй байдаг.
Багшлах дуудлага бол ариун нандин итгэл найдвар бөгөөд заримдаа хийж чадахгүй мэт санагдах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг таныг дуудсан бөгөөд хэзээ ч орхихгүй гэдгийг бүү мартаарай. Энэ бол Их Эзэний ажил бөгөөд та “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (С ба Г 4:2) үйлчилбэл Тэр таны чадвар, бэлэг, авьяасыг нэмэгдүүлж, таны үйлчлэл зааж буй хүмүүсийн тань амьдралыг адислах болно.