Хоньчин болох нь
Таны тохинуулдаг хүмүүс таныг найзаа гэж харан, өөрсдийнх нь нөхцөл байдлыг мэддэг, найдвар, хүсэл тэмүүлэлд нь дэмжлэг үзүүлдэг хамгаалагч, итгэл хүлээсэн хүн болохыг тань ухаарах болно гэдэгт найдаж байна.
Жилийн өмнө, Чили улсад байхдаа уулзсан Хүүхдийн хэсгийн нэгэн хүүхэд намайг инээмсэглэхэд хүргэж билээ. Тэр “Сайн байна уу? Намайг Дэвид гэдэг. Та миний тухай Ерөнхий чуулган дээр ярих уу?” гэсэн юм.
Нам гүм хэсэгхэн хоромд би Дэвидийн тэр ер бусын мэндчилгээний тухай тунгаан бодов. Бид бүгд л хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Бид чухал байхыг мөн дурсан санагдахыг бас хайрлуулахыг хүсдэг.
Ах, эгч нар аа, та нарын хүн нэг бүр чухал. Ерөнхий чуулган дээр таны тухай ярихгүй байгаа ч гэсэн Аврагч таныг мэддэг бөгөөд хайрладаг. Хэрэв та үнэн эсэхийг нь мэдэхийг хүсэж байвал Тэр “[та нарыг] гарынхаа алган дээр сийлсэн”1 гэдгийг тунгаан бодоорой.
Аврагч биднийг хайрладаг гэдгийг мэдсэнээр бид Түүнийг хайрладаг гэдгээ хэрхэн хамгийн сайн харуулж болох вэ гэж бодож болох юм.
Аврагч Петрээс “чи Намайг … хайрладаг уу?” хэмээн асуухад
Петр “Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ” гэж хариулсан. Есүс түүнд “Миний хургануудыг тэжээ” гэв.
“Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс хоёр дахь, гурав дахь удаагаа асуув. Петр өөрөөс нь дахин асуусанд гуниглан, “Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд—Миний хоньдыг тэжээ”2 гэж хэлсэн.
Петр өөрийгөө Христийг хайрладаг дагалдагч гэдгийг аль хэдийн нотлоогүй байсан гэж үү? Тэднийг анх удаа нуурын эрэг дээр тааралдахад тэрээр Аврагчийг дагахын тулд “тэр даруй” загасны тороо орхисон.3 Петр үнэхээр хүмүүсийн загасчин болсон. Тэрээр Аврагчийг номлож байх үеэр хамт дагалдан, Есүс Христийн сайн мэдээг бусдад заан тусалдаг байсан.
Гэвч амилсан Их Эзэн Петрийн дэргэд үргэлж хамт байж, хэзээ хэрхэн үйлчлэхийг харуулаад байж чадахгүй гэдгээ мэдэж байсан юм. Аврагчийг эзгүй үеэр Петр Сүнснээс удирдамж эрэлхийлж, өөрөө бие даан илчлэлт хүлээн авахаас гадна үйлдэх итгэлтэй мөн зоригтой болох ёстой байсан. Аврагч Петрийг хоньдод нь анхаарлаа хандуулаасай мөн хэрэв Өөрөө тэнд байсан бол юу хийх байсантай адил хийгээсэй хэмээн хүсэж байв. Тэрээр Петрээс хоньчин болохыг хүссэн.
Өнгөрсөн 4-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тохинууллаар дамжуулан илүү ариун нандин арга замаар Эцэгийн хоньдыг тэжээх дээрхтэй адил урилгыг бидэнд өгсөн.4
Бид уг урилгыг бүтээлчээр хүлээн авахын тулд хоньчны зүрх сэтгэлийг хөгжүүлж, Их Эзэний хоньдын хэрэгцээг ойлгодог байх ёстой. Бид хэрхэн Их Эзэнд хэрэгтэй тэрхүү хоньчид болох вэ?
Бид бүх асуултынхаа талаар Сайн Хоньчин—Аврагч, Есүс Христэд хандаж болно. Аврагчийн хоньд танигдаж, тоологдсон. Тэднийг харж ханддаг бөгөөд тэд Бурханы сүрэгт цуглуулагдсан.
Танигдаж, тоологдсон хоньд
Бид Аврагчийн үлгэр жишээг дагахаар хичээх үедээ эхлээд Түүний хоньдыг таньдаг болж, тэгээд тоолох ёстой. Их Эзэний нийт сүрэг тоологдсон, хэн нь ч мартагдаагүй байгаа гэдэгт итгэлтэй байхын тулд биднийг тодорхой хувь хүн, гэр бүлүүдэд үйлчлүүлэхээр оноож өгдөг. Хэдий тийм ч, тоологдох нь зөвхөн тооны тухай асуудал биш юм. Энэ нь хүн нэг бүр Аврагчийн төлөө үйлчилдэг хэн нэгнээр дамжуулан Түүний хайрыг мэдрэх явдлыг баттай болгох явдал юм. Ийм замаар бүгд хайрт Тэнгэр дэх Эцэг тэднийг мэддэг гэдгийг ухаарч чадна.
Би саяхан өөрөөсөө тав дахин эгч эмэгтэйд тохинуулахаар томилогдсон нэгэн залуу эмэгтэйтэй уулзсан юм. Тэд хоёулаа хөгжимд дуртай гэдгээ олж мэджээ. Залуу эмэгтэйг айлчлан очих үед тэд хамтдаа дуу дуулж, дуртай хөгжмийнхөө талаар ярилцдаг. Тэд хэн хэнийх нь амьдралыг адисалдаг нөхөрлөлийг үүсгэж байгаа.
Таны тохинуулдаг хүмүүс таныг найзаа гэж харан, өөрсдийнх нь нөхцөл байдлыг мэддэг, найдвар, хүсэл тэмүүлэлд нь дэмжлэг үзүүлдэг хамгаалагч, итгэл хүлээсэн хүн гэдгийг тань ухаарах болно.
Саяхан би өөрөө төдийгүй хамтрагч маань ч сайн таньдаггүй нэгэн эгчид тохинуулахаар болсон юм. Тохинууллын маань хамтрагч 16 настай Жэсстэй зөвлөлдөхөд тэрээр “Бид түүнийг мэддэг болох хэрэгтэй” гэж мэргэн санал гаргав.
Бид тэр даруй селфи болон танилцуулгаа цэгцлэх шийдвэр гаргалаа. Би утсаа барьж, Жэсс зураг дарахаар товчлуурыг дарав. Тохинуулах анхны боломж маань хамтрагчид болох бидний хүчин чармайлт байв.
Анхны айлчлалаараа бид уг эгчээс өөрийнх нь төлөө залбирахдаа юуг багтаан залбирч болохыг асуув. Тэрээр өөрийн хувийн асуудлыг хуваалцаж, бидний залбирлыг дуртайяа хүлээн авахаа хэлсэн. Түүний үнэнч зан, итгэлтэй байдал тэр даруй хайрын холбоог бий болгосон. Түүнийг өдөр тутмынхаа залбиралд оруулан, санаж байх нь юутай онцгой эрх вэ.
Та залбирч байхдаа, тохинуулж буй хүмүүсийг тань хайрлах Есүс Христийн хайрыг мэдрэх болно. Тэдэнтэй энэ хайрынхаа талаар хуваалцаарай. Аврагчийн хайрыг танаар дамжуулан мэдрэхэд нь тэдэнд туслахаас илүү Түүний хоньдыг тэжээх сайн арга бий гэж үү?
Хоньдыг харж ханддаг
Хоньчны зүрх сэтгэлтэй байх хоёр дахь арга бол Түүний хоньдыг харж хандах явдал юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид юуг ч засаж, янзалж, дахин барьж босгож чадна. Бид тусламжийн гараа сунгахдаа, тэр байтугай таваг жигнэмгээр ч болов ямар нэгэн хэрэгцээг хангаж, хариу үзүүлэхдээ шаламгай хүмүүс. Гэвч үүнээс илүү зүйл байна уу?
Манай хоньд өөрсдийг нь хайрлан харж ханддагийг мөн ихэнхдээ гуйгаагүй байхад нь хүртэл тусламж үзүүлэх арга хэмжээ авах болно гэдгийг маань мэддэг үү?
Бид Maтай 25-р бүлгээс ийнхүү уншдаг:
“Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. … та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.
Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан: …
зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ?
Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруул[сан] бэ?”5 гэв.
Ах эгч нар аа, энэ хэсгийн түлхүүр үг нь хараад гэдэг үг юм. Зөв шударга хүмүүс ажиглаж, анзаарч байсан учраас гачигдалтай хүмүүсийг олж харсан. Бид бас туслах, тайвшруулах, баярлан тэмдэглэх, бүр мөрөөдөх зэрэгт ажигч нүд байж чадна. Тэгээд бид үйлдэхдээ Матай дахь “Та нар эдгээр … нэгэнд нь … тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг”6 гэсэн амлалтын баталгаа болж чадна.
Нэг найз маань бидний нүдэнд тэр болгон өртөөд байддаггүй хэрэгцээг олж харах үед юу тохиолдож болох талаар хуваалцсан юм. Түүнийг Жон гэж нэрлэе. Тэр ингэж ярьсан юм: “Манай тойргийн нэг эгч амиа хорлохыг завдсан байсан. Хоёр сарын дараа би чуулгаас маань хэн нь ч энэ эмгэнэлт явдалтай холбоотойгоор нөхөртэй нь ярилцаагүй байсныг олж мэдсэн юм. Харамсалтай нь, би ч гэсэн юу ч хийгээгүй байсан. Эцэстээ, би нөхрийг нь үдийн хоолонд урив. Тэр ичимхий, дуу цөөтэй хүн байлаа. Гэхдээ намайг ‘Таны эхнэр амиа хорлохыг завдсан. Танд маш хүнд байгаа байх. Та энэ талаар яримаар байна уу?’ гэж хэлэхэд тэр шууд уйлж гарав. Бид намуухан, сэтгэл хөдөлгөм дотно яриа өрнүүлэн, хэдхэн хоромд дотносож, бидний хооронд итгэлцэл төрсөн юм.”
Жон “бидний хандлага зүгээр нэг зүсэм бялуу өгөхөөс илүүтэй, хэрхэн тухайн нөхцөл байдалд үнэн зөв, шударга хандаж, хайраа үзүүлэх аргуудыг олох нь илүү чухал”7 гэж нэмж хэлсэн юм.
Бидний хоньд шаналж, төөрөлдөн, бүр зориуд замаасаа хазайдаг ч байж магадгүй. Бид хоньчид нь учраас тэдний хэрэгцээг хамгийн түрүүнд олж харах хүмүүсийн нэг байж болно. Бид шүүхгүйгээр сонсож, хайрлаж мөн итгэж найдахыг санал болгож, Ариун Сүнсний ялган таних удирдамжаар тусалж чадна.
Ах, эгч нар аа, та бүхний хийж гүйцэтгэдэг сайхан сэтгэлийн, сүнслэг нөлөө бүхий үйлдлээс дэлхий ертөнц илүү итгэл найдвараар дүүрч, баяр баясгалантай байх болно. Та бүгд Их Эзэний хайрыг хэрхэн хүргэх, тохинуулах хүмүүсийнхээ хэрэгцээг хэрхэн таних тал дээр Түүний удирдамжийг хайх үед нүд тань нээгдэх болно. Таны тохинууллын ариун дуудлага танд сүнслэг өдөөлт хүлээн авах тэнгэрлэг эрхийг өгдөг. Та энэхүү сүнслэг нөлөөг бат итгэлтэйгээр эрэлхийлж чадна.
Бурханы сүрэгт цуглуулагдсан нь
Гуравт, бид хоньдоо Бурханы сүрэгт цуглуулагдсан байгаасай гэж хүсдэг. Үүнийг хийхийн тулд бид тэднийг гэрээний зам дээр чухам аль хэсэгт байгаа талаар эргэцүүлэн бодож, итгэлийн аянд нь тэдэнтэй хамт алхах хүсэлтэй байх ёстой. Тэдний зүрх сэтгэлийг мэдэж авч, Аврагч руу хандуулах нь бидний ариун нандин эрх юм.
Фижи дэх Жосивини эгчид гэрээний замаар урагшлахад хэцүү байдаг байв. Найз нь Жосивиниг судраа уншихдаа сайн харж чадахгүй байгааг нь олж анзаарчээ. Тэр Жосивинид шинэ нүдний шил мөн Мормоны Номон дээр Есүс Христийн нэрийг дурдах бүрд тодруулж байх шар өнгийн харандаа өгчээ. Тохинуулах мөн судар судлахад нь туслах энэ энгийн хүсэл 28-тайдаа баптисм хүртсэн Жосивиниг 28 жилийн дараа ариун сүмд анх удаа очиход хөтөлсөн байна.
Хоньдын маань сул дорой эсвэл хүчтэй, шаналж зовсон эсвэл баяр баясгалантай байгаагаас үл хамааран бид хэнийг ч ганцаардуулахгүй байлгаж чадна. Тэд сүнслэг байдлын хувьд ямар ч байлаа гэсэн бид тэднийг хайрлаж, дэмжлэг туслалцаа санал болгож, дараагийн шат руу урагшлахад нь урамшуулан дэмжиж чадна. Залбирч, тэдний зүрх сэтгэлийг ойлгохыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг биднийг удирдан чиглүүлж, Түүний Сүнс бидэнтэй хамт явах болно гэдгийг би гэрчилж байна. Түүнийг тэдний нүүрний өмнө явах үед бид “[тэдний] эргэн тойронд тэнгэр элчүүд”8 нь байх боломжтой.
Их Эзэн биднийг Өөрийнх нь хоньдыг тэжээхэд урьсан. Тэрээр биднийг улс үндэстнийхээ, эх орныхоо хоньчид нь байхад урьсан. (Тийм ээ, ахлагч Угдорф оо. Бид герман хоньчдод хайртай бас тэд бидэнд хэрэгтэй.) Мөн Тэрээр залуу хүмүүсийг энэ үйл хэрэгт нэгдээсэй хэмээн хүсдэг.
Манай өсвөр үеийнхэн хамгийн хүчтэй хоньчид маань байж чадна. Тэд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний хэлснээр “Их Эзэний энэ дэлхий рүү илгээж байсан хүмүүсийн хамгийн шилдэг хүмүүсийн нэг хэсэг нь юм. Тэд бол язгууртан сүнснүүд бөгөөд Аврагчийг дагадаг “шилдэг тоглогчид”9 юм. Түүний хоньдыг анхаарах үедээ тэдний авчрах эрч хүчийг та нар төсөөлж байна уу? Бид тэдгээр өсвөр үеийнхэнтэй мөр зэрэгцэн тохинуулж байхдаа гайхамшигтай зүйлс тохиолдохыг хардаг.
Залуу эрэгтэйчүүд ээ, залуу эмэгтэйчүүд ээ, та нар бидэнд хэрэгтэй байна. Хэрэв та бүхэн тохинуулах даалгавар аваагүй байгаа бол Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчдын чуулгын ерөнхийлөгчтэйгөө ярилцаарай. Тэд Их Эзэний хоньдыг танигдсан, тоологдсон, харж хандсан мөн Бурханы сүрэгт баттай цуглуулагдсан байхад хувь нэмрээ оруулахыг хүссэн хүсэлд тань баясах болно.
Хайрт Аврагчийнхаа өмнө өвдөг сөгдөн суух өдөр ирэхэд Түүний сүргийг тэжээсэн бид Петрийн “Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ”10 гэж хариулсны адилаар хариулж чадна хэмээн би залбирч байна. Түүний хоньд болох тэд хайрлагдсан, аюулгүй байдалд, гэртээ байна. Есүс Христийн нэрээр, амен.