Аврагчийн адил тохинуулах нь
Бид мөнхийн ах, эгч, дүүсдээ хайраар тохинуулснаараа Бурханд талархаж, хайрлаж явдгаа харуулах ёстой.
Бурханаас байнга илчлэлт авч буй энэ цаг үед амьдарч байгаа маань ямар гайхалтай адислал вэ. Бид энэ үеийн бошиглогдсон үйл явдлуудаар дамжуулан ирэх мөн ирсэн “бүх зүйлийн сэргээлт” 1-ийг хүсэн хүлээж, зөвшөөрснөөр Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байна.2
Аврагчтай уулзахаар бэлтгэхдээ бие биендээ хайраар тохинуулан, Түүнтэй илүү адил болохыг хичээхээс илүү сайн арга зам гэж юу байх билээ! Есүс Христ энэ эрин үеийн эхлэлд дагалдагчдадаа “Хэрэв чи намайг хайрладаг бол чи надад үйлчлэх болно”3 хэмээн заасантай энэ нь адил юм. Бусдад үйлчлэх нь Бурхан, Түүний Хүү Есүс Христийг хайрлах бидний хайр, талархал, шавь байхын илэрхийлэл болдог.
Заримдаа бид хөршдөө үйлчлэхийн тулд ямар нэг агуу бөгөөд баатарлаг үйлс бүтээх ёстой гэж боддог. Гэвч үйлчлэлийн энгийн үйлдлүүд нь бусдад болон өөрсдөд маань хүчирхэг нөлөө үзүүлж чадна. Аврагч юу хийсэн бэ? Христийн амилсны баярын энэ сайхан ням гарагт бидний тэмдэглэдэг Түүний Цагаатгал, Түүний Амилалтын мөнхийн бэлгээр дамжуулан “Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүнд ийм хүчтэй нөлөөг хэн ч үзүүлж байгаагүй.”4 Тэрээр инээмсэглэж, ярьж, хамт алхаж мөн сонсож, цаг гаргаж, урамшуулан дэмжиж бас зааж, хооллож, уучилж байсан. Тэр гэр бүл, найз нөхөд, хөршүүдэд болон танихгүй хүмүүст ч мөн адил үйлчилж, танилуудаа болон хайртай хүмүүсээ Өөрийн сайн мэдээний гайхамшигт адислалуудын баяр хөөрийг хүлээн авахад урьсан. Үйлчлэл, хайрын эдгээр “энгийн” үйлдэл өнөөдөр бидний хийх тохинууллын загвар болж өгдөг.
Та Аврагчийг төлөөлөн тохинуулах үедээ өөрөөсөө “Би сайн мэдээний гэрлийг энэ хүнтэй эсвэл энэ гэр бүлтэй хэрхэн хуваалцах вэ? Сүнс намайг юу хийхэд урьж байна вэ?” гэж асуугаарай.
Тохинууллыг хувь хүн бүр өөрийн гэсэн олон арга замаар хийж болно. Тэгэхээр тохинууллын ямар ямар жишээ байдаг вэ?
Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд залбирч байгаад, үүрэг даалгаврын талаар зөвлөлдөх нь тохинууллын жишээ юм. Удирдагчид хийх зүйлийг нь бичсэн цаас өгөхөөс илүүтэй, ах эгч нартаа үйлчлэх үүрэг даалгаврыг өгөхийн тулд хувь хүн, гэр бүлүүд дээр биечлэн очих тухай зөвлөлдөх нь тохинууллын жишээ юм. Хамтдаа алхах, үдшийг цуг тоглон өнгөрөөх, үйлчлэл хийх, тэр ч байтугай хамтдаа үйлчлэх нь ч мөн адил тохинууллын жишээ юм. Биеэр очиж уулзах, утсаар эсвэл онлайнаар ярих, мессеж бичих нь ч мөн үүний нэг жишээ билээ. Төрсөн өдрийн мэндчилгээний ил захидал аваачиж өгөх, хөл бөмбөгийн тэмцээн дээр нь очиж хөгжөөн дэмжих ч мөн адилхан. Хэн нэгэнтэй чухал ач холбогдолтой судар эсвэл чуулган дээр хэлсэн үгээс хуваалцах нь ч бас нэгэн тохинууллын жишээ юм. Сайн мэдээний асуултын талаар ярилцах, тодорхой ойлголт болоод амар амгаланг авчрах гэрчлэлийг хуваалцах нь ч мөн адил. Хэн нэгний амьдралын нэгэн хэсэг болж, түүнд анхаарал халамж тавих нь бас тохинууллын жишээ болдог. Түүнчлэн тэрхүү хэрэгцээ бүхий, хүчирхэгжүүлэх тохинууллын ярилцлагыг мэдрэмжтэй, зохистой байдлаар хийх нь ч мөн адил юм. Мөн тойргийн зөвлөл илүү том хэрэгцээг хангахын тулд хариу үйлдэхээр зохион байгуулж байгаа нь ч бас тохинууллын жишээ билээ.
Ийм тохинуулал нөхрөө магистрийн зэргээ авахаар сургуульдаа орох үед гэрээсээ хол нүүж очсон нэгэн эгчийг хүчирхэгжүүлсэн юм. Тэрээр жаахан хүүхэдтэйгээ таньж мэдэхгүй шинэ газар төөрч будилсан байдалтай мөн гар утас нь ажиллахгүй ганцаардсан байжээ. Халамжийн нийгэмлэгийн нэгэн эгч урьдчилж хэлэлгүйгээр, хүүхдэд нь таарах жижигхэн гутал авчирч, тэр хоёрыг машиндаа суулгаад, хүнсний дэлгүүр рүү хүргэж өгчээ. “Маш хэцүү үед тэр надад тусалсан” хэмээн тэрхүү баярлаж талархсан эгч хэлж байсан.
Сүмдээ ирээгүй удсан эгчийг олж ирэх даалгавар хүлээн авсан Африкийн нэгэн настай эгч жинхэнэ тохинуулал гэж юу болохыг харуулсан юм. Тэрээр уг эгчийн гэрт очоод, эмэгтэйг зодуулж, дээрэмдүүлэн, идэх юмгүй шахуу бас Сүмд очихдоо өмсөх ямар ч хувцасгүй байсныг олж мэджээ. Тохинуулахаар томилогдсон энэ эгч түүн дээр сонсох хүсэлтэй мөн ногооны талбайгаасаа түүсэн жимс ногоотой, унших судартай, нөхөрлөх чин сэтгэлтэй очсон байв. Сүмдээ “ирээгүй” удсан тэр эгч удалгүй Сүмдээ буцаж ирээд, хайрлагдсан бас үнэ цэнтэй хүн гэдгээ мэдсэн учраас одоо дуудлага аван үйлчилж байна.
Халамжийн нийгэмлэгийн ийм хүчин чармайлтыг шинэ бүтцийн өөрчлөлтөд орсон ахлагчийн чуулгатай нэгтгэн хослуулах нь гайхамшигтай үр дүнд хүрэх эв нэгдлийг авчрах болно. Тохинуулал нь “гишүүн бүрийн гэрээр айлчлан,” “Сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх” санваарын үүргийг5болон тусламж хэрэгтэй хүмүүст туслах замаар мөнх амьдралын адислалуудад бэлтгэх Халамжийн нийгэмлэгийн зорилгыг6 хамтад нь биелүүлэх нэгдмэл хүчин чармайлт болдог. Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд хувь хүн, гэр бүл бүрийг харж хандах, халамжлах хамгийн сайн арга замыг бишопын удирдлаган доор хамт эрэлхийлж болно.
Би нэг жишээ хуваалцъя. Нэгэн ээж хавдартай гэсэн оноштой байв. Удалгүй түүнийг эмчилгээгээ хийлгэж эхэлмэгц Халамжийн нийгэмлэгийн эгч нар гэр бүлд нь хоол аваачих, эмчид үзүүлэхэд нь хүргэж өгөх болон бусад тусламж дэмжлэгийг хэрхэн үзүүлэх талаар зөвлөлдөн, ажилдаа оржээ. Тэд түүн дээр тогтмол очиж, хөгжилтэй харилцаа үүсгэн нөхөрлөх болов. Үүний хажуугаар, Мелкизедик санваарын чуулга ч бас маш хурдан оролцож эхэлсэн. Тэд өвчтэй эгчийг асарч тойлоход хялбар болгохын тулд унтлагын бас угаалгын өрөөг нь засаж янзалж өгчээ. Залуу эрэгтэйчүүд мөн энэхүү онцгой үйл явдалд гар бие оролцов. Залуу эмэгтэйчүүд нохойг нь өдөр бүр гадаа салхинд гаргахаар бүгдийг баяр хөөртэй зохицуулсан байна. Цаг хугацаа өнгөрч, тойргийнхон ч үйлчлэлээ үргэлжлүүлэн хийж, хэрэгтэй үед тохирох нэмэлт тусламжийг үзүүлж байв. Энэ бол үнэхээр хайрын хөдөлмөр байсан бөгөөд гишүүн нэг бүр эв нэгдэлтэй, өөрийн гэсэн тодорхой арга замаар зөвхөн зовж шаналж байсан эгчийг төдийгүй гэр бүлийнх нь гишүүн бүрийг харж халамжилжээ.
Энэ бүх хамгийн сайн хүчин чармайлтын дараа эцэст нь тэр эгч хорт хавдрынхаа улмаас нас баржээ. Тойргийн гишүүдийн санаа амарч, үйлчлэлээ сайн хийлээ, тусламжаа өгч дууслаа гэж бодсон уу? Үгүй ээ, залуу эмэгтэйчүүд өдөр бүр нохойг нь тогтмол салхинд гарган, санваарын чуулгууд үргэлжлүүлэн аавд нь болон гэрийнхэнд нь тохинуулж, Халамжийн нийгэмлэгийн эгч нар хэрэгцээг нь тодорхойлон, хайрын гараа сунгасаар байсан. Ах, эгч нар аа, энэ бол тохинуулал. Энэ бол Аврагчтай адил хайрлаж байгаа үйлчлэл юм.
Сүнслэгээр өдөөгдсөн эдгээр мэдээллийн өөр нэгэн адислал бол залуу эрэгтэйчүүд Мелкезедек санваартан ах нартай хамт тохинууллын хамтрагч болон үйлчилдэг шиг 14-өөс 18 насны залуу эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгийн эгч нартай хамт тохинуулах боломж юм. Өсвөр үеийнхэн авралын ажилд насанд хүрэгчидтэй хамт үйлчилж байхдаа өөр өөрийн өвөрмөц бэлгүүдийнхээ талаар хуваалцаж, сүнслэг байдлын хувьд өсөх боломжтой байдаг. Тохинуулалд өсвөр үеийнхнийг оролцуулснаар Халамжийн нийгэмлэг болон ахлагчдын чуулга оролцож байгаа гишүүдийнхээ тоог өсгөж, бусдыг халамжлах боломжийг нэмэгдүүлэх болно.
Өөрийн мэддэг гайхалтай залуу эмэгтэйчүүдийн талаар бодоход, эдгээр залуу эмэгтэйтэй цуг үйлчлэх эсвэл тэднээр үйлчлүүлэх үед тэдний урам зориг, авьяас чадвар, сүнслэг мэдрэмжээр адислагдах онцгой боломжтой болдог Халамжийн нийгэмлэгийн эгч нарын өмнөөс би баярлаж байна. Залуу эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгийн эгч нараас суралцаж, тэднээр заалгаж, хүчирхэгжих боломжтой болсонд би баяртай байна. Бурханы хаант улсыг байгуулахад оролцох энэхүү боломж нь залуу эмэгтэйчүүдэд асар их ач тустай байх ба тэднийг Сүмд болон нийгэмдээ удирдагч байх, гэр бүлдээ хувь нэмэр оруулах хамтрагч байхын тулд өөрсдийн үүргийг биелүүлэхэд нь илүү сайн бэлтгэхэд туслах болно. Бонни Л.Оскарсон эгч өчигдөр “Залуу эмэгтэйчүүд үйлчлэхийг хүсэж байна. Авралын ажилд тэд чухал хэрэгтэй мөн үнэ цэнтэй гэдгээ мэдэх хэрэгтэй” хэмээн хуваалцсан.7
Үнэндээ, залуу эмэгтэйчүүд даалгавар өгөхийг хүлээлгүйгээр хэдийн бусдад тохинуулж байгаа. Хэдэн зуун километрийн зайд нэг ч таних хүнгүй шинэ газарт нүүж очсон нэгэн гэр бүлийг би мэднэ. Эхний долоо хоногт тэдний шинэ тойргийн 14 настай охин таваг дүүрэн жигнэмэг барин гэрт нь ирж, тэднийг халуун дотно угтан авчээ. Ээж нь охиныхоо тохинуулах хүслийг дэмжиж, ард нь инээмсэглэн зогсож байв.
Өөр нэг ээж 16 настай охин нь байх ёстой цагтаа гэртээ байхгүй байгаад санаа зовж байв. Тэгээд охиныг гэртээ ирэхэд ээж нь түүнээс хаана байсныг нь бухимдан асуужээ. Охин гэрийнхээ ойролцоо амьдардаг нэгэн бэлэвсэн эмэгтэйд цэцэг аваачиж өглөө хэмээн эмээсхийн хариулав. Тэр настай эгчийг ганцаардаж байсныг анзаараад, түүн дээр айлчилж очих хэрэгтэйг мэдэрсэн байсан. Ээжийнхээ зөвшөөрөлтэйгөөр уг залуу эмэгтэй настай эмэгтэйгийнд зочилдог болсон юм. Тэд сайн найзууд болж, тэдний сайхан нөхөрлөл олон жилийн турш үргэлжилсэн билээ.
Эдгээр залуу эмэгтэй бүр мөн тэдэнтэй адил олон залуу эмэгтэй хэн нэгний хэрэгцээг анзаарч, тэдгээр хэрэгцээг хангахаар ажилласан. Залуу эмэгтэйчүүд бусдыг халамжлах, бусадтай хуваалцах төрөлхийн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Энэ нь насанд хүрсэн эгчтэй хамтран тохинуулснаар улам сайн чиглүүлэгдэх болно.
Бид нас харгалзахгүйгээр хамгийн үр дүнтэй тохинууллын талаар бодох үедээ өөрөөсөө “Түүнд юу хэрэгтэй байна вэ?” гэж асуугаарай. Энэ асуултыг чин сэтгэлийн үйлчлэх хүсэлтэйгээ хослуулснаар хувь хүнийг өргөж, хүчирхэгжүүлэхдээ бид Сүнсээр удирдуулах болно. Сүмд халуун дотно угтан авсан, э-мэйл эсвэл мессеж бичсэн, хүнд хэцүү үед хувиараа холбоо барьсан, бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг урьсан эсвэл бэрхшээлтэй нөхцөл байдалд байхад нь тусламж санал болгосон зэрэг олон тооны энгийн үйлдлээр адислагдсан ах, эгч нарын олон түүхийг би сонсож байсан. Тохинуулагч ах, эгч нар ганц бие эцэг эх, шинэ хөрвөгч, идэвх султай гишүүн, бэлэвсэн эмэгтэйчүүд эсвэл хэцүү байдалд байгаа өсвөр насныханд онцгой анхаарал хандуулан, тэдэнд хамгийн түрүүнд тусламж үзүүлбэл зохино. Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн хоорондын уялдаа холбоо зөвхөн зөв даалгаврыг хийх боломж өгдөг.
Эцсийн эцэст, учир шалтгаан нь хайр байснаар л жинхэнэ тохинуулал нэг нэгээрээ гүйцэлддэг. Чин сэтгэлээсээ тохинуулахын үнэ цэн, ач тус, гайхамшиг нь амьдралыг үнэхээр өөрчилдөг! Бидний зүрх сэтгэл нээлттэй байж, хайрлах, хамруулах, урамшуулах, тайтгаруулах хүсэлтэй байвал бидний тохинууллын хүч хэзээ ч няцаагдахгүй. Хайр байснаар л гайхамшгууд тохиолдож, бид “сүмдээ ирэхээ больсон” эгч, дүү нараа буцаан авчрах арга замуудыг олоход үүний учир шалтгаан оршино. Ингэснээр тэд Есүс Христийн сайн мэдээний бүхий л адислалыг хүлээн авах болно.
Аврагч бүх зүйлд, тухайлбал зөвхөн бидний хийх ёстой зүйлд биш, харин бид яагаад үүнийг хийх ёстой билээ гэдэгт8 ч үлгэр дуурайл үзүүлдэг. “Дэлхий дээрх Түүний амьдрал бидэнд өөрсдийн зорилгыг арай илүү өндөрт тавин, өөрсдийн асуудлуудыг умартаж, бусдад гараа сунган хүргэх урилга байсан.”9 Бид эгч, дүү нартаа бүх зүрх сэтгэлээрээ тохинуулах боломжийг хүлээн зөвшөөрвөл сүнслэг байдлынхаа хувьд илүү их сайжирч, Бурханы хүсэлтэй илүү ойртож, Түүний төлөвлөгөөг илүү сайн ойлгох бөгөөд хүн болгонд Түүн рүү буцан очиход тусалж чадна. Бид Түүний адислалуудыг илүү хурдан таньж мэдэн, тэдгээр адислалыг бусдад түгээхэд бэлэн байх болно. Аврагч намайг хайрладаг шиг
Ах эгч дүүсээ би хайрлая
Аврагч танаас эрч хүчийг олж
Таны үйлчлэгч болъё
Аврагч аа, би бусдыг хайрлая
Эзэн, таныг дагая.10
хэмээн бидний зүрх сэтгэл хөг аялгуу нийлүүлэн дуулдаг.
Бид мөнхийн эгч, ах дүүсдээ хайраар тохинуулснаараа Бурханд талархаж, хайрлаж явдгаа харуулах болтугай.11 Үр дүн нь эртний Америкт зуун жилийн өмнө Аврагчийг газар нутаг дээр нь айлчлах үед хүмүүсийн мэдэрсэн баяр баясгалантай нэгдэх болно.
“Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй.
… Мөн атаа жөтөө, бас хэрүүл маргаан, бас үймээн … байсангүй; Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм.”12
Эдгээр илчлэгдсэн өөрчлөлт Бурханаас ирсэн бөгөөд тэдгээрийг дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээн авснаар Түүний Хүү, Есүс Христийг дахин ирэхэд Түүнтэй уулзахдаа бид илүү сайн бэлтгэгдсэн байх болно гэсэн хувийн гэрчлэлээ би баяртай хуваалцаж байна. Бид Сионы хүмүүс болоход илүү ойртох болно. Бид шавь байхаар аялахдаа үйлчлэл үзүүлсэн хүмүүстэй хамт гайхамшигтай баяр баяслыг мэдрэх болно. Бид мөн ийнхүү хийх болтугай хэмээн би үнэн сэтгэлээсээ даруухнаар залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.