Гарын авлагууд болон дуудлагууд
0. Оршлын тойм


“0. Оршлын тойм,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“0. Оршлын тойм,” Ерөнхий гарын авлага.

0.

0. Оршлын тойм

0.0

Оршил

Их Эзэн “Хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг” (Сургаал ба Гэрээ 107:99) хэмээн заасан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчийн хувьд та дуудлагынхаа үүрэг хариуцлагын талаар сурч мэдэн, тэдгээрийг биелүүлэхэд тань туслах хувийн илчлэлтийг эрэлхийлэх ёстой.

Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын сургаалаас суралцах нь танд үүргээ ойлгож, биелүүлэхэд тусална. Та Бурханы үгсийг судалснаар Сүнсний нөлөөллийг хүлээн авахад улам сайн бэлтгэгдэх болно (Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү).

Та мөн энэ гарын авлага дахь удирдамж зааврыг судалснаар үүрэг хариуцлагынхаа талаар суралцана. Сүнсний удирдамжийг эрэлхийлэх явцдаа эдгээр зааврыг ашиглах юм бол эдгээр нь хэрэгжүүлэх зарчим, бодлого, дүрэм журмын талаарх ойлголтыг өгөх илчлэлтийг урьж авчирч чадна.

0.1

Энэ гарын авлага

Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлага нь Сүмийн ерөнхий болон орон нутгийн удирдагчдад удирдамж чиглүүлэг өгдөг. Энэ нь дараах хэсгүүдэд хуваагддаг. Үүнд:

  • Сургаалын үндэс суурь: Эдгээр бүлэгт Сүмд үйлчлэхэд үндсэн суурь болдог сургаал, зарчмуудыг танилцуулна. Тэдгээр нь дараах зүйлсийг тайлбарладаг.

    • Бурханы аз жаргалын төлөвлөгөө; Түүний аврал, өргөмжлөлийн ажил; Сүмийн зорилго

    • Бурханы төлөвлөгөөнд гэр бүлийн гүйцэтгэдэг үүрэг; гэр оронд өрнөдөг Бурханы аврал, өргөмжлөлийн ажил; гэр орон болон Сүмийн хоорондын харилцаа

    • Санваарын зарчмууд

    • Аврагчийн Сүм дэх удирдах зарчмууд.

  • Сүмийн зохион байгуулалт: Эдгээр бүлэгт гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөл, санваарын чуулгын болон гадас, тойргийн байгууллагуудын удирдагчид, Сүмд үйлчилдэг бусад хүнд зориулсан удирдамж заавар орсон.

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажил: Дараах бүлэгт Сүмийн үндсэн ажлын талаар заана.

    • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

    • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

    • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

    • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх

  • Сүмийн захиргаа: Эдгээр бүлэгт Сүмийг удирдахтай холбоотой нэмэлт удирдамж заавар өгсөн. Хурал цуглаан, дуудлага, бүртгэл, санхүү, бодлого журам гэх мэт сэдэв орсон байна.

Энэ гарын авлагын сэдвүүдийг олох, лавлаж үзэхэд хялбар болгох үүднээс гарчиг, дэд гарчгуудыг дугаарлав. Жишээлбэл: Ариун сүмд хэн лацдан холбогдож болох талаарх зааврыг 27.3.1-д өгсөн. 27 гэдэг тоо нь бүлгийг, 3 нь уг бүлгийн хэсгийг, 1 нь дэд хэсгийг зааж байгаа болно.

0.2

Тохируулан өөрчлөх, боломжит эх сурвалж

Бүх гадас, тойрогт яг нэг ижил хэрэгцээ шаардлага гарахгүй. Энэ гарын авлагад хэрхэн тохируулан өөрчлөх, боломжит эх сурвалжаа хэрхэн ашиглах тухай зааварчилгаа орсон. Үүнд:

  • Тохируулан өөрчлөх удирдамж (шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж) нь өөр өөр хэрэгцээ шаардлага, эх сурвалжтай нэгжүүдэд Сүмийн байгууллага, хөтөлбөрүүдийг хэрхэн тохируулан өөрчилж болох тухай удирдамж заавар өгнө.

  • Боломжит эх сурвалжууд (шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд) нь гадасны болон тойргийн удирдагчдад тус болж болох нэмэлт мэдээлэл, заавар өгнө.

Удирдагчид гишүүдийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд ямар удирдамж заавар, боломжит эх сурвалжийг ашиглах талаар сүнслэг өдөөлт эрэлхийлнэ.

0.3

Шинэчлэлт

Энэ гарын авлага тогтмол шинэчлэгдэх болно. Хамгийн сүүлд хийгдсэн шинэчлэлтүүд “Хамгийн сүүлд хийгдсэн шинэчлэлтийн тойм” дээр байгаа.

0.4

Удирдамж зааврын талаарх асуулт

Сударт болон амьд бошиглогчдын үгсэд эсвэл энэ гарын авлагад тусгагдаагүй асуулт гарч ирвэл, Сүмийн гишүүд Бурхантай байгуулсан гэрээ, орон нутгийн удирдагчдынхаа зөвлөгөө, Сүнсний өдөөлт зэрэгт тулгуурлах хэрэгтэй.

Хэрэв удирдагчдад энэ гарын авлага дахь мэдээллийн тухай эсвэл энд тусгагдаагүй асуудлын талаар асуух зүйл гарвал шууд тэргүүлэх эрх мэдэлтэндээ хандах хэрэгтэй.

0.5

Нэр томьёо

Өөрөөр тодорхойлоогүй бол:

  • Энэ гарын авлага дахь бишоп, бишопын зөвлөл гэдэг нэр томьёог салбарын ерөнхийлөгч, салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд бас хамааруулан авч үзнэ. Гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гэдэг нэр томьёог дүүргийн ерөнхийлөгч, дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлд бас хамааруулан авч үзнэ. Дүүргийн ерөнхийлөгчийн эрх мэдэл нь гадасны ерөнхийлөгчийн эрх мэдлээс юугаараа ялгаатай байдаг талаарх тоймыг 6.3 дээрээс үзнэ үү.

  • Тойрог, гадсанд хамаатай зүйлс ерөнхийдөө салбар, дүүрэг, номлолд мөн хамаатай.

  • Ням гарагт хамаатай зүйлс орон нутагт Хүндэтгэлийн өдрийг сахидаг өдөрт хамаатай.

  • Нэгж гэдэг нь тойрог, салбаруудыг хэлж байгаа болно.

  • Эцэг эхтэй холбоотой зүйлс ерөнхийдөө хууль ёсны асран хамгаалагчид түүнчлэн хамаатай.

Бишопын болон салбарын ерөнхийлөгчийн дуудлага нь эрх мэдэл, үүрэг хариуцлагын хувьд эн тэнцүү биш ба гадасны болон дүүргийн ерөнхийлөгчийн дуудлага ч хоорондоо адилгүй. Бишоп бол санваарын алба бөгөөд зөвхөн Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрсний үндсэн дээр томилогддог. Гадасны ерөнхийлөгчийг ерөнхий эрх мэдэлтнүүд, Бүсийн далууд дууддаг.

0.6

Сүмийн удирдах газар эсвэл Бүсийн албатай холбоо барих

Энэ гарын авлагын зарим бүлэгт Сүмийн удирдах газар эсвэл Бүсийн албатай холбоо барих заавар орсон. Сүмийн удирдах газартай холбоо барих заавар нь Нэгдсэн Улс, Канад дахь хүмүүст хамаатай. Бүсийн албатай холбоо барих заавар нь Нэгдсэн Улс, Канадаас бусад орны хүмүүст хамаатай.