Гарын авлагууд болон дуудлагууд
13. Ням гаргийн анги


“13. Ням гаргийн анги,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“13. Ням гаргийн анги,” Ерөнхий гарын авлага.

Семинарын анги

13.

Ням гаргийн анги

13.1

Зорилго

Ням гаргийн анги нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг. Энэ нь Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад нь туслах замаар явагддаг. Ням гаргийн ангийн удирдагч, багш, анги нь:

  • “Хаант улсын сургаалыг” заах замаар Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг (Сургаал ба Гэрээ 88:77).

  • Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сайн мэдээнээс суралцах үйл ажиллагааг дэмждэг.

  • Аврагчийн арга барилаар заахад гишүүдэд тусалдаг.

13.2

Тойргийн Ням гаргийн ангийн удирдлага

13.2.1

Бишопын зөвлөл

Бишопын зөвлөл Ням гаргийн ангийг хариуцдаг. Ихэвчлэн бишоп өөрийнхөө удирдлага доор энэ үүргийг гүйцэтгүүлэхээр нэг зөвлөхөө томилдог.

Энэхүү томилогдсон зөвлөх Ням гаргийн ангийн ерөнхийлөгчтэй тогтмол уулзана. Тэд Ням гаргийн ангийн хэрэгцээ шаардлагын талаар, энэ нь 13.2.2.2-т тоймлосон үүрэг хариуцлага, зорилгод хэрхэн хүрч байгаа талаар зөвлөлдөнө.

13.2.2

Ням гаргийн ангийн ерөнхийлөгч

13.2.2.1

Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийг дуудах

Бишоп нэг Мелкизедек санваартныг тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөр дуудаж, онцгойлон адисална. Тэд зөвлөхүүдийг дуудах хэрэгтэй эсэхийг ярилцана. Зөвлөхүүд хэрэгтэй бол мөн эдгээр албанд үйлчлэх хангалттай тооны эрэгтэйчүүд байвал Ням гаргийн ангийн ерөнхийлөгч нэг эсвэл хоёр зөвлөхийг санал болгож болно. Бишопын зөвлөл зөвшөөрвөл, бишопын зөвлөлийн гишүүн тэднийг дуудна.

Бишопын зөвлөлийн гишүүн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийг тойргийн гишүүдээр дэмжүүлэн батлахаар ариун ёслолын цуглаан дээр танилцуулна. Түүнчлэн бишопын зөвлөлийн гишүүн тэднийг онцгойлон адисална.

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Том тойрогт бишопын зөвлөл Ням гаргийн ангийн нарийн бичгээр нэг эрэгтэйг дуудан, онцгойлон адисалж болно. Ням гаргийн ангийн ерөнхийлөгч хэнийг дуудахыг санал болгож болно. Хэрэв хүсвэл нарийн бичиг ерөнхийлөгчийн зөвлөлд үүрэгт ажлаа гүйцэтгэх, ирц хөтлөхөд нь тусалж болно.

13.2.2.2

Үүрэг хариуцлага

Ням гаргийн ангийн ерөнхийлөгч дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Хэрэв тэр зөвлөхүүдтэй бол тэд түүнд тусална.

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ. Тэр (1) тойргийн хэрэгцээний талаар ярилцан, шийдэл олоход тусалдаг зөвлөлийн гишүүн, (2) Ням гаргийн ангийн төлөөлөгчөөр үйлчлэх юм (29.2.5-ыг үзнэ үү).

  • Гэрт болон сүмд сайн мэдээнээс суралцах, заах үйл явцыг сайжруулах хүчин зүтгэлийг хянана.

  • Бишопын зөвшөөрлөөр Ням гаргийн ангийн хичээлүүдийг зохион байгуулна (13.3-ыг үзнэ үү). Бишопын зөвлөлд Ням гаргийн ангийн багшаар үйлчлэх насанд хүрсэн гишүүдийг санал болгоно.

  • Ням гаргийн ангийн багш нарыг дэмжиж, урамшуулан зоригжуулж, зааварчилна. Судрууд болон Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дахь зарчмуудыг дагаснаар сайн мэдээний илүү үр дүнтэй багш болоход нь тэдэнд тусална. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг судлахад тэднийг дэмжинэ.

  • Бишопын удирдамжийн дагуу багшийн зөвлөлийн хурлыг удирдан явуулна (Аврагчийн арга барилаар заах нь, 38–39-р хуудсыг үзнэ үү).

  • Ангидаа ирж оролцдоггүй гишүүдтэй холбогдоход багш нарыг урамшуулна.

  • Ирцийн бүртгэлийг хөтлөхийн тулд багш, удирдагчидтай ажиллана. Ирцийн бүртгэлийг улирал бүр тойргийн бичиг хэргийн ажилтанд эсвэл УБХАМС-д эсвэл Member Tools дээр оруулна. Нарийн бичиг дуудагдсан бол энэ үүрэгт ажилд нь тусалж болно.

13.2.3

Ням гаргийн ангийн багш нар

Ням гаргийн ангийн ерөнхийлөгч нь Ням гаргийн ангийн багшаар үйлчлэх гишүүдийг санал болгож болно. Бишопын зөвлөл зөвшөөрвөл бишопын зөвлөлийн нэг гишүүн тэднийг дуудаж, тойргийн гишүүдээр дэмжүүлэн батлахаар ариун ёслолын цуглаан дээр танилцуулж, онцгойлон адисална.

Ням гаргийн ангийн багш нар ангийн гишүүд мөн ангид суудаггүй хүмүүстэй танилцана. Багш нар гишүүдийн Есүс Христийн сайн мэдээнээс суралцах, үүний дагуу амьдрах хүчин зүтгэлийг дэмжинэ.

Ням гаргийн ангийн багш нар заахаар бэлтгэхдээ судрууд болон Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглана. Тэд Аврагчийн арга барилаар заах нь, мөн энэ гарын авлагын 17-р бүлэг дэх зарчмуудыг дагана.

Ням гаргийн ангийн багш нар улирал тутам хуралддаг багш нарын зөвлөлийн хуралд оролцоно (17.4-ийг үзнэ үү).

13.3

Ням гаргийн анги

Ням гаргийн анги нь сарын нэг ба гурав дахь ням гарагт тус тус орох болно. Хичээл 50 минут үргэлжилнэ. Ангиудыг залбирлаар эхлүүлж, дуусгана.

Бишопын зөвлөлийн зөвшөөрлөөр Ням гаргийн ангийн ерөнхийлөгч насанд хүрэгчид, өсвөр үеийнхэнд зориулсан ангиудыг зохион байгуулна. Зөвлөхүүдтэй бол тэд түүнд тусална.

Ангийн тоо (1) тойрог хэдэн гишүүнтэй, (2) хичээл орох боломжтой өрөөний тоо, багтаамж зэргээс шалтгаална. Ихэнхдээ жижиг ангиудтай байх нь илүү олон хүн идэвхтэй хамрагдаж, суралцахад амар хялбар байдаг. Тойргийн зөвлөл Ням гаргийн хэдэн анги зохион байгуулах тухай шийдвэрийг гаргахад Ням гаргийн ангийн ерөнхийлөгчид тусална.

Залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд ихэвчлэн 12 нас хүрэх оныхоо эхнээс өсвөр үеийнхэнд зориулсан Ням гаргийн ангид сууж эхэлнэ. Тэд 18 нас хүрээд, насанд хүрэгчдэд зориулсан ангид сууж болно.

Шаардлагатай бол Ням гаргийн ангийн ерөнхийлөгч өсвөр үеийнхэнд зориулсан хэдэн ч ангийг зохион байгуулж болно. Өсвөр үеийнхнийг насны ангиллаар ангиудад хуваарилах ёстой. Аль нэгэн насны ангилалд өсвөр үеийнхний тоо бага байвал тэдний ангийг ойролцоо насны бүлгийнхэнтэй нийлүүлж болно. Тэд дараа жилийн 1-р сар хүртэл уг ангидаа хамрагдана.

Хамгийн багадаа, насанд хүрсэн хоёр удирдагч өсвөр үеийнхний ангид байвал зохино. Насанд хүрсэн хүмүүс нь хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй эсвэл эхнэр, нөхөр хоёр байж болно. Энэ шаардлагад нийцүүлэхийн тулд ангиудыг нийлүүлэх шаардлага гарч болох юм.

Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Үүнээс хойш тэд гурван жилд нэг удаа уг сургалтад давтан суусан байх ёстой.

Өсвөр үеийнхний Ням гаргийн анги

13.3.1

Жижиг салбар

Жижиг салбарт Ням гаргийн ангийн ерөнхийлөгч Ням гаргийн ангийн цорын ганц удирдагч бөгөөд багш байж болно. Тэрээр салбарын бүх өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдийн Ням гаргийн ангийн хичээлийг заана.

13.3.2

Онцгой бүлгүүдэд зориулсан Ням гаргийн ангиуд

Шаардлагатай бол Ням гаргийн ангийн ерөнхийлөгч онцгой бүлгийнхэнд зориулсан ангийг зохион байгуулж болно. Эдгээр ангийн сургалтын хөтөлбөр Ирээд, Намайг дага гарын авлагад бий.

Өөрсдийн гэсэн Ням гаргийн ангитай байх боломжтой бүлгүүд:

  • Ганц бие залуучууд

  • Тойргийн үндсэн хэлээр ярьдаггүй гишүүд

  • Шинэ ба эргэн ирж буй гишүүд, Сүмийн талаар суралцаж байгаа хүмүүс

  • Бишопын онцолсон бусад бүлэг зэрэг юм.

13.4

Тойргийн суралцах, заах чанарыг сайжруулах

Тойргийн удирдагчид өөрсдийн байгууллагын суралцах болон заах ажлын чанарыг сайжруулах үүрэгтэй. Шинээр дуудагдсан багш нарыг сургах нь үүнд ордог (Аврагчийн арга барилаар заах нь, 40-р хуудсыг үзнэ үү). Шаардлага гарвал тэд тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөс тусламж хүсэж болно.

Багш нарын зөвлөлийн хурлыг улиралд нэг удаа, Ням гаргийн ангийн 50 минутын хичээлийн цагаар явуулна (17.4-ийг үзнэ үү). Тэдгээр нь суралцах, заах чанарыг сайжруулах зорилготой. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага бол эдгээр хурлын гол эх сурвалж юм.

Тойргийн зөвлөл багш нарын зөвлөлийн хурлыг хариуцаж, хуваарь гаргана. Хурлыг Ням гаргийн ангийн удирдах зөвлөлийн гишүүн гол төлөв удирдан явуулна. Гэхдээ бишопын зөвлөл өөр гишүүнээс удирдахыг хүсэж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Удирдагчдад зориулав—Багш нарт амжилт гаргахад нь туслах” (38–40-р хуудас) хэсгээс үзнэ үү.

13.5

Гэртээ суралцах, заах үйл явцыг сайжруулах

Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй.

Тойргийн зөвлөл нь эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг ням гаргийн 50 минутын хичээлийн үеэр зохион байгуулж болно. Эдгээр хурлыг Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл бишопын зөвлөлийн томилсон хэн нэгэн удирдан явуулна. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага бол эдгээр хурлын гол эх сурвалж юм.

Эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 17.5-аас үзнэ үү.

Насанд хүрэгчдийн Ням гаргийн анги

13.6

Гадасны Ням гаргийн ангийн удирдагчид

Гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдийнхээ нэгийг гадасныхаа Ням гаргийн ангийг хариуцуулахаар томилно. Тэрээр мөн дээд зөвлөлийн нэг гишүүнийг гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөр дуудаж, онцгойлон адисална.

Гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг 6.7.1, 6.7.3-т өгсөн. Зөвлөхүүдийг дуудсан бол тэд түүнд тусална.

13.7

Нэмэлт удирдамж

13.7.1

Тусгай хэрэгцээт гишүүд

Ням гаргийн ангийн багш нар ангийн тусгай хэрэгцээт гишүүдэд онцгой анхаарал хандуулна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд заах талаарх мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org-оос мөн энэ гарын авлагын 38.8.27-оос үзнэ үү.

13.7.2

Сургалтын материалын төв

Зарим цуглааны байранд гишүүдэд сайн мэдээнээс суралцах, заахад туслах сургалтын материалын төв (номын сан) байдаг. Тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгч сургалтын материалын төвийг хариуцна. Цуглааны байранд харьяалагддаг тойргууд сургалтын материалын төвийг бас хамт эзэмшинэ. Институт, семинарын анги, FamilySearch төв нь сургалтын материалын төвийг тойргуудтай хамт эзэмшинэ.

Сургалтын материалын төвтэй цуглааны байруудад бишопын зөвлөл сургалтын материалын төвийг хариуцсан мэргэжилтнийг дууддаг. Ням гаргийн ангийн ерөнхийлөгч дуудах хүнийг санал болгож болно. Эсвэл бишопын зөвлөл Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээс мэргэжилтнээр үйлчлэхийг хүсэж болно. Уг хүн:

  • Сургалтын материалыг эмхэлж цэгцлэн, анхаарна.

  • Удирдагч, багш нар, бусад гишүүн эдгээр материалыг авч, ашиглахад нь тусална.

Ням гаргийн ангийн ерөнхийлөгч сургалтын материалын төвийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, төвд зориулан жилийн төсөв гаргах хэрэгтэй эсэхийг тодорхойлно. Тэр дараа нь саналаа бишопын зөвлөлд өгнө.

Сургалтын материалын төвийн мэргэжилтэн ариун ёслол, ням гаргийн бусад цуглаанд долоо хоног бүр оролцоно. Шаардлагатай бол бишопын зөвлөл мэргэжилтэнд туслах хүнийг дуудаж болно.

Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх Эх сурвалжийн төв-өөс авна уу.