Гарын авлагууд болон дуудлагууд
17. Сайн мэдээг заах


“17. Сайн мэдээг заах,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“17. Сайн мэдээг заах,” Ерөнхий гарын авлага.

Хүүдээ зааж буй эх

17.

Сайн мэдээг заах

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хүмүүст туслах зорилгоор сайн мэдээг заадаг. Бид хүмүүст Аврагчтай илүү адил болж, өөрсдийн амьдралд Түүний хүчийг хүлээн авч, эцэст нь мөнх амьдралыг хүртэхэд нь туслахыг эрэлхийлдэг. Бурханы үгийг Сүнсээр зааж мөн хүлээн авах үед энэ нь зүрх сэтгэлийг өөрчилж, хөрвөлтийг өдөөх хүчтэй. Энэ нь “хүмүүсийн оюун ухаанд … юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө[лдөг]” (Aлма 31:5).

17.1

Христтэй адил заах зарчмууд

Эцэг эх, багш, удирдагчид сайн мэдээг заахдаа Агуу Багш болох Есүс Христийн үлгэр жишээг дагах ёстой. Аврагчийн арга барилаар заах нь ариун итгэмжлэл бөгөөд үүрэг хариуцлага юм.

Удирдагчид Христтэй адил заах дараах зарчмуудыг байгууллагынхаа багш нартай хуваалцана. Эдгээр зарчмыг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дээр илүү дэлгэрэнгүй тайлбарласан.

2:3

17.1.1

Зааж байгаа хүмүүсээ хайрла

Аврагчийн хийдэг бүх зүйл Түүний хайрын илрэл юм (2 Нифай 26:24-ийг үзнэ үү). Удирдагчид, багш нар заадаг хүмүүстээ хайраа харуулах замаар Түүний үлгэр жишээг дагадаг. Тэд өөрсдийн заадаг хүмүүсийн төлөө нэрээр нь залбирч, тэдэнтэй ярилцаж, тэднийг ойлгож, хувийн хэрэгцээнд нь анхаарлаа хандуулахыг хичээдэг. Тэд анги, чуулгадаа ирж оролцдоггүй гишүүдэд хүрч ажилладаг.

2:3

17.1.2

Сүнсээр заа

Багш нар хүмүүст Есүс Христэд итгэлтэй болох сэдэл төрүүлэхийн тулд Сүнсээр заах ёстой. Багш нар хичээл бэлдэж мөн заахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийлж, өдөр бүр Түүний нөлөөллийг мэдрэхүйц зохистой амьдрахыг хичээнэ.

2:3

17.1.3

Сургаалыг заа

Аврагч Эцэгийнхээ сургаалыг заасан. Багш нар Аврагчийн үлгэр жишээг даган, сайн мэдээний үндсэн, авралын үнэнүүд дээр төвлөрнө. Тэд судар, хожмын үеийн бошиглогчдын заавар, зөвшөөрөгдсөн сургалтын материалуудыг ашиглан заана. Багш нар сүнслэг нөлөө бүхий ярилцлагуудыг удирдан явуулж, хичээл нь сэнхрүүлж, сургаалын хувьд үнэн зөв байхад анхаарна. Зөвшөөрөгдсөн материалуудыг ChurchofJesusChrist.org дээрх одоогийн Сургалтын хөтөлбөрийн зааварт жагсаав.

2:3

17.1.4

Хичээнгүйлэн суралцахад урь

Багш нар гишүүдийг өөрсдийн сурч мэдэх явцад хариуцлагатай хандахад урамшуулна. Тэд гишүүдийн сайн мэдээнээс хувиараа болон гэр бүлтэйгээ хамт суралцахаар хичээж чармайхад дэмжлэг үзүүлнэ. Тэд гишүүдийг сурч мэдсэн зүйлээ хуваалцаж, үүнийхээ дагуу үйлдэхэд урина. Хувь хүн сайн мэдээнээс идэвхтэй суралцаж, өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх үед итгэл нь өсөж байдаг.

17.2

Гэрт төвлөрсөн байдлаар сайн мэдээнээс суралцаж, заах

Их Эзэн Есүс Христэд хөрвөгдөхийн тулд Сүмийн гишүүн бүр сайн мэдээг өөрөө судлах үүрэгтэй. Үүнээс гадна, эцэг эхчүүд сайн мэдээг үр хүүхдүүддээ заах үүрэгтэй. Сайн мэдээнээс суралцаж, заахдаа гэрт төвлөрөх ёстой. Сүмийн удирдагчид ба багш нар гэрт төвлөрсөн байдлаар сайн мэдээнээс суралцаж, заахыг урамшуулан дэмждэг.

Удирдагч, багш нар гишүүдийг өөрсдөө сайн мэдээнээс хэрхэн суралцаж, заах талаар сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд урамшуулна. Тэдний сургалтын үндсэн материал судар, Ерөнхий чуулганы захиаснууд байна. Сургалтын туслах материалд Ирээд, Намайг дага болон Сүмийн сэтгүүлүүд орж болно.

2:3

17.3

Удирдагчдын үүрэг хариуцлага

Удирдагчид өөрсдийн байгууллагын суралцах, заах ажлыг хариуцна. Энэ үүрэг хариуцлагаа хэрхэн гүйцэтгэдэг зарим арга замыг доор тоймлов. Үүнд:

  • Сайн мэдээнээс суралцаж, Аврагчийн арга замаар заах зэргээр үлгэр жишээ үзүүлнэ.

  • Байгууллагадаа зааж буй хичээл нь итгэлийг хөгжүүлж, сургаалын хувьд үнэн зөв байхад анхаарна.

  • Хэрэв багш нар нь тойргийн зөвлөлийн гишүүд бол тойргийнхоо хэмжээнд сайн мэдээнээс суралцах болон заах үйл явцыг хэрхэн сайжруулахаа зөвлөлийн бусад гишүүнтэй зөвлөлдөнө. Бишоп эдгээр хэлэлцүүлгийг удирдан явуулахад Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийг урьж болно.

  • Шаардлагатай бол өөрсдийн байгууллагад багшаар дуудах тойргийн гишүүдийн нэрсийг 30.1 дэх зааврын дагуу бишопын зөвлөлд санал болгоно.

  • Шинээр дуудагдсан багш нартай уулзаж, дуудлагаа хийхэд бэлтгэхэд нь тусална (Аврагчийн арга барилаар заах нь, 40-р хуудсыг үзнэ үү).

  • Байгууллагынхаа багш нарт байнгын дэмжлэг үзүүлнэ. Зааж буй хүмүүсийнхээ итгэлээ хөгжүүлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтынх нь талаар багш нартай тогтмол ярилцана. Шаардлага гарвал, Ням гаргийн ангийн ерөнхийлөгчөөс тусламж хүсэж болно.

17.4

Багш нарын зөвлөлийн хурал

Багш нарын зөвлөлийн хурлаар, Христтэй адил заах зарчмуудын талаар багш нар хамтдаа зөвлөлдөнө. Тэд мөн сайн мэдээнээс суралцах, заах үйл явцыг хэрхэн сайжруулах талаар хамтдаа зөвлөлдөнө. Тэд Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг сургалтын материал болгон ашиглана.

Багш нарын зөвлөлийн хурлыг улиралд нэг удаа, ням гаргийн 50 минутын хичээлийн цагаар явуулна.

  • Санваарын анги, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн ангийн багш нарын хурлыг сарын эхний эсвэл гурав дахь ням гарагт хуралдуулж болно.

  • Ням гаргийн ангийн багш нарын хурлыг сарын хоёр дахь эсвэл дөрөв дэх ням гарагт хуралдуулж болно.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл Хүүхдийн хэсэгт заах ажлыг хэрхэн сайжруулах талаар бишопын зөвлөлийн гишүүнтэй зөвлөлдөнө. Ням гаргийн ангийн ерөнхийлөгч хэрэгтэй бол тусалж болно. Зарим арга замыг доор жагсаав. Үүнд:

  • Хүүхдийн хэсгийн багш нар бусад байгууллагын багш нартай хамт багш нарын зөвлөлийн хуралд сууна.

  • Хүүхдийн хэсгийн багш нар зөвлөлийн хурлаа тусдаа хуралдуулж болно. Энэ хурлыг Хүүхдийн хэсгийн 20 минутын дууны цагийн үеэр явуулж болно. Мөн энэ хурлыг ням гаргийн тогтсон цуглааны өмнө юм уу дараа эсвэл долоо хоногийн өөр өдөр хуралдуулж болно.

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд Хүүхдийн хэсгийн ангиудад зочлон, дараа нь хэрхэн Аврагчийн арга барилаар заах талаар багш нартай зөвлөлдөж болно.

Тойргийн зөвлөл багш нарын зөвлөлийн хурлыг хариуцаж, хуваарь гаргана. Хурлыг Ням гаргийн ангийн удирдах зөвлөлийн гишүүн гол төлөв удирдан явуулна. Гэхдээ бишопын зөвлөл өөр гишүүнээс удирдахыг хүсэж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын Багш нарын зөвлөлийн хурал хэсгээс үзнэ үү (38–39-р хуудас).

2:3

17.5

Эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурал

Тойргийн зөвлөл эцэг эхчүүдэд гэртээ сайн мэдээг заах аргаа сайжруулахад нь туслах зорилгоор багш нарын зөвлөлийн хурлыг тэдэнд зориулан зохион байгуулж болно. Багш нарын зөвлөлийн бусад хурлын адил эдгээрийг Ням гаргийн 50 минутын хичээлийн цагаар явуулж болно.

Эдгээр уулзалтаар эцэг эхчүүд хүүхдүүддээ заахдаа Христтэй адил заах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хамтдаа зөвлөлддөг. Тэд Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Гэр бүл ба гэр орон” гэсэн гарчиг бүхий хэсгийг сургалтын материал болгон ашиглана. Мөн тэд Ирээд, Намайг дага гарын авлагын “Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх” зэрэг хэсгийн заах болон судар судлах зөвлөмжүүдээс ярилцаж болно.

Тойргийн зөвлөл эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг хариуцаж, хуваарь гаргана. Тэд тодорхой эцэг эхийг урих уу аль эсвэл тойргийн бүх эцэг эхийг урьж оролцуулах уу гэдгийг шийддэг.

Хурлыг Ням гаргийн ангийн удирдах зөвлөлийн гишүүн гол төлөв удирдан явуулна. Гэхдээ бишопын зөвлөл өөр гишүүнээс удирдахыг хүсэж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын Багш нарын зөвлөлийн хурал хэсгээс үзнэ үү (38–39-р хуудас).