“21. Тохинуулал,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).
“21. Тохинуулал,” Ерөнхий гарын авлага.
21.
Тохинуулал
21.0
Оршил
Тохинуулах гэдэг нь Аврагчийн адилаар бусдад үйлчлэхийг хэлдэг (Матай 20:26–28-ыг үзнэ үү). Тэрээр эргэн тойронд нь байсан хүмүүсийг хайрлаж, тэдэнд зааж сурган, тэдний төлөө залбирч, тайтгаруулж, адисалсан (Үйлс 10:38-ыг үзнэ үү). Есүс Христийн шавийн хувьд бид Бурханы хүүхдүүдэд тохинуулахыг эрэлхийлдэг.
Их Эзэн Сүмийнхээ бүх гишүүнийг ийм анхаарал халамжийг аваасай хэмээн хүсдэг. Иймээс санваартнуудыг гишүүн өрх гэр бүрд тохинуулагч ах нараар хуваарилан томилдог. Тохинуулагч эгч нарыг насанд хүрсэн эгч бүрд хуваарилдаг. Эдгээр томилгоо нь Сүмийн гишүүдийг санаж, харж халамжлахад анхаарахад тусалдаг (Моронай 6:4-ийг үзнэ үү).
Тохинуулал нь Бурханыг болон хөршөө хайрла гэсэн зарлигуудыг сахих чухал арга зам юм (Матай 22:36–40-ийг үзнэ үү). Энэ нь бас Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд хэрхэн бусдад тохинуулахыг тохинуулагч ах, эгч нарт зааж сурган тусална. Тэд бас урам зориг, удирдамж заавар өгч, тусламж дэмжлэг үзүүлнэ. Тэд үүнийг мөн тохинууллын ярилцлага (21.3-ыг үзнэ үү), ням гаргийн хичээл цуглаан, хувийн харилцан ярианы үеэр хийж болно. Тэд судруудаас болон энэ бүлгээс, мөн ministering.ChurchofJesusChrist.org-оос сүнслэг өдөөлтийг эрэлхийлнэ.
21.1
Тохинуулагч ах, эгч нарын үүрэг хариуцлага
Тохинуулагч ах, эгч нар Их Эзэнийг төлөөлдөг. Тэд мөн бишоп, Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын удирдагчдын хайр халамж, дэмжлэг тусламжийг мэдрэхэд гишүүдэд тусалдаг. Тэд Сүмийн гишүүдийг “харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх” (Сургаал ба Гэрээ 20:53) ёстой.
Тохинуулагч ах, эгч нар өөрсдийн хариуцан авсан хүмүүс, гэр бүлүүдийн өмнө дараах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслах;
-
Ёслолуудыг хүлээн авахдаа Бурхантай ариун нандин гэрээ байгуулахад бэлдэн мөн тэдгээр гэрээгээ сахихад нь туслах; Шаардлагатай бол, эцэг эхчүүдэд хүүхдүүдээ ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдээ сахихад бэлдэхэд нь туслах;
-
Хэрэгцээг нь олж харж, Христтэй адил хайрлан, халамжилж, үйлчлэх; Сүнслэг эсвэл материаллаг тусламж хэрэгтэй бол тусалж, тайтгаруулах; Тохинууллын ярилцлагын үеэр болон бусад үед хэрэгцээнийх нь талаар ярилцах;
-
Сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даахад нь тэдэнд туслах гэх мэт.
Тохинуулагч ах, эгч нарын үүрэг хариуцлагын талаар нэмэлт мэдээллийг Иаков 1:27, Мозая 23:18, Сургаал ба Гэрээ 20:47, 59-өөс үзнэ үү.
Тохинуулагч ах, эгч нар Сүнсний удирдамжийг залбирч эрэлхийлнэ. Тэд мөн өөрсдийн хариуцсан хүмүүсийн ямар хэрэгцээнд хэрхэн тусалж болохоо ойлгохын тулд тэдэнтэй зөвлөлдөнө.
Тохинуулагч ах, эгч нар хариуцсан хүмүүсийнхээ хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан тусална. Аюулгүй байдал, хол ойрын зай, соёл уламжлалын тал дээр зохистой эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр биечлэн, айлчлан очихыг урамшуулан дэмждэг. Тохинуулагч ах, эгч нар мөн өөр арга замаар тэдэнд хүрч ажиллаж болно. Үүнд, утсаар ярих, видеогоор холбогдох, мессеж, э-мэйл, захиа, олон нийтийн медиагаар харилцах, сүм дээр ярилцах эсвэл үйлчлэл үзүүлэх гэх мэт арга зам багтана.
Тохинуулагч ах эсвэл эгчид ганцаараа тусалж дийлэхгүй хэрэгцээ гарч бас болох юм. Ийм үед тэд Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөнө.
21.2
Тохинууллын ажлыг зохион байгуулах
Аврагч Өөрийн шавь нарт чухал үүрэг даалгавар өгсөн (Лук 10:1–17; мөн энэ гарын авлагын 4.2.6-г үзнэ үү). Энэ хэвшсэн загварын дагуу бид тодорхой хувь хүн, гэр бүлүүдэд тохинуулах үүрэг даалгавар хүлээн авдаг. Тохинууллын ажлыг зохион байгуулалттай хийх нь хүн бүрд Аврагчийн хайрыг мэдрэх боломжийг олгодог.
21.2.1
Хуваарилан томилох
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд тохинуулагч ах, эгч нарыг хэрхэн хуваарилахаа залбирч тунгаан бодно. Тэд гишүүдийн давуу тал мөн хэрэгцээг харгалзан үзнэ. Тэд бас тухайн гэр бүлийн хүүхдүүдийн хэрэгцээг бодож үзнэ. Ерөнхийдөө хоёр ах эсвэл хоёр эгчийг хамтрагч болгон хуваарилдаг. Тэд тохинууллын хамтрагчид болон хуваарилалтыг гаргахдаа бишопоос зөвшөөрөл авна.
Эдгээр шийдвэрийг гаргахдаа удирдагчид дараах зүйлсийг харгалзан үзвэл зохино. Үүнд:
-
Хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа гишүүдэд итгэлтэй тохинуулагч ах, эгч нарыг хуваарилан томилох хэрэгтэй. Ийм гишүүдэд шинэ, ганц бие эцэг эх, бэлэвсэн эхнэр нөхөр, идэвх султай гишүүд орж болно.
-
Өсвөр үеийнхэн 21.2.2-т өгөгдсөн удирдамжийн дагуу насанд хүрсэн хүний хамтрагчаар үйлчилж болно.
-
Гэр бүлийн хосуудыг хамтад нь нэг хүнд эсвэл гэр бүлд тохинуулахаар томилж болно.
-
Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөл гадас, тойргийнхоо бүх гишүүнийг харж халамжилна. Иймээс ихэвчлэн тэднийг тохинуулагч ах нараар томилдоггүй. Гадасны ерөнхийлөгч нь дээд зөвлөлийн гишүүдийг болон ажил үүргээ гүйцэтгэж байгаа патриархыг тохинуулагчаар томилох эсэхийг шийднэ.
Бишоп зөвшөөрвөл, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тохинуулагч ах нарт болон залуу эрэгтэйчүүдэд хуваарилалтыг танилцуулна. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тохинуулагч эгч нарт болон залуу эмэгтэйчүүдэд хуваарилалтыг танилцуулна.
Эдгээр удирдагч тохинуулах гэж байгаа хүмүүсийнхээ давуу тал, хэрэгцээ, зовлон бэрхшээлийн талаар тохинуулагч ах, эгч нартай зөвлөлдөнө. Удирдагчид нь тохинуулагч ах, эгч нарыг өөрсдийн хариуцан авсан хүмүүсийн хэрэгцээг ойлгож, дараа нь хэрхэн үйлчлэхээ мэдэхийн тулд сүнслэг удирдамж эрэлхийлэхийг урамшуулан дэмжинэ.
Тохинуулагч ах, эгч нарыг дуудаж, дэмжүүлэн батлуулж, онцгойлон адисалдаггүй. Тэдний үйлчлэл баптисм хүртэхдээ хийсэн гэрээнийх нь хэсэг юм (Moзая 18:8–11-ийг үзнэ үү).
21.2.2
Өсвөр үеийнхнийг тохинууллын ажилд хуваарилан томилох
Өсвөр үеийнхэн тохинууллын ажилд хуваарилагдахаасаа өмнө Христийнхтэй адил арга замаар үйлчлэх замаар бусдад тохинуулдаг. Тохинуулагч ах, эгчээр үйлчлэх өсвөр үеийнхэн Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах чухал үүрэг гүйцэтгэж чадна.
Залуу эмэгтэй хүсэж байвал мөн хийж чадах бол Халамжийн нийгэмлэгийн эгчийн тохинуулагч хамтрагчаар үйлчилж болно. Тэр 14 нас хүрэх жилээсээ эхлэн үйлчилж эхэлж болно. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл тохинууллын ажилд хуваарилахынхаа өмнө залуу эмэгтэйтэй мөн түүний эцэг эх, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөнө.
Залуу эмэгтэй тохинуулагчтай байх нь эгч нарт том адислал болдог. Энэ нь мөн тохинуулж байгаа залуу эмэгтэйг ч адисалдаг.
Залуу эрэгтэй багшийн эсвэл пристийн албанд томилогдсоноор Мелкизедек санваартны тохинуулагч хамтрагчаар үйлчилж болно. Бишоп нь залуу эрэгтэйг зохистой мөн томилогдоход бэлэн эсэхийг тодорхойлно. (10.1.3.2-ыг үзнэ үү.) Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тохинууллын ажилд хуваарилахдаа залуу эрэгтэйтэй болон түүний эцэг эх, бишопын зөвлөлтэй зөвлөлдөнө.
Зарим тохиолдолд өсвөр үеийнхнийг тохинууллын гурав дахь хамтрагчаар томилж болно. Удирдагчид өсвөр үеийнхнийг тохинууллын хамтрагчид нь хариуцсан хувь хүн, гэр бүлүүдийн заримд эсвэл бүгдэд нь тохинуулахад туслуулахаар томилж болно.
Өсвөр үеийнхэнд тохинуулагч ах, эгч байдаггүй. Тэд өөрсдийнх нь гэр бүлд тохинуулдаг ах нараас тохинууллын үйлчлэл авдаг. Анги, чуулгынх нь ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн мөн насанд хүрсэн удирдагчид тэдэнд тохинуулдаг. Хэрвээ эцэг эх нь Сүмийн гишүүд биш хэдий ч тохинуулуулахад нь дургүйцэхгүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тэдэнд тохинуулагч ах нарыг хуваарилан томилж болно. Үүнтэй адил, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл ээжид нь тохинуулагч эгч нарыг хуваарилан томилж болно.
Хариуцлагатай, насанд хүрсэн хоёр хүн өсвөр насны хүүхэдтэй хамт байх ёстой гэсэн Сүмийн удирдамж тохинууллын хамтрагчдад хамаарахгүй. Гэхдээ удирдагчид өсвөр үеийнхнийг насанд хүрсэн хүмүүсийн хамтрагчаар хуваарилахдаа мэргэн ухаанаар, сүнслэг өдөөлтийг эрэлхийлнэ. Тэд бас бишопоос удирдамж заавар авахыг эрэлхийлнэ. Өсвөр үеийнхнийг эцэг эх нь биш хүний хамтрагчаар хуваарилахдаа удирдагчид эхлээд эцэг эх нь үүнд дургүйцэхгүй байгаа эсэхийг бататгана.
Насанд хүрсэн хамтрагчид буруу ойлгогдож болзошгүй нөхцөл байдалд орохоос зайлсхийх ёстой. Тэд тэдэнтэй ганцаараа байхдаа болгоомжтой хандана. Тэд тохинуулалтай холбоотой аюулгүй, ашиг тустай туршлага олж авахад нь өсвөр үеийнхэнд тусална.
21.2.3
Бүрэн цагийн номлогчид
Номлолын ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд бүрэн цагийн номлогчид тохинууллын ажилд тусалж болно. Тойргийн удирдагчид гадасны ерөнхийлөгчөөр дамжуулан түүнээс зөвшөөрөл авна. Ерөнхийдөө бүрэн цагийн номлогчдыг шинэ гишүүд, гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн биш гэр бүлд мөн идэвх султай гишүүдэд тохинуулуулахаар хуваарилна.
21.3
Тохинууллын ярилцлага
Аврагч Өөрийн хоньдыг тэжээх талаар Петртэй энгийн боловч маш гүн гүнзгий яриа өрнүүлсэн (Иохан 21:15–17-г үзнэ үү). Тохинууллын ярилцлага ийм боломж байж болох юм. Энэ нь мөн тохинууллын жишээг үзүүлэх боломжийг удирдагчдад олгодог.
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд тохинуулагч ах нартай ярилцдаг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд тохинуулагч эгч нартай ярилцдаг. Хамтдаа тохинуулахаар хуваарилагдсан гэрлэсэн хос ахлагчийн чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн удирдагчтай эсвэл хамтад нь уулзаж болно.
Энэ ярилцлагыг хамгийн багадаа З сард нэг удаа явуулна. Улирлын аль ч үед ярилцаж болно. Боломжтой бол ярилцлагыг нүүр нүүрээ харалцаж, хоёр хамтрагчийг хоёулыг байлцуулан хийнэ. Тохинууллын үүрэг хүлээн авсан өсвөр үеийнхнийг болж өгвөл оролцуулах хэрэгтэй.
Тохинууллын ярилцлага үр ашигтай байхын тулд урт сунжруу байх шаардлагагүй. Энэ ярилцлагын зорилго нь:
-
Хариуцсан хувь хүн, гэр бүлийнхээ давуу тал, хэрэгцээ, зовлон бэрхшээлийн талаар зөвлөлдөх;
-
Шаардлагатай бол ёслолуудыг хүлээн авахад хүмүүсийг бэлтгэхэд туслах арга замуудыг ярилцах;
-
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг, тойргийн зөвлөл болон бусад хүн хэрхэн тусалж болох талаар бодож үзэх;
-
Тохинуулагч ах, эгч нарт тохинуул. Хайр, талархлаа мэдрүүл. Тэдэнд зааж, урамшуулан дэмж. Тэдэнд үйлчлэлдээ илчлэлт хүлээн авч, үүний дагуу үйлдэх чадвараа хөгжүүлэхэд нь тусал.
Ярилцлагуудын хооронд тохинуулагч ах, эгч нар шаардлага гарвал удирдагчидтай холбоо барина. Тэд хувийн нууц мэдээллийг шууд бишоптой хуваалцаж болно.
Удирдагчид тохинууллын ярилцлагын талаар тайлагнахдаа Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан-г ашигладаг.
21.4
Тохинууллын ажлыг зохицуулах
Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулга тохинууллын ажилд хамт оролцоно. Тэд энэ ажлыг нэгдэж хийнэ.
Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд наад зах нь улиралд нэг удаа хамтдаа хуралдана. Тэд тохинууллын ярилцлагуудаас олж мэдсэн зүйлсээ эргэж ярилцана (21.3-ыг үзнэ үү). Тэд мөн тохинууллын хуваарилалтыг хооронд нь уялдуулан холбоно. Хоёр ерөнхийлөгч хурлыг зохион байгуулж, удирдан хөтлөх хариуцлагыг хамтдаа үүрнэ.
Идэвхтэй гишүүн цөөхөн байдаг нэгжид Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд зарим гишүүнд тохинуулагч эгч, ах нарын аль нэгийг хуваарилахгүй байхаар шийдэж болно. Удирдагчид энэ шийдвэрийг хамтдаа гаргаж, бишопоос зөвшөөрөл авна. Хэрвээ эгчид тохинуулагч эгч нарын хуваарилсан тохинуулагч ах нарыг хуваарилаагүй бол санваарын адислал авахаар хандаж болох хүнийг оноож өгөхөд удирдагчид анхаарна.
Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч нар хамтдаа улирал тутамд бишоптой уулзана. Тэд тойргийн гишүүдийн хэрэгцээний талаар ярилцана. Бас тохинууллын хуваарилалтад гарч болзошгүй өөрчлөлтийн талаар ярилцана.
Шаардлагатай бол Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч нар тохинуулагч ах, эгч нарын хуваалцсан мэдээллийг тойргийн зөвлөлтэй ярилцана. Тэд ийн хуваалцахдаа гишүүдийн нууцыг хадгалах хүсэлтэд хүндэтгэлтэй хандана. Бишопын зохицуулсны дагуу тойргийн зөвлөл тойргийн гишүүдэд үйлчлэн, тэднийг адислах төлөвлөгөө гаргана. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл түүнчлэн тохинууллын талаар ярилцана (29.2.6-г үзнэ үү).