“23. Сайн мэдээг хуваалцаж, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).
“23. 23. Сайн мэдээг хуваалцаж, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь.
23.
23. Сайн мэдээг хуваалцаж, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх
23.0
Оршил
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын нэг хэсэг мөн (энэ гарын авлагын 1.2; Maтай 28:19–20-ийг үзнэ үү). Үүнд:
-
Номлогчийн ажилд оролцох, номлогчоор үйлчлэх;
-
Шинэ ба эргэн ирж буй Сүмийн гишүүдэд гэрээний замаар өсөж хөгжихөд туслах зэрэг нь багтана.
23.1
Сайн мэдээг хуваалцах
23.1.1
Хайрлах
Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэрээр хүүхдүүдээ төгс хайрладаг. Тэрээр Есүс Христээр болон Түүний сайн мэдээгээр дамжуулан Өөрийнх нь хайраар дүүргэгдэх боломжийг хүн бүрд олгодог (Иохан 3:16; 2 Нифай 26:24–28; Алма 26:37; Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү).
Бид Түүний хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчилснээр Бурханд хайртайгаа харуулдаг (Maтай 22:36–39; 25:40-ийг үзнэ үү). Бид Есүс Христтэй адил хайрлаж, үйлчлэхийг хичээдэг. Энэхүү хайр биднийг бүх шашин шүтлэг, арьс өнгө, ёс заншилтай хүмүүст хүрч ажиллахад сүнслэгээр өдөөдөг (Үйлс 10:34; 2 Нифай 26:33-ыг үзнэ үү).
23.1.2
Хуваалцах
Бид Бурханыг болон хүүхдүүдийг нь хайрладаг учраас Түүний өгсөн адислалуудыг хуваалцахыг (Иохан 13:34–35-ыг үзнэ үү) мөн Израилыг цуглуулахад туслахыг өөрийн эрхгүй хүсдэг. Бид бидний мэдэрдэг баяр баясгаланг мэдрэхэд нь хүмүүст туслахыг эрэлхийлдэг (Алма 36:24-ийг үзнэ үү). Есүс Христийн шавийн хувьд бид Түүний гэрлийг дээш өргөдөг (3 Нифай 18:24–25-ыг үзнэ үү). Бид Аврагчийн тухай мөн Тэр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар нээлттэй ярьдаг (Сургаал ба Гэрээ 60:2-ыг үзнэ үү).
Бид Бурханы хүүхдүүдийг адисалж, Аврагчид илүү ойртоход нь туслахын тулд хайрыг түгээж, сайн мэдээний үнэнүүд болон цаг зав, туршлага, Сүмийн хөтөлбөрүүдийг хуваалцдаг. Бид эдгээрийг хувиараа төдийгүй онлайнаар мөн өөр бусад харилцаа үүсгэх замаар энгийн бөгөөд ердийн арга замаар хуваалцдаг.
23.1.3
Урих
Аврагч бүх хүнийг Өөрийнх нь сайн мэдээг хүлээн авч, мөнх амьдралд бэлтгэхэд урьдаг (Алма 5:33–34-ийг үзнэ үү). Шавийн хувьд бид Түүний үлгэр жишээг дагаж, бүх хүнийг “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” (Моронай 10:32) хэмээн урьдаг.
Бид сүнслэг өдөөлт, удирдамж авахын төлөө залбиран, дараах зүйлийг хийхэд бусдыг урьдаг. Үүнд:
-
Ирж мөн Есүс Христ, Түүний сайн мэдээ болон Сүмээр дамжуулан авах боломжтой адислалуудыг үзэх (Иохан 1:37–39, 45–46-г үзнэ үү);
-
Ирж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх;
-
Есүс Христийн сэргээгдсэн Сүмд ирж, харьяалагдах зэрэг юм.
Бидний урилга тухайн хүний хэрэгцээ, сонирхол дээр үндэслэгдсэн байвал урилгуудыг хүлээн авах магадлал өндөр байна. Ихэнхдээ, урих гэдэг нь өөрсдийн аль хэдийн хийж байгаа зүйлд гэр бүл, найз нөхөд, хөршүүдээ урьж оролцуулах гэсэн утгатай. Жишээлбэл, бид тэднийг дараах үйл ажиллагаанд урьж болно. Үүнд:
-
Гэрт маань ирж, үйл ажиллагаанд нэгдэх;
-
Шүтэн биширч, сайн мэдээнээс суралцахад маань нэгдэх;
-
Нялх хүүхдийн адислал, баптисм зэрэг онцгой үйл явдалд оролцох;
-
Тойрог, орон нутгийн үйл ажиллагаа, үйлчлэлд, үүний дотор JustServe.org (боломжтой газарт)-оор дамжуулан зохион байгуулсан төсөлд оролцох;
-
Сүмийн хөтөлбөр, үйл ажиллагаануудад оролцох; Үүнд Хүүхдийн хэсэг, өсвөр үеийнхний үйл ажиллагаа, гэр бүлийн түүх, бие даасан байдлын талаарх цуврал хичээл, BYU–Pathway Worldwide болон бичиг үсэгт тайлагдах, англи хэл сурах зэрэг нь багтаж болно.
-
Бүрэн цагийн номлогчидтой уулзаж, тэдний захиасыг сонсох;
Нэмэлт санаа болон эх сурвалжийг:
-
Gospel Library дахь “Сайн мэдээг хуваалцах нь”
-
Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамжийн 9-р бүлгийн “Гишүүдтэй нэгд” хэсэг зэргээс үзнэ үү.
Гадас, тойргууд гишүүдэд бусдыг ердийн нөхцөлд урих боломжуудыг гаргаж өгч чадна. Үүнийг хийхэд арга хэмжээ болон үйл ажиллагаа зохион байгуулах, Сүмийн эх сурвалжуудыг орон нутгийн хүмүүстэй хуваалцах зэрэг багтдаг.
Тойрог, гадасны удирдагчид амьдардаг газрынхаа хэрэгцээг тодорхойлж (1), Сүмийн эх сурвалжуудыг хуваалцах (2) талаар хамтдаа зөвлөлддөг. Дэлгэрэнгүй мэдээллийг Gospel Library дахь “Sharing Church Resources” хэсгээс үзнэ үү.
Хайрлаж, хуваалцаж, урих нь шинэ ба эргэж ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэхэд мөн хамаатай.
23.2
Шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх
Сүмд нэгдэх нь ихэнх хүний хувьд гайхалтай сайхан байх ч хэцүү бэрх байх үе бий. Энэ нь агуу адислал авчирдаг ч шинэ итгэл, шинэ дадал хэвшил, шинэ харилцаа холбоо үүсгэхийг бас шаарддаг (1 Tесалоник 1:6-г үзнэ үү).
Шинэ гишүүн бүрд найз нөхөд, үйлчлэх боломж болон сүнслэг тэжээл хэрэгтэй. Сүмийн гишүүдийн хувьд бид шинэ гишүүдийг хайрлаж, халамжлан, дэмжиж тусалдаг (Moзая 18:8–10-ыг үзнэ үү). Бид тэдэнд Сүмд харьяалагдах ямар байдгийг мэдрэхэд тусалдаг. Бид тэдэнд гэрээний замаар өсөж хөгжин мөн илүү гүн гүнзгийгээр “Их Эзэнд бат бөхөөр хөрвөгдөхөд” (Aлма 23:6) тусалдаг. Бид “тэднийг зөв замд байлгахын тулд, … Христийн сайн үйлсийн дээр л тулгуурлан … Бурханы сайн үгээр … тэжээгдэх[эд]” (Mоронай 6:4) нь тусалдаг.
Бид мөн шинэ гишүүдэд дараах байдлаар тусалж чадна. Тухайлбал:
-
Есүс Христийн шавь байхын баяр баясгаланг сурч, мэдрэх;
-
Сүнсний өдөөлтийг таньж мэдэж сурах;
-
Хувиараа болон гэр бүлээрээ залбирч, судраас суралцах дадал хэвшлийг суулгах;
-
Сайн мэдээг гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцах;
-
Өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх;
-
Сүмийн үүрэг даалгаврыг биелүүлж, Сүмээс олгодог өөр олон боломжоос хүртэх замаар өсөж хөгжих зэрэг болно.
23.3
Эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх
Зарим гишүүн Сүмийн үйл ажиллагаанд оролцохоо больдог. Аврагч “Тийм нэгэнд та нар үргэлжлүүлэн тохинуулах болно, учир нь, тэд эргэж ирээд мөн наманчилж мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж, мөн би тэднийг эдгээх ажгуу; мөн та нар тэдэнд авралыг авчрах хэрэгсэл байх эсэхийг та нар мэдэхгүй” (3 Нифай 18:32) хэмээн хэлсэн. Эдгээр үг ямар ч шалтгаантай бай тохинуулал хэрэгтэй байгаа бүх хүнд хамаатай.
Хангалттай идэвхтэй оролцохгүй байгаа гишүүд Сүмийн гишүүдтэй бат бөх харилцаатай бол буцаж ирэх магадлал өндөр байдаг. Бидний хайр халамж, дэмжлэг туслалцаа зовлон бэрхшээлээ даван гарахад нь тэдэнд тусална. Шинэ гишүүдийн адил тэдэнд найз нөхөд, үйлчлэх боломж болон сүнслэг тэжээл хэрэгтэй. Тэдний нөхцөл байдал, зовлон бэрхшээлийг ойлгох нь мэдрэмжтэй хандаж, хайраар тохинуулахад бидэнд тусалдаг.
23.4
Долоо хоног тутмын зохицуулах хурлыг хуралдуулах
Долоо хоног бүр, сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх хүчин зүтгэлийг зохицуулахад туслахаар товч, албан бус хурлыг хуралдуулна. Тойргийн номлолын удирдагчийг дуудсан бол тэрээр энэ хурлыг удирдана. Үгүй бол энэ үүргийг гүйцэтгэж байгаа ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хурлыг удирдана.
Энэ хуралд дараах хүмүүс уригдан оролцоно.
-
Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн энэ ажлыг хариуцдаг гишүүд
-
Тойргийн номлогчид
-
Пристийн чуулгын туслах (хэрвээ тойрогт прист байхгүй бол багш нарын эсвэл диконы чуулгын ерөнхийлөгч)
-
Хамгийн ахмад Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн
-
Бүрэн цагийн номлогчид зэрэг нь орно.
Долоо хоног тутмын зохицуулах хурал нь хувь хүмүүсийн хэрэгцээнд анхаарал хандуулдаг. Энэхүү хурал нь ихэвчлэн дараах дөрвөн сэдвийг хамардаг. Үүнд:
-
Номлогчдоор заалгаж байгаа хүмүүст хэрхэн туслах Үүнд хичээл заахад оролцох, хүмүүст гэрээ байгуулж, амлалт өгөхөд туслах, мөн удахгүй болох баптисмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг орж болно.
-
Саяхан баптисм хүртсэн хүмүүст хэрхэн туслах
-
Эргэж ирсэн гишүүдэд хэрхэн туслах
-
Заах илүү олон хүн олоход гишүүдэд туслах
Эдгээр хурлыг биечлэн эсвэл онлайнаар явуулж болно. Түүнчлэн утсаар ярих, мессеж болон э-мэйл зэрэг бусад арга замаар харилцаж болно.
23.5
Гадасны удирдагчид
23.5.1
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны ерөнхийлөгч гадасны сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх ажлын түлхүүрийг атгадаг. Тэр ба түүний зөвлөхүүд эдгээр хүчин чармайлтад ерөнхий удирдамж өгнө. Тэр энэ ажлын талаар гадасны хурал цуглаанд тогтмол ярилцдаг байхад анхаарна.
Ихэвчлэн сард нэг удаа гадасны ерөнхийлөгч гадас, тойргийн удирдагчид, бүрэн цагийн номлогчдын ажлыг хооронд нь уялдуулан холбохын тулд номлолын ерөнхийлөгчтэй уулзана. Дараах хүмүүс оролцож болно. Үүнд:
-
Гадасны болон номлолын ерөнхийлөгчийн зөвлөхүүд
-
Томилогдсон дээд зөвлөлийн гишүүд
-
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч
-
Номлолын ерөнхийлөгчийн томилсон номлогчид
23.5.2
Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороо
Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд дараах хүмүүс оролцоно.
-
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
-
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл
-
Ахлагчийн чуулгатай ажиллахаар томилогдсон дээд зөвлөлийн гишүүд
Эдгээр удирдагч сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх ажилд нь Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд заавар өгч, дэмжлэг үзүүлнэ (23.6.2-ыг үзнэ үү). Зааварчилгааг ганцаарчлан эсвэл бүлгийн хүрээнд өгч болно. Тойргийн номлолын удирдагчдыг энэхүү зааварчилгааг хүлээн авахад бас урьж болно.
Энэ хорооны хурлын талаарх нэмэлт мэдээллийг 29.3.8-аас үзнэ үү.
23.5.3
Дээд зөвлөлийн гишүүд
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, тойргийн номлолын удирдагчдад удирдамж заавар, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажилд дээд зөвлөлийн гишүүдийг томилж болно. Эдгээр ажлыг удирдан явуулахад нэг юм уу үүнээс олон дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно. Гэхдээ дээд зөвлөлийн бүх гишүүн өөрсдийн томилогдсон тойрогт мөн чуулгын өмнө эдгээр хариуцлагыг үүрдэг.
23.5.4
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлагынх нь талаар удирдамж заавар өгч, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
23.6
Тойргийн удирдагчид
23.6.1
Бишопын зөвлөл
Бишопын зөвлөл нь сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн хүчин зүтгэлийг удирдах явцад нь ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн ажлыг зохицуулна. Эдгээр удирдагч хамтдаа тогтмол зөвлөлдөнө.
Бишопын зөвлөл нь тойргийн зөвлөлийн болон тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар эдгээр хүчин зүтгэлийн талаар ярилцаж, зохицуулж байгаа эсэхэд анхаарна. Бишопын зөвлөл нь сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн төлөвлөгөөг үзэж танилцан, зөвшөөрөл олгоно (23.6.6-г үзнэ үү).
Тойргийн номлолын удирдагчийг дуудах эсэхийг бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийднэ (нэмэлт мэдээллийг 23.6.3-аас үзнэ үү).
Бишоп төлөөлөн үйлдэх баптисм ба гишүүний баталгаанд зориулан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохоор зохих насны шинэ гишүүдтэй ярилцана (26.4.2-ыг үзнэ үү). Тэрээр түүнчлэн Аароны санваарыг хүлээн авахуйц зохих насны ах нартай ярилцана (38.2.9.1-ыг үзнэ үү). Ерөнхийдөө эдгээр ярилцлагыг гишүүнээр батлуулснаас нь хойш долоо хоногийн дотор хийдэг.
Бишопын зөвлөл нь бусад удирдагчтай уялдаа холбоотой ажиллан, шинэ ба эргэн ирж буй гишүүдэд үйлчлэх боломж олгосон байхад анхаарна. Ийм боломж нь эдгээр гишүүнд сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, амьдралдаа Их Эзэний хүчийг мэдрэхэд тусалдаг. Үйлчлэл нь мөн баяр баясгаланг мэдэрч, тойргийн бусад хүнтэй ойр дотно харилцаа үүсгэхэд гишүүдэд тусална.
Үйлчлэх боломж нь гишүүний хэрэгцээ, ур чадварт суурилсан байх ёстой. Зарим тохиолдолд дуудлага өгөх нь зөв. Харин зарим тохиолдолд албан бус энгийн ажил даалгах нь тохиромжтой.
23.6.2
Ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл
Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн өдөр тутмын ажлыг ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд удирдан явуулна (8.2.3; 9.2.3-ыг үзнэ үү). Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ахлагчийн чуулгын гишүүдийн эдгээр ажлыг удирдана. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн гишүүдийн эдгээр ажлыг удирдана. Тэд бишопын удирдлага доор эдгээр ажлыг удирдахаар тойргийн зөвлөлтэй хамтран ажиллана.
Эдгээр удирдагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Бурханы хүүхдүүдийг хайрлан, сайн мэдээг хуваалцаж, Аврагчийн адислалуудыг хүлээн авахад бусдыг урихад гишүүдийг урамшуулна (23.1-ийг үзнэ үү).
-
Сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүдтэй зөвлөлдөнө. Номлогчдод заах хүмүүс олж өгөх, хичээл заалгаж буй хүмүүсийг хэрхэн дэмжих талаар ярилцана. Шинэ ба эргэн ирж буй гишүүдийн хэрэгцээг мөн хэрхэн дэмжиж туслахыг хамтдаа зөвлөлдөнө.
-
Шинэ ба эргэн ирж буй гишүүдэд тохинуулагч ах, эгч нарыг хуваарилна (21.2.1-ийг үзнэ үү). Номлогчдын зааж байгаа хүмүүст мөн тохинуулагч ах, эгч нарыг хуваарилж болно (үүнийг номлогчидтой хамт зохицуулна). Удирдагчид аль болох энэ хүмүүстэй ойр дотно харилцаатай эсвэл ийм харилцаа үүсгэж чадах гишүүдийг хуваарилна. Удирдагчид Христийнхтэй адил хайр энэрэл, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд тохинуулагч ах, эгч нарыг урамшуулан дэмжинэ.
-
Шинэ ба эргэн ирж буй гишүүдэд тохинуулагч ах, эгчээр үйлчлэх боломжийг олгоно. Тохинууллын тухай нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.
-
Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөг гаргахад нь тойргийн зөвлөлд тусална (23.6.6-г үзнэ үү).
-
Тойргийн номлолын удирдагчийн ажлыг удирдана. Хэрвээ ийм удирдагч дуудагдаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ (23.6.3-ыг үзнэ үү).
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тус бүр ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг нэг гишүүнийг эдгээр ажлыг удирдан чиглүүлэхээр томилно. Ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ хоёр гишүүн хамтран ажиллана. Тэд долоо хоног тутмын зохицуулах хуралд оролцоно (23.4-ийг үзнэ үү).
23.6.3
Тойргийн номлолын удирдагч
Тойргийн номлолын удирдагчийг дуудах эсэхийг бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөн шийднэ. Хэрэв энэ дуудлагыг өгөхөөр шийдвэл бишопын зөвлөл Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй зөвлөлдөн, хэнийг дуудахаа шийднэ.
Тойргийн номлолын удирдагч нь Мелкизедек санваартан байх ёстой. Хэрвээ ийм удирдагчийг дуудаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ.
Тойргийн номлолын удирдагч ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд номлогчийн үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Тэр мөн дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
-
Тойргийн гишүүд, удирдагчид, тойргийн болон бүрэн цагийн номлогчдын ажлыг уялдуулан холбоно. Үүнд заах хичээл зүтгэл, баптисмын үйл ажиллагаа болон шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд хийгдэж буй ажлыг уялдуулах ажил орно. Түүнчлэн сайн мэдээг хуваалцахад тойргийн гишүүдэд туслах арга замыг төлөвлөх ажил энд багтаж болно.
-
Долоо хоног тутмын зохицуулах хурлыг удирдана (23.4-ийг үзнэ үү).
-
Уригдсан бол тойргийн зөвлөлийн хуралд оролцоно.
-
Тойргийн зөвлөлд сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд нь тусална (23.6.6-г үзнэ үү).
-
Бүрэн цагийн номлогчдод сайн мэдээг хуваалцаж, гишүүдтэй харилцаа холбоо үүсгэх замаар зорилгодоо хүрэхэд нь туслах боломжийг эрэлхийлнэ. Зөвшөөрөгдсөн газруудад гишүүдтэй хамт хоол идэх (аль болох гэр бүлийнх нь зарим нь гишүүн биш гэр бүлүүдтэй, мөн шинэ болон эргэн ирж буй гишүүдтэй; 24.6.2.3-ыг үзнэ үү).
-
Сайн мэдээнээс суралцаж байгаа хүмүүс, шинэ ба эргэн ирж буй гишүүдэд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь туслахын тулд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч, зөвлөхүүдтэй хамтран ажиллана.
23.6.4
Тойргийн номлогчид
Тойргийн номлогчид 23.1-д тайлбарласнаар, сайн мэдээг хуваалцахын баяр баясгаланг мэдрэхэд нь тойргийн гишүүдэд тусалдаг. Тэд тойргийн номлолын удирдагчийн эсвэл энэ үүргийг гүйцэтгэдэг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний удирдлага доор үйлчилдэг. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нар үйлчлэх гишүүдийн нэрийг дэвшүүлж болно.
Тойргийн номлогчид бусдыг хайрлах, итгэлээ хуваалцах, сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад бусдыг урих зэрэгт өөрийн үг ба үлгэр жишээгээр заана. Тэд мөн шинэ ба эргэн ирж буй гишүүдэд тохинуулахад нь тойргийн гишүүдэд тусалдаг.
Тойргийн номлогчид долоо хоног тутам зохицуулах хуралд оролцоно (23.4-ийг үзнэ үү).
23.6.5
Тойргийн зөвлөл ба тойргийн өсвөр үеийнхний зөвлөл
Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх талаар тойргийн зөвлөлийн хурлаар тогтмол авч хэлэлцэнэ. Бишоп ахлагчийн чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс эдгээр хэлэлцүүлгийг удирдахыг хүсэж болох бөгөөд ярилцлага нь хувь хүмүүс дээр төвлөрсөн байх ёстой. Бишоп тойргийн номлолын удирдагчийг тойргийн зөвлөлийн хуралд урьж оролцуулж болно.
Уг зөвлөл нь сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн төлөвлөгөөг авч хэлэлцэж болно. Мөн тэд байгууллагуудыг хооронд нь уялдуулан холбох хэрэгтэй үүрэгт ажлуудын талаар ярилцана. Дараахтай адил эх сурвалжууд эдгээр хэлэлцүүлэгт тустай байж болох юм. Үүнд:
-
Миний гэрээний зам. Энэ эх сурвалж нь шинэ болон эргэн ирж буй гишүүдэд баптисм хүртсэний дараах эсвэл сайн мэдээний дагуу амьдрахаар эргэн ирснийх нь дараах 12-24 сарын турш гэрээний зам дээр өсөж хөгжихөд тусална. Миний гэрээний зам Gospel Library дээр бий.
-
Гэрээний зам дахь өсөлт хөгжлийн бүртгэл Тойргийн удирдагчид болон бүрэн цагийн номлогчид энэ эх сурвалжийг шинэ болон эргэн ирж буй гишүүдийг мөн номлогчдоор заалгаж буй хүмүүсийг бүртгэх, өсөлт хөгжлийг харахын тулд ашигладаг. Тойргийн удирдагчид Гэрээний зам дээрх өсөлт хөгжил хэрэгслийг Member Tools аппликэйшн мөн Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС) зэргээр дамжуулан ашиглах боломжтой. Бүрэн цагийн номлогчид Миний сайн мэдээг номло аппликэйшнаар дамжуулан Гэрээний зам дээрх өсөлт хөгжил хэрэгсэл рүү орж, мэдээлэл хуваалцдаг.
Тойргийн зөвлөлийн хурлын талаарх нэмэлт мэдээллийг 29.2.5-аас үзнэ үү.
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл шинэ болон эргэн ирж буй гишүүдэд (1) мөн номлогчдоор заалгаж буй өсвөр үеийнхэнд (2) онцгой анхаарал хандуулна. Түүнчлэн уг зөвлөл сайн мэдээг хуваалцах, бүх шинэ ба эргэн ирж буй бүх гишүүнийг хүчирхэгжүүлэх тойргийн төлөвлөгөөнд өсвөр үеийнхний оролцож болох арга замуудыг авч хэлэлцэнэ. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн талаарх нэмэлт мэдээллийг 29.2.6-аас үзнэ үү.
23.6.6
Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн төлөвлөгөө
Тойрог бүр сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх энгийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө нь цуглаан, үйлчлэл, үйл ажиллагааг удирдан явуулахад тус болж болно. Үүнд дараах төлөвлөгөө болон санаа багтаж болно.
-
Тойргийн хурал цуглаан, үйл ажиллагаанд хүн бүрийг халуун дотно хүлээн авахад нь тусална.
-
Сайн мэдээг хуваалцахын баяр баясгаланг мэдрэхэд нь гишүүдэд тусална.
-
Номлогчдын зааж байгаа хүмүүсийг дэмжинэ.
-
Шинэ ба эргэн ирж буй гишүүдийг сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд тусална.
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд уг төлөвлөгөөг гаргахад тойргийн зөвлөлд тусална. Мөн тойргийн номлолын удирдагч тусална. Бишоп үүнийг хянаж, зөвшөөрөл олгоно.
Тойргийн зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдана. Тэд тойргийн зөвлөлийн хурал дээр үйл явцыг тайлагнана. Тэд мөн шаардлагын дагуу төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна.