Гарын авлагууд болон дуудлагууд
27. Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд


“27. Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“27. Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд,” Ерөнхий гарын авлага.

сүйт бүсгүй, залуу хоёр

27.

Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд

27.0

Оршил

Эрт дээр үеэс, итгэлтэй хүмүүс дэлхий дээр амьдарч байсан бөгөөд Бурхан тэднийг ариун сүмийн гэрээ, ёслолуудаар адисалсаар ирсэн. Ариулан адислагдсан ариун сүм байгаагүй үед Тэрээр Өөрийн ариун нандин ёслолуудыг ариун сүмээс гадуур гүйцэтгэхийг заримдаа зөвшөөрдөг байсан (Эхлэл 28:12–22; Гэтлэл 24; Гэтлэл 25:8–9; Ифер 3-ыг үзнэ үү). Гэхдээ Их Эзэн Өөрийн Сүмийг зохион байгуулах болгондоо “Өөрийнх нь нэрд” өргөө барихыг хүмүүстээ зарлигладаг байсан. Тэнд Тэрээр Өөрийн ёслолууд, хаант улсынхаа алдар суугийн талаар илчилж, авралын арга замыг заадаг. (2 Шастир 3–5; 2 Нифай 5:16; Сургаал ба Гэрээ 97:10–16; 124:29–39-ийг үзнэ үү.)

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Энэ нь биднийг Аврагч, Есүс Христ рүү маань чиглүүлдэг. Ариун сүмд бид ариун нандин ёслолуудад оролцож, Өөртэй нь болон Аврагчтай биднийг холбодог гэрээнүүдийг Тэнгэрлэг Эцэгтэй байгуулдаг. Эдгээр гэрээ ба ёслолууд биднийг Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очиж, гэр бүлээрээ мөнхөд хамт лацдан холбуулахад бэлтгэдэг.

Бурханы итгэлтэй хүүхдүүдэд энэ амьдралд агуу адислал хүртэх боломжийг ариун сүмд олгодог. Ариун сүмийн гэрээ, ёслолуудад “бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” (Сургаал ба Гэрээ 84:20). Ариун сүм бол гишүүдийн шүтэн биширч, суралцаж мөн удирдамж, тайтгарал хүлээн авдаг ариун нандин газар юм (Сургаал ба Гэрээ 109:13–16-г үзнэ үү). Ариун сүмд ордог хүмүүс Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслах Түүний хүчийг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 109:22–23-ыг мөн энэ гарын авлагын 3.5-ыг үзнэ үү).

Ариун сүмийн гэрээ, ёслолууд ариун нандин юм. Ариун сүмийн гэрээнүүдтэй холбоотой бэлгэдлүүдийг ариун сүмээс гадуур ярих ёсгүй. Түүнчлэн бид илчлэхгүй хэмээн ариун сүм дотор амласан ариун нандин мэдээллийн талаар ярилцаж болохгүй. Гэхдээ бид ариун сүмийн гэрээ, ёслолуудын үндсэн зорилго, төрсөн сүнслэг мэдрэмжийнхээ талаар ярилцаж болно.

Тойрог, гадасны удирдагчид хишиг хүртэхээр эсвэл лацдан холбох ёслолыг хүлээн авахаар бэлтгэж байгаа гишүүдтэй энэ бүлэг дэх мэдээллийг ярилцана.

27.1

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах

27.1.1

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх

Гишүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, эрхэмлэн дээдлэхийн тулд өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэх хэрэгтэй.

Эцэг эхчүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад хүүхдүүдээ бэлдэхэд нь туслах үндсэн үүрэгтэй. Гадас, тойргийн удирдагчид, тохинуулагч ах эгч нар, хамаатан садны гэр бүлийн гишүүд энэ үүргээ гүйцэтгэхэд нь эцэг эхчүүдийг дэмжинэ.

Гадас, тойргийн удирдагчид гишүүдийг ариун сүмийн ёслолуудаа хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэхэд тогтмол урамшуулна. Удирдагчид мөн ариун сүмийн гэрээнүүдээ эрхэмлэн дээдэлж, ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй, зохистой байхын ач холбогдлыг онцолно.

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар бэлтгэхэд нь гишүүдэд туслах эх сурвалжууд temples.ChurchofJesusChrist.org-д байгаа.

Өөрсдийн хувийн хишгийг хүртэхээр эсвэл эхнэр нөхөртэйгөө лацдан холбуулахаар бэлтгэж байгаа гишүүдийг ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээлд явахыг уриална (25.2.8-ыг үзнэ үү).

Гишүүд дараах нөхцөлд бишоп болон гадасны ерөнхийлөгчтэйгөө уулзаж, амьд хүмүүст зориулсан ёслолын эрхийн бичгийг авна. Үүнд:

  • Хишиг хүртэх

  • Ханьтайгаа лацдан холбогдох

Эдгээр нөхцөлд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох тухай мэдээллийг 26.1, 26.3.1-ээс үзнэ үү.

цагаан хувцастай хүүхдүүд

27.1.2

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар цаг авах

Хишиг хүртэхээр эсвэл лацдан холбогдож, гэрлэхээр төлөвлөж байгаа гишүүд орохоор төлөвлөж байгаа ариун сүмдээ уг ёслолыг гүйцэтгэх цагийг урьдчилан авах ёстой. Ариун сүм бүртэй холбоо барих мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

27.1.3

Бие махбодын тусгай хэрэгцээт гишүүд

Бие махбодын тусгай хэрэгцээтэй, зохистой гишүүд ариун сүмийн бүх ёслолыг хүртэж болно (38.2.5-ыг үзнэ үү). Эдгээр гишүүнийг өөрсдөд нь тусалж чадах, хишиг хүртсэн, адил хүйсийн төрөл садны хүмүүс, найз нөхөдтэйгөө ариун сүмд ирж орохыг урамшуулан дэмждэг. Туслах хүмүүс нь ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Гэр бүлийн гишүүнтэй эсвэл найзтайгаа хамт орох боломжгүй бол тэд хэрхэн зохицуулах боломжтойг мэдэхээр ариун сүмтэй урьдчилан холбоо барьж болно. Ариун сүм бүртэй холбоо барих мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Үйлчлэлийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг амьтдыг ариун сүмд оруулахыг зөвшөөрдөггүй. Гадасны ерөнхийлөгчид асуух зүйл байвал TempleDepartment@ChurchofJesusChrist.org гэсэн хаягаар Ариун сүмийн хэлтэстэй холбоо барьж болно.

27.1.4

Орчуулга, хөрвүүлгийн туслалцаа

Хэрэв гишүүдэд орчуулга эсвэл хөрвүүлгийн туслалцаа хэрэгтэй бол тэд ариун сүмтэй урьдчилан холбоо барьж, тийм туслалцаа авах боломжтой эсэхийг мэдвэл зохино. Ариун сүм бүртэй холбоо барих мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

27.1.5

Ариун сүмд ороход өмсөх хувцас

Ерөнхийдөө гишүүд ариун сүм рүү явахдаа ариун ёслолын цуглаанд өмсдөг хувцсаа өмсөнө. Тэд өдөр тутмын эсвэл ариун сүмийн гарментыг халхалдаггүй хувцас өмсөхөөс зайлсхийх ёстой. Тэд мөн хэт албан ёсны, гоёлын костюм гэх мэт хувцсыг өмсөхөөс зайлсхийвэл зохино. Энэ зааврыг эцэг эх, тохинуулагч ах эгч нар, тойрог, гадасны удирдагчид нь гишүүдийг ариун сүмд шүтэн бишрэхээр бэлтгэх үед өгвөл зохино.

Ариун сүмд лацдан холбогдоход өмсөх хувцасны талаарх мэдээллийг 27.3.2.6-аас үзнэ үү.

38.5-аас дараах мэдээллийг үзнэ үү. Үүнд:

  • Хишиг хүртэх болон лацдан холбогдох ёслолын үеэр өмсөх хувцас

  • Ариун сүмийн ёслолын хувцас ба гармент авах, өмсөх, арчлах

27.1.6

Хүүхэд асрах

Хүүхдүүд ариун сүмийн талбайд байгаа бол насанд хүрсэн хүн тэднийг харж хандах ёстой. Зөвхөн дараах нөхцөлд ариун сүмийн ажилтнууд хүүхдүүдийг нь харж өгөх боломжтой. Үүнд:

  • Эцэг эхтэйгээ лацдан холбогдох гэж байвал

  • Амьд байгаа, төрсөн эсвэл хойд ах эгч, дүүс нь эцэг эхтэйгээ лацдан холбогдож байгааг харах гэж байгаа бол.

27.1.7

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсных нь дараа гишүүдтэй уулзах

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсны дараа гишүүдэд олон асуулт гарч ирдэг. Хишиг хүртсэн гэр бүлийн гишүүд, бишоп, тойргийн бусад удирдагч, тохинуулагч ах эгч нар ариун сүмийн туршлагынх нь талаар ярилцахаар гишүүдтэй уулзаж болно.

Удирдагчид түүнчлэн гишүүдийг Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан асуултынхаа хариултыг эрэлхийлэхэд урамшуулдаг. Сүнс ариун сүмийн туршлагатай нь холбоотой олон асуултынх нь хариултыг ариун сүмд өгч чадна.

Асуултад хариулахад туслах эх сурвалжуудыг temples.ChurchofJesusChrist.org-оос үзэж болно.

27.2

Ариун сүмийн хишиг

Хишиг гэдэг нь “бэлэг” гэсэн утгатай. Ариун сүмийн хишиг бол Бурханы өгсөн бэлэг бөгөөд Тэр үүгээр дамжуулан Өөрийн хүүхдүүдийг адисалдаг. Хишгийг зөвхөн ариун сүмд хүлээж авах боломжтой. Ариун сүмийн хишгээр дамжуулан гишүүдийн авч болох зарим бэлгийг дурдвал:

  • Их Эзэний зорилго, сургаалуудын талаарх илүү их мэдлэг

  • Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээсээ хийгээсэй хэмээн хүсдэг бүхнийг хийх хүч

  • Их Эзэн, гэр бүл болон бусдад үйлчлэхдээ хүлээн авах тэнгэрлэг удирдамж

  • Илүү их итгэл найдвар, тайтгарал, амар амгалан зэрэг болно.

Хувийн хишгийн амлагдсан бүх адислал энэ амьдрал ба мөнх амьдралын аль алинд хүчинтэй. Эдгээр адислалыг хүлээн авах эсэх нь Есүс Христийн сургаалд хэр үнэнч байхаас шалтгаална.

Хишиг нь хоёр хэсгээс бүрддэг. Эхний хэсэгт тухайн хүн тосолгоо буюу анхдагч ёслолыг хүлээн авдаг. Тосолгоонд угаах, тослох, хувцаслах гэсэн гурван ёслол багтдаг (Гэтлэл 29:4–9-ийг үзнэ үү). Үүнд уг хүний тэнгэрлэг өв, чадавхтай холбоотой онцгой адислалууд орсон байдаг.

Тосолгооны үеэр гишүүнд ариун сүмийн гармент өмсөхийг зааварладаг. Гармент бол Есүс Христийн ариун бэлгэдэл юм. Мөн энэ нь ариун сүмийн гэрээний сануулагч болж өгдөг. Гишүүд байгуулсан гэрээнүүдээ сахиснаар мөн зааварчилсны дагуу уг гарментыг өмсөх ариун нандин онцгой боломжийг хүндэтгэснээр Аврагчийн нигүүлсэл, хамгаалалт, хүч, чадлыг илүү ихээр хүлээн авах боломжтой болдог. Гарментын тухай нэмэлт мэдээллийг 38.5-аас үзнэ үү.

Хишгийн хоёр дахь хэсэгт авралын төлөвлөгөөг, тухайлбал Бүтээлт, Адам Ева хоёрын Уналт, Есүс Христийн Цагаатгалын талаар заадаг. Гишүүд түүнчлэн Их Эзэний оршихуйд хэрхэн эргэн очих зааврыг хүлээн авдаг.

Хишгийн үеэр гишүүдийг дараах ариун нандин гэрээг байгуулахад урьдаг. Үүнд:

  1. Дуулгавартай байдлын хуулийг сахиж, Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагахаар хичээх

  2. Их Эзэний ажлыг дэмжихийн тулд золиос гаргаж мөн харамссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр наманчилна гэсэн утга бүхий золиосны хуулийг дагах

  3. Есүс Христийн сайн мэдээний хуулийг дагах нь дараах утгатай. Үүнд:

    • Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох;

    • Өдөр бүр наманчлах;

    • Аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээж авснаар Бурхантай гэрээнүүд байгуулах;

    • Гэрээнүүдээ сахиснаар эцсээ хүртэл тэвчих;

    • Хоёр агуу зарлигийн дагуу амьдрахыг хичээх зэрэг болно. Эдгээр нь “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” мөн “Чи хөршөө өөрийн адил хайрла” хэмээх зарлигууд юм (Матай 22:37, 39).

  4. Ариун явдлын хуулийг сахих гэдэг нь Бурханы хуулийн дагуу хууль ёсоор гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй байхаас бусдаар бэлгийн харьцаанд орохыг тэвчих явдал юм.

  5. Цаг зав, авьяас чадвар, Их Эзэний өөрсдөд нь адислал болгон өгсөн бүхнийг Есүс Христийн Сүмийг дэлхий дээр барьж босгоход зориулах буюу бүхнээ зориулах хуулийг сахих ордог.

Хариуд нь, ариун сүмийн гэрээнүүддээ үнэнч үлдсэн хүмүүс “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх” болно хэмээн Тэнгэрлэг Эцэг амладаг (Сургаал ба Гэрээ 38:32, 38; мөн Лук 24:49; Сургаал ба Гэрээ 43:16-г үзнэ үү).

27.2.1

Хишгийг хэн хүртэж болох

Сүмийн бүх хариуцлага хүлээх чадвартай насанд хүрсэн гишүүнийг хишиг хүртэхэд бэлтгэж, хүлээн авахад урьдаг. Гишүүд хишиг хүртэхийнхээ өмнө бүх урьдчилан шаардагдах ёслолыг хүртэж, бүртгүүлсэн байх ёстой (26.3.1-ийг үзнэ үү). Хэзээ хишиг хүртэхээ шийдэх талаарх мэдээллийг 27.2.2-оос үзнэ үү.

27.2.1.1

Шинээр баптисм хүртсэн гишүүд

Насанд хүрсэн, зохистой шинэ гишүүд гишүүнээр батлуулсан өдрөөс хойш хамгийн багадаа бүтэн нэг жилийн дараа хишиг хүртэж болно (26.5.2-ыг үзнэ үү).

27.2.1.2

Хишиг хүртээгүй эхнэр, нөхөртэй гишүүд

Хишиг хүртээгүй эхнэр, нөхөртэй зохистой гишүүд дараах нөхцөлүүд хангагдсан тохиолдолд хувийн хишгийг хүртэж болно. Үүнд:

  • Хишиг хүртээгүй эхнэр эсвэл нөхөр нь зөвшөөрсөн бол

  • Ариун сүмийн гэрээнүүд байгуулснаар хүлээдэг үүрэг хариуцлага нь гэрлэхэд нь саад болохгүй гэдэгт тухайн гишүүн, бишоп, гадасны ерөнхийлөгч итгэлтэй байгаа бол хүртэж болно.

Эдгээр нөхцөл эхнэр, нөхөр нь Сүмийн гишүүн байх эсэхээс үл хамаарна.

27.2.1.3

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд дараах нөхцөлд хишиг хүртэж болно. Тухайлбал:

  • Бүх анхдагч ёслолоо хүлээн авсан бол (26.3.1-ийг үзнэ үү)

  • Холбогдох гэрээнүүдийг ойлгох, байгуулах, сахих оюуны чадавхтай бол хүртэж болно.

Бишоп тухайн гишүүнтэй, шаардлагатай гэж үзвэл эцэг эхтэй нь зөвлөлдөнө. Тэр түүнчлэн Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ. Тэрээр гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж болно. Шаардлагатай бол гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлийн албанд асуултуудыг илгээж болно. 38.2.4-ийг үзнэ үү.

27.2.2

Хэзээ хишиг хүртэхээ шийдэх

Хишиг хүртэх шийдвэрийг хувь хүн өөрөө, залбирч байгаад гаргах ёстой. Хишиг нь үүнийг хүртэхэд бэлэн бүх хүнд олгогддог хүч чадал, илчлэлтийн адислал юм. Гишүүд дараах бүх нөхцөлийг хангасан бол хишиг хүртэх сонголтыг хийж болно. Үүнд:

  • Тэд хамгийн багадаа 18 настай байх ёстой

  • Ахлах сургуулиа төгссөн эсвэл сургуульд явахгүй байгаа

  • Гишүүнээр батлуулснаас хойш бүтэн жил өнгөрсөн

  • Ариун сүмийн нандин гэрээнүүдийг хүлээн авч, амьдралынхаа туршид эрхэмлэн дээдлэх хүсэлтэй байх.

Номлолын дуудлагаа хүлээн авсан эсвэл ариун сүмд лацдан холбогдохоор бэлтгэж байгаа гишүүд хишиг хүртэх ёстой. Бишоп мөн хишиг хүртэхийг хүсэж байгаа, насанд хүрсэн бусад гишүүнтэй зөвлөлдөнө.

Хишиг хүртэх гэж байгаа гишүүнд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохын өмнө бишоп, гадасны ерөнхийлөгч нь тухайн хүнийг ариун сүмийн ариун нандин гэрээнүүдийг ойлгож, сахихад бэлэн гэдгийг мэдэрсэн байх ёстой. Энэхүү шаардлагыг хүн бүр хангаж байгааг тодорхойлно. Тухайн хүн хишиг хүртэхэд бэлэн эсэхийг тодорхойлохдоо удирдагчид доор жагсаасантай адил ерөнхий шалгуурыг ашиглахгүй. Үүнд:

  • Тодорхой насанд хүрсэн байх

  • Гэрээ орхин их сургууль, ажил, цэргийн албанд явах

  • Гэр бүлийн гишүүн эсвэл найзыгаа ариун сүмд лацдан холбуулж байгааг харахыг хүссэн бол зэрэг юм.

27.2.3

Хишиг хүртэхээ төлөвлөж, цаг авах

27.2.3.1

Амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг авах

Ариун сүмд орж, хишиг хүртэхийн тулд гишүүн нь амьд хүмүүст зориулсан ёслолын эрхийн бичгийг авсан байх ёстой. Эдгээр эрхийн бичгийн талаарх мэдээллийг 26.5.1-ээс үзнэ үү.

27.2.3.2

Ариун сүмтэй холбоо барих

Хишиг хүртэхээр төлөвлөж буй гишүүд ёслол хийлгэх цаг авахын тул ариун сүмтэй урьдчилан холбоо барьсан байх ёстой (27.1.2-ыг үзнэ үү). Ариун сүм нь цаг авах үед ариун сүмийн хувцас гэх мэт зүйлийн талаар мэдээлэл, заавар өгнө.

27.2.3.3

Хишиг хүртэж байгаа гишүүдийг дагалдах хүмүүс

Хишиг хүртэж байгаа гишүүд өөрийг нь дагалдах, хишиг хүртэх ёслолын үеэр туслах ижил хүйсийн, хишиг хүртсэн гишүүнийг урина. Дагалдаж байгаа хүн нь ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Шаардлагатай бол ариун сүмээс дагалдан явах хүнийг гаргаж өгч болно.

27.3

Эхнэр, нөхөр хоёрыг лацдан холбох

“Гэр бүл Бурханаас заяагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Ариун сүмийн лацдан холболт нь эхнэр, нөхөр хоёрыг үүрд мөнх холбодог. Ариун сүмд лацдан холбогдсон хосуудад мөнх амьдралын туршид алдар суу, баяр баясгаланг амладаг (Сургаал ба Гэрээ 132:19–20-ийг үзнэ үү). Тэд ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ итгэлтэй байвал эдгээр адислалыг хүлээн авна. Энэ ёслолоор дамжуулан хүүхдүүд нь бас мөнхийн гэр бүлийнх нь нэгэн хэсэг болдог.

Сүмийн удирдагчид гишүүдийг ариун сүмд гэрлэхээр мөн лацдан холбогдохоор бэлтгэхэд урамшуулан дэмждэг. Ариун сүмийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй газруудад Сүмийн эрх бүхий удирдагчид эсвэл өөр хүн иргэний гэрлэлтийг нь баталсны дараа ариун сүмд лацдан холбогдож болно (38.3-ыг үзнэ үү). Ариун сүмийн гэрлэх ёслолд оролцож чадахгүйн улмаас орхигдож байгаа мэт мэдрэмжийг эцэг эх, гэр бүлийн гишүүдэд нь төрүүлэхгүйн тулд дээрх үйл явцыг мөн даган гүйцэтгэж болно.

ариун сүмийн гадна буй гэр бүл

27.3.1

Ариун сүмд хэн лацдан холбогдож болох

Гэрлээгүй, хариуцлага хүлээх чадвартай Сүмийн бүх гишүүнийг ариун сүмд лацдан холбогдоход бэлдэхэд урьдаг. Иргэний гэрлэлтээр гэрлэсэн хүмүүсийг бэлэн болсон даруйд ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбогдоход урамшуулан дэмждэг. Гишүүд лацдан холбогдохынхоо өмнө хишиг хүртсэн байх ёстой (27.2-ыг үзнэ үү).

Ариун сүмд лацдан холбуулж байгаа хосууд (1) лацдан холбуулахаас өмнө иргэний гэрлэлтээр гэрлэсэн эсвэл (2) ариун сүмийн ижил ёслолоор гэрлэж мөн лацдан холбуулсан байх ёстой. 27.3.2-ыг үзнэ үү

27.3.1.1

Өмнөх эхнэр, нөхөртэйгөө лацдан холбогдсон гишүүд

38.4.1-ийг үзнэ үү.

27.3.1.2

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд эхнэр, нөхөр, сүйт залуу эсвэл сүйт бүсгүйтэйгээ дараах нөхцөлд лацдан холбогдож болно. Үүнд:

  • Тэд хишиг хүртэх зэрэг бүх анхдагч ёслолоо хүлээн авсан байх (27.2.1.3-ыг үзнэ үү)

  • Холбогдох гэрээнүүдийг ойлгож, байгуулж мөн сахих оюуны чадавхтай байх ёстой.

Бишоп уг гишүүнтэй болон түүний эхнэр нөхөр, сүйт залуу эсвэл сүйт бүсгүйтэй зөвлөлдөнө. Тэр мөн Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ. Тэрээр гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж болно. Шаардлагатай бол гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлийн албанд асуултуудыг илгээж болно. 38.2.4-ийг үзнэ үү.

27.3.2

Ариун сүмийн лацдан холболтыг төлөвлөж, цаг авах

27.3.2.1

Амьд хүмүүст зориулсан ёслолын зөвшөөрлийн бичиг авах

Гишүүн нь эхнэр нөхөртэйгөө лацдан холбогдохын тулд амьд хүмүүст зориулсан ёслолын эрхийн бичгийг авсан байх ёстой. Эдгээр эрхийн бичгийн талаарх мэдээллийг 26.3-аас үзнэ үү.

27.3.2.2

Ариун сүмтэй холбоо барих

Лацдан холбуулахаар төлөвлөж байгаа гишүүд ёслол гүйцэтгэх цаг авахаар ариун сүмтэй урьдчилан холбоо барих ёстой (27.1.2-ыг үзнэ үү). Ариун сүмээс хэзээ цаг авсан талаар заавар өгнө.

27.3.2.3

Гэрлэлтийн гэрчилгээ авах

Гэрлэхээсээ өмнө хосууд гэрлэлтийг гүйцэтгэх газарт хүчинтэй гэрлэлтийн гэрчилгээг хуулийн дагуу авсан байх ёстой. Хэрвээ уг хос нэг ёслолоор гэрлэж, лацдан холбогдохоор төлөвлөж байгаа бол тэд ариун сүмд ирэхдээ гэрлэлтийн хүчинтэй гэрчилгээгээ авчрах ёстой.

Иргэний гэрлэлтийн дараа лацдан холбогдож байгаа хосууд ариун сүмд ирэхдээ гэрлэлтийн гэрчилгээгээ авчрах хэрэггүй. Харин оронд нь бүртгэл баталгаажуулах үйл явцын нэгэн хэсэг болгож, иргэний гэрлэлт хийлгэсэн огноо, газрынхаа мэдээллийг өгнө.

27.3.2.4

Сүйт залуу, бүсгүй хоёрыг дагалдах хүмүүс

Хишиг хүртсэн эгч хувцаслах өрөөнд сүйт бүсгүйд туслахаар дагалдан явж болно. Хишиг хүртсэн ах сүйт залууд мөн ийн тусалж болно. Дагалдаж байгаа хүн нь ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Шаардлагатай бол ариун сүмээс дагалдан явах хүнийг гаргаж өгнө.

27.3.2.5

Ариун сүмийн лацдан холболтыг хэн гүйцэтгэдэг вэ?

Ерөнхийдөө ариун сүмийн лацдан холболтыг хосын лацдан холбогдох гэж байгаа ариун сүмд үйлчилдэг лацдан холбогч гүйцэтгэдэг. Хэрвээ гэр бүлийн нэг гишүүн нь эсвэл таньдаг хүн нь лацдан холбох эрх мэдэлтэй мөн уг хосын лацдан холбогдох гэж байгаа ариун сүмд томилогдсон бол тэд түүнийг лацдан холболтоо гүйцэтгүүлэхээр урьж болно.

Лацдан холбогч өөрийн томилогдсон ариун сүмээс өөр ариун сүмд, өөрийн үр удмын (хүүхдүүд, ач зээ, ачинцар, зээнцэр, гуч) лацдан холболтыг гүйцэтгэх зөвшөөрлийг Тэргүүн Зөвлөлөөс авч болно. Ийм лацдан холболт бүрд тэрээр Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрсөн бичгийг авсан байх ёстой. Тэрээр уг бичгээ ариун сүмд авчирч үзүүлнэ.

Гишүүдийг ерөнхий эрх мэдэлтнүүдээс ариун сүмийн лацдан холболтыг гүйцэтгэхийг хүсэхийг дэмждэггүй.

27.3.2.6

Ариун сүмийн лацдан холболтод өмсөхөд тохирох хувцас

Сүйт бүсгүйн даашинз. Сүйт бүсгүйн ариун сүмд өмсөх даашинз цагаан өнгөтэй, загвар материалын хувьд даруу, хэт чамин хийц чимэглэлгүй байх ёстой. Энэ нь түүнчлэн ариун сүмийн гарментыг халхалсан байх ёстой. Нимгэн даавуугаар хийсэн хувцсыг доторлосон байх ёстой.

Ариун сүмд өмсдөг бусад даашинзтай адил, сүйт бүсгүйн даашинз урт ханцуйтай эсвэл гарын дөрөвний гурвыг халхалсан байна. Даашинз чирэгддэг урт хормойгүй байх ба хормой болж салдаг юм уу дээш тогтоож болдог байх ёстой.

Шаардлагатай бол, эсвэл хүсвэл ариун сүмээс даашинз өгч болно.

Сүйт залуугийн хувцас. Сүйт залуу нь лацдан холбох ёслолын үеэр ариун сүмийн энгийн хувцас өмсдөг (38.5.1 ба 38.5.2-ыг үзнэ үү). Тэр ёслолын дараа ариун сүмийн гадна зураг авхуулахдаа ёслолын хувцас өмсөж болно.

Зочдын хувцас. Лацдан холбох ёслолд оролцох хүмүүс ариун ёслолын цуглаанд өмсдөгтэй адил хувцас өмсөх ёстой. Тэд өдөр тутмын эсвэл ариун сүмийн гарментыг халхалдаггүй хувцас өмсөхөөс зайлсхийх ёстой. Тэд мөн хэт албан ёсны, гоёлын костюм гэх мэт хувцсыг өмсөхөөс зайлсхийвэл зохино.

Хишиг хүртэх ёслолоос лацдан холболт руу шууд орж байгаа гишүүд ариун сүмийн ёслолын хувцастайгаа байж болно.

Хосууд энэ мэдээллийг лацдан холболт болохоос өмнө зочдодоо өгсөн байх хэрэгтэй.

Цэцэг. Гэрлэх хос мөн тэдний зочид лацдан холбох ёслолын үеэр цэцэг зүүж, барих ёсгүй. Цэцгийг ёслолын дараа, ариун сүмийн гадна зураг авхуулахад хатгаж, барьж болно. Хосууд энэ мэдээллийг лацдан холболт болохоос өмнө зочдодоо өгсөн байх хэрэгтэй.

27.3.2.7

Ариун сүмийн лацдан холболтын дараа бөгж солилцох

Бөгж солилцох нь ариун сүмийн лацдан холбох ёслолын хэсэг биш юм. Гэвч хосууд ёслолын дараа, лацдан холболтын өрөөнд бөгжөө солилцож болно. Хосууд ариун сүм дотор эсвэл ариун сүмийн талбайн өөр хаана ч, өөр ямар ч цаг үед бөгжөө солилцох ёсгүй. Энэ нь ёслолоос анхаарлыг сарниулж болно.

Нэг ёслолоор гэрлэж, лацдан холбогдсон хос ариун сүмийн гэрлэлтэд оролцож чадаагүй гэр бүлийн гишүүддээ зориулан бөгжөө дараа нь солилцож болно. Бөгж солилцох нь ариун сүмийн лацдан холболтын уур амьсгалтай нийцсэн байх ёстой. Бөгж солилцох нь ариун сүмийн лацдан холбох ёслолын аль ч хэсгийг дуурайх ёсгүй. Хос нь ариун сүмд лацдан холбогдсоныхоо дараа тангараг солилцох ёсгүй.

Ариун сүмд лацдан холбогдохынхоо өмнө иргэний гэрлэлтээр батлуулсан хосууд иргэний ёслол ба ариун сүмийн лацдан холболтынхоо үеэр эсвэл аль алин дээр нь бөгж солилцож болно.

27.3.3

Зөвхөн энэ амьдралд хүчинтэй ариун сүмийн гэрлэлт

Ариун сүмийн зорилго бол мөнх байдлын ёслолуудыг гүйцэтгэх явдал юм. Энэхүү шалтгааны улмаас зөвхөн энэ амьдралд хүчинтэй гэрлэлтийг цаашид ариун сүмд гүйцэтгэхгүй.

Ариун сүмд зөвхөн энэ амьдралд гэрлэсэн хосыг лацдан холбох бодлого журмыг 38.4.1.7-аас үзнэ үү.

27.3.4

Ариун сүмийн лацдан холболтод хэн оролцож болох вэ?

Хос нь зөвхөн гэр бүлийн гишүүд, ойр дотно найз нөхдөө ариун сүмийн лацдан холболтод урих ёстой. Хариуцлага хүлээх чадвартай гишүүд ёслолд оролцохын тулд хишиг хүртсэн, бас ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

Сүмд бүртгэлтэй зарим гишүүн нь оюуны тусгай хэрэгцээнээс болж баптисм хүртдэггүй, мөн зарим нь баптисм хүртдэг ч тус шалтгааны улмаас хишиг хүртдэггүй. Дараах тохиолдолд гадасны ерөнхийлөгч тэдэнд амьд байгаа ах, эгч, дүү нарынхаа ариун сүмийн лацдан холболтын ёслолуудыг харахыг зөвшөөрч болно. Үүнд:

  • Хамгийн багадаа 18 настай;

  • Ёслолын үеэр бишрэл хүндэтгэлтэй байх чадвартай байх зэрэг юм.

Гадасны ерөнхийлөгч уг хүнд лацдан холболтыг харах зөвшөөрөл өгснийг дурдсан зөвшөөрлийн бичиг хийж өгсөн байна. Уг бичгийг ариун сүмд авчирч үзүүлнэ.

Гишүүд эцэг эхээ лацдан холбогдохыг харахын тулд хишиг хүртсэн, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

Амьд хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбоход хэн оролцож болох тухай мэдээллийг 27.4.5-аас үзнэ үү.

27.3.5

Хуримын хүлээн авалт

Сүмийн барилга дотор хуримын хүлээн авалт зохион байгуулах талаарх мэдээллийг 38.3.4-өөс үзнэ үү.

27.4

Амьд хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох

Эхнэр, нөхөр хоёрыг ариун сүмд лацдан холбогдсоны дараа төрсөн хүүхдүүд уг лацдан холболтын гэрээнд төрдөг. Тэд эцэг эхтэйгээ лацдан холбогдох ёслол үйлдэх шаардлагагүй.

Гэрээнд төрөөгүй хүүхдүүд төрүүлсэн эсвэл үрчилж авсан эцэг эхтэйгээ лацдан холбогдсоноор мөнхийн гэр бүлийн хэсэг болох боломжтой. Эдгээр хүүхэд гэрээнд төрсөн хүүхдүүдтэй адилхан адислалуудыг хүлээн авах эрхтэй.

Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох тухай бодлого журмыг 38.4.2-оос үзнэ үү.

27.4.1

Амьд хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбоход зориулсан зөвшөөрлийн бичиг олгох

Эцэг эхтэйгээ лацдан холбогдохын тулд 8 ба үүнээс дээш насны хариуцлагатай гишүүд зөвшөөрлийн бичиг авсан байх хэрэгтэй. Тэд түүнчлэн амьд байгаа, төрсөн эсвэл хойд ах, эгч, дүүсээ эцэг эхтэйгээ лацдан холбогдохыг харахын тулд зөвшөөрлийн бичиг авсан байх шаардлагатай (27.4.4-ийг үзнэ үү). 8 ба түүнээс дээш насны хүүхдүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахын тулд баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан байх ёстой. 11 нас хүрсэн, ёслол болж байгаа жил 12 нас хүрэх эрэгтэй хүүхдүүд түүнчлэн санваар атгадаг байх ёстой.

21 ба түүнээс дээш насны гишүүд эцэг эхтэйгээ лацдан холбогдохын тулд өөрсдийн хишгийг хүртсэн, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

Оюуны тусгай хэрэгцээнээс болж баптисм эсвэл хишиг хүртээгүй хүмүүст эцэг эхтэйгээ лацдан холбогдох зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгч өгч болно. Уг хүнд лацдан холбогдох зөвшөөрөл өгсөн бичгийг гадасны ерөнхийлөгч гаргаж өгнө. Зөвшөөрлийн бичгийг ариун сүмд авчирч үзүүлнэ.

Хүүхдүүдэд зөвшөөрлийн бичиг олгох талаарх мэдээллийг 26.4.4-өөс үзнэ үү.

27.4.2

Ариун сүмтэй холбоо барих

Хүүхдүүдтэйгээ лацдан холбогдохыг хүсэж байгаа хос, эсвэл нас барсан эцэг эхтэйгээ лацдан холбогдохыг хүсэж байгаа хүүхдүүд уг ёслолыг үйлдэх цаг авахын тулд ариун сүмтэй урьдчилан холбоо барина (27.1.2-ыг үзнэ үү). Зарим тохиолдолд, лацдан холбогдохоос өмнө ариун сүмийн бусад ёслолыг гүйцэтгэх хэрэгтэй байж болох юм.

Ариун сүмийн гадна буй залуу эрэгтэйчүүд

27.4.3

Хүүхэд асрах

27.1.6-г үзнэ үү.

27.4.4

Хүүхдүүдийг эцэг эхтэй нь хэн лацдан холбох вэ?

Амьд хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох ёслолыг ихэвчлэн лацдан холболтыг гүйцэтгэх ариун сүмд лацдан холбогч үйлддэг. Хэрвээ гэр бүлийн нэг гишүүн нь эсвэл таньдаг хүн нь лацдан холбох эрх мэдэлтэй мөн уг хосын лацдан холбогдох гэж байгаа ариун сүмд томилогдсон бол тэд түүнийг лацдан холболтоо гүйцэтгүүлэхээр урьж болно.

Лацдан холбогч өөрийн томилогдсон ариун сүмээс өөр ариун сүмд, өөрийн үр удмын (хүүхдүүд, ач зээ, гуч) лацдан холболтыг гүйцэтгэх зөвшөөрлийг Тэргүүн зөвлөлөөс авч болно. Ийм лацдан холболт бүрд тэрээр Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрсөн бичгийг авсан байх ёстой. Тэрээр уг бичгээ ариун сүмд авчирч үзүүлнэ.

Гишүүдийг ерөнхий эрх мэдэлтнүүдээс амьд хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох ёслолыг гүйцэтгэхийг хүсэхийг дэмждэггүй.

27.4.5

Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбоход хэн оролцож болох

Амьд байгаа ах, эгч, дүү, хойд ах, эгч, дүү нараа эцэг эхтэйгээ лацдан холбогдох ёслолыг харахын тулд 21-ээс доош насны хишиг хүртээгүй гишүүд гэрээнд төрсөн эсвэл эцэг эхтэйгээ лацдан холбогдсон байх ёстой. Үүнээс гадна 8 ба түүнээс дээш насны хүүхдүүд баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан мөн ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой (26.4.4-ийг үзнэ үү). 11 нас хүрсэн, ёслол болж байгаа жил 12 нас хүрэх эрэгтэй хүүхдүүд түүнчлэн санваар атгадаг байх ёстой.

21 ба түүнээс дээш насны гишүүд ийм лацдан холболтын ёслолыг харахын тулд хишиг хүртсэн, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

21-ээс доош насны гэрлэсэн гишүүд ийм лацдан холболтыг харахын тулд хишгээ хүртсэн байх шаардлагагүй. Гэхдээ тэд ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой (26.4.4-ийг үзнэ үү).

Сүмд бүртгэлтэй зарим гишүүн нь оюуны тусгай хэрэгцээнээс болж баптисм хүртдэггүй, мөн зарим нь баптисм хүртдэг ч тус шалтгааны улмаас хишиг хүртдэггүй. Гадасны ерөнхийлөгч тэдэнд амьд байгаа, төрсөн эсвэл хойд, мөн эцэг юм уу эх нэгт ах эгч, дүүсээ эцэг эхтэйгээ лацдан холбогдохыг харах зөвшөөрөл олгож болно. Гадасны ерөнхийлөгч уг хүнд лацдан холболтыг харах зөвшөөрөл өгснийг дурдсан зөвшөөрлийн бичиг хийж өгсөн байна. Уг бичгийг ариун сүмд авчирч үзүүлнэ.