“29. Сүмийн хурал цуглаан,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).
“29. Сүмийн хурал цуглаан,” Ерөнхий гарын авлага.
29.
Сүмийн хурал цуглаан
29.0
Оршил
Хожмын үеийн гэгээнтнүүд хамтдаа шүтэн биширч, нэг нэгнээ сэнхрүүлэхээр мөн сайн мэдээг зааж, суралцахаар цуглардаг (Алма 6:6; Моронай 6:5–6-г үзнэ үү). Аврагч “Хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна” (Матай 18:20) хэмээн амласан. Хамтдаа цугларах нь бидний зүрх сэтгэл “эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд” (Мозая 18:21) нэгдэх нэг арга зам юм.
Удирдлагын хурлууд нь удирдагчдад хамтдаа зөвлөлдөж, бусдад үйлчлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтаа уялдуулан холбоход тусалдаг. Гэхдээ хуралдах нь Есүс Христийн адил үйлчилж, тохинуулах ажлыг хэзээ ч орлох ёсгүй. Аврал, өргөмжлөлийн ажилд нь Бурханд туслах арга замыг хурал дээр төлөвлөж болох ч тэдгээр нь ихэвчлэн хурлаас гадуур хийгддэг.
29.1
Хурал цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулах
Удирдагчид “Бурханы зарлигууд хийгээд илчлэлтүүдийн дагуу тэд Ариун Сүнсээр удирдагдан” (Сургаал ба Гэрээ 20:45, Mоронай 6:9-ийг мөн Сургаал ба Гэрээ 46:2-ыг үзнэ үү) хурал, цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулдаг. Тэд хурал цуглаанд Сүнсний нөлөөг урих арга замуудыг эрэлхийлнэ.
Хурал, цуглааны тоо, үргэлжлэх хугацаа гишүүдэд эсвэл гэр бүлд нь ачаалал өгөхгүй байхад удирдагчид анхаарна. Жишээлбэл: Хурал цуглаан нь гэр бүлүүдэд хүндэтгэлийн өдөр хамтдаа цагийг өнгөрүүлэхэд хүндрэл учруулах ёсгүй.
Хурал цуглааныг хамгийн чухал зүйлс дээр төвлөрүүлсэн байхад удирдагчид мөн анхаарна. Жишээлбэл: Ариун ёслолын цуглаанууд ариун ёслол дээр болон Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд төвлөрсөн байх ёстой. Ерөнхийлөгчийн зөвлөлийн болон зөвлөлийн хурлууд хувь хүн, гэр бүлүүдийг бэхжүүлэхэд анхаарах ёстой.
Тэргүүлэх албан тушаалтан хурал цуглааныг удирдана. Эсвэл тэрээр зөвлөх зэрэг өөр хэн нэгнээс өөрийнх нь удирдлага доор хөтлөн явуулахыг хүсэж болно.
Заримдаа тэргүүлэх албан тушаалтны тодотгон залруулах шаардлагатай ямар нэг зүйл цуглааны үед гарч болно. Жишээлбэл: Хэн нэгэн буруу сургаал зааж болох юм. Хэрвээ ийм зүйл тохиолдвол, тэргүүлэх албан тушаалтан түүнийг эвгүй байдалд оруулалгүйгээр тодотгон залруулах хэрэгтэй.
29.2
Тойргийн хурал цуглаан
29.2.1
Ариун ёслолын цуглаан
29.2.1.1
Ариун ёслолын цуглааныг төлөвлөх
Ариун ёслолын цуглааныг бишопын зөвлөл төлөвлөж, хөтлөн явуулна. Цуглаан нь ариун ёслолд мөн Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд төвлөрсөн байхад тэд анхаарна.
Ариун ёслолын цуглаан нэг цаг үргэлжилнэ. Үүнд дараах зүйлc орсон байна.
-
Оршил хөгжим (удирдамжийг 19.3.2-оос үзнэ үү). Цуглаан эхлэхээс өмнө хүндэтгэлийн хөгжим тоглох нь шүтлэг бишрэлийн сүнсийг урьж чадна.
-
Мэндчилэн, найрсгаар угтана.
-
Тэргүүлэх эрх мэдэлтнийг эсвэл зочилж ирсэн бусад удирдагчийг танилцуулна. Тэргүүлэх эрх мэдэлтэн, зочилж ирсэн дээд зөвлөлийн гишүүдийг индэр дээр урьж суулгана. Ерөнхий албан тушаалтнууд харьяа тойрогтоо оролцоогүй бол тэднийг индэр дээр урьж суулгана.
-
Зарлал. Зарлалыг аль болох товчхон байлгах хэрэгтэй. Ихэнхийг нь хэвлэж, э-мэйлээр эсвэл бусад цуглаан дээр хуваалцаж болно.
-
Тойргийн болон гадасны ажил хэрэг. Үүнд:
-
Албан тушаалтан, багш нарыг дэмжүүлэн баталж, чөлөөлнө (30.3 ба 30.6-аас үзнэ үү).
-
Аароны санваарын албанд томилох ах нарын нэрсийг танилцуулна (18.10.3-ыг үзнэ үү).
-
Тойргийн шинэ гишүүд, үүний дотор сүүлд хөрвөгдсөн хүмүүсийг танилцуулна. Хөтөлж байгаа хүн товч танилцуулга хийснийхээ дараа уг гишүүнийг тойрогт халуун дотно хүлээн авч байгаагаа батлан харуулж, гараа өргөхийг цугларагчдаас хүснэ.
Сүмд бүртгэлтэй хүүхдүүдэд баптисм хүртээж, гишүүнээр баталсны дараа тэднийг ариун ёслолын цуглаан дээр зарлана. Гэхдээ тэднийг тойрогт тавтай морилохыг урин танилцуулах шаардлагагүй.
-
-
Хүүхдэд нэр өгч, адислах (18.6-г үзнэ үү). Үүнийг ихэвчлэн мацгийн болон гэрчлэлийн цуглаанаар хийнэ (29.2.2-ыг үзнэ үү).
-
Шинэ хөрвөгчдийг гишүүнээр батлах (18.8-ыг үзнэ үү).
-
Ариун ёслолын дуулал ба ариун ёслолыг түгээх. Ариун ёслол бол цуглааны гол анхаарах хэсэг юм. Цуглааны бусад хэсэг нь ариун ёслолд хандуулах анхаарлыг сарниулах ёсгүй. Энэ ёслол нь Аврагчийн тухай болон өөрсдийнх нь төлөө гаргасан Түүний золиосны талаар бодох боломжийг гишүүдэд олгодог. Энэ нь сүнслэг байдлын хувьд шинэчлэгдэх ариун нандин цаг мөч байх ёстой.
Цуглаан эхлэхээс өмнө ариун ёслолын ширээг бэлтгэсэн байна. Ариун ёслолыг хүндэтгэлтэйгээр, эмх цэгцтэй адисалж, түгээхэд бишоп анхаарна. Ариун ёслолыг гүйцэтгэдэг хүмүүс Есүс Христийг төлөөлдөг.
Ариун ёслолыг бэлтгэх, адислах, түгээх тухай дэлгэрэнгүй мэдээллийг 18.9-өөс үзнэ үү.
Онцгой нөхцөлд ариун ёслолыг гүйцэтгэх тухай мэдээллийг 29.2.1.5, 18.9.1-ээс үзнэ үү.
-
Сайн мэдээний захиас, цугларагчдын дуулал эсвэл өөр бусад дуу хөгжим. Хэлэх үг, дуу хөгжим зэрэг нь ариун ёслолын ариун нандин мөн чанартай нийцсэн байх ёстой. Үг хэлэх хүмүүсийг сонгох тухай мэдээллийг 29.2.1.4-өөс үзнэ үү. Ариун ёслолд дуу хөгжим сонгох тухай мэдээллийг 19.3.2-оос үзнэ үү.
-
Хаалтын дуулал ба залбирал.
-
Цуглааны дараах хөгжим.
Ариун ёслолын цуглаанд зураг, аудио болон видео материал ашиглаж болохгүй (38.8.3-ыг үзнэ үү).
29.2.1.2
Ариун ёслолын цуглааныг тэргүүлэх
Бишоп нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, бүсийнх нь Бүсийн дал эсвэл ерөнхий эрх мэдэлтэн зочлон ирээгүй үед ариун ёслолын цуглааныг тэргүүлнэ. Хэрэв бишоп ба түүний зөвлөхүүд ариун ёслолд оролцож чадахгүй бол гадасны ерөнхийлөгч тэргүүлэх хүнийг томилно. Ерөнхийдөө тэр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийг томилдог. Гэхдээ тэр өөр Мелкизедек санваартанг урьж болно.
29.2.1.3
Цуглааны өмнөх цаг
Цуглаан эхлэхээс өмнө, цугларсан гишүүд ариун ёслолд зориулан өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд бэлдэнэ. Тэд дотроо залбирч, тунгаан бодож үүнд бэлддэг. Удирдагчид хэрхэн хүндэтгэлтэй хандахыг үлгэрлэн үзүүлнэ.
Зочдыг болон гишүүдийг ариун ёслолын танхимд орж ирэхэд нь угтан авч тохинуулах үйлчлэлд оролцуулахаар өсвөр үеийнхнийг зохион байгуулах ажилд бишопын зөвлөлийн нэг гишүүн Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийг урьдаг. Өсвөр үеийнхэн гишүүдийг нэрээр нь дуудаж мэндлэхийг хичээнэ. Мөн тэд асуултуудад хариулж, шаардлагатай бол суудал олоход нь хүмүүст тусалснаар бишрэл хүндэтгэлийн уур амьсгалыг бүрдүүлдэг.
29.2.1.4
Үг хэлэх хүмүүсийг сонгох
Бишопын зөвлөл ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх гишүүдийг сонгодог. Тэд ихэнхдээ тойргийн гишүүдийг, үүний дотор өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг урьдаг (38.8.18-ыг үзнэ үү). Гадасны ерөнхийлөгч дээд зөвлөлийн эсвэл гадасны байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийг томилон үг хэлүүлж болно. Гадасны ерөнхийлөгч үг хэлэх давтамжийг тогтооно.
Бишопын зөвлөл цуглаан болохоос өмнө, эртнээс үг хэлэх урилгыг өгнө. Үг хэлж буй хүмүүс Есүс Христийн тухай гэрчилж мөн судруудыг ашиглан Түүний сайн мэдээг заадаг (Сургаал ба Гэрээ 42:12; 52:9-ийг үзнэ үү). Захиас нь итгэлийг бэхжүүлж, ариун ёслолын ариун нандин мөн чанартай нийцэж байх ёстой.
Шинээр дуудагдсан эсвэл дөнгөж буцаж ирсэн номлогчид ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх талаарх мэдээллийг 24.5.2 ба 24.8.3-аас үзнэ үү.
Бишопын зөвлөл жил бүрийн ариун ёслолын нэг цуглааны хуваарьд Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн толилуулгыг оруулна. Энэ толилуулгын талаарх мэдээллийг 12.1.6-аас үзнэ үү.
29.2.1.5
Онцгой нөхцөл байдалд гүйцэтгэх ариун ёслол
Ариун ёслолоос хүртсэнээр ирдэг сүнслэг адислалууд гишүүн бүрд хэрэгтэй. Гэхдээ зарим гишүүн гэртээ, эмнэлэг, асрамжийн газар зэрэгт байдаг, гарч чадахгүйгээсээ болж ариун ёслолын цуглаанд оролцож чаддаггүй. Бишоп нь эдгээр гишүүнд зориулан ариун ёслолыг гүйцэтгүүлэхээр санваартнуудыг томилж болно (18.9.1-ийг үзнэ үү).
Зарим тохиолдолд, ариун ёслолд оролцож чадахгүй хүмүүст зориулан ариун ёслолыг онлайнаар шууд явуулах зөвшөөрлийг бишоп олгож болно. Мэдээллийг 29.7-оос үзнэ үү.
Гишүүд аялж яваа эсвэл гэрээсээ хол түр хугацаагаар амьдарч байгаа үедээ боломж гарвал ойрхон байгаа тойргийнхоо ариун ёслолын цуглаанд оролцох хэрэгтэй. Ариун ёслолыг гэр бүлийнхний уулзалт, гэр бүлийн бусад аялал зугаалга, Сүмээс дэмжээгүй бусад үйл ажиллагаатай хамтатган явуулах ёсгүй.
29.2.2
Мацгийн болон гэрчлэлийн цуглаан
Мацгийн болон гэрчлэлийн цуглаанд үг хэлэх хүнийг томилдоггүй бөгөөд дуу хөгжмийн тусгай дугаар байдаггүй. Харин хөтлөн явуулж буй хүн гэрчлэлээ товчхон хуваалцдаг. Тэр дараа нь цугларагчдыг гэрчлэлээ хуваалцахыг урьдаг. Гэрчлэлээ хуваалцах гэдэг нь Ариун Сүнсний өдөөлтийн дагуу сайн мэдээний үнэнийг тунхаглах гэсэн үг юм. Олон хүнд оролцох боломж олгохын тулд гэрчлэлүүд товч байх хэрэгтэй.
Жаахан хүүхдүүд мацгийн болон гэрчлэлийн цуглаан дээр гэрчлэлээ хуваалцаж болно. Бусдын тусламжгүйгээр гэрчлэлээ хуваалцаж чаддаг болтлоо тэд гэр орондоо гэрчлэлээ хуваалцаж сурах нь хамгийн тохиромжтой байж болох юм.
Бишопын удирдлага доор, ихэвчлэн мацгийн болон гэрчлэлийн цуглааны үеэр хүүхдүүдэд нэрийн адислал өгдөг (29.2.1.1-ийг үзнэ үү).
29.2.3
Тойргийн чуулган
Тойргийн чуулганыг орон нутгийн хэрэгцээ шаардлагад тохируулан төлөвлөнө. Үүнд гадасны ерөнхийлөгчийн төлөвлөсөн ариун ёслолын цуглаан багтдаг. Ихэвчлэн гадасны ерөнхийлөгч уг цуглааныг тэргүүлж, бишопын зөвлөлийн гишүүн хөтөлнө.
Энэ цуглааны үеэр гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл дээд зөвлөлийн гишүүн ерөнхий болон гадас, тойргийн удирдагчдын нэрсийг дэмжүүлэн батлахаар танилцуулна. Тэр бичиг хэргийн ажилтны бэлдсэн Дэмжүүлэх албан тушаалтны маягт-ыг ашиглана. Ерөнхийдөө бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр цуглаан дээр үг хэлнэ.
Тойрог нь санваарын болон байгууллагуудын цуглааныг тойргийн чуулганы нэг хэсэг болгон явуулдаг. Гадасны удирдагчид заавар өгч, туслалцаа үзүүлж болно. Тэд тойргийн удирдагч, гишүүдэд тохинуулдаг.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл тойргийн чуулгантай холбогдуулан бишопын зөвлөлтэй уулздаг. Тэд хамтдаа тойрог дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд гарсан ахицыг авч хэлэлцэнэ. Энэ хурлыг тойргийн чуулганы ням гарагт эсвэл өөр үед хуралдуулж болно.
29.2.4
Бишопын зөвлөлийн хурал
Бишопын зөвлөлийн хурлыг бишоп төлөвлөж, хөтлөн явуулна. Авч хэлэлцэх зүйлсэд дараах зүйл орж болно.
-
Тойрог дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулах
-
Тойргийн хувь хүн, гэр бүлүүдийг, ялангуяа өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг хүчирхэгжүүлэх
-
Ёслолуудыг, үүнд санваарын томилгоог хүлээн авахад бэлтгэх гишүүдийг тодорхойлох
-
Тойргийн дуудлага өгөх гишүүдийг тодорхойлох
-
Гадасны ерөнхийлөгчид танилцуулах номлогчоор үйлчлэх боломжтой гишүүдийг тодорхойлох
-
Судар, Сүмийн удирдагчид, гарын авлагуудын зааврыг авч үзэх
Бусад зүйлд тойргийн байгууллага, хөтөлбөр, тойргийн төсөв, үүрэг даалгаврын тайлан, болох гэж буй хурал цуглаан, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг орж болно.
29.2.5
Тойргийн зөвлөлийн хурал
Бишоп тойргийн зөвлөлийн хурлыг төлөвлөж, удирдан, хөтлөн явуулна. Хэрэв тэр эзгүй байх бол нэг зөвлөхөөрөө удирдуулж, тэргүүлүүлэхээр томилж болно. Гэхдээ бишопыг байхгүй үед зөвлөл нь томоохон шийдвэрүүдийг гаргадаггүй.
Тойргийн зөвлөл нь тойргийн бүх гишүүнд сүнслэг хүч чадлаа бэхжүүлэх, авралын ёслолуудыг хүлээн авах, гэрээнүүдээ сахих, Есүс Христэд өөрийн биеийг зориулсан дагалдагч болоход нь туслахыг эрэлхийлдэг (Moронай 6:4–5-ыг үзнэ үү). Тойргийн зөвлөлийн хурлын явцад, зөвлөлийн гишүүд энэ ажлыг төлөвлөн, зохицуулдаг. Тэд тойргийн гишүүдийн давуу тал, чадавх нь тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн адисалж чадахыг хамтдаа шийднэ. Тэд тойргийн гишүүдээ хайрлаж, тэдэнд санаа тавихаар нэгдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ.
Тойргийн байгууллагуудын удирдагчид тойргийн зөвлөлийн хуралд 2 үүрэгтэй оролцоно. Үүнд:
-
Тойргийн бүх гишүүнийг адислахад тусалдаг тойргийн зөвлөлийн гишүүдийн хувьд.
-
Өөрсдийн байгууллагын төлөөлөгчдийн хувьд.
Тойргийн зөвлөлийн гишүүд хамтдаа уулзахдаа бүхэл бүтэн зөвлөлийн нэгдсэн хүчин чармайлтаас ашиг тус авах асуудлуудын талаар ярилцана. Зөвлөлийн гишүүн бүрийг эдгээр асуудлын талаар бодол санаа, сүнслэг өдөөлтөө хуваалцахыг урамшуулдаг.
Ихэнхдээ тойргийн зөвлөлийн хурал нэг цагаас хэтэрдэггүй. Тэд залбирлаар мөн өмнөх хурлын даалгаврын талаар тайлагнаснаар эхэлнэ. Ярилцаж болох асуудлуудыг доор жагсаав. Хурал болгон дээр эдгээрийг нэг бүрчлэн ярилцах хангалттай цаг байхгүй. Бишоп нь хувь хүн, гэр бүлүүдийг адислахад хамгийн шаардлагатай асуудлуудыг чухалчилна.
-
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах. Бүх гишүүнд итгэлээ бэхжүүлэн, авралын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг сахихад нь тусална.
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах. Хувь хүн, гэр бүл, олон нийтийг адислахын тулд нөөц бололцоо, ур чадвараа хуваалцана. Тойргийн гишүүдэд бие даахад нь тусална. (22-р бүлгийг үзнэ үү.)
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахыг урих. Сайн мэдээг суралцаж байгаа тэдний, мөн шинэ ба эргэн ирж буй гишүүдийн өсөлт хөгжилтийг дүгнэн ярилцана. Гишүүд сайн мэдээг бусад хүнтэй хуваалцаж болох арга замуудын талаар ярилцана. (23-р бүлгийг үзнэ үү.)
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх. Ариун сүмийн ёслолууд хүлээн авахаар бэлтгэж байгаа гишүүдийн өсөлтийг дүгнэн ярилцана. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахуйц зохистой болоход нь илүү олон гишүүнд туслах арга замуудыг төлөвлөнө. Гишүүд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож болох арга замуудыг ярилцана. (25-р бүлгийг үзнэ үү.)
Тойргийн зөвлөлийн гишүүд эдгээр асуудлын талаар ярилцахдаа өөрсдийн үйлчилж буй гишүүдийн хэрэгцээ, давуу талуудыг харгалзан үзнэ. Тэд эдгээр хэрэгцээ, давуу талын тухай ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр, өөрсдийн байгууллагын гишүүдтэй ярилцсанаар (үүнд тохинууллын ярилцлагаар), мөн өөрсдийн тохинууллын хүчин зүтгэлээр дамжуулан олж мэдэж чадна. Түүнээс гадна, Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан-д удирдагчдад гишүүдийн өсөлт хөгжлийг харахад тусалдаг хэрэгсэл, мөн тайлангууд байдаг. Зөвлөлийн гишүүд нь хувийн чанартай юм уу эмзэг аливаа мэдээллийг нууцлах ёстой (4.4.6-г үзнэ үү).
Тойргийн зөвлөл нь тойргийн хүүхдүүд, өсвөр үеийнхнийг болон тэдний гэрийн нөхцөл байдлыг мэддэг байх хэрэгтэй. Тэд гэр орондоо сайн мэдээний дэмжлэг авдаггүй хүмүүст онцгой анхаарал тавина.
Ярилцсаны дараа бишоп ямар арга хэмжээ авахаа шийдэж эсвэл нэмэлт мэдээлэл, удирдамж эрэлхийлэх хүртлээ шийдвэр гаргахаа хойшлуулж болно. Эсвэл тэрээр бишопын зөвлөл зэрэг өөр зөвлөлд уг асуудлыг шилжүүлж болно. 4.4.3-ыг үзнэ үү.
Зарим үед тойргийн үйл ажиллагаа нь гишүүдийн хэрэгцээг хангахад тусалж чадна гэж тойргийн зөвлөл шийдвэрлэж болох юм. Тойргийн зөвлөл тойргийнхоо үйл ажиллагаануудыг төлөвлөхөд хяналт тавьдаг. Гэхдээ, төлөвлөх ажлын гол хэсгийг зөвлөлийн хурлын өмнө эсвэл дараа нь хийдэг. Үйл ажиллагаануудын тухай нэмэлт мэдээллийг 20-р бүлгээс үзнэ үү.
Бүрэн цагийн номлогчдыг гэртээ буцаж ирсний дараа тойргийн зөвлөл тэднийг урьж, номлолынхоо талаар тайлагнахыг хүсэж болно (24.8.3-ыг үзнэ үү).
Сүмийн зөвлөлийн хурлаар мөрдөгддөг зарчмуудыг ойлгохын тулд зөвлөлийн бүх гишүүн 4.3 ба 4.4-ийг судалсан байх хэрэгтэй.
29.2.6
Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал
Бишоп тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлыг хөтлөн явуулж болно. Эсвэл тэр пристийн чуулга дахь пристийн чуулгын нэг туслахаа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн хамгийн ахмад ангийн ерөнхийлөгч гэх мэт өөр хүмүүсийг энэ үүрэгт томилж болно. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал өсвөр үеийнхэнд удирдах боломжийг олгодог. Бишопын зөвлөл эсвэл бусад удирдагч чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр энэ хуралд бэлтгэхэд нь тэдэнд тусална.
Хурал бүрийн өмнө бишоп, хурлыг хөтлөн явуулах хүн хоёр ярилцах зүйлсийг авч хэлэлцэнэ. Үүнд дараах зүйлс орж болно.
-
Бурханы аврал, өргөмжлөлийн ажил
-
Тойргийн өсвөр үеийнхний хэрэгцээ ба тэдгээрийг шийдвэрлэх арга зам
-
Идэвх султай эсвэл шинэ гишүүн болох өсвөр үеийнхэнд хүрч ажиллахын тулд гаргаж буй хүчин чармайлт
-
Үйл ажиллагаанууд, тухайлбал тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх боломж Ихэнх төлөвлөгөөг чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар гаргадаг (20-р бүлгийг үзнэ үү).
-
Тохинуулах (21-р бүлгийг үзнэ үү).
-
Шинээр дуудагдсан чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд чиг баримжаа өгөх
Сүмийн зөвлөлийн хурлаар мөрдөгддөг зарчмуудыг ойлгохын тулд зөвлөлийн бүх гишүүн 4.3 ба 4.4-ийг судалсан байх хэрэгтэй.
29.2.7
Тойргийн бусад хурал цуглаан болон ангиуд
Санваарын чуулгын болон тэдгээрийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал цуглааныг 8 ба 10-р бүлэгт тайлбарласан.
Халамжийн нийгэмлэгийн эгч нарын болон тэдний удирдагчдын хурал цуглааны талаар 9-р бүлэгт тайлбарласан.
Залуу эмэгтэйчүүдийн болон тэдний удирдагчдын хурал цуглааныг 11-р бүлэгт тайлбарласан.
Хүүхдийн хэсгийн болон тэдний удирдагчдын хурал цуглааныг 12-р бүлэгт тайлбарласан.
Ням гаргийн ангийн талаар 13.3-т тайлбарласан.
Багш нарын зөвлөлийн хурлын талаар 17.4-т тайлбарласан.
Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх ажилд зориулсан зохицуулах хурлыг 23.4-т тайлбарласан.
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурлыг 25.2.7-д тайлбарласан.
29.2.8
Ням гаргийн цуглааны хуваарь
Тойргууд ням гаргийн цуглаандаа дараах хоёр цагийн хуваарийн аль нэгийг ашигладаг.
1-р хөтөлбөр
60 минут |
Ариун ёслолын цуглаан |
---|---|
10 минут |
Анги, цуглаанууддаа орох |
50 минут |
Бүх ням гарагт: Хүүхдийн хэсэг, үүнд балчир хүүхдийн анги орно (12.2.1.2-ыг үзнэ үү) Сарын нэг ба гурав дахь ням гарагт: Ням гаргийн анги (13.3-ыг үзнэ үү) Хоёр ба дөрөв дэх ням гарагт: Санваарын чуулгын цуглаан (8.2.1.2, 10.2.1.2-ыг үзнэ үү), Халамжийн нийгэмлэгийн цуглаан (9.2.1.2-ыг үзнэ үү) болон Залуу эмэгтэйчүүдийн цуглаан (11.2.1.2-ыг үзнэ үү) Тав дахь ням гарагт: Өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан цуглаан Бишопын зөвлөл сэдвийг тодорхойлж, багш нарыг (ихэвчлэн тойргийн эсвэл гадасны гишүүдийг) хуваарилна. Тэд түүнчлэн өсвөр үеийнхэн ба насанд хүрэгчид, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд, хамтдаа эсвэл тус тусдаа орох эсэхийг шийднэ. |
2-р хөтөлбөр
50 минут |
Бүх ням гарагт: Хүүхдийн хэсэг, үүнд балчир хүүхдийн анги орно (12.2.1.2-ыг үзнэ үү) Сарын нэг ба гурав дахь ням гарагт: Ням гаргийн анги (13.3-ыг үзнэ үү) Хоёр ба дөрөв дэх ням гарагт: Санваарын чуулгын цуглаан (8.2.1.2, 10.2.1.2-ыг үзнэ үү), Халамжийн нийгэмлэгийн цуглаан (9.2.1.2-ыг үзнэ үү) болон Залуу эмэгтэйчүүдийн цуглаан (11.2.1.2-ыг үзнэ үү) Тав дахь ням гарагт: Өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан цуглаан Бишопын зөвлөл сэдвийг тодорхойлж, багш нарыг (ихэвчлэн тойргийн эсвэл гадасны гишүүдийг) хуваарилна. Тэд түүнчлэн өсвөр үеийнхэн ба насанд хүрэгчид, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд, хамтдаа эсвэл тус тусдаа орох эсэхийг шийднэ. |
---|---|
10 минут |
Ариун ёслолын цуглаан руу орох |
60 минут |
Ариун ёслолын цуглаан |
Хоёр тойрог нэг байранд цуглаж байгаа үед мөн нэгд нь эсвэл хоёуланд нь хүүхэд, өсвөр үеийнхэн маш цөөн байвал хүүхэд, өсвөр үеийнхэн Ням гаргийн ангид хамтдаа оролцох нь зохимжтой байж магадгүй. Тойргийн ням гаргийн цуглааны хуваарь доор үзүүлснээр давхардаж болно.
Хоёр тойрог хоёр өөр хэлээр ярьдаг боловч хүүхэд, өсвөр үеийнхэн нь нэг хэлээр ярьдаг бол энэ хөтөлбөрийг ашиглаж болно.
Энэ хөтөлбөрийг ашиглахад гадасны ерөнхийлөгчийн зөвшөөрөл шаардлагатай. Хэрэв тэр зөвшөөрвөл, тойрог бүрийн бишоп байгууллагуудын удирдагчидтай уулзаж, үүнийг хэрэгжүүлэх талаар зөвлөгөө авна.
Хоёр бишопын зөвлөлийнхөн, тойрог бүрээс ямар гишүүн чуулга, байгууллагуудад үйлчлэхээр дуудагдахыг хамтдаа уулзан шийднэ. Бишоп бүр пристийн чуулгынхаа ерөнхийлөгчөөр үлдэх хэдий ч хоёр бишоп ням гаргийн чуулгын цуглааныг ээлжлэн тэргүүлж болно. Хоёр тойргийн бишоп хоёулаа хоёр тойргийн нэгтгэсэн өсвөр үеийнхний зөвлөлийн хуралд оролцоно. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа удирдагчид хүчин чармайлтаа уялдуулан холбохоор тогтмол хуралдана.
29.2.9
Христийн амилсны баяр ба Христийн мэндэлсний баяр
Христийн амилсны баярын ням гарагт ариун ёслолын цуглаанаас өөр уулзалт болдоггүй. Христийн мэндэлсний баярын өдөр ням гарагт тохиоход мөн үүнтэй адил байна. Христийн мэндэлсний баяр долоо хоногийн өөр нэг өдөр болоход гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрээр Христийн мэндэлсний баярын ойролцоох ням гарагт (ихэвчлэн өмнөх ням гарагт) зөвхөн ариун ёслолын цуглаан болдог.
Зарим газарт Христийн шашны бус томоохон баяр нь соёлын хувьд чухал ач холбогдолтой байдаг. Ийм баяр ням гарагт тохиох үед Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл бишопуудад тухайн өдөр зөвхөн ариун ёслолын цуглааныг явуулах эрхийг олгож болно.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр ням гарагт ариун ёслолын цуглааны эхлэх цагуудыг өөрчлөх эсэхийг бишопуудтай зөвлөлдөж болно.
29.3
Гадасны хурал цуглаан
29.3.1
Гадасны чуулган
Гадасны чуулганы хуваарийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч гаргадаг. Ихэвчлэн жил бүр гадасны ерөнхийлөгч аль нэг чуулганыг тэргүүлж, нөгөө чуулганыг томилогдсон Бүсийн дал эсвэл ерөнхий эрх мэдэлтэн тэргүүлдэг.
Тэргүүлэх албан тушаалтан чуулганыг төлөвлөх бүх ажлыг удирдана. Тэрээр оролцогчдыг болон дуу хөгжмийг урьдчилан батална. Гадасны чуулганы дуу хөгжмийн талаарх мэдээллийг 19.3.4-өөс үзнэ үү.
Бүсийн дал юм уу ерөнхий эрх мэдэлтэн тэргүүлэх бол тэрээр чуулган дээр ямар сэдвээр удирдамж заавар өгөх талаар гадасны ерөнхийлөгчийн саналыг авч болно. Гадасны ерөнхийлөгч тэргүүлэх бол тэрээр зөвлөхүүдийнхээ хамт ямар сэдвээр удирдамж заавар өгөхөө сонгоно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл боломжтой сэдвүүдийн талаар гадасны зөвлөлтэй ярилцаж болно. Эдгээр сонголтыг хийхдээ гадасны ерөнхийлөгчийн зөвлөл Тэргүүн Зөвлөлийн сүүлийн үед онцолсон сэдвүүдийг авч үзнэ.
Гадасны ерөнхийлөгч гадасны чуулганыг зохион байгуулахдаа санваарын чуулга, бусад байгууллага, хувь хүн, гэр бүлүүдээс тусламж хүсэж болно. Жишээлбэл: Тэднийг сандал байрлуулах, угтагчаар ажиллах, байр цэвэрлэх зэрэг ажилд хуваарилж болно.
Гадасны чуулган бүр ерөнхийдөө дараах хурлуудаас бүрддэг.
-
Бүсийн дал эсвэл ерөнхий эрх мэдэлтний (хэрэв томилогдсон бол) болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал. Гадасны бичиг хэргийн ажилтан, гүйцэтгэх нарийн бичиг хоёр мөн үүнд оролцоно.
-
Гадасны санваарын удирдлагын хурал (29.3.3-ыг үзнэ үү). Тэргүүлэх эрх мэдэлтэн энэ хурлыг бямба эсвэл ням гарагт явуулахаа шийднэ. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтөлнө.
-
18 ба түүнээс дээш насны гадасны бүх гишүүнд зориулсан бямба гаргийн оройн хуралдаан. Орон нутгийн нөхцөл байдлаас хамааран хэрэв тэргүүлэх эрх мэдэлтэн зөвшөөрсөн бол энэ цуглааныг ням гарагт хуралдуулж болно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтөлнө.
-
Ням гарагт болдог, бүх гишүүн мөн оролцохыг хүсэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий хуралдаан. Гадасны ерөнхийлөгч энэ цуглааныг хөтөлж, үг хэлдэг. Хэрэв байр танхимд бүх хүнийг багтаах боломжгүй бол ням гаргийн ерөнхий хуралдааныг нэгээс дээш удаа явуулж болно. Хүүхдүүд тусдаа цугларахгүй, эцэг эхтэйгээ хамт энэ хуралдаанд оролцоно.
Шаардлагатай бол чуулганы хуралдааныг гадасны цуглааны байрууд, бусад байршил руу шууд дамжуулан үзүүлж болно. Зарим гишүүнд чуулганыг гэр лүү нь шууд дамжуулан үзүүлэх хэрэг гарч болох юм. Цуглааныг шууд дамжуулан үзүүлэх талаарх мэдээллийг 29.7-оос үзнэ үү.
Ерөнхий хуралдаанд үг хэлж байгаа хүмүүс зурагт, аудио болон видео бичлэг ашиглах ёсгүй (38.8.3-ыг үзнэ үү).
Хэрвээ ерөнхий эрх мэдэлтэн, ариун сүмийн ерөнхийлөгч ба түүний эхнэр, номлолын ерөнхийлөгч ба түүний эхнэр эсвэл гадасны патриарх оролцож байгаа бол тэд индэр дээр суух ёстой. Хэрвээ ариун сүмийн болон номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд (мөн тэдний эхнэрүүд) ариун сүмийн эсвэл номлолын ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байгаа бол бас индэр дээр суух ёстой.
Жил бүр гадасны нэг чуулган дээр гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ерөнхий болон бүс, гадасны албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлахаар танилцуулна. Тэрээр гадасны бичиг хэргийн ажилтны бэлтгэсэн Дэмжүүлэх албан тушаалтны маягт-ыг ашиглана. Үүнийг ихэвчлэн жилийн эхний гадасны чуулганаар явуулдаг.
Хэрэв гадасны чуулгануудын хооронд гадасны албан тушаалтнууд дуудагдсан эсвэл чөлөөлөгдсөн бол тэднийг гадасны дараагийн чуулган дээр дэмжүүлэн батлалах эсвэл талархал илэрхийлэх зорилгоор танилцуулна. Эсвэл тойрог бүрийн ариун ёслолын цуглаан дээр явуулж болно. 30.3, 30.6-г үзнэ үү.
Ахлагч эсвэл дээд пристээр томилохоор нэрийг нь дэвшүүлсэн ах нарыг гадасны чуулган дээр дэмжүүлэн батлахаар танилцуулдаг. Хэрвээ дараагийн гадасны чуулганаас өмнө ахыг томилох хэрэгтэй бол тойргийнх нь ариун ёслолын цуглаан дээр дэмжүүлэн батлуулж болно. Дараа нь гадасны чуулган дээр түүний нэрийг дэмжүүлэн батлахаар танилцуулна (18.10.3-ыг үзнэ үү).
29.3.2
Гадасны санваарын ерөнхий цуглаан
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны санваарын ерөнхий хурлыг төлөвлөж, хөтлөн явуулна. Тэд сэдэв, үг хэлэх хүнийг залбиран сонгоно.
29.3.3
Гадасны санваарын удирдлагын хурал
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны санваарын удирдлагын хурлыг төлөвлөн, хөтлөн явуулдаг. Эдгээр хурлын бүтэц уян хатан байна. Бүх оролцогч хурлын турш хамтдаа байж болно. Эсвэл ерөнхий удирдамж заавар өгсний дараа жижиг бүлгүүдэд хувааж, дуудлага, үүрэг хариуцлага дээр нь үндэслэн тусгай удирдамж заавар өгч болно.
Ихэвчлэн гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон бусад удирдагч удирдамж зааврыг өгдөг. Тойргийн удирдагчдыг, үүний дотор эмэгтэй удирдагчдыг заримдаа удирдамж заавар өгүүлэхээр урьж оролцуулж болно.
29.3.4
Гадасны удирдлагын хурал
Гадасны байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөл гадасны удирдлагын хурлыг төлөвлөж, хөтлөн явуулна. Эдгээр хурлын бүтэц уян хатан байна. Бүх удирдагч хурал цуглааны туршид хамтдаа байж болно. Эсвэл ерөнхий удирдамж заавар өгсний дараа жижиг бүлгүүдэд хувааж, дуудлага, үүрэг хариуцлага дээр нь үндэслэн тусгай удирдамж заавар өгч болно.
Ерөнхийдөө байгууллагын удирдагч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл гадасны бусад удирдагч удирдамж заавар өгнө. Заримдаа тойргийн байгууллагын удирдагчдыг удирдамж заавар өгөхийг урьдаг.
Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл гадасны удирдлагын хурлыг хуралдуулахгүй. Аароны санваарын чуулгад үйлчилж байгаа хүмүүст гадасны санваарын удирдлагын хурал дээр удирдамж заавар өгдөг (29.3.3-ыг үзнэ үү).
29.3.5
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал
Гадасны ерөнхийлөгч гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг төлөвлөж, хөтлөн явуулна. Үүнд дараах зүйлсийг авч хэлэлцэнэ.
-
Гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажил
-
Гадасны хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх
-
Гадас дахь тойрог, ахлагчийн чуулга, бусад байгууллагын хэрэгцээ ба давуу тал
-
Ахлагчаар томилохоор бишопын нэр дэвшүүлсэн эрэгтэйчүүд
-
30.8-д тоймлосон гадасны албан тушаалуудад болон тойргийн зарим дуудлагад дуудагдах гишүүд
-
Бишопын номлолын үйлчлэлд нэрийг нь дэвшүүлсэн гишүүд
-
Судар, Сүмийн удирдагчдын болон гарын авлага дээрх удирдамж заавар
Мөн гадасны үйл ажиллагаа, хөтөлбөр, гадасны төсөв, үүрэг даалгаврын тайлан, болох гэж буй хурлын төлөвлөгөө гэх мэт зүйлс үүнд орж болно.
29.3.6
Дээд зөвлөлийн хурал
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд зөвлөлийн хурлыг төлөвлөж, хөтлөн явуулна. Эдгээр хуралд дараах зүйлс орж болно. Үүнд:
-
Сургаал болон үүрэг хариуцлагын талаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс удирдамж заавар авах;
-
Гадасны хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх талаар хамтдаа зөвлөлдөх; Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-д удирдагчдад гишүүдийн өсөлт хөгжлийг харахад тусалдаг хэрэгсэл, тайлангууд байдаг.
-
Гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн туслах талаар ярилцах
-
Үүрэгт ажлаа тайлагнах
-
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөж, ахлагч, дээд пристээр ах нарыг томилох шийдвэрийг нь дэмжих
-
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөж, дуудлага өгөх шийдвэрийг нь дэмжих
-
Гадасны санваарын удирдлагын хурлуудыг төлөвлөхөд туслах (29.3.3-ыг үзнэ үү)
-
Буцаж ирсэн номлогчдын тайланг сонсох (24.8.3-ыг үзнэ үү) зэрэг нь болно.
Заримдаа дээд зөвлөлийн богино хурлын дараа гадасны зөвлөлийн хурлыг шууд хуралдуулж болдог (29.3.7-г үзнэ үү). Энэ нь удирдагчдын оролцох хурлын тоог цөөлөхөд тусална.
Сүмийн зөвлөлийн хурлаар мөрдөгддөг зарчмуудыг ойлгохын тулд зөвлөлийн бүх гишүүн 4.3 ба 4.4-ийг судалсан байх хэрэгтэй.
Оролцогчид хуралд онлайнаар оролцох тухай мэдээллийг 29.7-оос үзнэ үү.
29.3.7
Гадасны зөвлөлийн хурал
Гадасны ерөнхийлөгч гадасны зөвлөлийн хурлыг төлөвлөж, хөтлөн явуулна. Энэ хурлаар зөвлөлийн гишүүд:
-
Сургаал мөн өөрсдийн үүрэг хариуцлагын талаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс удирдамж заавар авна.
-
Гадасны хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх талаар хамтдаа зөвлөлдөнө. УБХАМС-д удирдагчдад гишүүдийн өсөлт хөгжлийг олж харахад тусалдаг хэрэгсэл, тайлангууд байдаг.
-
Гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын талаарх алсын харааг ерөнхийд нь ярилцана.
-
Гадасны гишүүдийн цаг зуурын хэрэгцээг мөн тэдэнд хэрхэн бие даах чадвартай болоход нь туслах талаар ярилцана. Орон нутагт болон гадсанд байгаа эх сурвалжуудыг тодорхойлно. Жишээлбэл: Орон нутгийн сургууль болон BYU–Pathway Worldwide байж болно. (22.12, 22.13-ыг үзнэ үү.)
-
Онцгой нөхцөл байдлын үед авах apгa хэмжээний энгийн төлөвлөгөөг гадасны хэмжээнд боловсруулж хэрэгжүүлнэ (22.9.1.3-ыг үзнэ үү).
-
Орон нутагт гадасны гишүүдийн үйлчлэх арга замыг төлөвлөнө (22.9.1-ийг үзнэ үү). JustServe.org боломжтой газруудад үүн дээр олон нийтэд үйлчлэх боломжийг санал болгодог.
-
Гадасны байгууллага, үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийн талаар тайлагнана.
Зарим үед дээд зөвлөлийн богино хурлын дараа шууд гадасны зөвлөл хуралдаж болно (29.3.6-г үзнэ үү). Энэ нь удирдагчдын оролцох хурлын тоог цөөлөхөд тусална.
Сүмийн зөвлөлийн хурлаар мөрдөгддөг зарчмуудыг ойлгохын тулд зөвлөлийн бүх гишүүн 4.3 ба 4.4-ийг судалсан байх хэрэгтэй.
Оролцогчид хуралд онлайнаар оролцох тухай мэдээллийг 29.7-оос үзнэ үү.
29.3.8
Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хорооны хурал
Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороо нь ахлагчийн чуулга, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлнэ. Хорооны гишүүд тохинуулах, сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх мөн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход явуулж буй тойргийн ажилд онцгой анхаарал тавина.
Үүнээс гадна энэ хороо халамж, бие даах чадвар хөгжүүлэх, үүний дотор JustServe.org (боломжтой газарт) мөн BYU–Pathway Worldwide (22.13-ыг үзнэ үү) зэрэгтэй холбоотой явуулж буй гадасны ажлыг зохицуулна.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хорооны хурлыг төлөвлөж, хөтлөн явуулна. Эдгээр хурал нь гадасны зөвлөлийн хурлын үргэлжлэл байж болно. Жишээлбэл: Гадасны зөвлөлийн зарим хурлын дараа насанд хүрэгчдийн удирдлагын хороо уулзалдаж, тодорхой асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцэж болно.
29.3.9
Гадасны өсвөр үеийнхний удирдлагын хорооны хурал
Гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороо нь бишопын зөвлөл, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, зөвлөхүүд, Аароны санваарын чуулгын зөвлөхүүдийн өсвөр үеийнхэнтэй хийж буй ажлыг дэмждэг. Хорооны насанд хүрсэн удирдагчид өсвөр үеийнхнийг Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд татан оролцуулахад онцгой ач холбогдол өгнө.
Гадасны өсвөр үеийнхний удирдлагын хорооныхон дараах нэмэлт үүрэг хариуцлага хүлээнэ. Энэ нь:
-
Үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөх юм. Үүнд өсвөр үеийнхний чуулган, бүжиг, онцгой хуралдаан, үйлчлэлийн төсөл болон гадас хоорондын үйл ажиллагаа багтаж болно. (Үйлчлэх санааг боломжтой газруудад JustServe.org-оос авна уу.) Өсвөр үеийнхэн эдгээр үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх явцыг удирдана. Гадасны үйл ажиллагаанууд тойрогт ачаа дарамт болохоор олон давтамжтай хийгдэх ёсгүй. Эдгээр үйл ажиллагаа нь тойргийн үйл ажиллагаатай өрсөлдөх биш, харин дэмжих ёстой. Гадасны үйл ажиллагааны талаар тойргийн удирдагчдад эртнээс мэдэгдэнэ.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулганд дэмжлэг үзүүлэх арга замуудыг төлөвлөнө.
-
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөртэй холбоотой хийгдэж буй гадасны ажлыг уялдуулан холбоно.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гадасны өсвөр үеийнхний удирдлагын хорооны хуралд хяналт тавина. Тэрээр өөрөө хөтлөн явуулж болно эсвэл өсвөр үеийнхэн зэрэг өөр хэн нэгнийг хөтлөн явуулахаар томилж болно. Эдгээр хурал нь гадасны зөвлөлийн хурлын үргэлжлэл байж болно. Жишээлбэл: Гадасны зөвлөлийн зарим хурлын төгсгөлд өсвөр үеийнхний удирдлагын хороо уулзалдаж, тодорхой асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж болно.
29.3.10
Гадасны бишопуудын зөвлөлийн хурал
Дараах зүйлсийг ярилцаж болно. Үүнд:
-
Сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нь өсвөр үеийнхэнд туслах;
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахын тулд мацгийн өргөлийг ашиглах; Бие даах чадвараа хөгжүүлэхэд нь гишүүдэд туслах (22-р бүлгийг, ялангуяа 22.11-ийг үзнэ үү); Орон нутагт ашиглах боломжтой эх сурвалжуудын талаарх мэдээллийг хуваалцах;
-
Гишүүд наманчилж, зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэхэд нь туслах (32-р бүлгийг үзнэ үү);
-
Сүмийн санхүүг хянах (34-р бүлгийг үзнэ үү);
Гадасны ерөнхийлөгч энэ хурлыг удирдан явуулна. Тэр бишопуудад үндсэн үүрэг хариуцлагаа ойлгож, гүйцэтгэхэд нь тусалдаг (7.1-ийг үзнэ үү). Тэр мөн бишопуудыг Сүмийн удирдагчдын удирдамж зааврын талаар зөвлөлдөхийг урина.
Энэ хурал нь гадасны ерөнхийлөгчийн бишоп бүртэй тогтмол ярилцдаг ярилцлагыг орлодоггүй (6.2.1.2-ыг үзнэ үү).
Сүмийн зөвлөлийн хурлаар мөрдөгддөг зарчмуудыг ойлгохын тулд зөвлөлийн бүх гишүүн 4.3 ба 4.4-ийг судалсан байх хэрэгтэй.
29.3.11
Гадасны бусад хурал
Гадасны ганц бие насанд хүрэгчдийн хорооны болон гадасны ганц бие залуучуудын хорооны хурлын талаар 14.1.1.2 дээр тодорхойлсон.
29.4
Зохицуулах зөвлөлийн хурал
Бүсийн дал хурлыг төлөвлөж, хэлэлцүүлгийг удирдана. Оролцож байгаа хүмүүс бүгд тэгш эрхтэйгээр хамтдаа зөвлөлдөнө (Сургаал ба Гэрээ 88:122-ыг үзнэ үү).
Эдгээр хуралд оролцогчид:
-
Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулга, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдамж, зааврыг хэрхэн хамгийн сайнаар хэрэгжүүлж болох талаар илчлэлтийг эрэлхийлнэ.
-
Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг зөвлөлийнхөө хүрээнд зохицуулна.
-
Гишүүдийн цаг зуурын болон сүнслэг байдлын талаар мөн хэрхэн Есүс Христийн үнэн дагалдагч болоход нь тэдэнд туслах талаар хамтдаа зөвлөлдөнө.
-
Нэг нэгэндээ зааж сурган, сэнхрүүлнэ.
-
Олон гадасны хоорондын ажил хэргийг зохицуулна.
29.5
Хүн нас барах үед хийх оршуулгын болон бусад үйлчлэл
Сүмийн гишүүн нас барах үед бишоп ар гэрийнхнийг нь тайтгаруулж, талийгаачид хүндэтгэл үзүүлэхэд нь туслах ёслол үйлдэхийг санал болгож болно. Нас барсан хүмүүст зориулсан ёслол нь шашин шүтлэг, соёл, зан заншил, орон нутгийн хуулийн дагуу өөр хоорондоо ялгаатай байдаг. Дараах удирдамж заавар нь эдгээр ялгааг хүндлэн дээдлэхийн зэрэгцээ талийгаачид зориулан сайн мэдээнд төвлөрсөн ёслолыг төлөвлөн гүйцэтгэхэд бишопуудад тусална.
29.5.1
Ерөнхий зарчим
Үхэл бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг юм (Алма 12:24–27-г үзнэ үү). Есүс Христийн ачаар бүх хүн амилуулагдах болно. Нас барсан хүнд зориулсан Сүмийн ёслолын гол зорилго бол авралын төлөвлөгөөний талаар, ялангуяа Аврагчийн Цагаатгал, Амилалтын талаар гэрчлэх явдал юм. Эдгээр ёслол нь хүндэтгэлтэй, сүнслэг үйл явдал байх ёстой.
Сүмийн гишүүд хүн нас барсан тохиолдолд бусад шашны зан үйлд хүндэтгэлтэй хандах ёстой. Гэхдээ тэд зарлигууд, Сүмийн жишгүүдтэй харшлах зан үйл, ёс заншилд оролцох ёсгүй. Сүмийн удирдагчид бусад шашин, мөн бүлгийн зан үйл, ёслолуудыг нас барсан хүнд зориулсан Сүмийн ёслолд хамааруулахгүй.
Гэр бүлийнхэнд нь ачаа дарамт болох зан үйл, ёс заншил үйлдэхгүй байхыг гишүүдэд зөвлөдөг. Үүнд хол газар луу явах, олон нийтэд зарлаж мэдээлэх, гэр бүлд нь мөнгө өгөх, сунжирсан зоог барих, нас барсан ойг тансаглан тэмдэглэх гэх мэт зан үйл орж болох юм.
Нас барсан хүнд зориулсан ёслолд оролцож байгаа Сүмийн гишүүд төлбөр авах ёсгүй.
Сүмийн удирдагчид ба гишүүд хэн нэгнийг нас барах үед юу хийх талаар зохих орон нутгийн хуулийг дагана.
29.5.2
Гэр бүлийнхэнд нь тусламж үзүүлэх
Есүс Христийн шавь нарын хувьд Сүмийн удирдагчид ба гишүүд “гашуудах тэдний хамт гашуудаж … мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг” (Moзая 18:9) билээ. Гишүүнийг нас барахад бишоп гэрт нь очиж, тэднийг тайтгаруулдаг. Тэр зөвлөхүүдээсээ хамт явахыг хүсэж болно. Тэр мөн ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд энэ талаар мэдэгдэнэ.
Бишоп нь тойргийн гишүүд, тухайлбал ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгээс тусламж үзүүлж болохыг хэлнэ. Жишээлбэл: Тойргийн гишүүд:
-
Найз нөхөд, хамаатан саданд нь мэдэгдэх;
-
Нас барсан тухай мэдээг бэлтгэхэд туслах;
-
Оршуулгын эсвэл бусад ёслолыг төлөвлөхөд туслах;
-
Боломжтой бол цогцос хадгалах, оршуулгын газартай холбогдож оршуулгын ажлыг зохицуулахад туслах;
-
Биед нь хувцас өмсгөж, оршуулгад бэлдэх (38.5.10-ыг үзнэ үү);
-
Хоол унд бэлтгэх зэрэгт тусалж болно.
29.5.3
Салах ёс гүйцэтгэх (ийм ёс заншил байдаг бол)
Заримдаа оршуулгын ёслолын өмнө нас барсан хүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолыг Сүмийн байранд гүйцэтгэж болно. Удирдагчид салах ёс гүйцэтгэх ёслол эхлэхээс наад заах нь нэг цагийн өмнө сүмийн байрыг оршуулгын газрын ажилчдад нээж өгөх хэрэгтэй.
Салах ёслол гүйцэтгэсний дараа гэр бүл нь хүсвэл гэр бүлийн залбирал хэлж болно. Оршуулгын ёслол эхлэхээс өмнө оршуулах хайрцгийг тагласан байх хэрэгтэй.
29.5.4
Оршуулгын ёслол (ийм ёс заншил байдаг бол)
Хэрэв нас барсан гишүүний оршуулгын ёслолыг Сүмийн байранд гүйцэтгэж байгаа бол бишоп хөтлөн явуулна. Гэрт, цогцос хадгалах газарт эсвэл булшны дэргэд явагдаж байгаа бол гэр бүл нь оршуулгыг хөтлөн явуулахыг бишопоос хүсэж болно. Бишоп чадахгүй бол бишопын зөвлөх хөтлөн явуулж болно. Сүмийн байранд гишүүн бус хүмүүст зориулан үзүүлэх үйлчлэлийн талаарх мэдээллийг 29.5.6-аас үзнэ үү.
Сүмийн байранд эсвэл өөр газарт байсан ч бишоп хөтлөн явуулж л байгаа бол Сүмийн цуглаан, шашны ёслол юм. Энэ бол сүнслэг үйл явдал байх ёстой. Бишоп оролцогчдоос бишрэл, хүндэтгэлтэй байхыг хүсдэг.
Бишоп оршуулгыг хөтлөн явуулж байгаа үед өөрөө эсвэл нэг зөвлөх нь төлөвлөх ажилд хяналт тавина. Тэр гэр бүлийнх нь хүслийг харгалзаж үзэн, оршуулгыг энгийн, хүндэтгэлтэй, дуу хөгжимтэй мөн хэлэх үг нь сайн мэдээнд төвлөрсөн, товч байхад анхаарна. Есүс Христийн Цагаатгал, Амилалтын ачаар хүртэх боломжтой болсон тайвшрал, тайтгарлын талаар онцлон ярих хэрэгтэй. Гэр бүлийнх нь гишүүд үг хэлэх юм уу ямар нэгэн байдлаар ёслолд оролцох шаардлагагүй.
Оршуулга нь нас барагсдад хүндэтгэл үзүүлэх боломж олгодог. Гэхдээ энэ нь ёслолын ихэнх цагийг авах ёсгүй. Хэрвээ гэр бүл нь хүндэтгэл үзүүлж, дурсамжаа хуваалцахад илүү их цаг зарцуулахыг хүсэж байвал оршуулгын ёслолоос тусдаа, гэр бүлийн цугларалт хийх нь илүү зохимжтой байж болох юм.
Ариун ёслолын танхимд явуулж байгаа оршуулгын ёслолд видео бичлэг үзүүлэх ёсгүй.
Оршуулгын ёслол цагтаа эхлэх ёстой. Ерөнхийдөө оролцож байгаа хүмүүсийн цаг завыг хүндэтгэхийн тулд эдгээр нь 90 минутаас хэтрэхгүй байвал зохино.
Хэрэв гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, бүсийнх нь Бүсийн дал эсвэл ерөнхий эрх мэдэлтэн оролцож байгаа бол тэд тэргүүлнэ. Оршуулгын ёслолыг хөтлөх хүн түүнтэй урьдчилан зөвлөлдөж, ёслолд оролцож байгааг нь мэдэгдэнэ. Тэргүүлэх албан тушаалтан хүсвэл түүнийг хаалтын үг хэлүүлэхээр урих ёстой.
Ерөнхийдөө оршуулгын ёслолыг ням гарагт явуулдаггүй.
Зарим тохиолдолд оршуулгын зардлыг Сүмийн мацгийн өргөлийн сангаас гаргаж байгаа бол бишопууд оршуулгын газрын хүмүүстэй холбогдож, оршуулгын ёслолыг энгийн, хүндэтгэлтэй байдлаар, боломжийн үнээр гүйцэтгэх ажлыг зохион байгуулж болно.
Оршуулгад оролцохоор гэртээ ирсэн номлогчдын талаарх мэдээллийг 24.6.2.7-оос үзнэ үү. Оршуулгын ёслолыг онлайнаар шууд дамжуулах эсвэл бичлэг хийх тухай удирдамжийг 29.7-оос үзнэ үү.
29.5.5
Оршуулах ба цогцсыг чандарлах
Боломжтой бол ариун сүмд хишиг хүртсэн нас барсан гишүүдийг ариун сүмийн хувцас өмсгөн оршуулж эсвэл чандарлах хэрэгтэй. Нас барагсдын ариун сүмийн оршуулгын хувцас, тэднийг хувцаслах талаарх мэдээллийг 38.5.10-аас үзнэ үү.
Боломжтой бол бишопын зөвлөлийн нэг гишүүн оршуулгын газар луу хөдлөх цувааг дагалдан явж болно. Хэрэв булшийг онцгойлон адислах бол тэрээр гэр бүлтэй нь зөвлөлдөж, Мелкизедек санваартнаас онцгойлон адислах залбирал хэлэхийг хүсдэг. Удирдамж зааврыг 18.16-д өгсөн. Хэрэв гэр бүл нь хүсвэл, оронд нь булшны дэргэд залбирал хэлж болно.
Гишүүний чандрыг хадгалах газрыг онцгойлон адислах тухай мэдээллийг 18.16.2-оос үзнэ үү. Чандарлах тухай бусад удирдамжийг 38.7.2-оос үзнэ үү.
29.5.6
Сүмийн гишүүн бус хүмүүст үзүүлэх үйлчилгээ
Бишопууд Сүмийн байрыг гишүүн бус хүмүүсийн оршуулгын ёслолд зориулан ашиглахыг санал болгож болно. Хэрвээ нас барсан хүн өөр сүмд харьяалагддаг байсан бол ихэнхдээ уг сүмийн зан үйлээр оршуулгын ёслолыг явуулдаг. Хэрэв гэр бүл нь хүсвэл, ёслолыг тухайн хүний харьяалагддаг сүмийн шашны албан тушаалтан хүндэтгэлтэйгээр, зохих ёс журмыг баримтлан хөтлөн явуулж болно. Гэхдээ өөр сүм, байгууллагуудын шашны зан үйлийг Сүмийн байранд гүйцэтгэж болохгүй.
29.6
Сүмийн цуглаан дээрх залбирал
Сүмийн цуглаан дээрх залбирлыг товч, энгийн, Сүнсний удирдамжийн дагуу хэлэх ёстой. Сүмийн баптисм хүртсэн гишүүн нээлт, хаалтын залбирлыг хэлж болно. Баптисм хүртээгүй хүүхдүүд Хүүхдийн хэсэгт залбирал хэлж болно. Удирдагчид эхнэр, нөхөр хоёроос нэг цуглаан дээр залбирал хэлэхийг хүсэхээс зайлсхийх ёстой.
Гишүүд Тэнгэрлэг Эцэгт хайр, хүндэтгэлээ илэрхийлсэн үгсийг ашиглан залбирах хэрэгтэй. Ийнхүү англи хэлээр Түүнд хандан залбирахдаа Thee (Танд), Thy (Таны), Thine (Таных) , Thou (Та) гэдэг төлөөний нэр хэрэглэдэг.
29.7
Хурал цуглааныг шууд дамжуулах, онлайнаар хурал, цуглаан явуулах
Сүмийн гишүүд хурал цуглаанд биечлэн оролцохыг хичээх хэрэгтэй. Хамтдаа цугларах нь шүтэн бишрэхийг дэмжин, гишүүдийг нэгдмэл байхад тустай юм (29.0-ийг үзнэ үү).
Эрүүл мэнд болон бусад шалтгааны улмаас энэ нь боломжгүй бол цахимаар шууд дамжуулах болон цахим хурал хийх нь ирэх боломжгүй хүмүүсийг оролцуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Бишоп эдгээр болон бусад гишүүний тусын тулд ариун ёслолын цуглаан(29.2.1.5-ыг үзнэ үү), баптисмын ёслол, оршуулга болон тойргийн бусад хурал цуглааныг шууд дамжуулах зөвшөөрлийг олгож болно. Гадасны ерөнхийлөгч гадасны чуулган (29.3.1-ийг үзнэ үү) болон гадасны бусад хурлыг шууд дамжуулах зөвшөөрлийг олгож болно. Ариун ёслол болон бусад ёслолыг шууд дамжуулах тухай удирдамжийг 38.2.3-аас үзнэ үү.
Үүнтэй адилаар ням гаргийн анги болон удирдлагын хурлуудад гишүүд биечлэн оролцох боломжгүй бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч эдгээр гишүүнд цахимаар оролцох эрхийг олгож болно.
Тойрог, гадасны техник хариуцсан мэргэжилтнүүд шууд дамжуулах, онлайн хурал цуглаанд бэлтгэхэд нь удирдагчдад тусална (33.10-ыг үзнэ үү). Энэ хүмүүс хурал цуглаанд оролцоход нь гишүүдэд мөн тусалж болох юм.
Тойрог, гадасны хурал цуглааны шууд дамжуулалтын бичлэгийг хурал, цуглаан болсноос хойш нэг хоногийн дотор устгах хэрэгтэй.
29.8
Хурал цуглааны үеэр гэрэл зураг авах, видео бичих
Сүмийн цуглааны ариун нандин байдлыг хадгалахын тулд хэн ч ариун ёслолын цуглааны болон гадасны чуулганы гэрэл зургийг авч эсвэл видео бичиж болохгүй.
Цуглааны бичлэгийн талаарх мэдээллийг 29.7-оос үзнэ үү.
29.9
Хуралд хэлмэрчлэх
Их Эзэн хүн нэг бүрийг сайн мэдээг өөрийн төрөлх хэлээр ойлгоосой гэж хүсдэг (Сургаал ба Гэрээ 90:11-ийг үзнэ үү). Нэгээс олон төрөлх хэлээр ярьдаг гишүүдтэй гадсанд гадасны хэлмэрчдийн зохицуулагчийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дуудаж болно. Бишоп тойргийн хэлмэрчдийн зохицуулагчийг дуудаж болно.
Нэмэлт мэдээлэл авах бол ChurchofJesusChrist.org дээрээс Сүмийн хэлмэрчдийн сургалт ба сайн туршлагууд хэсгийг үзнэ үү.