Гарын авлагууд болон дуудлагууд
34. Санхүү ба аудит


“34. Санхүү ба аудит,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“34. Санхүү ба аудит,” Ерөнхий гарын авлага.

Дугтуй барьж буй хүүхэд

34.

Санхүү ба аудит

34.0

Оршил

Аравны нэг, өргөлүүд нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг урагшлуулах боломжийг Сүмд олгодог (1.2-ыг үзнэ үү). Эдгээр мөнгө ариун нандин юм. Тэдгээр нь Сүмийн гишүүдийн золиос, итгэлийг төлөөлдөг (Марк 12:41–44-ийг үзнэ үү).

Их Эзэний ажлыг дэмжихийн тулд аравны нэгийг болон өргөлийг дараах зүйлсэд ашиглана. Үүнд:

  • Ариун сүм, цуглааны байр, Сүмийн бусад байгууламжийг барих, засварлах

  • Сүмийн болон орон нутгийн цуглааны үйл ажиллагаа, үйл явцыг дэмжих

  • Сайн мэдээг дэлхий даяар хуваалцах

  • Боловсрол, гэр бүлийн түүх зэрэг Сүмийн хөтөлбөрүүдийг дэмжих

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг хоол хүнс, орон байр, бусад хэрэгцээт зүйлсээр хангах

Гадасны ерөнхийлөгч болон бишопууд Сүмийн сангуудыг хянах ариун үүрэг хүлээдэг (Сургаал ба Гэрээ 72:9–10-ыг үзнэ үү). Энэхүү мөнгөн хөрөнгийг зөвхөн Сүмээс зөвшөөрөгдсөн зорилгуудад эрх мэдэл олгогдсон гишүүд ашиглах ёстой. Тэдгээрийг нягт нямбай бүртгэж, хамгаалах ёстой.

34.1

Гадасны санхүүгийн удирдлага

34.1.1

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны ерөнхийлөгч гадасныхаа хэмжээнд дараах санхүүгийн үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд: Тэрээр энэ ажлын зарим хэсгийг зөвлөх, бичиг хэргийн ажилтнууддаа даалгаж болно.

Гадасны ерөнхийлөгч:

  • Аравны нэгээ бүрэн төлж, өргөлөө өгөөмрөөр өргөхийг гишүүдэд зааж, урамшуулна (34.3-ыг үзнэ үү).

  • Гадасны мөнгөн хөрөнгийг зохих журмын дагуу захиран зарцуулж, бүртгэдэг байхад анхаарна (34.5-ыг үзнэ үү).

  • Санхүүгийн тайланг сар бүр хянаж, аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэсэн байхад анхаарна.

  • Бишопын зөвлөл, байгууллагын удирдагчид болон бичиг хэргийн ажилтнууд Сүмийн ариун нандин сангуудын өмнө хүлээдэг үүрэг хариуцлагаа мэдэж байгаа эсэхийг хянана.

  • Гадасны жилийн төсвийг бэлтгэж, захиран зарцуулна (34.6-г үзнэ үү).

  • Гадсанд төсөвлөсөн мөнгийг захиран зарцуулах удирдамжийг дагаж байгаа эсэхийг бататгана (34.6.2-ыг үзнэ үү).

  • Тойргийн санхүүг ярилцахаар бишоп бүртэй тогтмол зөвлөлдөнө.

  • Тойрог бүр гишүүдийн аравны нэгийн мэдүүлгийг жил бүр хүлээн авдаг эсэхийг шалгана.

  • Сүмийн санхүүгийн систем рүү нэвтрэн орох нууц үгийг бусадтай хуваалцахгүй байгаа эсэхийг бататгана.

  • Гадасны аудитын хороо байгуулагдаж, ажил үүргээ зохих ёсоор явуулж байгаа эсэхэд анхаарна (34.7.1-ийг үзнэ үү).

  • Гадасны санхүүгийн бүртгэлийн аудитын үеэр гарах асуултуудад хариулна (34.7-г үзнэ үү).

  • Гадас, тойргийн санхүүгийн бүртгэлийн аудитыг хянаж, аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэсэн байхад анхаарна (34.7-г үзнэ үү).

  • Гадас, тойргууд татварын бүх холбогдох хуулийг баримталж байгаа эсэхийг бататгана (34.8-ыг үзнэ үү).

34.1.2

Гадасны бичиг хэргийн ажилтан

Гадасны ерөнхийлөгч гадасны бичиг хэргийн ажилтныг эсвэл туслах бичиг хэргийн ажилтныг гадасны санхүүгийн бүртгэл тайлангуудыг хөтлөхөд туслуулахаар томилно. Бичиг хэргийн ажилтнууд Сүмийн мөнгөн хөрөнгийг хамгаалах талаарх хэрэгжиж байгаа бодлогуудыг чанд мөрдөж, Сүмийн бүртгэл тайлан үнэн зөв эсэхийг нягтална.

Бичиг хэргийн ажилтан дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй хамтдаа хүлээн авсан аливаа мөнгөн хөрөнгийг бүртгэж, хүлээлгэн өгнө.

  • Санхүүгийн тайланг сар бүр хянаж, аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэсэн байхад анхаарна.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд жил тутмын төсвөө боловсруулахад тусална (34.6.1, 34.6.2-ыг үзнэ үү).

  • Тойрог бүр аравны нэгийн тайлангаа илгээсэн гэдгийг баталгаажуулна.

  • Гадасны аудиторуудын хийдэг санхүүгийн аудитад оролцож, шаардлагатай бол залруулах арга хэмжээ авна (34.7-г үзнэ үү).

  • Тойргийн бичиг хэргийн ажилтнуудыг сургахад бишопын зөвлөлд дэмжлэг үзүүлнэ.

Бичиг хэргийн ажилтан нь Мелкизедек санваартай, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Гадасны бичиг хэргийн ажилтнуудыг дуудах тухай дэлгэрэнгүй мэдээллийг 33.3.2, 33.3.3-аас үзнэ үү.

34.2

Тойргийн санхүүгийн удирдлага

34.2.1

Бишопын зөвлөл

Бишоп тойрог дахь санхүүгийн асуудлаар дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд: Тэрээр энэ ажлын зарим хэсгийг зөвлөх, бичиг хэргийн ажилтнууддаа даалгаж болно.

Бишоп:

  • Аравны нэгээ бүрэн төлж, өргөлөө өгөөмрөөр өргөхийг гишүүдэд зааж, урамшуулна (34.3-ыг үзнэ үү).

  • Тойргийн мөнгөн хөрөнгийг зохих журмын дагуу захиран зарцуулж, бүртгэдэг байхад анхаарна (34.5-ыг үзнэ үү).

  • Санхүүгийн тайланг сар бүр хянаж, аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэсэн байхад анхаарна.

  • Байгууллагын удирдагч, бичиг хэргийн ажилтнууд Сүмийн ариун нандин сангуудын өмнө хүлээдэг үүрэг хариуцлагаа мэдэж байгаа эсэхийг хянана.

  • Тойргийн жилийн төсвийг бэлтгэж, захиран зарцуулна (34.6-г үзнэ үү).

  • Тойрогт төсөвлөсөн мөнгийг захиран зарцуулах удирдамжийг дагаж байгаа эсэхийг хянана (34.6.2-ыг үзнэ үү).

  • Тойргийн гишүүдтэй жил бүр уулзаж аравны нэгийн мэдүүлгийг нь авна.

  • Сүмийн санхүүгийн систем рүү нэвтрэн орох нууц үгийг бусадтай хуваалцахгүй байгаа эсэхийг бататгана.

  • Тойргийн санхүүгийн бүртгэлийн аудитын үеэр гарах асуултуудад хариулж, аливаа асуудлыг даруй шийдвэрлэж байгаа эсэхийг бататгана (34.7-г үзнэ үү).

34.2.2

Тойргийн бичиг хэргийн ажилтан

Бишоп тойргийн санхүүгийн бүртгэл тайлангуудыг хөтлөхөд туслуулахаар тойргийн бичиг хэргийн ажилтныг эсвэл туслах бичиг хэргийн ажилтныг томилно. Бичиг хэргийн ажилтнууд Сүмийн мөнгөн хөрөнгийг хамгаалах талаарх хэрэгжиж байгаа бодлогуудыг чанд мөрдөж, Сүмийн бүртгэл тайлан үнэн зөв эсэхийг нягтална.

Бичиг хэргийн ажилтан дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Бишопын зөвлөлийн гишүүнтэй хамт хүлээн авсан аливаа мөнгөн хөрөнгийг бүртгэж, хүлээлгэн өгнө.

  • Санхүүгийн тайланг сар бүр хянаж, аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэсэн байхад анхаарна.

  • Бишопын зөвлөлд жил тутмын төсвөө боловсруулахад тусална (34.6.1, 34.6.2-ыг үзнэ үү).

  • Гишүүд өөрсдийн өргөлийн тайлантай танилцах боломжтой байхад анхаарч, шаардлагатай үед туслалцаа үзүүлнэ.

  • Аравны нэгийн мэдүүлгийг бэлтгэж, бүртгэхэд бишопт тусална.

  • Гадасны аудиторуудын хийдэг санхүүгийн аудитад оролцож, шаардлагатай бол залруулах арга хэмжээ авна (34.7-г үзнэ үү).

Бичиг хэргийн ажилтан нь Мелкизедек санваартай, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Тойргийн бичиг хэргийн ажилтнуудыг дуудах тухай дэлгэрэнгүй мэдээллийг 33.4.2; 33.4.3-аас үзнэ үү.

34.3

Өргөл

Сүмийн удирдагчид аравны нэг, бусад өргөлийн зарчмуудыг гишүүдэд зааж, эдгээр зарчмын дагуу амьдрахад нь дэмжинэ. Сүмийн гишүүн бус хүмүүс ч өргөл өргөж болно. Гэхдээ зөвхөн Сүмийн гишүүд аравны нэгийг төлж болно.

Гишүүдийг боломжтой бол онлайнаар өргөлөө өргөхийг уриалдаг (donations.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Гишүүд Аравны нэг ба бусад өргөлийн маягтыг бөглөн, өргөлийн хамт бишопт эсвэл түүний зөвлөхүүдийн нэгэнд өгч болно (34.5.2-ыг үзнэ үү). Хэрэв гишүүд чек ашигладаг бол төлбөр хүлээн авагч дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэсэн байх ёстой.

34.3.1

Аравны нэг

Аравны нэг бол орлогынхоо аравны нэгийг Бурханы Сүмд хандивлах явдал юм (Сургаал ба Гэрээ 119:3–4-ийг үзнэ үү; ашиг нь орлого гэсэн үг). Орлого олдог Сүмийн бүх гишүүн аравны нэгийг төлөх ёстой.

Их Эзэний гэрээт хүмүүс эрт дээр үеэс аравны нэгийн хуулийн дагуу амьдарч ирсэн (Эхлэл 14:18–20; Леви 27:30–32-ыг үзнэ үү). “Миний хүмүүсийн аравны нэг … тэдэнд үүрд үйлчлэх хууль байх ёстой” (Сургаал ба Гэрээ 119:3–4) хэмээн Их Эзэн хэлжээ.

Аравны нэг нь Их Эзэний хувьд ариун бөгөөд гишүүд аравны нэгээ төлснөөр Түүнийг хүндэтгэдэг. Энэ бол Бурханд болон Түүний амлалтад итгэх итгэлийн илэрхийлэл юм. Аравны нэгээ төлдөг хүмүүс Их Эзэний “үүнийг хүлээн авах хангалттай зай байхгүй болтол би тэнгэрийн цонхнуудыг нээж, мөн та нарын дээр адислалыг цутгах эсэхийг үүгээр намайг сорь хэмээн Түмний Их Эзэн хэллээ” (Малахи 3:10) гэсэн энэхүү амлалтыг хүлээн авдаг.

34.3.1.1

Аравны нэгийн санг ашиглах

Аравны нэгийг хариуцсан зөвлөлөөс заасны дагуу аравны нэгийн хандивыг үргэлж Их Эзэний зорилгод ашиглана (Сургаал ба Гэрээ 120-ийг үзнэ үү). Тэдгээр зорилгын заримыг 34.0-д тодорхойлсон.

34.3.1.2

Аравны нэгийн мэдүүлэг

Бишоп жил бүрийн сүүлийн саруудад гишүүн бүртэй уулзаж аравны нэгийн мэдүүлгийг нь авдаг. Бишопыг эзгүй үед, ховор нөхцөл байдалд энэ үүрэгт ажлыг хийж гүйцэтгэх зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгч бишопын зөвлөхүүдийн нэгэнд өгч болно.

Бүх гишүүн дараах зорилгоор бишоптой уулзаж болно. Үүнд:

  • Аравны нэг төлөгч гэсэн статусаа бишоптоо мэдэгдэх

  • Тэдний өгсөн өргөлийн бүртгэл тайлан үнэн зөв эсэхийг шалгах

Боломжтой бол нэг гэр бүлийн бүх гишүүн, хүүхдүүдийг хамтад нь оролцуулах хэрэгтэй.

Аравны нэгийн тайлан мэдүүлгийн үеэр бишоп гишүүдэд тэдний итгэлтэй байдалд талархаж байгаагаа илэрхийлдэг. Мөн аравны нэгийн зарчмыг зааж, мацгийн өргөлөө өгөөмрөөр өгөхийг урамшуулж, бусад холбогдох асуудлыг авч хэлэлцдэг.

Аравны нэгийн тайлан мэдүүлгийн зааврыг Сүмийн удирдах газраас эсвэл бүсийн албанаас авч болно.

Нэгэн эрэгтэйтэй ярьж буй гэр бүл

34.3.2

Мацгийн өргөл

Сүмийн удирдагчид гишүүдийг мацгийн хуулиар амьдрахыг дэмждэг. Үүнд мацгийн өргөлийг өгөөмрөөр өгөх багтдаг (22.2.2-ыг үзнэ үү).

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Зарим тойрогт бишоп мацгийн өргөл цуглуулах эрхийг Аароны санваартнуудад олгож болно. Ийн шийдэхдээ, бишоп нь боломжтой Аароны санваартнуудын тоо, тэдний аюулгүй байдал, өргөлөө өөрөөр өгч чадахгүй байгаа гишүүдэд ирэх адислалыг бодож үзнэ.

Санваартнууд мацгийн өргөлийг цуглуулахдаа хоёр хоёроороо явах хэрэгтэй. Тэд мацгийн өргөлийг бишопын зөвлөлийн гишүүнд тэр даруй хүргэнэ.

Гишүүд мацгийн өргөлөөс өөр өргөлийг, тухайлбал аравны нэг ба бусад өргөлийг цуглуулж буй хүмүүст өгч болохгүй.

Мацгийн өргөлийн санг ашиглах удирдамж 22.5.2-т байгаа.

34.3.3

Номлогчийн сан

Тойргийн номлогчийн санд өгсөн өргөлийг тухайн тойргоос бүрэн цагийн номлолд үйлчлэх номлогчдын өргөлийн амлалтыг биелүүлэхийн тулд голчлон зориулдаг. Тойргийн илүү гарсан мөнгөн хөрөнгийг гадасны бусад номлогчийн өргөлийн амлалтыг биелүүлэхэд ашиглаж болно. Гадасны илүү гарсан мөнгөн хөрөнгийг зохицуулах зөвлөлийг тэргүүлдэг Бүсийн далын зааврын дагуу зөвлөлийн бусад гадсанд ашиглаж болно.

Тойргийн номлогчийн сангийн мөнгийг номлогчид руу шууд шилжүүлэх ёсгүй. Эдгээр мөнгөн хөрөнгийг гадасны юм уу тойргийн номлогчийн аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ашиглах ёсгүй.

Номлогчийн ерөнхий санд орсон өргөлийг Сүм нийт номлогчийн ажилд ашигладаг.

Гадасны ерөнхийлөгчид болон бишопууд гадас, тойргийн бодит хэрэгцээнээс илүү гарсан номлолын сангийн мөнгийг Сүмийн удирдах газрын Номлолын ерөнхий санд эсвэл бүсийн албанд шилжүүлэх ёстой.

Номлогчийн сан, номлогчийн үйлчлэлийг санхүүжүүлэх тухай нэмэлт мэдээллийг 24.3.4-өөс үзнэ үү.

34.3.4

Нэмэлт өргөл

Гишүүд батлагдсан нэмэлт ангилалд мөнгөн өргөл өгч болно. Хэрэв хандивлагчид Аравны нэг болон бусад өргөлийн цаасан маягтыг ашиглаж байгаа бол “Бусад” хэсэгт ангиллын нэрийг бичнэ.

Гадас, тойргууд “Бусад” ангиллыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөөгүй төсөлд мөнгө хүсэх, цуглуулах, зарцуулахад ашиглах ёсгүй. Зөвшөөрөгдсөн ангиллын жагсаалтыг үзэх бол гишүүд тойргийнхоо бичиг хэргийн ажилтантай холбоо барина.

34.3.5

Хүмүүнлэгийн тусламжийн байгууллага

Тэргүүлэх бишопын зөвлөлийн ажлын албан дахь хэлтэс нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүмүүнлэгийн тусламжийн байгууллага юм. Энэ хэлтэс нь Сүм, түүний харьяа энэрлийн байгууллага, үйл ажиллагаанд зориулан аравны нэг, бусад өргөлөөс бусад хүмүүнлэгийн тусламжийн хандивыг хүлээлгэн өгч, дэмжин ажилладаг. Хандив өргөхөд тусламж хэрэгтэй бол Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагатай дараах хаягаар холбогдож болно.

Philanthropies

1450 North University Avenue

Provo, UT 84604-6080

Утас: 1-801-356-5300 эсвэл 1-800-525-8074

Э-мэйл: philanthropies@ChurchofJesusChrist.org

34.3.6

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Аравны нэгийг оролцуулсан мөнгөн бус өргөл

Сүм аравны нэг болон бусад өргөл болгож биет хандив (мөнгөн бус) өгөхийг дэмждэггүй. Гишүүд өгөх хөрөнгөө өөрсдөө борлуулж, аравны нэгээ болон бусад өргөлөө мөнгөөр төлөх нь тохиромжтой. Гэхдээ тодорхой тохиолдолд мөнгөн бус өргөлийг хүлээн авч болох ба дэлхийн зарим бүсэд ийм өргөл нийтлэг байж болно.

Сүм (1) тэр даруйд зах зээлд борлогдох хувьцаа, бонд эсвэл бусад төрлийн үнэт цаас, (2) зах зээлд борлогдох зарим үл хөдлөх хөрөнгийг хүлээн авдаг. Гишүүд эдгээр мөнгөн бус өргөлийг хэрхэн эхлүүлэх талаарх удирдамж зааврыг авах бол DonationsInKind@ChurchofJesusChrist.org руу э-мэйл илгээнэ. Гишүүд бусад зүйлийг хандивлахыг хүсвэл гадасны ерөнхийлөгч эд зүйлсийг хүлээж авах зөвшөөрлийг бишопт өгөхөөсөө өмнө Сүмийн удирдах газартай эсвэл бүсийн албатай холбоо барина.

Мөнгөн бус өргөл өгсөн гишүүдэд баримтыг зөвхөн Сүмийн удирдах газар эсвэл бүсийн алба олгоно.

34.3.7

Өргөлийг буцааж өгөх боломжгүй

Сүмд өгсөн аравны нэг болон бусад өргөл Их Эзэнийх болдог. Тэдгээрийг Түүнд зориулдаг. Ийм бүх хандив нь сайн дурын өргөл юм. Эдгээр бүх өргөлийг аливаа далд зорилгогүйгээр, хяналтдаа байлгах, ямар нэгэн хэлбэрээр өмчлөх, Их Эзэний адислалаас өөр аливаа ашиг олох сонирхлоор бус, сайн дураараа өгдөг.

Гадасны ерөнхийлөгч, бишопууд аравны нэг болон өргөлүүд өгдөг хүмүүст эдгээр өргөлийг буцааж олгодоггүйг мэдэгдэх ёстой. Мөн урьдчилж төлсөн номлолын мөнгийг буцаан олгох боломжгүй.

34.4

Аравны нэг ба бусад өргөлийн нууцыг хадгалах

Хандивлагчийн төлсөн аравны нэг, бусад өргөлийн дүн нууц байна. Зөвхөн бишоп мөн эдгээр хандивыг хариуцах эсвэл харах эрх мэдэл бүхий хүмүүс энэ мэдээлэлд нэвтрэх эрхтэй. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл болон бичиг хэргийн ажилтнууд гишүүний аравны нэгийн статусын талаар ёс зүйгүй байдлаар хэзээ ч ярих ёсгүй. Мөн тэд хүлээн авсан аравны нэг эсвэл бусад өргөлийн нийт дүнгийн талаар ярих ёсгүй.

34.5

Сүмийн мөнгөн хөрөнгийг хариуцах

Гадасны ерөнхийлөгч болон бишоп Сүмийн мөнгөн хөрөнгө зохих ёсоор зарцуулагдаж байгаа эсэхийг бататгана. Энэ бол тэдний дуудлагын ариун үүрэг хариуцлага юм. Ерөнхий зарчмуудыг дараах хэсгүүдэд тоймлов. Бишопын зөвлөл болон бичиг хэргийн ажилтнууд “Ариун сан хөмрөг, ариун үүрэг хариуцлага” видеог жилд дор хаяж нэг удаа үзэж байна.

22:59

34.5.1

Хамтралын зарчим

Хамтралын зарчим нь бишопын зөвлөлийн нэг гишүүн, бичиг хэргийн ажилтны хамт эсвэл бишопын зөвлөлийн хоёр гишүүн гэсэн хоёр хүний хамтралыг хэлж байгаа бөгөөд тэд Сүмийн мөнгөн хөрөнгийг бүртгэх, зарцуулахад идэвхтэй оролцоно. Энэхүү зарчим нь ариун сангуудыг төдийгүй Сүмийн удирдагчдыг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Удирдагчид нууц үгээ хамгаалж, хэзээ ч бусадтай хуваалцах ёсгүй (33.9.1.1-ийг үзнэ үү).

34.5.2

Аравны нэг ба бусад өргөлийг хүлээн авах

Их Эзэн бишопуудад гэгээнтнүүдийн аравны нэг, бусад өргөлийг хүлээн авч, бүртгэх талаар ариун итгэл хүлээлгэсэн билээ (Сургаал ба Гэрээ 42:30–33119-ийг үзнэ үү). Зөвхөн бишоп, түүний зөвлөхүүд аравны нэг ба бусад өргөлийг хүлээн авч болно. Ямар ч нөхцөлд тэдний эхнэр, гэр бүлийнх нь гишүүд болон бичиг хэргийн ажилтнууд эсвэл тойргийн бусад гишүүн эдгээр өргөлийг хүлээн авах ёсгүй. Зөвхөн Аароны санваартнууд мацгийн өргөл цуглуулахаар томилогдох үед энэ нь хамаарахгүй (34.3.2-ыг үзнэ үү).

Сүмийн удирдагчид болон гишүүд хандивыг хараа хяналтгүй орхиж болохгүй.

34.5.3

Аравны нэгийг болон бусад өргөлийг шалгаж, бүртгэх

Хандивыг хүлээн авсан ням гарагтаа шалгаж, бүртгэх ёстой. Дугтуйг бишопын зөвлөлийн нэг гишүүн, бичиг хэргийн ажилтантай хамт эсвэл бишопын зөвлөлийн хоёр гишүүн хамтдаа нээнэ. Тэд дугтуйн дахь мөнгө нь Аравны нэг болон бусад өргөлийн маягт дээр бичсэн дүнтэй тохирч байгаа эсэхийг шалгана. Тэд хандив бүрийг зохих ёсоор бүртгэнэ. Хэрэв мөнгө, дугтуйн дээр бичсэн дүн хоёр өөр байвал тэд хандивлагчтай аль болох хурдан хугацаанд холбоо барьж, зөрүүний учрыг олно.

34.5.4

Аравны нэг ба бусад өргөлийг банканд тушаах

Бичигдсэн дүн нь хүлээн авсан мөнгөтэй тохирч байгаа эсэхийг шалгасны дараа тушаахад бэлтгэнэ.

Банканд 24 цагаар мөнгө тушаах боломжтой газарт бишопын зөвлөлийн гишүүн өөр нэг Мелкизедек санваартантай хамт дугтуйнуудыг задалж, шалгасан тэр өдөртөө мөнгийг банканд тушаана.

Банканд 24 цагаар мөнгө тушаах боломжгүй бол эсвэл ням гарагт ажилладаггүй газарт бишопын зүгээс нэг Мелкизедек санваартныг дараагийн ажлын өдөр мөнгийг банканд тушаалгахаар томилно. Үндсэндээ томилогдох хүн нь бишопын зөвлөлийн гишүүн байх ёстой. Энэ хүн тэдгээр мөнгөн хөрөнгийг өөрийн биеэр хариуцна. Тэрээр:

  • Мөнгийг тушаах хүртэл найдвартай хадгалсан эсэхийг нягтална.

  • Тушаасан огноо, мөнгөний дүн бүхий орлогын баримтыг авна.

Үүнээс гадна, бишопын зөвлөлийн нэг гишүүн, бичиг хэргийн ажилтантай хамт эсвэл бишопын зөвлөлийн хоёр гишүүн дараачийн ням гарагт тухайн өдрийн хандивыг цэгцлэхийн өмнө дараах ажлыг дуусгасан байх ёстой. Үүнд:

  • Өмнөх долоо хоногийн баримт дээрх дүн тушаасан мөнгөний баримт дээрх дүнтэй тохирч байгаа эсэхийг шалгана.

  • Мөнгө тушаасан баримтад гарын үсэг зурж, өмнөх долоо хоногийн хандивын мэдээлэлд хавсаргана.

34.5.5

Сүмийн мөнгөн хөрөнгийг хамгаалах

Сүмийн мөнгөн хөрөнгийг хариуцдаг гишүүд Сүмийн байранд мөнгийг үлдээх эсвэл цуглаан, үйл ажиллагааны үеэр гэх мэт ямар ч үед мөнгийг анхаарал сэрэмжгүй орхих ёсгүй.

34.5.6

Хандивын тайлан

Хандивлагчийн тайланг бүх гишүүн donations.ChurchofJesusChrist.org вэбсайтаас авах боломжтой. Удирдагчид хандивлагчийн тайлангаа тогтмол хянаж байхыг гишүүдэд урамшуулах ёстой. Боломжтой тохиолдолд татварын албан ёсны тайланг donations.ChurchofJesusChrist.org вэбсайт, орон нутгийн нэгж эсвэл бүсийн ажлын албанаас тус тус авах боломжтой.

Бичиж буй эмэгтэй

34.5.7

Гадас, тойргийн төлбөрийг хянах

Гадасны бүх мөнгөн хөрөнгийг Сүмийн санхүүгийн системээр хянан удирддаг. Гадасны ерөнхийлөгч гадасныхаа санхүүг удирдана. Түүний зөвлөхүүд болон бичиг хэргийн ажилтнууд түүнд тусалж болно. Гадасны аудитын хорооны даргаар үйлчилдэг зөвлөх ерөнхийдөө гадасны санхүүгийн бүртгэл хөтлөлтөд оролцох ёсгүй.

Тойргийн бүх мөнгөн хөрөнгийг Сүмийн санхүүгийн системээр хянан удирддаг. Бишоп тойргийн санхүүг удирдана. Түүний зөвлөхүүд болон бичиг хэргийн ажилтнууд түүнд тусалж болно.

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Төлбөрийг ихэвчлэн цахимаар мөнгө шилжүүлж эсвэл чекээр төлдөг. Зарим бүс нутагт нэгжүүддээ банкны карт ашиглахыг зөвшөөрч болно.

Тэргүүлэх албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гадас, тойргийн ямар ч зарлага гаргаж, төлбөрийг нь хийж болохгүй.

Эрх бүхий хоёр удирдагч төлбөр бүрийг батлах ёстой. Тэдний нэг нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл бишопын зөвлөлийн гишүүн байх ёстой. Хэдийгээр зөвлөхүүд төлбөрийг батлах эрхтэй байж болох ч гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп төлбөр бүрийг хянан үзэх ёстой. Удирдагчид өөртөө зориулж төлбөр батлах ёсгүй.

Бишоп өөртөө эсвэл өөрийн гэр бүлд зориулж мацгийн өргөл, бишопын захиалгын маягтыг хэрэглэхийн өмнө гадасны ерөнхийлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Бишоп гадасны ерөнхийлөгчид эсвэл түүний гэр бүлд зориулж мацгийн өргөл, бишопын захиалгын маягтыг хэрэглэхийн өмнө Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Удирдамжийг 22.5.1.2-оос үзнэ үү.

Нөхөн төлбөр авахыг хүссэн гишүүн аливаа баримт, нэхэмжлэхийн биет болон цахим хуулбарыг өгнө. Тэрээр мөн худалдан авалтын зорилго, хэмжээ, огноо зэргийг хавсаргана.

Харин санхүүг урьдчилан авах бол гишүүн төлбөрийн хүсэлтийн маягтыг, зорилго, хэмжээ, огноог бичиж илгээнэ. Төлбөр хийгдсэний дараа гишүүн (1) зарцуулсан мөнгөний баримт эсвэл нэхэмжлэхийг өгнө, (2) зарцуулаагүй мөнгийг эргүүлэн тушаана. Зарцуулаагүй мөнгийг эргүүлэн тушаах ёстой.

Эрх бүхий удирдагчид болон бичиг хэргийн ажилтнууд зардал, төлбөрийн баримт, нэхэмжлэхийг сайтар нягталж үзэлгүйгээр төлбөрийг баталж болохгүй.

Гадас, тойргууд банканд өөрсдөө данс нээлгэж эсвэл бэлэн мөнгөний санг үүсгэж болохгүй.

34.5.7.1

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Цахим төлбөр

Хэрэв гадас, тойрог цахим төлбөр тооцоог ашигладаг бол гишүүдийг donations.ChurchofJesusChrist.org вэбсайтын Цахим хандив гэсний доорх Зардлын нөхөн олговрыг хийх данс хэсэгт хувийн дансны мэдээллээ оруулахыг зөвлөж байна. Гадас, тойрог нь гишүүдийн банкны дансны мэдээллийн биет болон цахим хуулбарыг хэзээ ч хадгалах ёсгүй.

34.5.7.2

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Чек

Хэрэв гадас, тойрог чек ашигладаг бол чекийг бүрэн бөглөх хүртэл гарын үсэг зурж болохгүй. Чекийн дэвтэр, бөглөөгүй шинэ чекүүдийг цоожтой шүүгээнд хадгалах ёстой. Эдгээрийг найдвартай цоожлоогүй байвал орхиж гарах ёсгүй. Хэрэв банкны чек алга болсон байвал гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп алга болсон чекүүдийн дугаарыг Сүмийн удирдах газарт эсвэл бүсийн албанд тэр даруй мэдэгдэнэ.

34.5.7.3

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Төлбөрийн карт

Хэрэв гадас, тойрог нь орон нутгийн нэгжийн зардалд төлбөрийн карт ашигладаг бол тэдгээрийг ПОС машины гүйлгээнд эсвэл бэлэн мөнгө авахад ашиглаж болно. Картын гүйлгээг болон картаар бэлэн мөнгө авах үйлдлийг Сүмийн санхүүгийн системд автоматаар оруулдаг. Картын бүх зарцуулалтыг нэн даруй бүртгэх ёстой. Эдгээр зарцуулалтыг бүртгээгүй тохиолдолд картыг идэвхгүй болгож болзошгүй.

Төлбөрийн картын бүх үлдэгдлийг дор хаяж жил бүр тэглэх ёстой.

34.5.8

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Бэлэн мөнгөний хайрцаг

Бүсийн алба нь Сүмээс олгосон банкны данс руу нэвтрэх эрхгүй нэгжүүдэд тусгай удирдамж өгдөг.

34.5.9

Санхүүгийн бүртгэл тайланг хөтлөх

Гадас, тойрог бүр санхүүгийн бүртгэлүүдийг шинэчлэн, үнэн зөв хөтөлж байх ёстой. Эдгээр бүртгэл нь Сүмийн ариун санг хадгалах, хамгаалах болон тайлагнахад гадасны ерөнхийлөгч, бишопуудад тусална. Үнэн зөв бүртгэл тайлан нь дараах зүйлд шаардлагатай. Үүнд:

  • Төсвийг бэлтгэх

  • Төсвийг хуваарилалтыг хянах

  • Гишүүдэд тэдний өгсөн өргөлийн талаар мэдээлэл өгөх

  • Аудитын хариу арга хэмжээ авах

Бичиг хэргийн ажилтнууд бүртгэл тайлангуудыг ашиглах, хадгалах тухай мэдээллийг Сүмийн удирдах газар эсвэл бүсийн албаны заавруудаас үзэх ёстой. Санхүүгийн бүртгэл тайлангуудыг доод тал нь гурван жил, дээр нь тухайн жилийг нэмээд, дөрвөн жил хадгалах ёстой. Гэвч орон нутгийн хууль үүнээс урт хугацаанд хадгалахыг шаардаж болно.

34.6

Төсөв ба зарлага

Төсөвлөсөн мөнгөний хөтөлбөр нь гадас, тойргийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх Сүмийн ерөнхий санг гаргаж өгдөг. Энэ хөтөлбөр нь гишүүдээс төсвийн өргөл авах хэрэгцээг үгүй болгодог. Аравны нэгийг итгэлтэй төлсний үр дүнд төсөвлөсөн мөнгөтэй байх боломж бүрддэг.

Хэрэв шаардлагатай бол удирдагчид төсөвлөсөн дүнгээсээ хэтрүүлэхгүйн тулд үйл ажиллагаануудыг цөөлж, хялбарчлах хэрэгтэй. Ихэнх үйл ажиллагаа энгийн, зардал багатай эсвэл огт зардалгүй байх ёстой.

34.6.1

Гадас, тойргийн төсөв

Гадас, тойрог бүр жил тутмын төсвийг бэлтгэж, төсвийнхөө дагуу үйл ажиллагаа явуулна. Гадасны ерөнхийлөгч гадасны төсвийг, бишоп тойргийн төсвийг захиран зохицуулдаг. Тэд өөрсдийн удирдлага доор төсөвт хяналт тавих зөвлөхийг томилж болно. Мөн тэд төсөв боловсруулах болон төсөв хянахад туслах бичиг хэргийн ажилтныг томилж болно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл хуанлийн жил эхлэхээс нэлээд хугацааны өмнө төсвөө бэлтгэж эхлэх хэрэгтэй. Удирдамжийг доор жагсаав.

  • Давтагддаг зардлуудыг тооцохын тулд өмнөх жилд зарцуулсан мөнгөний тоо хэмжээг харна.

  • Байгууллагуудаас өөрсдийн төсвийн хэрэгцээг нарийвчлан тооцоолон гаргахыг хүснэ.

  • Төсөв боловсруулах батлагдсан арга барилыг ашиглан төсвийг эмхэтгэнэ. Төсвийн төлөвлөсөн зардал төсвийн урьдчилсан хуваарилалтаас хэтрэх ёсгүй.

Сүмийн санхүүгийн систем дээрх төсвийн арга хэрэгслүүдийг боломжтой газруудад ашиглах ёстой.

34.6.2

Төсвийн хуваарилалт

34.6.2.1

Төсвийн хуваарилалт

Төсвийн санг гишүүдийн улирал тутмын ирц дээр үндэслэн дараах ангиллаар хуваарилна. Үүнд:

  • Ариун ёслолын цуглаан

  • Залуу эрэгтэйчүүдийн бүлэг

  • Залуу эмэгтэйчүүдийн бүлэг

  • Хүүхдийн хэсгийн 7–10 насны хүүхдүүд

  • Ганц бие залуучууд

Ирцийг цаг тухайд нь үнэн зөв мэдээлэх нь чухал (33.5.1.1-ийг үзнэ үү).

Улирал бүрийн хуваарилалтын өмнө гадасны ерөнхийлөгч хуваарилагдах дүнгийн талаарх мэдээллийг хүлээн авдаг. Дараа нь тэрээр тойргуудад хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг хуваарилахаа тодорхойлдог. Тэрээр төсвийг гадас, тойргуудад шударга, хангалттай хуваарилахын тулд бишопуудтай нэгдмэл байж, хамтран ажиллана. Хэрэв төсөвлөсөн төсөвт нөлөөлөх гэнэтийн асуудал тулгарвал гадасны ерөнхийлөгч шударга зохицуулахад анхаарна.

Бишоп тойргийн төсөвлөсөн мөнгөний хуваарилалтад хяналт тавина. Тэрээр төсвийг тойргийн байгууллагуудад шударга, хангалттай хуваарилсан байхад анхаарна.

Санваарын удирдагчид төсвийг хуваарилахдаа Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүдийн байгууллагуудын үйл ажиллагаанд тэнцүү хуваарилсан эсэх, Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд зориулсан хуваарилалт хангалттай эсэхэд анхаарна.

34.6.2.2

Төсвийн зохистой зарцуулалт

Гадасны ерөнхийлөгч болон бишопууд төсөвлөсөн мөнгийг ухаалаг зөв зарцуулах тал дээр анхаарна. Төсвийн мөнгийг хүмүүсийг адислах, сайн мэдээний зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хэрэглэнэ. Удирдагчид зарлагыг төсвөөс хэтрүүлэхгүй байхад анхаарна.

Бүх үйл ажиллагаа, хөтөлбөр, гарын авлага, эд материалын зардлыг гадас, тойргийн төсвөөс гаргах ёстой. Гишүүд ерөнхийдөө үйл ажиллагаанд оролцохын тулд мөнгө төлөх ёсгүй. Мөн материал, эд зүйл, түрээсийн төлбөр, орох хураамж, аялах тээврийн зардал зэргийг өөрсдөөсөө гаргах ёсгүй. Хүндрэл учруулахгүй бол гишүүд хоол хүнсээр хангаж болно (20.6.1-ийг үзнэ үү).

Сүмд нэмэлт өргөл өгөхийг хүссэн гишүүд уг өргөлийг гадасны эсвэл тойргийн төсөвт оруулахаар зааж болохгүй. Үүний оронд мацгийн өргөл, номлолын сан, хүмүүнлэгийн тусламж зэрэгт эсвэл зөвшөөрөгдсөн бусад заалтын дагуу хандивлахыг удирдагчид тэдэнд зөвлөнө.

Барилга барих, засвар үйлчилгээ, телефон утас, цахилгаан, ус, дулаан, компьютер болон санваарын удирдагчдын замын зардлыг одоо мөрдөж байгаа удирдамжийн дагуу Сүмийн ерөнхий сангаас төлдөг.

34.6.2.3

Төсвийн үлдэгдэл

Жилийн эцсийн төсвийн үлдэгдлийг зарцуулах ёсгүй. Тойргийн ашиглаагүй төсвийн үлдэгдлийг гадсанд, гадасны ашиглаагүй төсвийн үлдэгдлийг Сүмд буцааж шилжүүлнэ.

Өсвөр үеийнхний чуулган зэрэг тодорхой үйл ажиллагааг дараа жил хийхээр төлөвлөсөн онцгой тохиолдолд гадас, тойргууд ашиглаагүй мөнгөн санг үлдээж болно. Гэвч гадасны юм уу тойргийн төсвийн мөнгөний ихээхэн хэсгийг тухайн жилээс дараагийн жилд дамжуулан үлдээх ёсгүй.

34.6.3

Онцгой үйл ажиллагааны болон тоног төхөөрөмжийн төсөв

34.6.3.1

Гадасны болон гадас дундын үйл ажиллагаа

Орон нутгийн удирдагчид эв нэгдэл, нөхөрлөлийг хөгжүүлэх, ялангуяа өсвөр үеийнхэн, ганц бие залуучуудад уг боломжийг олгох зорилгоор гадасны болон гадас дундын үйл ажиллагаа зохион байгуулахыг дэмждэг. Гадасны болон гадас дундын тодорхой тооны үйл ажиллагааг явуулахад зориулан хангалттай хэмжээний төсөв төсөвлөхөд орон нутгийн удирдагчид анхаарах ёстой.

Олон гадасны ихэнх үйл ажиллагааг оролцогч гадаснуудын төсвөөс санхүүжүүлнэ. Бүсийн үйл ажиллагааны санхүүжилт нь зөвшөөрөгдсөний дараа бүсээс эсвэл Сүмийн удирдах газраас ирж болно.

34.6.3.2

Онцгой үйл ажиллагаа ба тоног төхөөрөмж

Онцгой үйл ажиллагаа ба тоног төхөөрөмжийн тухай мэдээллийг 20-р бүлгээс үзнэ үү.

34.7

Аудит

34.7.1

Гадасны аудитын хороо

Гадасны ерөнхийлөгч гадасны аудитын хороог томилно. Энэхүү хороо нь гадас, тойргийн санхүүг Сүмийн бодлого журмын дагуу явуулж байгаад анхаарна. Энэ хороог гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг зөвлөх тэргүүлэх ба түүнээс гадна санхүүгийн асуудлыг ойлгодог эсвэл сурч болох гадасны өөр хоёр гишүүн орно. Эдгээр ах, эгч ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

Ерөнхийдөө даргаар үйлчилж буй зөвлөх төлбөр батлахад эсвэл гадасны санхүүгийн бүртгэл тайлан хөтлөх явцад оролцохгүй.

Хорооны гишүүд гадасны аудитор байж болохгүй. Мөн тэд гадас, тойргийн санхүүгийн бүртгэл тайланг хийж эсвэл хөтлөх ёсгүй.

34.7.2

Гадасны аудиторууд

Гадасны ерөнхийлөгч эсвэл гадасны аудитын хороог хариуцсан түүний зөвлөх гадсанд дор хаяж хоёр аудитор дуудна. Эдгээр ах, эгч ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Боломжтой бол санхүү эсвэл аудитаар ажиллаж байсан туршлагатай байх ёстой. Тэднийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл мөн дээд зөвлөл зөвшөөрсөн байх ёстой. Гэсэн хэдий ч тэднийг дэмжүүлэн баталдаггүй. Тэднийг онцгойлон адислах эсэхийг гадасны ерөнхийлөгч тодорхойлно.

Дээд зөвлөлийн гишүүд мөн гадасны аудитороор үйлчилж болно. Харин гадасны бичиг хэргийн ажилтан, туслах бичиг хэргийн ажилтнуудыг аудитороор дуудаж болохгүй. Аудитороор үйлчилдэг хүмүүс давхар дуудлагатай байж болно.

34.7.3

Санхүүгийн аудит

Гадасны аудиторууд гадас, тойрог, FamilySearch төвүүдийн санхүүгийн бүртгэл тайланд жилд хоёр удаа аудит явуулна. Аудиторууд бас амралт чөлөөт цагийн төвийн санхүүгийн бүртгэл тайланд жилд нэг удаа аудит явуулна. Энэ бол Их Эзэний Сүмийн сангуудыг зохицуулахаар дуудагдсан хүмүүсийг урамшуулж, дэмжих, эелдгээр сургах боломж юм.

Аудиторууд дараах зүйлийг нягтална. Үүнд:

  • Аравны нэг, бусад хандивыг зохих ёсоор бүртгэдэг эсэх

  • Сүмийн мөнгөн хөрөнгийг зөв зарцуулж, тооцоолж, хамгаалдаг эсэх

  • Санхүүгийн бүртгэл тайлан бүрэн, үнэн зөв эсэх

Тухайн нэгжийн тэргүүлэх албан тушаалтан, санхүү хариуцсан бичиг хэргийн ажилтнууд аудитын үеэр асуултуудад хариулахад бэлэн байх ёстой.

Гадасны ерөнхийлөгч болон гадасны аудитын хороо бүх аудитын дүнг хянана. Хянаж шалгасных нь дараа гадасны аудитын хорооны дарга, мөн гадасны ерөнхийлөгч аудитын дүгнэлт дээр гарын үсэг зурна. Аудитаар илэрсэн алдааг залруулахын өмнө аудитын дүгнэлт дээр гарын үсэг зурж илгээж болно. Гадасны ерөнхийлөгч болон гадасны аудитын хороо аудитаар илэрсэн аливаа алдааг түргэн хугацаанд залруулахад анхаарч ажиллана.

34.7.4

Бүсийн аудитор ба бүсийн туслах аудитор

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бүсийн аудиторыг эсвэл туслах аудиторыг дуудахдаа Бүсийн аудитын хөтөлбөрийн удирдамж-ийг дагаж мөрдөнө.

34.7.5

Сүмийн мөнгийг алдах, хулгайлах, завших, зүй бусаар ашиглах

Дараах тохиолдолд гадасны ерөнхийлөгчид эсвэл гадасны аудитын хорооны даргад нэн даруй хандана. Үүнд:

  • Сүмийн мөнгөн хөрөнгө алдагдсан эсвэл хулгайлагдсан.

  • Удирдагч Сүмийн мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан эсвэл зүй бусаар зарцуулсан.

Гадасны ерөнхийлөгч эсвэл аудитын хорооны дарга Сүмийн аудитын хэлтэст мэдэгдэнэ. Тэрээр АНУ, Канадаас бусад газарт бүсийн санхүүгийн хянагчид мэдэгдэнэ.

Сүмийн аудитын газар (эсвэл бүсийн санхүүгийн хянагч) алдагдлын бүртгэлийн маягтыг гадасны ерөнхийлөгч эсвэл аудитын хорооны тэргүүлэгчид явуулна. Гадасны ерөнхийлөгч эсвэл аудитын хорооны дарга Сүмийн аудитын газрын (эсвэл бүсийн хянагчийн) удирдлага доор уг асуудлыг зохих ёсоор шалгасан эсэхийг нягтална. Тэрээр мөн алдагдлын маягтыг зохих ёсоор бөглөж, явуулсан эсэхийг хянана.

Шалгаж дууссаны дараа Сүмийн аудитын газраас тухайн удирдагчийг эсвэл Сүмийн ажилтныг Сүмийн мөнгөн хөрөнгө, өмч хөрөнгийг завшсан гэж үзвэл гишүүнчлэлийн арга хэмжээ авах талаар бодож үзэх хэрэгтэй. Удирдамжийг 32.6.3.3-аас үзнэ үү.

Хэрэв мөнгөн хөрөнгийг буруугаар ашигласан томоохон зөрчил илэрвэл гадасны ерөнхийлөгч эсвэл аудитын хорооны дарга Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд мөн мэдэгдэнэ.

34.7.6

Гадасны санхүү хариуцсан бичиг хэргийн ажилтан эсвэл туслах бичиг хэргийн ажилтан

Гадасны аудитын хороо нь гадасны бичиг хэргийн ажилтанд эсвэл санхүү хариуцсан туслах бичиг хэргийн ажилтанд санхүүгийн зөв бодлогыг зааж өгөх үүргийг тойргийн удирдагчдад даалгаж болно. Тэрээр мөн аудитаар илэрсэн үл хамаарах зүйлүүдтэй холбоотой журмын талаар тэдэнд зааварчилгаа өгнө.

34.7.7

Дэлгэрэнгүй мэдээлэл

Аудитын хороо, аудиторууд, аудитын журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх Тусламжийн төв-өөс үзнэ үү. Гадасны аудитын хороо асуултуудаа бүсийн туслах аудиторт хандан тавьж болно.

34.8

Татвар

Энэ хэсэгт өгсөн татварын тухай мэдээлэл зөвхөн АНУ, Канадад хамаатай. АНУ, Канад дахь санваарын удирдагчдад дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол Татварын алба нэгжтэй холбоо барих хэрэгтэй.

Tax Administration

50 East North Temple Street, Room 2276

Salt Lake City, UT 84150-0022

Утас: 1-801-240-4405, 1-800-453-3860, дотуур утас 2-4405

АНУ, Канадаас бусад газрын санваарын удирдагчид татварын тухай асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүсийн албатай холбоо барина.

34.8.1

Татвараас чөлөөлөгдөх статус

Ерөнхийдөө Сүм нь шашны байгууллага учраас худалдаа, үл хөдлөх хөрөнгө, орлогын болон бусад татвараас чөлөөлөгддөг. Сүмийн барилга, бусад өмч хөрөнгийг сүсэг бишрэлийн зорилгод, шашны хичээл, Сүмтэй холбоотой бусад үйл ажиллагаанд ашиглах ёстой. Гадас, тойргийн удирдагчид Сүмийн барилга байгууламжийг 35.5.6.1, 35.5.6.3-т дурдсан улс төр, бизнесийн юм уу хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглахгүй байхад анхаарна. Учир нь ийм зорилгоор ашиглах нь Сүмийн өмч хөрөнгийг татвараас чөлөөлдөг хуулийг зөрчдөг.

Сүмийн татвараас чөлөөлөгддөг статусыг хадгалахын тулд гадас, тойргийн удирдагчид эдгээр удирдамжийг баримтлах нь чухал. Хэрэв аль нэг гадас эсвэл тойрог Сүмийн татвараас чөлөөлөгддөг статусыг зүй бусаар ашиглавал, энэ нь Сүмийн бусад нэгжид нөлөөлж болно.

34.8.2

Худалдааны болон ашиглалтын татвар

Худалдааны болон ашиглалтын татварын хууль мөн тэдгээр нь Сүмд хэрхэн хамаатай болох нь улс орон, муж бүрд өөр өөр байдаг. Сүм татвар чөлөөлөлтөд хамрагддаг эсвэл татвар төлөх ёстой эсэхийг лавлахын тулд удирдагчид Сүмийн татварын удирдлагын хэлтэстэй эсвэл бүсийн албатай холбоо барина.

34.8.3

Үл хөдлөх хөрөнгийн татвар

Сүмийн татвар хариуцсан удирдах газар нь үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх бичиг баримтыг бүрдүүлж, төлөх ёстой бүх татварыг төлдөг. Орон нутгийн удирдагчид энэ тал дээр ямар ч үүрэг гүйцэтгэхгүй.