Гарын авлагууд болон дуудлагууд
9. Халамжийн нийгэмлэг


“9. Халамжийн нийгэмлэг,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“9. Халамжийн нийгэмлэг,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Судраас суралцаж буй эмэгтэй

9.

Халамжийн нийгэмлэг

9.1

Зорилго ба зохион байгуулалт

Халамжийн нийгэмлэг нь Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход бэлтгэхэд тусалдаг. Тэнгэрлэг Эцэг Эхийн охидын хувьд Халамжийн нийгэмлэгийн гишүүд “судруудыг тайлбарлаж,” “сүмд ухуулж,” сэтгэл санааг өргөж, “гэрээнүүдээ итгэлтэйгээр сахи[даг]” (Сургаал ба Гэрээ 25:713).

9.1.1

Зорилго

Халамжийн нийгэмлэг бол Сүмийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулан бурханлагаар зохион байгуулагдсан байгууллага юм. Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол бодгалиудыг аварч, зовлон шаналлыг хөнгөвчлөх явдал болохыг заасан. Тэрээр эгч нарыг ийн зохион байгуулагдах хүртэл Есүс Христийн Сүм бүрэн зохион байгуулагдахгүй хэмээн хэлжээ.

Халамжийн нийгэмлэгийн гишүүд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар хамтран ажилладаг. Тэд бусдад үйлчилж, гэрээт үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг бэхжүүлэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг.

Халамжийн нийгэмлэг “Энэрэл хэзээ ч мөхөхгүй” (1 Коринт 13:8) хэмээх уриатай. Энэ уриаг Халамжийн нийгэмлэгийн тэмдэгт тусгасан байдаг.

Зураг
Халамжийн нийгэмлэгийн тэмдэг

9.1.2

Халамжийн нийгэмлэгийн гишүүнчлэл

Халамжийн нийгэмлэг нь эгч дүүсийн насан туршийн холбоо юм. 18 болон түүнээс дээш насны бүх насанд хүрсэн эгч Халамжийн нийгэмлэгийн гишүүд юм. Тэд Халамжийн нийгэмлэгийн цуглаанд сууж чадахгүй байсан ч гишүүдэд тооцогддог.

Залуу эмэгтэй 18 нас хүрэхдээ Халамжийн нийгэмлэгт хамрагдаж эхэлж болно. Тэр хэзээ хамрагдаж эхлэх талаар эцэг эх, бишоптойгоо зөвлөлдөнө. 19 нас хүрэхээс өмнө эсвэл их сургуульд суралцах, номлолд явах гэх мэтээр гэрээсээ явахаас өмнө тэр Халамжийн нийгэмлэгт оролцдог байх ёстой.

Мөн 18-аас доош насны гэрлэсэн эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгийн гишүүд болдог.

18-аас доош насны гэрлээгүй эцэг эхийн тухай мэдээллийг 38.1.5-аас үзнэ үү.

9.1.3

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Орон нутгийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх

Зарим тойрогт маш олон идэвхтэй, насанд хүрсэн эмэгтэй байдаг. Ийм тойргуудад бишоп, гадасны ерөнхийлөгч нь нэгээс илүү Халамжийн нийгэмлэгтэй байхыг зөвшөөрч болно. Халамжийн нийгэмлэг бүр тус тусын ерөнхийлөгчийн зөвлөлтэй байна. Боломжтой бол Халамжийн нийгэмлэг бүрд янз бүрийн насны болон туршлагатай гишүүд байх ёстой.

9.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

Бурхан бүх хүнийг Христэд ирж, дараах байдлаар аврал, өргөмжлөлийн ажилд нь оролцохыг урьдаг. Үүнд:

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах;

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахыг урих

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх.

Халамжийн нийгэмлэгийн удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь эгч нарт туслах зорилгоор Ням гаргийн цуглаан, үйл ажиллагаа, тохинуулал, үйлчлэл мөн бусад харилцан үйлчлэлийг төлөвлөдөг. Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын гишүүд энэ ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар нэгдэн ажилладаг.

Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын тухай нэмэлт мэдээлэл авах бол 1-р бүлгийг судална уу.

9.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

Халамжийн нийгэмлэгийн удирдагчид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад нь гишүүдийг дэмжинэ. Тэд итгэлээ үйлдэл болгох, наманчлах, бие даах чадвараа сайжруулах, ёслол хүртэх замаар Бурхантай гэрээ байгуулахыг онцолно. Эдгээр ёслолд ариун сүмийн хишиг хүртэх ёслол багтана. 1.2.1-ийг үзнэ үү.

9.2.1.1

Гэртээ сайн мэдээнээс суралцах

Гишүүд гэр орондоо сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах юм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт улам гүнзгий хөрвөгддөг. Халамжийн нийгэмлэгийн удирдагчид эгч нарыг судраас болон амьд бошиглогчдын үгсээс хувиараа төдийгүй гэр бүлтэйгээ хамт суралцахыг урамшуулан дэмжинэ. Ирээд, Намайг дага болон бусад эх сурвалжийг суралцах явцдаа нэмж ашиглаж болно.

Гэр бүлийн үдэш нь гэр орондоо сайн мэдээнээс суралцах чухал арга зам юм. Гэр бүлийн үдшийг ихэвчлэн долоо хоног бүрийн ням гарагт эсвэл даваа гаргийн орой эсвэл өөр цагт хийж болно. Үүнд залбирах, сайн мэдээнээс суралцах, гэрчлэлээ хуваалцах, дуулах болон хөгжилтэй үйл ажиллагаа орно.

9.2.1.2

Халамжийн нийгэмлэгийн цуглаанд сайн мэдээг судлах

Халамжийн нийгэмлэг дараах зорилгоор ням гарагт цугларна. Үүнд:

  • Итгэлийг хүчирхэгжүүлэх;

  • Нэгдмэл байдлыг бэхжүүлэх;

  • Гэр орон, гэр бүлүүдийг бэхжүүлэх;

  • Тойрог дахь Бурханы аврал, өргөмжлөлийн төлөөх үйлсэд туслах ажлыг зохицуулах.

Цуглааныг сарын хоёр, дөрөв дэх ням гарагт явуулна. Цуглаан 50 минут үргэлжилнэ. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр цуглааныг төлөвлөнө. Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна.

Цуглааныг залбирлаар эхлүүлнэ. Дараа нь ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн эгч нарыг удирдан, үүссэн сорилт бэрхшээл, хэрэгцээ, боломжуудын талаар таваас арван минутын турш хамтдаа зөвлөлдөнө. Зөвлөлдөх үедээ Аврагч дээр төвлөрөх нь эгч нарт гэрчлэлтэй болж, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдээ сахиж, илүү сайн шавь болоход туслах болно. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эгч нарын хэрэгцээнд тулгуурлан зөвлөлдөх сэдвүүдийг сонгоно.

Үүний дараа сайн мэдээг үр дүнтэй зааж, ярилцахад хангалттай цаг үлдээх ёстой. Ингэхдээ хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр хуваалцсан нэг эсвэл хэд хэдэн сэдэв дээр төвлөрч ярилцана. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эгч нарын хэлэлцэх чуулганы захиаснуудыг залбиралтайгаар сонгоно. Тэд эдгээр сонголтыг эгч нарын хэрэгцээнд тулгуурлан хийдэг.

Хичээлийг баяжуулах зорилгоор дуулал дуулж болно.

Цуглааныг залбирлаар дуусгана.

Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулга хоёр ням гаргийн хичээлийг зарим тохиолдолд хамтран хийж болно. Эдгээр хурлыг бишопын зөвлөл, Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл хамтран зохион байгуулдаг.

Нэмэлт мэдээллийг “Зөвлөлд суух” хэсгээс үзнэ үү.

9.2.1.3

Үйл ажиллагаа

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл үйл ажиллагаануудыг төлөвлөж болно. Ерөнхийлөгч үйл ажиллагаануудад хяналт тавина. Тэр зөвлөхөөсөө эсвэл өөр эгчээс эдгээр үйл ажиллагааг удирдан төлөвлөж, явуулахыг хүсэж болно (9.3.4-ийг үзнэ үү). Ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн төлөвлөх ажлынхаа хүрээнд үйл ажиллагааг бишоптой хэлэлцэнэ.

Үйл ажиллагаанууд нь гэрээнүүд байгуулж сахих эгч нарын хүслийг хүчирхэгжүүлж, тэдэнд хамтдаа цугларч, үйлчлэх боломжийг олгох ёстой. Үйл ажиллагаанууд нь Халамжийн нийгэмлэгийн зорилгыг биелүүлэхэд туслах ёстой (9.1 ба 9.1.1-ийг үзнэ үү). Гадасны Халамжийн халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагааны тухай мэдээллийг 6.7.1-ээс үзнэ үү.

9.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

Есүс Христийн дагалдагчийн хувьд эгч нар тусламж хэрэгтэй хүмүүст хайраар хүрч ажиллах үүрэгтэй. Тэд хувиараа мөн Халамжийн нийгэмлэгийн хүрээнд тойрог, орон нутагтаа бусдад үйлчлэх арга замыг эрэлхийлнэ. JustServe.org боломжтой газруудад, үүн дээр орон нутагт үйлчлэх боломжийг санал болгодог.

Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын гишүүд тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн харж халамжилдаг тухай нэмэлт мэдээллийг 22.6.2-оос үзнэ үү.

Зураг
Хоол хүнс авчран өгч буй эмэгтэй

9.2.2.1

Тохинуулал

Тохинуулал гэдэг нь бусдын төлөө Аврагчийн адил санаа тавих явдал юм. Эгч нар Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс тохинууллын үүрэг даалгавар авдаг. Нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.

9.2.2.2

Богино хугацааны хэрэгцээ

Тохинуулагч эгч нар өөрсдийн үйлчилж буй хүмүүсийн хэрэгцээг ойлгож, хариу арга хэмжээ авахыг эрэлхийлнэ. Өвдөх, төрөх, нас барах, ажилгүй болох зэрэгт болон бусад нөхцөл байдалд гишүүдэд богино хугацааны тусламж хэрэгтэй байж болно.

Хэрэгтэй бол тохинуулагч эгч нар Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс тусламж хүснэ. Ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр ажлыг зохион байгуулах үйлчлэлийн зохицуулагчийг дуудах санал гаргаж болно (9.3.4-ийг үзнэ үү).

Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулга хоёр богино хугацааны хэрэгцээг шийдвэрлэхдээ уялдаа холбоотой ажиллана (22.3.2-ыг үзнэ үү). Шаардлагатай бол бишоп мацгийн өргөлөөс тусламж үзүүлж болно.

Зарим газарт бишоп тусламж хэрэгтэй гишүүдэд хоол хүнс, бусад үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бишопын захиалгаар хангах сонголт бий. Бишоп гишүүдтэй уулзах, захиалгын маягтыг бөглөх ажилд ихэвчлэн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг томилдог. Гэхдээ тэр мөн ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийг томилж болно. Ерөнхийлөгч эзгүй бол Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхийг томилж болно. Томилогдсон удирдагч бөглөсөн маягтаа бишопт өгч батлуулна.

Нэмэлт мэдээллийг 22.6.2-оос мөн Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан дахь “Халамжийн эх сурвалж”-аас үзнэ үү.

9.2.2.3

Урт хугацааны хэрэгцээ ба бие даах чадвар

Бишопын зохион байгуулалтаар Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд гишүүдэд урт хугацааны хэрэгцээгээ хангах, бие даах чадвараа хөгжүүлэхэд нь тусална. Тэд материаллаг, сүнслэг байдлын хувьд бие даах зарчмуудыг заадаг. 22-р бүлгийг болон Gospel Library аппликэйшн дээрх “Бие даах чадвар”-ыг үзнэ үү.

Хэрэв хувь хүнд эсвэл гэр бүлд тусламж хэрэгтэй бол Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчид тэдэнд хэрхэн туслах талаар бишопын удирдлага доор хамтдаа хэлэлцэнэ (22.6.3-ыг үзнэ үү).

Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч эсвэл өөр удирдагч Бие даах чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь хувь хүн, гэр бүлд тусална. Түүнчлэн тохинуулагч эгч, ах нар төлөвлөгөөгөө гаргахад нь тусалж чадна. Ихэнх тохиолдолд Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын бусад гишүүн ямар нэгэн байдлаар тусалж чадах ур чадвар, туршлагатай байдаг. Тусламж үзүүлэх бүх хүн энэ талаарх мэдээллийг нууцална. Нэмэлт мэдээллийг 22.3.3 ба 22.8-аас үзнэ үү.

9.2.2.4

Тойргийн гишүүнийг нас барахад

Тойргийн гишүүнийг нас барахад Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн сэтгэлийн дэм, тусламж үзүүлнэ. Тэд бишопын удирдлага доор оршуулгын ажилд нь тусалж болно.

Боломжтой бол хишиг хүртсэн, нас барсан гишүүдийг ариун сүмийн хувцастай нь оршуулах юм уу чандарлана. Эмэгтэй хүнд нөхөр нь эсвэл гэр бүлийн хишиг хүртсэн эмэгтэй гишүүн хувцас өмсүүлж болно. Хэрэв нас барсан эмэгтэйг хувцаслах гэр бүлийн гишүүн байхгүй эсвэл байсан ч хувцаслахыг хүсэхгүй бол хувцаслах эсвэл уг үйлийг ахлуулахаар хишиг хүртсэн нэг эмэгтэйг урьж оролцуулахыг бишоп Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс хүсэж болно. Нэмэлт мэдээллийг 38.5.10-аас үзнэ үү.

Оршуулгын дараа ч гэсэн Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд, тохинуулагч ах, эгч нар мөн бусад хүн үргэлжлүүлэн сэтгэлийн дэм, тусламж үзүүлдэг.

9.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахыг урих

Халамжийн нийгэмлэгийн гишүүд бүх хүнийг Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахыг урих үүрэгтэй (Мозая 18:9-ийг үзнэ үү). Тэд үүнийг сайн мэдээг хуваалцах, шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх, идэвх султай хүмүүст хүрч ажиллах замаар гүйцэтгэнэ. 23.2 ба 23.3-ыг үзнэ үү.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, Халамжийн нийгэмлэгийн цуглаанаар эгч нар сайн мэдээний адислалуудаас хүртэхэд нь бүх хүнийг ямар арга замаар урьж болох талаар хэлэлцэнэ. 23.1.1, 23.1.2, 23.1.3-ыг үзнэ үү.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тойрог дахь сайн мэдээг хуваалцах ажлыг удирдахад туслах ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Тэр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн томилсон гишүүнтэй хамтран эдгээр ажлыг зохицуулна (23.6.2-ыг үзнэ үү).

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон гишүүн бүх хүнийг сайн мэдээний адислалуудаас хүртэхэд урих ажлыг зохион байгуулахаар долоо хоног тутмын зохицуулах хуралд оролцоно. Тойргийн номлолын удирдагч эдгээр хурлыг тэргүүлнэ. Тэр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн байж болно. Тойргийн номлогчид, пристийн чуулгын туслах, Залуу эмэгтэйчүүдийн хамгийн ахлах ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, мөн бүрэн цагийн номлогчид оролцоно. 23.4-ийг үзнэ үү.

9.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд холбох

Халамжийн нийгэмлэгийн гишүүд гэр бүлүүдийг мөнхөд холбоход нь гишүүдийг дэмжинэ. Үүнд дараах ажлууд багтана.

  • Ариун сүмийн хишиг хүртэх гэх мэт ёслолуудаар дамжуулан Бурхантай гэрээ байгуулах;

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хийх (1.2.4-ийг үзнэ үү) зэрэг юм.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, Халамжийн нийгэмлэгийн цуглаан дээр эдгээр ажилд эгч нар ямар арга замаар оролцож болох талаар ярилцана. Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд мөн ариун сүмд ариун нандин ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээ байгуулах талаарх ойлголт, хүслээ нэмэгдүүлэхэд гишүүдэд туслах арга замыг төлөвлөдөг. Тэд эгч нарыг боломжтой бол ариун сүмд тогтмол шүтэн бишрэхийг урамшуулдаг.

Ерөнхийлөгчийн зөвлөл нь эгч нарыг гэр бүлийнхээ түүхийн талаар суралцахыг урамшуулдаг. Тэд шинэ болон эргэн ирж байгаа гишүүд, Халамжийн нийгэмлэгийн шинэ гишүүд болон шинээр дуудагдсан номлогчдод өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдгээрийг ариун сүмийн ёслолуудад бэлдэхэд нь тусалдаг.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслах ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Тэр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон гишүүнтэй хамтран эдгээр хүчин чармайлтыг зохицуулна (25.2.2-ыг үзнэ үү).

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон гишүүн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хуралд оролцоно. Эдгээр хурлыг тогтмол хуралдуулна. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурлыг тэргүүлнэ (25.2.7-г үзнэ үү). Энэ нь ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн байж болно. Тэд мөн пристийн чуулгын туслах, Залуу эмэгтэйчүүдийн ангийн насаар хамгийн ахмад ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн мөн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг оролцуулна.

9.3

Халамжийн нийгэмлэгийн удирдагчид

9.3.1

Бишоп

Бишоп Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчтэй хамгийн багадаа сар тутамд уулздаг. Тэд тохинуулагч эгч нарын үйлчлэл зэрэг Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын талаар ярилцана. Түүнчлэн тэд (1) тойргийн эгч нарын гаргасан ахиц болон хэрэгцээ, (2) Халамжийн нийгэмлэгийн хурал цуглаан, хичээл, үйл ажиллагааны талаар ярилцана.

9.3.2

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

9.3.2.1

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудах

Бишоп нь тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчлэх эмэгтэйг дууддаг. Хэрэв тухайн нэгж хангалттай том бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч өөрийн зөвлөхүүдээр үйлчлэх нэг эсвэл хоёр эгчийг бишопт санал болгоно. Бишопын зөвлөл түүний санал болгосон нэрсийг авч үзээд, дуудлага өгнө.

Бишопын зөвлөлийн гишүүн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийг дэмжүүлэн батлахаар ариун ёслолын цуглаан дээр танилцуулна. Бишоп Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг онцгойлон адисална. Бишопын зөвлөлийн гишүүн түүний зөвлөхүүдийг онцгойлон адисалж болно.

Цөөн хүнтэй зарим нэгж Залуу эмэгтэйчүүдийн эсвэл Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчгүй байж болно. Ийм нэгжүүдэд Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд зориулсан хичээлийг төлөвлөхөд эцэг эхчүүдэд тусалж болно.

9.3.2.2

Үүрэг хариуцлага

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч дараах үүрэг хариуцлагатай. Зөвлөхүүд нь түүнд тусална.

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ. Тэр (1) тойргийн хэрэгцээг авч үзэн, шийдэл олоход тусалдаг зөвлөлийн гишүүнээр, (2) Халамжийн нийгэмлэгийн төлөөлөгчөөр үйлчилдэг (29.2.5-ыг үзнэ үү).

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох Халамжийн нийгэмлэгийн ажлыг удирдан явуулна (1-р бүлгийг үзнэ үү).

  • Тохинуулагч эгч нарын үйлчлэлийн ажлыг зохион байгуулж, хянана. Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй улиралд дор хаяж нэг удаа уулзаж, тохинууллын хуваарилалтыг уялдуулан зохицуулна. Тохинууллын үүрэгт ажлыг хуваарилахдаа бишопоос зөвшөөрөл авна. Тохинууллын ярилцлагыг хамгийн багадаа улиралд нэг удаа хийнэ. 21-р бүлгийг үзнэ үү.

  • Бишопын удирдлага доор тойргийн насанд хүрсэн гишүүдтэй зөвлөлдөнө (31.1 ба 31.3-ыг үзнэ үү). Зөвхөн бишоп зохистой байдал, хүчирхийлэл, мацгийн тусламжийн санг ашиглах зэрэг асуудлаар тойргийн гишүүдтэй зөвлөлдөнө. Зөвлөгөө өгөх эх сурвалжийг үзнэ үү. Хүчирхийллийн тухай мэдээллийг 38.6.2-оос үзнэ үү.

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт бүх хүнийг сайн мэдээний адислалаас хүртэхийг урих тойргийн ажлыг тэргүүлнэ (8.2.3, 9.2.3-ыг үзнэ үү).

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг тэргүүлнэ (8.2.4, 9.2.4-ийг үзнэ үү).

  • Тойргийн ганц бие, гэрлэсэн, насанд хүрсэн залуу эгч нарыг хүчирхэгжүүлэхийн тулд гаргаж буй Халамжийн нийгэмлэгийн хүчин чармайлтыг уялдуулан зохицуулна. Нэг зөвлөхийг ганц бие залуучуудад үйлчлүүлэхээр томилж болно (14.1.2.2-ыг үзнэ үү).

  • Жилд хамгийн багадаа нэг удаа Халамжийн нийгэмлэгийн гишүүн бүртэй ганцаарчлан уулзана. Тэд уг эгчийн талаар мөн түүний гэр бүлийн сайн сайхан байдлын талаар ярилцана.

  • Эгч нарт тэдний гэрээний үүрэг хариуцлага болон адислалуудыг, түүний дотор Бурханы санваарын хүчнээс ирдэг адислалуудыг заана (3.5 ба 3.6-г үзнэ үү). Тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой гэрээт харилцаагаа хөгжүүлснээр ирдэг хүч, хамгаалалт, удирдамж, баяр баясгалан, амар тайвныг ойлгоход тусална.

  • Халамжийн нийгэмлэгийн сургалтыг хянаж, сайжруулахад тусална (17-р бүлгийг үзнэ үү).

  • Халамжийн нийгэмлэгийн цуглаануудыг төлөвлөж, хөтлөн явуулна.

  • Халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагааг хянана (9.2.1.3-ыг үзнэ үү).

  • Залуу эмэгтэйчүүдэд Халамжийн нийгэмлэгт хамрагдахаар бэлтгэхэд нь тусална (9.4-ийг үзнэ үү).

  • Халамжийн нийгэмлэгийн бүртгэл, тайлан, санхүүг хянана (LCR.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү). Нарийн бичиг тусалж болно (9.3.3-ыг үзнэ үү).

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд үүрэг хариуцлагынх нь талаар заана. Тэд үүнийг гадасны санваарын удирдлагын болон тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр мөн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй хувиараа уулзахдаа зааж болно (29.3.4-ийг үзнэ үү).

Үйлчлэлээрээ дамжуулан Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч бишопт өсвөр үеийнхэнд анхаарал хандуулах, онцгой үүрэг хариуцлагадаа төвлөрөхөд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Зураг
Тойргийн зөвлөлийн хурал

9.3.2.3

Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзана. Ерөнхийлөгч эдгээр хурлыг хөтлөн явуулна. Хурлын хөтөлбөрт дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Эгч нарыг болон гэр бүлийг нь хүчирхэгжүүлэх арга замуудыг төлөвлөх;

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн туслах талаар төлөвлөх;

  • Номлогчийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах;

  • Бишопын зөвлөгөөг авч, даалгасан үүрэгт ажлыг гүйцэтгэх;

  • Тойргийн зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

  • Тохинууллын хуваарилалтыг залбирч байгаад бодож үзэх;

  • Тохинууллын ярилцлагын үеэр авсан мэдээллийг авч үзэх; Давуу талыг тодорхойлж, хэрэгцээг хангахад туслах арга замуудыг төлөвлөх (21-р бүлгийг үзнэ үү.)

  • Халамжийн нийгэмлэгийн дуудлага, үүрэгт ажилд үйлчлэх эгч нарыг бодож үзэх;

  • Халамжийн нийгэмлэгийн хурал цуглаан, үйл ажиллагааг төлөвлөх зэрэг юм.

9.3.3

Нарийн бичиг

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн нарийн бичгээр үйлчлэх эгчийг санал болгож болно. Бишопын зөвлөлийн гишүүн түүнийг дуудаж, дэмжүүлэн батлахаар ариун ёслолын цуглаан дээр танилцуулж, онцгойлон адисална.

Нарийн бичгийн үүрэг хариуцлагад дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, Халамжийн нийгэмлэгийн цуглааны хөтөлбөрийг бэлтгэх;

  • Хурал цуглааны үеэр тэмдэглэл хөтөлж, үүрэгт даалгаврын биелэлтэд хяналт тавих;

  • Тохинууллын ярилцлагын хуваарь гаргах (21.3-ыг үзнэ үү);

  • Ирцийн болон хийгдсэн тохинууллын ярилцлагын тоо бүхий улирлын тайланг бэлдэж, явуулах;

  • Жилийн төсвийг бэлдэж, зарлагыг хянахад туслах зэрэг нь орно.

9.3.4

Нэмэлт дуудлага

Дараах нэмэлт дуудлагууд тус нэмэр болж болно. Бишоп, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч хоёр эдгээр дуудлага шаардлагатай эсэхийг ярилцана.

  • Ням гаргийн цуглаанаар заах Халамжийн нийгэмлэгийн багш нар

  • Тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан үйлчлэлийг төлөвлөж, хэрэгжүүлэхэд туслах үйлчлэлийн зохицуулагч (9.2.2.2-ыг үзнэ үү). Туслахууд ба хорооны гишүүд мөн дуудаж болно.

  • Халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэхэд туслах үйл ажиллагааны зохицуулагч (9.2.1.3-ыг үзнэ үү). Туслахууд, тус хорооны гишүүдийг мөн дуудаж болно.

  • Халамжийн нийгэмлэгийн нарийн бичигт туслуулах туслах нарийн бичгүүд

  • Тохинууллын ярилцлагыг зохион байгуулах, улирлын тайлан бэлтгэхэд туслах тохинууллын нарийн бичгүүд.

Хэрэв эдгээр болон өөр бусад дуудлага шаардлагатай бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл үйлчлэх эгч нарыг санал болгоно. Тэд саналаа бишопын зөвлөлд өгнө. Бишопын зөвлөл зөвшөөрвөл бишопын зөвлөлийн гишүүн тэднийг дуудна. Тэрээр тэднийг дэмжүүлэн батлахаар ариун ёслолын цуглаан дээр танилцуулж, онцгойлон адисална.

Шаардлагатай бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн ажилд өөр арга замаар туслах эгч нарыг томилж болно. Түр хугацааны үүрэгт ажилд эгч нарыг дуудах, онцгойлон адислах шаардлагагүй.

Зураг
Халамжийн нийгэмлэгийн анги

9.4

Залуу эмэгтэйчүүдэд Халамжийн нийгэмлэгт хамрагдахаар бэлдэхэд нь туслах

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл залуу эмэгтэйчүүд, тэдний эцэг эх, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчидтай хамтран ажиллаж, Халамжийн нийгэмлэгт хамрагдахад нь залуу эмэгтэйчүүдийг бэлдэхэд тусална.

Мөн удирдагчид залуу эмэгтэйчүүдэд болон Халамжийн нийгэмлэгийн эгч нарт харилцаа холбоо тогтоох боломжийг байнга олгож байна. Тохинуулагч эгч нарын хувьд хамтран үйлчлэх нь өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох үнэ цэнтэй арга замуудын нэг юм.

Удирдагчид залуу эмэгтэйчүүдэд гэрээт үүрэг хариуцлагаа ойлгоход тусална. Залуу эмэгтэйг аль нэгэн эгчид тохинуулах нь тустай гэж үзвэл, залуу эмэгтэйг үйлчлэх хүсэлтэй, боломжтой, төлөвшсөн үед тохинуулагч эгчээр томилж болно. Түүнийг 14 нас хүрэх жилээс нь эхлэн томилж болно. Залуу эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгийн эгч нарын хамтрагчаар үйлчилнэ (21.2.2-ыг үзнэ үү).

Залуу эмэгтэйчүүдийг Халамжийн нийгэмлэгт орох үед Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл тэдэнд үйлчлэх, авьяас чадвараа хуваалцах боломж олгоно. Түүнчлэн ерөнхийлөгчийн зөвлөл тэдэнд ариун сүмийн нандин гэрээнүүд байгуулж, сахихаар бэлтгэхэд нь тусална (27.1.1-ийг үзнэ үү).

9.5

Гадасны Халамжийн нийгэмлэгийн удирдагчид

Гадасны ерөнхийлөгч гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчлэх эмэгтэйг дуудаж, онцгойлон адисална. Хэрэв гадас хангалттай том бол тэрээр нэг эсвэл хоёр эгчийг өөрийн зөвлөхөөр, өөр нэг эгчийг нарийн бичгээр үйлчлүүлэхээр санал болгоно. Эдгээр эмэгтэйг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн дуудаж, онцгойлон адисална. Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн болон нарийн бичгийн үүрэг хариуцлагын тухай мэдээллийг 6.7.1 ба 6.7.3-аас үзнэ үү.

Гадасны ерөнхийлөгч гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч эсвэл ерөнхийлөгчийн зөвлөлтэй тогтмол (хамгийн багадаа сар бүр) уулзана. Тэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын талаар хамтдаа зөвлөлдөнө. Түүнчлэн тэд (1) гадасны эгч нарын гаргасан ахиц дэвшил ба хэрэгцээ, (2) Халамжийн нийгэмлэгийн цуглаан, хичээл, үйл ажиллагааны талаар ярилцана.

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд тохинуулал, номлогчийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар зааварлана. Тэд үүнийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор гүйцэтгэнэ. Дээд зөвлөлийн гишүүд туслахаар томилогдоно. 23.1, 25.2-ыг үзнэ үү.

Хэрэв гадсанд ганц бие залуучуудын хороо байдаг бол гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн уг хороонд үйлчилнэ. Хэрэв гадсанд ганц бие насанд хүрэгчдийн хороо байдаг бол дээрхтэй адил байна. (14.1.1.2-ыг үзнэ үү.)

Зураг
Инээмсэглэж буй хоёр эмэгтэй

9.6

Нэмэлт удирдамж ба бодлого журам

9.6.1

Тусгай хэрэгцээт гишүүд

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл тусгай хэрэгцээт гишүүдэд онцгой анхаарал хандуулна. Эдгээр гишүүнд туслах тухай мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org-оос мөн энэ гарын авлагын 38.8.27-оос үзнэ үү.

9.6.2

Бичиг үсгийн боловсрол

Шаардлагатай бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бишоп, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон тойргийн зөвлөлтэй хамтран гишүүдэд уншиж, бичиж сурахад нь тусална.

Хэвлэх