Номын сан
Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа


“Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2023)

“Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Гарын хөдөлгөөн хийнгээ дуулж буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүд

Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа

Хүндэт Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон хөгжмийн удирдагчид аа,

Хүүхдийн хэсгийн дуунууд нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн сайн мэдээний үндсэн үнэний тухай мэдэж авахад туслах хүчирхэг хэрэгсэл юм. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээрийн үнэнийг гэрчилнэ. Үгс болон аялгуу нь хүүхдүүдийн оюун санаа, зүрх сэтгэлд амьдралынх нь турш хоногшин үлдэх болно.

Та дуу хөгжмөөр дамжуулан сайн мэдээг заахад бэлтгэхдээ Сүнсний тусламжийг эрэлхийл. Дуулж буй үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалц. Дуу хөгжим тэдний гэртээ болон Хүүхдийн хэсгийн ангиуддаа суралцаж, олж авч буй туршлагатай хэрхэн уялдаж байгааг олж харахад хүүхдүүдэд тусал. Ариун нандин дууг дуулахад хүүхдүүдэд тусалж буй таны шаргуу хичээл зүтгэлийн ачаар хүүхдүүд мөн гэр бүл нь адислагдах болно.

Бид та нарт хайртай бөгөөд эрхэм нандин хүүхдүүдийг маань хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ үйлчилж байгаад тань талархаж байна.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Дууны цагийн зааварчилгаа

5 минут (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл): Нээлтийн залбирал, судар эсвэл итгэлийн тунхаг, үг хэлэх

20 минут (хөгжмийн удирдагч): Дууны цаг

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон хөгжмийн удирдагч сар бүр хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа зарчмыг бататгах дууг сонгоно. Эдгээр зарчмыг бататгах дуунуудын жагсаалтыг энэхүү удирдамжид хавсаргав. Эдгээр дууг мөн Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагуудын тойм хэсэгт санал болгосон.

Хүүхдүүдэд дуу заахдаа, тухайн дуунуудын зааж буй сургаалын зарчим, түүхүүдийн талаар юу мэдэж авснаа хуваалцахад тэднийг урь. Та хүүхдүүдийн ангидаа суралцаж байгаа Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлага дээрх хичээлийн тоймыг үзэж болно. Энэ нь танд тэдний суралцаж байгаа түүх, зарчмуудын талаар мэдэж авахад туслах ба тэгснээр та тэдний суралцах үйл явцыг дуу хөгжмөөр хэрхэн дэмжих талаар бодож үзэх боломжтой.

Түүнчлэн дууны цагаар та хүүхдүүдийн урьд өмнө сурч мэдсэн болон дуулах дуртай дуунуудыг дуулуулж болно. Дууг давтан дуулахдаа, дуунуудад өгүүлж буй үнэний талаар бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Хүүхдийн дууны ном бол Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн үндсэн эх сурвалж юм. Сүмийн дууллын ном, Найз , Лиахона дээрх дуунууд бас тохиромжтой. Хүүхдүүд зарим үед эх оронч эсвэл баярын сэдэвтэй, ням гарагт дуулах болон хүүхдийн насанд тохирсон дуунуудыг дуулж болно. Хүүхдийн хэсэгт ашиглах бусад дуу хөгжмийг бишопын зөвлөлөөр батлуулсан байх шаардлагатай (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.3.4, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Хүүхдийн хэсгийн тойм

Хүүхдийн хэсэгт долоо хоног бүр дараах зүйлс багтах ёстой.

Дууны цаг:25 минут

Анги руу шилжих:5 минут

Ангиуд:20 минут

Олон хүүхэдтэй Хүүхдийн хэсгийн удирдагчид хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваан, нэг бүлэг нь ангидаа орж байхад нөгөө бүлгийг дууны цагт оруулж болно. Дараа нь хоёр бүлэг солигдоно. Ийм тохиолдолд Хүүхдийн хэсгийн удирдагчид дээр дурдсан цагийг нөхцөл байдалдаа тохируулан өөрчилж болно.

Есүсийн зургийг барьж буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүд

Дууны цагт санал болгох дуу хөгжим

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах

Дууны цаг нь хүүхдүүдэд сайн мэдээний үнэнээс суралцахдаа Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд нь туслах зорилготой юм. Дараах санаанууд тус болно.

Хоосон зайг нөхөх. Самбар дээр дууны үгийг бичихдээ хэд хэдэн гол үгийг орхин бич. Дараа нь хүүхдүүдээс уг дууг дуулахдаа хоосон зайд тохирох үгсийг анхаарч сонсохыг хүс. Тэднийг хоосон зай бүрийг бөглөж байх үед, дутуу орхисон үгсээс сайн мэдээний ямар зарчмуудыг мэдэж авсан тухай ярилц.

Сүмийн удирдагчдын хэлсэн үгсээс ашиглах. Хүүхдийн хэсгийн дуунуудтай ижил сайн мэдээний зарчим заадаг Сүмийн удирдагчдын үгийг сонсоход хүүхдүүдийг урь. Өөрсдийн дуулж буй үнэнийг ойлгоход туслах ямар нэгэн зүйлийг сонсох үед гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Сонссон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.

Гэрчлэх. Хүүхдийн хэсгийн дуун дээр байдаг сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ хүүхдүүдтэй товчхон хуваалц. Дуулах нь гэрчлэлээ хуваалцаж, Сүнсийг мэдрэх нэг арга зам гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Зургуудыг ашиглах. Дуунд гарч буй чухал үг, хэллэгүүдтэй холбоотой зургийг олоход эсвэл бүтээхэд туслахыг тэднээс хүс. Зургууд тухайн дуутай хэрхэн холбогдож байгааг мөн уг дуу юу зааж байгааг хуваалцахад тэднийг урь. Тухайлбал, хэрэв та “Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 86–87) дууг зааж байгаа бол уг дуунд гардаг чухал үгсийг дүрсэлсэн зургуудыг өрөөний эргэн тойронд байрлуулж болно (бэлэг, тэнгэр, гэр, дэлхий, төрөлт гэх мэт). Хүүхдүүдээс зургуудыг цуглуулаад, хамт дуулахдаа тэдгээр үгийг зөв дарааллаар дээш өргөхийг хүс.

Үзүүлэн үзүүлэх. Та дуутай холбоотой үзүүлэн ашиглаж болно. Жишээ нь, “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50–51) гэдэг дуунд жижигхэн үрийн тухай гардаг. Есүс Христэд итгэх итгэлийн жижиг хэсэг цаг хугацааны явцад ургаж болно гэдгийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд үр үзүүлж болно.

Дууг хувийн туршлагатай уялдуулах. Хүүхдүүдэд тухайн дуунд зааж байгаа зарчмуудыг тэдгээрийн талаарх өөрсдийн туршлагатай холбоход тусал. Жишээлбэл, “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) дууг дуулахын өмнө, та хүүхдүүдээс ариун сүм харсан бол гараа өргөхийг хүсэж болно. Дуулж байхдаа, ариун сүмийг харах үед ямар мэдрэмж төрсөн тухайгаа бодохыг тэднээс хүс.

Aсуулт тавих. Дуу дуулах үед асууж болох олон асуулт бий. Жишээлбэл, та дууны бадаг бүрээс юу ойлгосныг нь хүүхдүүдээс асууж болно. Мөн тухайн дуунд хариулт нь байж болох асуултуудыг бодож олохыг тэднээс хүсэж болно.

Хариултыг сонсох. Хүүхдүүдээс “хэн?” “юу” “хаана?” “хэзээ?” “яагаад?” гэх мэт асуултын хариултыг олж сонсохыг хүс. Жишээлбэл, “Баптисм” (Хүүхдийн дууны ном, 54–55) гэдэг дуунаас тэд Есүст хэн баптисм хүртээснийг болон Тэр хаана, хэзээ, хэрхэн, яагаад баптисм хүртсэнийг анхааран сонсож болно. Мөн та хүүхдүүдээс гол үгсийг олж сонсох эсвэл тодорхой нэг үгийг хэдэн удаа давтан дуулж байгаагаа хуруу даран тоолохыг хүсэж болно.

Ариун ёслолын цуглаан дээр дуулж буй хүүхдүүд

Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дууг болон сүмийн дууллуудыг сурч, эргэн санахад туслах

Хүүхдүүд дууг дахин дахин сонсож мөн дуулснаар сурдаг. Шинэ дууны үгийг хүүхдүүдэд зүгээр уншиж, хэлж өгөхийн оронд дууны үгийг үргэлж дуулж хэлж өгч бай. Энэ нь хүүхдүүдэд аяыг үгтэй нь холбогдуулан санахад тусална. Дуу заасныхаа дараа жилийн турш энэ дуугаа олон янзын хөгжилтэй аргаар давт. Дууг сурч, давтахад нь хүүхдүүдэд туслах зарим санааг дурдав.

Үзүүлэн бэлдэх. Бадаг бүрийн үгийг харуулсан эсвэл үгийг нь төлөөлсөн зурагтай үзүүлэнгүүдийг үзүүл. Хүүхдүүдийг дуулж байхад зарим үг эсвэл зургийг ямар нэг зүйлээр халхал. Үзүүлэнгүйгээр бүтэн бадгийг дуулдаг болтол ийнхүү давт. Түүнчлэн та хүүхдүүдийг үзүүлэн хийхэд туслуулахаар урьж болно.

Ноотны далайцыг үзүүлэх. Хүүхдүүдэд дууны аяыг сурахад нь туслахын тулд гараа хэвтээ байрлалд аваад, үгсийг хэлэн дуулж байх үед дээд ноотон дээр гараа өргөж, доод ноотон дээр гараа буулга.

Цуурайтуулах. Хүүхдүүдээс таны дуулж байгааг давтан цуурайтуулахыг хүс. Богино хэсэг эсвэл нэг мөрийг хүүхдүүдэд дуулж үзүүлээд, дараа нь тэр хэсгийг хүүхдүүдээр дуулуул.

Өөрчлөлтийг ашиглах. Дууллыг шивнэх, аялах, цохилтыг нь алга ташиж үзүүлэх, хэмнэлийг өөрчлөх, босон суун дуулах зэрэг янз бүрийн арга замаар дуул.

Бүлэг бүлгээр дуулах. Анги бүрд эсвэл хүүхэд тус бүрд босоод дуулах нэг мөр оноож өгөөд, дараа нь анги бүр эсвэл хүүхэд тус бүр бүх мөрийг дуултал хоорондоо солилцон дуулахаар зохицуул.

Гарын хөдөлгөөн ашиглах. Дууны үг болон захиасыг санахад туслах энгийн гарын хөдөлгөөнийг бодож олохыг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл, Даруухнаар, намуухнаар (Хүүхдийн дууны ном, 11) дууг дуулахдаа, дууны холбогдох мөрийг дуулах үед та хүүхдүүдийг гараа нугалж, толгойгоо бөхийлгөхөд мөн зүрхэн дээрээ гараа тавихад урьж болно.

Охид, хөвгүүдийг ээлжлэн дуулуулах. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн зураг зураад, тус тусад нь савхан дээр наа. Дуугаа давтаж байхдаа, дууны аль хэсгийг хэн дуулахыг үзүүлж, зургаа өргө.

Зургийг дууны үгтэй тохируулах. Дууны мөр тус бүрийг өөр өөр цаасан дээр бичээд, мөр тус бүрийг тодорхойлсон зургийг ол. Зургуудыг өрөөний нэг талд, харин цааснуудыг өрөөний нөгөө талд байрлуул. Дууг дуулж, зургуудыг цаастай тохируулахыг хүүхдүүдээс хүс.

Ариун ёслолын цуглаан дээр үзүүлэх хүүхдүүдийн толилуулгын удирдамж

3:3

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгыг ерөнхийдөө жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишопын удирдлаган доор явуулдаг. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн мөн хөгжмийн удирдагч Хүүхдийн хэсгийг хариуцдаг бишопын зөвлөхтэй толилуулгын төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр жилийн эхэнд уулзалт зохион байгуулдаг. Төлөвлөгөө гаргаж дууссаныхаа дараа тухайн зөвлөхөөр батлуул.

Толилуулга нь хүүхдүүд гэр бүлийнхнийхээ хамт гэртээ болон Хүүхдийн хэсэгтээ Шинэ Гэрээнээс юу сурч мэдсэнээ мөн жилийн турш дуулсан Хүүхдийн хэсгийн дуунуудаа толилуулах боломжийг олгодог. Сайн мэдээний аль зарчим мөн дуу тэдний сурсан зүйлсийг дэмжиж байгааг залбирч, эргэцүүлэн бод. Толилуулгад ашиглах зорилгоор жилийн туршид хүүхдүүдийн хэлсэн үг, хувийн туршлагыг тэмдэглэн авч болно. Хүүхдүүдийг толилуулгад судар, түүх, гэрчлэлээ хуваалцахад урь. Толилуулгыг төлөвлөхдөө, цугласан хүмүүсийн анхаарлыг Тэнгэрлэг Эцэг, Аврагч мөн Тэдний сургаалд төвлөрүүлэхэд туслах арга замуудын талаар бод.

Цөөн хүүхэдтэй нэгжүүд гэр бүлийнхэн нь хүүхдүүдтэйгээ хамт оролцож болох арга замуудын талаар бодож болно. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч үг хэлж, цуглааныг хааж болно.

Толилуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжийг сана. Үүнд:

  • Давтахдаа Хүүхдийн хэсгийн ангийн юм уу гэр бүлийн цагаас хэт их цаг авах ёсгүй.

  • Үзүүлэнгийн материал, хувцас өмсгөл, медиа толилуулга зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй юм.

Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.2.1.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.