“Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах,” Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах (2021)
“Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах,” Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах
Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах
Удирдах зарчмууд
Шинэ цуглааны байртай болох талаар авч үзэхдээ, Сүмийн удирдагчид болон ажилтнууд энэхүү удирдах зарчмуудыг дагаж мөрдөнө.
-
Бие даах чадвар—Бид Сүмийн урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжихийг хичээдэг. Сүмийн бүс бүр материаллаг байдлын хувьд бие даах чадвартай болох зорилготой байх ёстой.
-
Хүртээмжтэй байдал—Бид сайн мэдээний чухал сургаал, эх сурвалж, үйлчлэлийг хүн бүрд хүртээмжтэй байгаа эсэхийг нягталдаг. Бие даасан бүсүүд бие даах чадвар сул бүсүүддээ тусална.
-
Ухаалаг даамал—Бид ариун нандин хөрөнгийг хариуцсан ухаалаг даамлууд. Бид шийдвэрүүд нь гишүүдийн өдөр тутмын амьдрал болон Сүмд ирэх боломжид хэрхэн нөлөөлөх талаар анхаарч үздэг.
Бүс, орон нутгийн санваарын удирдагчид шинэ газрын санал дэвшүүлэхээсээ өмнө Цуглааны байрны төлөвлөлтийн зарчмууд ба удирдамжид тайлбарласан зарчмуудыг хэрэгжүүлэхээр хичээнэ.
Сүмийн нийтлэг үзэл баримтлал ба орон нутгийн хэрэгцээнд тохируулах
Бүх цуглааны байр Сүмийн шүтэн бишрэх туршлага, хөтөлбөрүүдийг дэмжих онцлог мөн чанартай байх ёстой. Эдгээрт бөөндөө цугларах, заах, үйл ажиллагаа явуулах газар багтдаг. Цуглааны байраар хангахдаа нэгжийн хэмжээ, удирдлага зэрэг орон нутгийн нөхцөл байдал, хэрэгцээнд тохируулах шаардлага гарч болзошгүй.
Цугларах байр нь гишүүний гэр орон, орон нутгийн сургууль эсвэл нийгэмлэгийн төв, түрээсийн газар, Сүмийн барьсан эсвэл худалдаж авсан газар мөн өөр бусад хувилбар байж болно. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрсний дагуу, эдгээрийн нэг бүрийг янз бүрийн хэмжээтэй нэгжүүдэд зориулсан урт хугацааны шийдэл гэж үзэж болно. Дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл зэрэг технологийг ашиглавал иймэрхүү өөрчлөлтөд хувь нэмэр оруулж болно.
Хэрэгцээ шаардлагад нийцсэн байраар хангах
Бүс, орон нутгийн удирдагчид шинэ цугларах газар хүсэхээсээ өмнө цуглааны байрыг ухаалгаар бүрэн дүүрэн ашиглахаар хичээх ёстой. Барилга доторх нэгжүүдийн тоо эсвэл ирц дээд тал нь хэдэд хүрдэг, түүнчлэн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс тогтоосон зорчих хугацаанд багтах гадас тойргийн хил хязгаараас гадуурх нөөц бололцоо зэргийг судалж үзсэнийхээ дараа шинэ газраар хангах хэрэгтэй. Тухайн бүс дэх Сүмийн ажилтнууд, орон нутгийн удирдагчидтай хамтран Сүмийн нөөц боломжийг гадасны хил хязгаараас үл хамааран хамгийн үр дүнтэй ашиглах арга замуудын саналыг боловсруулна.
Худалдан авах чадвар
Бүс, орон нутгийн удирдагчид цуглааны байрны хэрэгцээг хангахдаа, эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой, урт хугацааны, ирээдүйтэй шийдлийг эрэлхийлнэ. Шинэ байр нь хүндэтгэж биширмээр, сүр жавхлант дүр төрхийг харуулсан, орон нутгийнхаа хүрээлэн байгаа орчинтой зохицсон загвар хийцтэй мөн энгийн байх ёстой. Түүнчлэн үүнд орон нутагт хүртээмжтэй байгаа материал, тоног төхөөрөмж, тавилгыг ашиглах ёстой. Цуглааны байраар хангах, үйл ажиллагаа эрхлэн явуулах үйл явц нь тухайн бүс дэх Сүмийн бие даасан байдлыг хүчирхэгжүүлэхэд туслах ёстой.
Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх
Орон нутгийн удирдагчид болон гишүүд Сүмийн өмч хөрөнгөтэй холбоотой бизнесийн ажил хэрэгт нөлөөлөх ёсгүй. Жишээлбэл: Тэд өмч хөрөнгө худалдаж авах эсвэл түрээслэх хэлэлцээр байгуулах эсвэл Сүмийн ерөнхий сангаас зарцуулах амлалт өгөх эрхгүй. Аливаа онцгой тохиолдолд бүсийн захиргааны алба эсвэл Цуглааны байр, барилга байгууламжийн хэлтсээс бичгээр өгсөн зөвшөөрөлтэй байх ёстой.
Цуглааны байрны ерөнхий төлөвлөлт
Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлэх зорилгоор бүсүүд цуглааны байрны урт хугацааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулдаг. Эдгээр төлөвлөгөөнд цуглааны байрыг нэмэх эсвэл шилжүүлэх (жишээ нь: хасах) шийдвэрүүд багтана. Цуглааны байрыг урт хугацаанд ерөнхийд нь төлөвлөх нь энгийн, боломжтой арга замаар цуглааны байруудаар хангаснаар гэр бүл, гишүүд, нэгжүүдийг хүчирхэгжүүлэх бүсийн төлөвлөгөөг дэмждэг. Үүнийг нөөц боломжоо ухаалгаар зарцуулах болон цуглааны байрны талаар гаргасан шийдвэр нь Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлэхэд хэрхэн нөлөөлөх тухай авч үзэх, орон нутгийн нөхцөл байдалд тохирсон орон байраар хангах замаар хэрэгжүүлдэг.
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор бүсийн дал, ажлын албаны захирал, бүсийн ажилтан зэрэг нь санваарын удирдагчдад цуглааны байрны саналуудыг танилцуулж, асуудлыг шийдэхийн тулд тэдэнтэй нэгдэн ажиллаж, цуглааны байрны эцсийн саналыг гарган, ерөнхий төлөвлөгөөнд тусгадаг. Үүнийг томилогдсон гадасны ерөнхийлөгчидтэй хамт зохицуулах зөвлөлийн хурлаар гүйцэтгэж болно. Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, шинэчлэхэд нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд тусалдаг ажлын албаны захиралд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл мэдээлэл өгөх хэрэгтэй байж болно.
Нэмэлт мэдээллийг санваарын удирдагчид Цуглааны байрыг ерөнхийд нь төлөвлөх удирдамжаас үзэх хэрэгтэй.
Цуглааны байр, барилга байгууламжуудыг санхүүжүүлэх
Цуглааны байрыг Цуглааны барилга байгууламжуудын жил тутмын төсвөөр дамжуулан санхүүжүүлдэг. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл жил тутмын төсвөө Тэргүүлэх бишопын зөвлөлөөр дамжуулан, Төсөв болон хуваарилалтын хороо руу илгээдэг.
Шүтэн бишрэх шинэ байрны хэрэгцээг үнэлж дүгнэх
Хожим баригдах цуглааны байр, шүтэн бишрэх бусад газрыг төлөвлөхөд тухайн бүс дэх Сүмийн нэгжийн нийтлэг шинж чанарууд; өнгөрсөн өсөлтийн хувь хийгээд загвар; төлөвлөгөөт өсөлт; төлөвлөсөн нэгжийн хуваарилалт; одоо ашиглаж байгаа барилгын хэмжээ, байрлал, цар хүрээ нөлөөлнө.
Нэмэлт газруудтай болох хувилбарууд
Бүсийн алба шүтэн бишрэх илүү том газартай болох хамгийн тохиромжтой арга замыг шийдэхийн тулд хэд хэдэн хувилбарыг авч үзнэ. Эдгээр хувилбарт орон нутгийн нэгжийн хөтөлбөрийг тохируулан өөрчлөх, Сүмийн бусад нэгжтэй байраа хуваалцах, одоо байгаа цуглааны байрны дотор талыг өөрчлөх, одоо байгаа цуглааны байрыг өргөтгөх, байр түрээслэх, одоо байгаа барилгыг худалдаж авах эсвэл шинэ цуглааны байр барих зэрэг нь багтана.
Үл хөдлөх хөрөнгийн хандив
Сүм үл хөдлөх хөрөнгийн хандивыг шилж сонгон хүлээн авна. Хэрэв хэн нэгэн үл хөдлөх хөрөнгө Сүмд хандивлахыг хүсвэл, орон нутгийн санваарын удирдагчид бүсийн албатай холбоо барих ёстой. Нэгдсэн Улс эсвэл Канадад байгаа бол Цуглааны байр, барилга байгууламжийн хэлтсийн Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний албатай 1-801-240-5685 эсвэл 1-800-453-3860 дугаараар холбогдоно уу.
Орон нутгийн удирдагчид хандивласан үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах юм уу баримт гаргаж өгөх ёсгүй. Хандивласан эсвэл өвлүүлсэн үл хөдлөх хөрөнгө нь тэдний ашиглах эсвэл захиран зарцуулах эрхийн хувьд ямар нэгэн болзолгүй байх ёстой.
Жишиг цуглааны байрны барилгын зураг төсөл
Сүмийн бүсийн ажилтнууд орон нутгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцэх цуглааны байрны барилгын жишиг зураг төслийг бэлтгэсэн байдаг. Цуглааны шинэ байр барих тохиолдолд тохирох жишиг зураг төслийг сонгоно. Уг зураг төсөлд шүтлэг бишрэлийн эдгээр байрны өрөө, онцлог хийц, хамаарах тоног төхөөрөмжүүдийн талаарх бодлого журмыг тусгасан байдаг.
Цуглааны байрны төслийн боловсруулалт
Цуглааны шинэ байр барих бүх шалгуур хангагдаж, санал болгосон барилгын төслийг баталж, жил тутмын төсөвт тусгагдан, хөрөнгө оруулалт хийгдэж, хуваарь гарсны дараа цуглааны байрны төсөл нь төсөл боловсруулах үе шат руу шилжинэ.
Төсөл боловсруулах үеэр тохиромжтой цагт төслийн менежер барилга байгууламжийн албаны менежертэй зөвшилцсөний дагуу гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй уулзаж, жишиг зураг төслөөс тохирох загваруудыг үзэж, сонголт хийнэ. Мөн газар хөндөх ёслол үйлдэх эсэх талаар ярилцаж болно. Барилга байгууламжийн албаны менежер гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг төсөл боловсруулах үйл явцын туршид үе үе шинэ мэдээллээр хангана.
Барилга барих
Төсөл боловсруулах үе шат дууссаны дараа, бүсийн захиргааны албанаас барилга барих гэрээг байгуулна. Барилга байгууламжийн албаны менежерийн тусламжтайгаар төслийн менежер гадасны удирдагчид болон гэрээт ажил үүрэг гүйцэтгэгчтэй барилга барихын өмнө уулзалт зохион байгуулна. Уулзалтад оролцогчид өөрсдийн гүйцэтгэх үүрэгтэй танилцаж, орон нутгийн жишиг зураг төслийн дагуу загварын хувилбаруудаас сонгож, тавилгын эцсийн сонголтыг хийж, төслийн хуваарьтай танилцана.
Цуглааны байрыг хүлээлгэн өгөх
Барилгын төсөл дууссаны дараа төслийн менежер барилгыг эсвэл өргөтгөлийг барилга байгууламжийн албаны менежерт албан ёсоор “хүлээлгэн өгнө.” Барилга байгууламжийн албаны менежер барилгын их цэвэрлэгээ, горимт арчилгаа үйлчилгээнүүдийг төлөвлөн, зохион байгуулж мөн барилгыг ашиглахаар бэлтгэхэд шаардлагатай бүх ажил үүргийг гүйцэтгэнэ.
Барилга байгууламжийн албаны менежер орон нутгийн удирдагчдад зориулсан танилцуулах уулзалтыг удирдана. Тэрээр барилгын олон янзын системүүдийн талаарх анхан шатны зааварчилгааг гадас, тойргийн барилга хариуцсан төлөөлөгчдөд өгнө. Мөн орон нутгийн удирдагчдад түлхүүр өгч, цэвэрлэгээний хуваарь болон гишүүдийн оролцоонд хяналт тавина.
Цуглааны байрыг түрээслэх
Шинээр цуглааны байр түрээслэхийн тулд шаардлагыг тодорхойлох зорилгоор орон нутгийн удирдагчид бүсийн цуглааны байрны барилга байгууламжийн төлөвлөлт хариуцсан менежертэй зөвлөлдөнө. Түрээслэх зардлыг барилга байгууламжийн албаны үйл ажиллагааны төсвөөс төлнө.
Цуглааны байрны түрээсийг шинэчлэхийн тулд орон нутгийн удирдагчид хүсэлтийг гүйцэлдүүлэх барилга байгууламжийн албаны менежертэй зөвлөлдөнө. Цуглааны байранд засвар хийгдэж буйн улмаас одоо байгаа цуглааны байруудыг ашиглах боломжгүй тохиолдолд түр хугацаанд байр түрээсэлж болно.
Бүсийн алба түрээслэх бүх гэрээний нөхцөлийг тохирно.
Түр хугацаанд байр түрээслэх
Цуглааны байрууд нь гадас болон бүсийн чуулган, галын дэргэдэх ярилцлага, дотор зохиогддог спортын болон олон үндэстний үйл ажиллагаа зэрэг гадасны үйл ажиллагаанд ашиглахад хангалтгүй байвал Сүмийн зардлаар түр хугацаанд барилга түрээсэлнэ. Түр хугацаанд барилга байгууламж түрээслэхээсээ өмнө технологи ашиглах (шууд нэвтрүүлэг зэрэг), эсвэл хэд хэдэн хуралдаан явуулах зэрэг өөр бусад шийдлийг бодож үзэх ёстой.
Түр хугацаанд ашиглах барилга байгууламж гарцаагүй хэрэгтэй болсон үед орон нутгийн удирдагчид шаардлагатай гэрээ эсвэл хэлэлцээр байгуулах барилга байгууламжийн албаны менежертэй зөвлөлдөнө. Барилга байгууламжийн албаны менежер дараа нь гэрээ болон “Түр хугацаанд түрээслэх барилга байгууламжийн хүсэлт”-ийг бүсийн албанд илгээнэ. Хүсэлт нь хэрэгцээт өдрөөс хамаагүй эрт илгээгдсэн байх хэрэгтэй. Эдгээр үйл явцыг дагасны дараа түрээсийн төлбөрийг Сүмийн ерөнхий сангаас төлнө.
Гадаа зохиогддог спорт үйл ажиллагааны түрээсийг орон нутгийн нэгжийн зардлаас гаргана.
Газар хөндөх ёслол
Шинэ барилгын төсөл батлагдсаны дараа бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс барилгын ажлын бэлтгэл болгож, газар хөндөх ёслол үйлдэх зөвшөөрөл олгож болно. Энэ ёслолыг ням гарагт үйлдэх ёсгүй. Ёслолд оролцох гадасны ерөнхийлөгч удирдамж хүсэн, Бүсийн далтай зөвлөлдөнө.
Барилгуудыг онцгойлон адислах
Онцгойлон адислах эцсийн зөвшөөрлийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс ажлын албаны захиралтай хамтран гаргана. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадас, номлолын ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж, барилгыг онцгойлон адислах үүргийг хэнд даалгахыг шийднэ.
Онцгойлон адислах ёслолын хөтөлбөр нь тухайн үйл явдлын зорилготой нийцэж байх ёстой. Онцгойлон адислах ёслол хэт сунжруу, дуу хөгжмийн хөтөлбөр хэт урт байж болохгүй. Томилогдсон удирдагчид үг хэлэх болон онцгойлон адислах хангалттай цаг гаргаж өгнө.
Онцгойлон адислах залбирлын дараа тохиромжтой дуулал эсвэл хөгжмийн тоглолт болж, товч залбирлаар төгсгөнө.
Онцгойлон адислах залбирлыг тэргүүлэх эрх мэдэлтний зөвшөөрлөөр бичлэг хийж авч болно.
Түрээсэлсэн цуглааны байрыг дараах бүх нөхцөл байдал хангагдсан тохиолдолд онцгойлон адисалж болно. Үүнд:
-
Байх ёстой нийтийн талбайг оруулахгүйгээр (үүд, коридор, бие засах өрөө гэх мэт) түрээсэлсэн бүх талбайг зөвхөн Сүмийн хэрэгцээнд ашиглах;
-
Түрээслэх хугацаа нь нэг жилээс урт байх;
-
Түрээсэлсэн цуглааны байрыг онцгойлон адислахыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл зөвшөөрсөн байх зэрэг нөхцөлүүд орно.
Хэрвээ эдгээр нөхцөл хангагдаж, цуглааны байрыг онцгойлон адислахаар болсон бол адислалын үгэнд цуглааны байрыг “түрээслэх хугацаанд” онцгойлон адисалж байгааг дурдах ёстой.