Бишопын зөвлөл
Цуглааны байрны автомашины зогсоол


Цуглааны байрны автомашины зогсоол

Америкийн Нэгдсэн Улс болон Канадад зориулагдсан, автомашины зогсоолтой холбоотой журам

Автомашины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зогсоол, хогийн савны ашиглалтын талаарх дараах мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс, Канадын удирдагчдад зориулсан болно. Энэ нь өөр бүсэд байгаа хүмүүст тус болж магадгүй. Гэсэн хэдий ч орон нутгийн дүрэм журам, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, тохирсон байдлаар хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн барилгын албаны менежертэйгээ зөвлөлд.

Автомашины зогсоолыг ашиглах

Ерөнхий гарын авлага номын 35.5.8-д заасан удирдамжаас гадна Сүмийн автомашины зогсоолыг бусад байгууллага эсвэл хувь хүмүүстэй хуваалцах нь Сүмийг эрсдэлд оруулах, хариуцлага хүлээх, засвар үйлчилгээний зардал нэмэгдэхэд хүргэдэг гэдгийг санаарай. Энэ нь үл хөдлөх хөрөнгөд сөргөөр нөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх боломжоо алдахад хүргэх магадлалтай. Өсвөр үеийнхний хандив цуглуулах үйл ажиллагаанд зориулж автомашины зогсоолыг ашиглах нь (үйл ажиллагааны шинж чанараас хамаарч зарим үед) өмч хөрөнгийн болон орлогын албан татвар ноогдуулах үр дагаварт хүргэж болзошгүй.

Онцгой тохиолдолд орон нутгийн барилгын албаны менежертэй тохиролцож, ажлын албаны захирлаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Онцгой тохиолдлуудад Сүмд тустай байх, (Сүмийн ашиглалт хэрэглээтэй зөрчилдөхөөс зайлсхийх гэх мэт) хууль эрх зүйн асуудал гарахааргүй байх, ашиглах зөвшөөрөл олгохоос өмнө зохих бүх зөвшөөрлийг авсан байх зэрэг нь орно.

Автомашины зогсоолоос гадна зөвшөөрөл шаардлагатай дундын өмчийг хэрэглэх жишээнүүдэд Сүмийн өмч рүү нэвтрэх орц, гарц, хаалга, бусдын өмчийг ашиглах зөвшөөрөл, хил хязгаарын асуудал болон дамжин өнгөрөх гэрээ хэлэлцээрүүд орно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зогсоол

Орон нутгийн хуулийн шаардлагын дагуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэд хэдэн автомашины зогсоолыг зохих тэмдэг тавин, ялгана. Гэсэн хэдий ч бишопууд эсвэл гадасны удирдагчид шаардлагатай бол хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нэмэлт зогсоол гаргаж өгөхийг барилгын албаны менежерээс хүсэж болно.

Гадасны чуулган гэх мэт томоохон цугларалт, хурлуудын үеэр орон нутгийн удирдагчид хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан хангалттай тооны зогсоол байгаа эсэхийг бататган, (түр хугацаагаар ч гэсэн) зориулалтын зогсоол гаргана. Түүнчлэн барилга байгууламжийн болон автомашины зогсоолын ашиглалт тогтмол давхцаж байвал бишопууд бусад тойрогтойгоо харилцан холбоотой ажиллана. Жишээлбэл: Өмнөх тойрог нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зогсоолуудыг аль хэдийн ашиглаж буйн улмаас нөгөө тойрогт хангалттай зай талбай үлддэггүй байж магадгүй.

Бишопууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зогсоолыг зөв ашиглах талаар гишүүдэд ухуулж, сануулна. Жишээлбэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зогсоолтой хэт ойрхон зогсох нь ч хүртэл тухайн зогсоолыг ашиглах боломжгүй болгож болно. Зохих карт эсвэл зөвшөөрөлтэй хүмүүс ч гэсэн механик өргөгчтэй эсвэл машинд орж, гарахад нэмэлт зай шаардлагатай тээврийн хэрэгслүүдийн зорчих зайг чөлөөтэй үлдээх хэрэгтэй.

Сүмээс гаргасан нэмэлт мэдээллийг Хөгжлийн бэрхшээл хуудаснаас үзнэ үү.

Хог цуглуулах хайрцаг ба хогийн сав

Хог цуглуулах хайрцаг ба хогийн савыг зөвхөн Сүмийн хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрнө. Шаардлагатай бол хашаалах, цоожлох болон бусад аргаар ашиглалтыг хязгаарлаж болно.