“3-р бүлэг: Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)
“Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга,” Миний сайн мэдээг номло
3-р бүлэг
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга
Сургаалын үндэс суурь
Бид бүгд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд. Бид энэ дэлхийд Түүний оршихуйд буцаж очихын тулд суралцаж, өсөж хөгжин, Түүнтэй илүү адилхан болох боломжийг олж авахын тулд ирсэн (Мосе 1:39-ийг үзнэ үү). Тэнгэрлэг тусламжгүйгээр бид Түүнтэй адилхан болж, Түүн рүү эргэж очих боломжгүй. Тэнгэрлэг Эцэг маань биднийг цагаатгаж, үхлийн хүлээсийг тасдахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн (3 Нифай 27:13–22-ыг үзнэ үү).
Бид наманчлалд хүрэхийн тулд Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлж, баптисм хүртэн, гишүүнээр батлуулах замаар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэнээр Христийн гэтэлгэгч хүчийг олж авдаг. Баптисмын гэрээгээ сахих нь Бурхантай өөрсдийгөө холбодог анхны алхам бөгөөд ингэснээр Ариун Сүнс биднийг цэвэршүүлж, хүчирхэгжүүлж, бидний мөн чанарыг илүү сайн болгон өөрчлөх боломжтой болдог. Энэхүү ариусгах нөлөөг мэдрэхийг сүнслэг байдлын хувьд дахин төрөх гэж нэрлэдэг. (2 Нифай 31:7, 13–14, 20–21; Мозая 5:1–7; 18; 27:24; 3 Нифай 27:20; Иохан 3:5-ыг үзнэ үү.)
Бид ус болон Сүнсээр баптисм хүртсэнээр сүнслэг байдлын хувьд дахин төрөх зам маань эхэлдэг. Баптисм бол баяр баясгалант, итгэл найдвар дүүрэн ёслол юм. Бид харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр баптисм хүртсэнээр Бурханы дэмжих хүчээр амьдралаа шинээр эхлүүлдэг. Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныхаа дараа ариун ёслолоос зохистой хүртсэнээр үргэлжлүүлэн хүчирхэгжих боломжтой. (2 Нифай 31:13; Мозая 18:7–16; Моронай 6:2; Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү.)
Урилга өгөх
Сүнсээр хөтлөгдөж буйгаа мэдэрснээр та хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад урь. Аль ч хичээлийн үеэр ийн урьж болно.
Баптисмын сургаалыг зааж, Христийн сургаалыг ойлгоход нь хүмүүст тусал (3-р хичээлийг үзнэ үү). Баптисмын гэрээний ач холбогдол, баяр баясгалан, нүглийн ангижралыг хүлээн авах, гишүүнээр батлуулснаар Ариун Сүнсний бэлэг хүлээн авах зэргийн ач холбогдлыг заа.
Хүмүүс таны заасан зүйлийг төдийгүй байгуулах гэрээгээ ойлгосон байхад нь анхаарч, баптисмын урилгад бэлтгэ. Баптисмын гэрээнүүдэд дараах зүйлс орно.
-
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй байна.
-
Бурханы тушаалуудыг сахина.
-
Бурханд болон бусдад үйлчилнэ.
-
Эцсээ хүртэл тэвчинэ. (4-р хичээлийг үзнэ үү.)
Та дараах зүйлсийг хуваалцаж болно.
“Бид баптисм хүртэхдээ “Түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа [Бурханы] өмнө гэрчилдэг.’ Биднийг энэхүү гэрээг байгуулахад Тэр ‘Өөрийн Сүнсийг [бидний] дээр илүү элбэгээр юүлнэ’ (Мозая 18:10) хэмээн амласан.”
Баптисм хүртэх урилга тань тодорхой бөгөөд шууд асуулт хэлбэрээр байх ёстой. Та доорх байдлаар урьж болно.
“Та энэ ёслолыг гүйцэтгэхээр томилогдсон нэгнээр баптисм хүртэж, Есүс Христийн үлгэр жишээг дагах уу? Бид баптисмд бэлдэхэд тань тусална. Бид таныг [тухайн өдөр]-нд бэлэн болсон байна гэдэгт итгэж байна. Та энэ өдөр баптисм хүртэхэд өөрийгөө бэлдэх үү?”
Таны өгдөг аль ч урилгын адил, хүмүүс баптисм хүртэх урилгыг хүлээн авч, холбогдох гэрээнүүдээ сахиснаар агуу адислалуудыг хүлээн авна гэдгийг амла. Тэдгээр адислалын талаарх гэрчлэлээ хуваалц.
Баптисм хүртэх, гишүүнээр батлуулах нь эцсийн зорилго биш гэдгийг заа. Харин тэдгээр нь хүний амьдралд найдвар, баяр баясгалан, Бурханы хүчийг илүү бүрэн дүүрэн авчирдаг хөрвөлтийн зам дээрх нэгэн цэг юм (Мозая 27:25–26-г үзнэ үү). Хүмүүс баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныхаа дараа гэрээний замаар өсөж хөгжин, Сүнсээр ариусгагдахаа хүсэн хүлээж чадна.
Хэрэв боломжтой бол зааж байгаа хүмүүсээ хэн нэгний баптисмын үйл ажиллагаанд болон гишүүнээр батлуулах ариун ёслолын цуглаанд хүрэлцэн ирэхэд урь.