Номлолын дуудлагууд
4-р бүлэг: Сүнсийг эрэлхийлж, Сүнсэнд найд


“4-р бүлэг: Сүнсийг эрэлхийлж, Сүнсэнд найд,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“4-р бүлэг: Сүнсийг эрэлхийлж, Сүнсэнд найд,” Миний сайн мэдээг номло

Лиахона, Арнолд Фрибэрг

4-р бүлэг

Сүнсийг эрэлхийлж, Сүнсэнд найд

Үүнийг эргэцүүлэн бод

  • Би Ариун Сүнсний хүчийг өөрийн амьдралд болон номлогчийн үйлчлэлдээ байлгахын тулд юу хийж болох вэ?

  • Хөрвөлтөд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Бид зааж байгаа хүмүүстээ Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд нь хэрхэн тусалж болох вэ?

  • Би залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгох вэ?

  • Би Ариун Сүнсний өдөөлтийг хэрхэн ялган таньж сурах вэ?

Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх

Ариун Сүнсний бэлэг бол Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг юм. Энэ нь номлогчийн хувьд таны ажилд амин чухал. Хүмүүст баптисм хүртэж, гишүүнээр батлуулж, хөрвөгдөхөд нь туслахад Ариун Сүнсний удирдамж, илчлэлтийн хүч танд хэрэгтэй.

Амьдралдаа Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахын тулд сүнслэг байдлын хувьд ажиллах шаардлагатай. Энэ ажилд чин сэтгэлээсээ залбирах, судраас тууштай судлах зэрэг ордог. Үүнд мөн гэрээнүүдээ болон Бурханы зарлигуудаа сахих багтдаг (Мозая 18:8–10, 13-ыг үзнэ үү). Үүнд долоо хоног бүр ариун ёслолоос зохистойгоор хүртэх бас багтдаг (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү).

Та өдөр бүр өөр өөр хэрэгцээ, нөхцөл байдалтай тулгардаг. Сүнсний өдөөлт танд юу хийх, юу хэлэхээ мэдэхэд тусална. Таныг тэрхүү өдөөлтийг эрэлхийлж, тэдгээрийн дагуу үйлдэхийг эрмэлзэхэд Ариун Сүнс таны чадвар, үйлчлэлийг ганцаараа хийж чадахаас тань илүү ихээр өсгөн нэмэгдүүлнэ. Тэр номлогчийн үйлчлэл болон хувийн амьдралын тань бүхий л хүрээнд туслах болно. (2 Нифай 32:2–5; Алма 17:3; Хиламан 5:17–19; Сургаал ба Гэрээ 43:15–16; 84:85-ыг үзнэ үү.)

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдан, тайтгаруулж мөн Түүний байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115).

Гэрэл ба үнэн, Саймон Дюүи

Христийн гэрэл

Христийн гэрэл хүн бүрд “сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг” (Моронай 7:16; 14–19-р шүлгийг мөн Иохан 1:9-ийг үзнэ үү). Христийн гэрэл бол Есүс Христээр дамжин өгөгдсөн гэгээрэл, мэдлэг, нөлөө юм. Энэ нөлөө нь Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахаас өмнө өгөгдсөн байдаг. Энэ нь хүлээн авах чадвартай хүмүүсийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад чиглүүлнэ.

Ариун Сүнс

Ариун Сүнс хэмээгч сүнсэн биет

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтний гурав дахь гишүүн. Тэр бол сүнсэн биет бөгөөд мах, ясан биегүй (Cургаал ба Гэрээ 130:22-ыг үзнэ үү). Тэр бол дагалдагчдад нь бүхнийг зааж, Есүсийн заасан бүхнийг сануулна хэмээн Аврагчийн амласан тэрхүү Тайтгаруулагч юм (Иохан 14:26-г үзнэ үү).

Ариун Сүнсний хүч

Баптисмын өмнө үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүсийн хүлээн авдаг гэрч Ариун Сүнсний хүчээр ирдэг. Бүх хүн Ариун Сүнсний хүчээр Есүс Христийн тухай болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар гэрчлэлтэй болох боломжтой. “Ариун Сүнсний хүчээр [бид] бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Моронай 10:5).

Ариун Сүнсний бэлэг

Ариун Сүнсний бэлэг нь бидний хувьд зохистой байвал Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг хүлээн авах эрх юм. Бид усаар баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Үүнийг гишүүнээр батлуулах ёслолоор өгдөг.

Иосеф Смитийн хэлснээр “Ариун Сүнс, Ариун Сүнсний бэлэг хоёр хоорондоо ялгаатай. Корнелийн баптисм хүртэхээсээ өмнө хүлээн авсан Ариун Сүнс сайн мэдээ үнэн гэдэгт итгүүлдэг Бурханы хүч байсан. Гэхдээ тэр баптисм хүрттэлээ Ариун Сүнсний бэлгийг хүлээн аваагүй юм (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 97).

Ариун Сүнсний бэлэг болон хүчээр бид ариусгагдаж, илүү ариун, илүү бүрэн дүүрэн, Бурхантай илүү адилхан болдог. Бид Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахиснаар Христийн гэтэлгэл болон Ариун Сүнсний ариусгагч хүчээр сүнслэг байдлын хувьд дахин төрөх боломжтой (Мозая 27:25–26-г үзнэ үү).

Амлалтын Ариун Сүнс

Ариун Сүнсийг бас Амлалтын Ариун Сүнс гэж нэрлэдэг (Сургаал ба Гэрээ 88:3-ыг үзнэ үү). Энэ үүргийнхээ хүрээнд Ариун Сүнс бидний хүлээн авсан санваарын ёслол, байгуулсан гэрээнүүдийг Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг баталдаг. Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан хүмүүс Эцэгт байгаа бүхнийг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 76:51–60; Ефес 1:13–14; Судруудын удирдамж дахь “Амлалтын Ариун Сүнс”-ийг үзнэ үү).

Бүх гэрээ, ёслол дараагийн амьдралд хүчин төгөлдөр байхын тулд эхлээд Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан байх ёстой (Сургаал ба Гэрээ 132:7, 18–19, 26-г үзнэ үү). Лацдан холболт хүчин төгөлдөр байх нь үргэлжлүүлэн үнэнч байхаас шалтгаална.

Сүнсний бэлгүүд

Их Эзэн биднийг адисалж, мөн бусдыг адислахад биднийг ашиглахын тулд Сүнсний бэлгүүдийг өгдөг (Сургаал ба Гэрээ 46:8–9, 26-г үзнэ үү). Жишээлбэл: Шинэ хэл сурч байгаа номлогчдод бусдад төрөлх хэлээр нь заах бурханлаг тусламж өгөхийн тулд тэдэнд шинэ хэл сурах хэлний бэлгийг өгдөг.

Сүнсний хэд хэдэн бэлгийг Моронай 10:8–18; Сургаал ба Гэрээ 46:11–33; 1 Коринт 12:1–12-т дүрсэлсэн байдаг. Эдгээр нь Сүнсний олон бэлгийн зарим нь юм. Их Эзэн бидний итгэлтэй байдал, бидний болон бусдын хэрэгцээнээс шалтгаалан өөр өөр бэлгээр адисалж болох юм.

Аврагч биднийг сүнслэг бэлгүүдийг чин сэтгэлээсээ эрэлхийлэхэд урьдаг (Сургаал ба Гэрээ 46:8; 1 Коринт 14:1, 12-ыг үзнэ үү). Эдгээр бэлэг нь залбирал, итгэл, хичээл зүтгэлээр буюу Бурханы тааллын дагуу ирдэг.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Судруудын удирдамжаас “Ариун Сүнс,” “Христийн гэрэл,” “Сүнс, Ариун Сүнс”-ийг уншина уу. Ариун Сүнсний мөн чанар, үүргийг тайлбарлан бич.

Үйлс 4:1–33.

  • Петр, Иохан хоёр сүнслэг бэлгийг хэрхэн эрэлхийлсэн бэ?

  • Бурхан тэдний залбиралд хэрхэн хариулсан бэ?

  • Та өөрийн ажлын талаар энэ үйл явдлаас юу сурч болох вэ?

Бүлгээрээ залбирч байгаа нь

Хөрвөлт дэх Сүнсний хүч

Хөрвөлт Ариун Сүнсний хүчээр явагддаг. Таны үүрэг бол Сүнсний хүчийг хувь хүний амьдралд авчрахад туслах явдал юм. Ийн үйлдэх зарим аргыг өгье.

  • Залбирч, судраас судалж, гэрээнүүдээ сахиснаар Сүнсийг өөртэйгөө хамт байлгахыг эрэлхийл.

  • Аврагчийн талаар болон Сэргээлтийн захиасыг Сүнсээр заа. Захиасыг хүн бүрийн хэрэгцээнд тохируулахын тулд Сүнсний удирдамжийг дага.

  • Зааж байгаа зүйл тань үнэн гэдгийг Ариун Сүнсний хүчээр мэддэг гэдгээ гэрчил. Таныг гэрчлэхэд Ариун Сүнс бусдад үүнийг гэрчилнэ.

  • Хүмүүсийг үйлдэхэд урьж, амлалтаа биелүүлэхэд нь дэмжин тусал. Хүмүүс амлалтаа биелүүлснээр Ариун Сүнсний хүчийг илүү хүчтэй мэдрэх болно. 11-р бүлгийг үзнэ үү.

  • Урилгын дагуу үйлдсэнээр ямар туршлага олж авсныг нь хүмүүсээс асууж мэд. Тэднийг наманчилж, зарлигуудыг дагаж, гэрээгээ сахих үед итгэл нь өсөж хөгжинө. Сүнс тэдэнтэй хамтран ажиллаж байгааг олж харахад нь тэдэнд тусал.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Жинхэнэ хөрвөлт Сүнсний хүчээр явагддаг. Сүнс зүрх сэтгэлийг хөндөхөд зүрх сэтгэл өөрчлөгддөг. Хувь хүмүүс … Сүнс өөрсөдтэй нь ажиллаж буйг мэдрээд эсвэл амьдралдаа Их Эзэний хайр, нигүүлслийн нотолгоог хараад, сүнслэгээр сэнхрэн, хүчирхэгжиж, тэдний Түүнд итгэх итгэл өсөн нэмэгддэг. Хүн үгсийг турших хүсэлтэй байвал сүнслэг туршлага аяндаа дагалдан ирдэг [Алма 32:27-г үзнэ үү]. Ийн бид сайн мэдээний үнэнийг мэдэрдэг” гэж заажээ (“Now Is the Time,” Ensign, Nov. 2000, 75).

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Судраас судлах

Дараах судрууд нь таны ажилд гүйцэтгэдэг Сүнсний хүчний талаар юу зааж байна вэ?

Та ажилдаа Сүнсний хүчийг байлгахын тулд юу хийж болох вэ?

Залбирч буй номлогчид

Есүс Христэд итгэх итгэлээр залбир

Хөрвөгдөхөд нь бусдад туслахын тулд та Сүнсний хүчээр заах хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 50:13–14, 17–22-ыг үзнэ үү). Их Эзэн: “Мөн уг Сүнс итгэлийн залбирлаар та нарт өгөгдөх болно; мөн хэрэв та нар Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 42:14) хэмээн хэлсэн.

Зааж байхдаа тусламж хүсэн залбирвал Ариун Сүнсний хүч заасан зүйлийг тань “хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэ[нэ]” (2 Нифай 33:1). Таныг Сүнсээр зааж, хүмүүс Сүнсээр хүлээн авахад та нар “бие биеэ ойлгож” мөн “хамтдаа сэнхэрч мөн хамтдаа баясна” (Сургаал ба Гэрээ 50:22-ыг үзнэ үү).

Хэрхэн залбирах

Есүс бидэнд хэрхэн залбирахыг заасан (Матай 6:9–13; 3 Нифай 18:19-ийг үзнэ үү). Чин сэтгэлээсээ, Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлдэх чин хүсэлтэйгээр залбир. Үр дүнтэй залбирахын тулд даруу байж, байнга хүчин чармайлт гаргах шаардлагатай (Моронай 10:3–4; Сургаал ба Гэрээ 8:10-ыг үзнэ үү).

Бурханыг хайрладаг, шүтэн биширдгийг илэрхийлсэн үгсийг ашигла. Хэрэв та англиар залбирах бол чи, чиний болон чинийх гэх мэт түгээмэл хэрэглэгддэг төлөөний үгсийн оронд Та, Танаа, Таны, Таных зэрэг судрын үгсийг ашигла.

Талархлаа байнга илэрхийл. Өөрийн ухамсраар талархлаа илэрхийлэхийг хичээх нь Бурханы хэрхэн таны амьдралд нигүүлсэнгүй хандсаныг олж харахад тусална. Энэ нь таны зүрх сэтгэл, оюун ухааныг сүнслэг өдөөлтөд нээж өгнө.

Ач ивээлийг өөртөө хүлээн авахын тулд “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр” (Моронай 7:48) залбир. Хүмүүсийн төлөө нэрийг нь хэлэн залбир. Зааж байгаа хүмүүсийнхээ төлөө залбир. Та тэднийг хэрхэн урьж, Христэд ирэхэд нь хэрхэн туслахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл.

Хувиараа судлах

Матай 6:9–13 дахь Их Эзэний залбирлыг судал. Дараах асуултуудыг өөртөө тавьж, төрсөн сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бич.

  • Номлогчийн хувьд таны одоогийн үүрэг хариуцлага залбиралд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Таны залбирал ямар ямар арга замаар бусдын амьдралыг адислахыг эрэлхийлж байна вэ?

  • Та уруу таталтыг ялан дийлэх чадалтай болохын тулд хэрхэн залбирч байна вэ?

  • Та сүнслэг болон материаллаг хэрэгцээгээ хангахын тулд хэрхэн тусламж гуйн залбирдаг вэ?

  • Та залбирахдаа хэрхэн Бурханд алдар сууг өгдөг вэ?

Хэзээ залбирах

Хэзээ залбирвал зохих вэ? Их Эзэн: “Хичээнгүйлэн судлагтун, үргэлж залбирагтун, мөн итгэлтэй байгтун, мөн та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 90:24).

Алма: “Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно; тийм ээ, чи үдэш унтахаар хэвтэхдээ, тэрээр нойронд чинь чамайг манаж болохын тулд Их Эзэний төлөө хэвт; мөн өглөө босохдоо зүрх сэтгэл чинь Бурханд хандах талархлаар дүүрэн байг” хэмээсэн (Алма 37:37; мөн 34:17–27-г үзнэ үү).

Их Эзэн таныг нам гүм газар, ганцаараа залбирахыг уриалсан. “Гонхондоо орж, мөн хаалгаа хаагаад, … Эцэгтээ залбир” (3 Нифай 13:6; мөн 7–13-р шүлгийг үзнэ үү).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Өглөө бүр … , номлогчид өвдөг сөгдөн, хэлийг нь чөлөөтэй болгож, заах хүмүүсийг нь адислахын тулд өөрсдөөр нь дамжуулан ярихыг Их Эзэнээс гуйх ёстой. Хэрэв тэд ийн үйлдвэл, амьдралд нь шинэ гэрэл ирэх болно. Ажлаа ч илүү урам зоригтой хийх болно. Тэд Их Эзэнийг төлөөлөн ярьж буй, Түүний үйлчлэгч гэдгээ жинхэнэ утгаар нь мэдэх болно” хэмээн заасан (“Missionary Service,” First Worldwide Leadership Training Meeting, Jan. 11, 2003, 20).

Залбирахдаа Бурханд итгэж найдах

Бурханд итгэлтэй байх нь Түүнд итгэж найдахыг хэлдэг. Үүнд Тэрээр таны залбиралд Өөрийн таалал, цаг хугацаанд хариулна гэдэгт итгэж найдах багтдаг (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү). Ахлагч Даллин Х.Өүкс ийн заасан.

“Бидний итгэл хэр хүчтэй байгаагаас үл хамааран энэ нь бидний итгэдэг Түүний хүслийн эсрэг үр дүнг авчирч чадахгүй. Залбирал тань таны хүссэн арга замаар эсвэл хүссэн цагт хариулагдахгүй байх үед та үүнийг санаарай. Их Эзэн Eсүс Христэд итгэх итгэлээ ашиглах нь тэнгэрийн жаяг, Их Эзэний сайн сайхан, хүсэл, мэргэн ухаан, цаг хугацаанаас үргэлж хамааралтай байдаг. Бид ийм итгэлтэй болж, Их Эзэнд найдсан цагт өөрсдийнхөө амьдралд жинхэнэ хамгаалалтыг олдог” (“The Atonement and Faith,” Ensign, Apr. 2010, 30).

Хариуг нь өгөхгүй байгаа мэт санагдах залбирлуудын хувьд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хэлжээ.

“Би энэхүү мэдрэмжийг мэднэ! Би тийм агшны айдас ба нулимсыг мэднэ. Гэвч бидний залбирлыг хэзээ ч хайхрахгүй орхихгүй гэдгийг би мэднэ. Бидний итгэл хэзээ ч талархалгүй үлдэхгүй. Бүхнээс цэцэн мэргэн Тэнгэрлэг Эцэгийн хэтийн төлөв биднийхээс хамаагүй өргөн цар хүрээтэйг би мэднэ. Бид мөнх бус оршихуйнхаа асуудал, зовлонг мэддэг бол Тэрбээр бидний мөнх байдлын өсөлт болон чадавхыг мэддэг. Хэрэв бид Түүний тааллыг мэдэхийн тулд залбирч, үүнд нь тэвчээртэй, зоригтой захирагдвал тэнгэрлэг эдгэрэлт Түүний арга зам, тогтоосон цаг хугацаанд тохиох болно” (“Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 86).

Еммау хүрэх замд, Грэг Олсэн

Сүнсний өдөөлтүүдийг ялган таньж сур

Таны хувьд болон зааж байгаа хүмүүсийн тань хувьд Сүнсний хэлж байгаа зүйлийг ялган таньж сурах нь чухал юм. Сүнс ихэвчлэн таны мэдрэмж, оюун ухаан, зүрх сэтгэлээр дамжуулан намуухан байдлаар харилцдаг. Бошиглогч Елиа Их Эзэний дуу хоолой нь салхи, газар хөдлөлт, гал түймэр шиг биш, харин “намуухан хүнгэнэх дуу хоолой” (1 Хаад 19:12) байсныг олж мэдсэн. Энэ нь “аянгын дуу бус” харин “шивнээн байсан мэт төгс зөөлөн тайван дуу хоолой” атлаа “сэтгэлийн угт хүртэл нэвтрэх ажгуу” (Хиламан 5:30).

Сүнсний харилцаа өөр өөр хүмүүст өөр өөр байж болох юм. Тэдгээр харилцаа хэрхэн мэдрэгдэхээс үл хамааран, судруудад тэдгээрийг хэрхэн ялган танихыг заадаг. Жишээлбэл: Сүнс таныг сэнхрүүлж, сайн үйлсэд хөтөлнө. Тэр таны оюун ухааныг гэрэлтүүлэх болно. Тэр таныг даруухан алхаж, зөв шударгаар шүүхэд хөтлөх болно. (Сургаал ба Гэрээ 11:12–14 болон энэ хэсгийн сүүлд байгаа “Хувиараа судлах” хэсгийг үзнэ үү.)

“Бид Сүнсний өдөөлтийг хэрхэн ялгаж таних вэ?” гэдэг асуултад хариулахдаа ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Моронай 7:13, 16–17-г уншаад, дараа нь ийн хэлсэн.

“Бүх зүйлийг хэлж, хийсний дараа, энэ бол шалгалт юм. Энэ нь хүнийг сайныг үйлдэж, өсөж өндийн, өндөрт зогсож, зөв зүйл хийж, эелдэг найрсаг, өгөөмөр өглөгч байхад ятгаж байна уу? Хэрэв тийм бол энэ нь Бурханы Сүнс юм. …

Хэрэв сайныг үйлдэхэд урьж байвал энэ нь Бурханаас ирж буй хэрэг. Хилэнцтийг үйлдэхэд урьж байвал энэ нь чөтгөрөөс ирж байгаа хэрэг. … Хэрэв та зөвийг хийж, зөв замаар амьдарч байвал Сүнс танд юу хэлж байгааг зүрх сэтгэлдээ мэдэх болно.

Та Сүнсний өдөөлтийг Сүнсний үр жимсээр нь ялган таньж болно. Гэгээрүүлдэг, өсгөн хөгжүүлдэг, эерэг, нааштай, урам зориг өгдөг, сайн бодол, үгс, үйлд хөтөлдөг бол Бурханы Сүнснээс ирж буй хэрэг” (Teachings of Gordon B. Hinckley [1997], 260–261).

Таныг Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж, дагахад Түүний өдөөлтүүдийг ялган таньж, ойлгох чадвар тань цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөгжих болно (2 Нифай 28:30-ийг үзнэ үү). Зарим талаар өөр хэл сурахтай адил та Сүнсний хэлэнд илүү дасан зохицсон байна. Энэхүү аажмаар явагддаг үйл явц нь тууштай, тэвчээртэй байхыг шаарддаг.

Ариун Сүнсний удирдамжийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийл. Хэрэв та өөр зүйлд санаа зовж байвал Сүнсний зөөлөн шивнээг мэдрэхгүй байж болно. Эсвэл таныг даруухнаар Түүний удирдамжийн дагуу үйлдэхэд бэлэн байж, нөлөөг нь эрэлхийлтэл Тэр тантай харилцахгүй байж мэднэ.

Дэлхийн дуу хоолой таны анхаарлыг татахын тулд өрсөлддөг. Та Сүнсэнд зүрх сэтгэлд тань орших зайг гаргаж өгөхгүй бол тэдгээр нь сүнслэг өдөөлтийг амархан дарж болох юм. Их Эзэний “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” гэсэн энэхүү зөвлөгөөг санаарай (Дуулал 46:10; Сургаал ба Гэрээ 101:16-г үзнэ үү)

Ахлагч Дэвид А.Бэднар

“Бурхан Өөрийн охид, хөвгүүдэд илчлэлтүүдийг өгөхийн тулд оюун ухаанд нь бодол, зүрхэнд нь мэдрэмж, мөрөөдөл, … өдөөлт өгөх гэх мэт олон арга замыг ашигладаг. Зарим илчлэлтийг шууд, хүчтэй хүлээн авдаг бол зарим нь алгуураар, үлэмж нарийн мэдрэмжээр танигддаг. Бурханаас ирэх илчлэлтүүдийг хүлээн авч, ялган таньж, хариулах нь сүнслэг бэлгүүд бөгөөд бид үүнийг хүсэн хүлээж, зохих ёсоор эрэлхийлэх ёстой” (David A. Bednar, “The Spirit of Revelation in the Work,” 2018 mission leadership seminar).

Хувиараа судлах

Дараах хүснэгт дэх судруудыг судал. Дараах судрын шүлгүүдэд дүрсэлсэн мэдрэмж, бодол эсвэл сэтгэгдэл төрж байсан аливаа үеэ бод. Судалж, туршлага хуримтлуулахын хэрээр өөр судруудыг энэ жагсаалтад нэм. Та бусдад Сүнсийг мэдэрч, ялган танихад нь туслахын тулд эдгээр зарчмыг хэрхэн ашиглаж болохоо бод.

Сургаал ба Гэрээ 6:23; 11:12–14; 88:3; Иохан 14:26–27; Ром 15:13; Галат 5:22–23

Хайр, баяр хөөр, амар амгалан, тэвчээр, дөлгөөн зан, нинжин сэтгэл, итгэл, найдвар, тайтгарал гэх мэдрэмжийг өгдөг.

Алма 32:28; Сургаал ба Гэрээ 6:14–15; 8:2–3; 1 Коринт 2:9–11

Оюун ухааныг гэгээрүүлж, бодол санаа өгч, зүрх сэтгэлд мэдрэмжийг төрүүлдэг.

Иосеф Смит—Түүх 1:11–12

Судрууд хүчтэй нөлөөтэй байхад тусалдаг.

Алма 19:6

Харанхуйг гэрлээр сольдог.

Мозая 5:2–5

Хилэнцтээс зайлсхийж, зарлигуудыг дагах хүслийг нэмэгдүүлдэг.

Моронай 10:5; Сургаал ба Гэрээ 21:9; 100:8; Иохан 14:26; 15:26; 16:13

Үнэнийг зааж, сануулдаг.

Сургаал ба Гэрээ 45:57

Зам заан, мэхлэгдэхээс хамгаалдаг.

2 Нифай 31:18; Сургаал ба Гэрээ 20:27; Иохан 16:13–14

Бурхан Эцэг, Есүс Христийг алдаршуулж, гэрчилдэг.

Сургаал ба Гэрээ 42:16; 84:85; 100:5–8; Лук 12:11–12

Даруу багш нарын хэлэх үгийг заадаг.

Моронай 10:8–17; Сургаал ба Гэрээ 46:8–26; 1 Коринт 12

Сүнсний бэлгүүдийг өгдөг.

Сургаал ба Гэрээ 46:30; 50:29–30

Юуны төлөө залбирахыг хэлдэг.

2 Нифай 32:1–5; Сургаал ба Гэрээ 28:15

Юу хийхийг хэлдэг.

1 Нифай 10:22; Алма 18:35

Зөв шударга хүмүүст хүчтэй, эрх мэдэлтэйгээр ярихад тусалдаг.

2 Нифай 31:17; Алма 13:12; 3 Нифай 27:20

Цэвэршүүлж, нүглээс ангижруулдаг.

1 Нифай 2:16–17; 2 Нифай 33:1; Алма 24:8

Үнэнийг сонсож байгаа хүний зүрх сэтгэлд хүргэдэг.

1 Нифай 18:1–3; Гэтлэл 31:3–5

Ур чадвар, чадавхыг сайжруулдаг.

1 Нифай 7:15; 2 Нифай 28:1; 32:7; Алма 14:11; Мормон 3:16; Ифер 12:2

Урагш явахыг шамдуулдаг эсвэл хойш татдаг.

Сургаал ба Гэрээ 50:13–22

Багш, сурагчдын аль алиныг сэнхрүүлдэг.

Сүнсэнд найд

Та Их Эзэний үйлчлэгчийн хувьд Түүний ажлыг Түүний арга зам, хүчээр хийх ёстой. Бошиглогч Иосеф Смит: “Ямар ч хүн Сүнсгүйгээр сайн мэдээг номлож чадахгүй” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит376).

Сүнс ажлын тань бүхий л тал дээр удирдан зална гэдэгт итгэ. Тэр таныг гэгээрүүлж, сүнслэгээр өдөөнө гэдэгт найд. Тэр танд заах хүмүүсийг хайж олоход тусалж, таны хичээлд хүч нэмэх болно. Гишүүд, эргэн ирсэн гишүүд болон шинэ хөрвөгчдөд итгэлээ бэхжүүлэхэд туслах үед Тэр танд дэмжлэг үзүүлнэ.

Зарим номлогч өөртөө итгэлтэй байдаг. Харин заримд нь өөртөө итгэх итгэл дутдаг. Өөртөө итгэхийн оронд Есүс Христэд итгэ. Өөрийн авьяас, чадварт биш, Сүнсэнд найд. Ариун Сүнс таны хүчин чармайлтыг өөрөө хийж чадахаас тань хавьгүй илүү өсгөн нэмэгдүүлэх болно.

Судраас судлах

Дараах судруудыг судлаад, өдөр бүр асуух ёстой тэрхүү чухал асуултуудад тэдний хэрхэн хариулахыг бодож үз. Та заах хүн олохоор хичээж зүтгэн, төлөвлөгөө гаргаж, хувиараа болон хамтрагчтайгаа судлахдаа судрын эдгээр хэсэг дэх сургаалуудыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Та заах, хүмүүсийг амлалт өгөхөд урих, амлалтаа биелүүлж байгааг шалгах ажилдаа судрын эдгээр хэсгийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Би хаашаа явах ёстой вэ?

Би юу хийх ёстой вэ?

Би юу хэлэх ёстой вэ?

Би хичээлдээ судруудыг хэрхэн ашиглах ёстой вэ?

Зарим анхааруулах үг

Авсан ойлголтоо найдвартай эх сурвалжаар баталгаажуул

Та сүнслэг өдөөлтийн төлөө залбирахдаа сүнслэг ойлголтоо судрууд болон амьд бошиглогчдын сургаалтай харьцуул. Сүнснээс ирэх ойлголт тэдгээр эх сурвалжтай нийцнэ.

Үүрэгт ажлынхаа хүрээнд илчлэлт авахыг эрэлхийл

Хүлээн авсан мэдрэмж тань таны үүрэгт ажилтай нийцэж байхад анхаар. Зохих эрх мэдлээр дуудагдаагүй л бол Сүнснээс ирэх ойлголтыг бусдад зөвлөх, бусдыг засаж залруулахын тулд танд өгдөггүй. Жишээлбэл: Та бишопт дуудлагадаа хэрхэн үйлчлэх ёстойг хэлэх илчлэлт хүлээн авахгүй.

Гэрлийн бэлэг

Сүнсний жинхэнэ нөлөөг ялган тань

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр: “Та нарт нэгэн зүйлийг анхааруулж хэлье. … Хэрэв бид болгоомжтой байхгүй аваас Их Эзэний Сүнсний жинхэнэ нөлөөг зохисгүй, зальхай аргаар оруулж эхлэх вий. Хүмүүсийг хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн эсвэл бэлэн урсах нулимсыг Сүнсний нөлөө гэж үзэх үед би санаа зовдог. Хэдийгээр Их Эзэний Сүнс нулимс унагах гэх мэт хүчтэй мэдрэмж төрүүлж болох ч тэрхүү гаднах илрэлийг Сүнсний нөлөө хэмээн андуурахгүй байвал зохино” хэмээн зөвлөсөн (The Teachings of Howard W. Hunter [1997], 184).

Сүнслэг зүйлсийг бүү хүчил

Сүнслэг асуудлыг хүчээр тулгаж болохгүй. Та Сүнсийг урин авчрах хандлага, орчныг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийгөө бэлдэж чадах ч сүнслэг өдөөлтийн хэзээ, хэрхэн ирэхийг захирч чадахгүй. Тэвчээртэй байж, хэрэгтэй зүйлээ цаг нь болохоор хүлээж авна гэдэгт итгэ.

Сүнслэг туршлагыг ариун байлга

Номлогчийн хувьд та сүнслэг туршлагуудыг амьдралдаа урьд өмнө нь таньж мэдэж байснаасаа ч илүү таньж болно. Эдгээр туршлага нь ариун нандин бөгөөд ерөнхийдөө таны хувийн сэнхрүүлэг, заавар, залруулгад зориулагдсан байдаг.

Эдгээр туршлагын ихэнхийг дотроо хадгалах нь дээр. Ийн хуваалцах нь бусдыг адисална гэдгийг Сүнс зааварласан үед л хуваалц (Алма 12:9; Сургаал ба Гэрээ 63:64; 84:73-ыг үзнэ үү).

Зарим тохиолдолд өөрийнхөө саруул ухааныг ашигла

Заримдаа бид бүх зүйлд Сүнсээр удирдуулахыг хүсдэг. Гэсэн ч Их Эзэн ихэвчлэн биднийг өөрсдийнхөө саруул ухааныг ашиглан үйлдээсэй хэмээн хүсдэг (Сургаал ба Гэрээ 60:5; 61:22; 62:5-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

“Их Эзэнээр удирдуулах хүсэл нь хүч чадал боловч олон асуудал дээр Тэнгэрлэг Эцэг маань биднээс өөрсдөө сонгохыг хүсдэг гэдгийг ойлгох нь бас чухал. Бие даан шийдвэр гаргах нь зуурдын амьдралд бидний туулах ёстой өсөлт хөгжлийн эх үүсвэрүүдийн нэг юм. Их Эзэнд бүх шийдвэрээ даалгахыг оролдож, сонголт бүрдээ илчлэлт авахыг хүсдэг хүмүүс удирдамж заавар хүсэн залбирсан ч хариултаа авахгүй байх нөхцөлд тун удалгүй орох болно. Жишээ нь: Сонголт нь ялихгүй жижигхэн эсвэл ямар ч сонголт хийсэн буруудахгүй тохиолдолд ийм зүйл тохиолдох нь олонтоо.

Бид оюун ухаандаа тунгаан бодож, Бүтээгчийн бидэнд хайрласан учир шалтгааныг бодох чадвараа ашиглаж сурах хэрэгтэй. Тэгээд бид удирдамж хүлээн авахын тулд залбирч, хүлээн авсан бол үүний дагуу үйлдэх ёстой. Хэрэв бид удирдамж хүлээн авахгүй бол өөрсдийн саруул ухаан дээр тулгуурлан үйлдэх хэрэгтэй. Их Эзэний удирдамж заавар өгөх хэрэггүй хэмээн бидний гарт үлдээсэн сэдвээр илчлэлтээр дамжуулан удирдамж заавар авахыг цөхрөлтгүй эрэлхийлдэг хүн өөрийн уран сэтгэмж, хүслийн дагуу хариултаа санаанаасаа зохиож, тэр ч бүү хэл худал хуурмаг илчлэлтээр хариултаа авч магадгүй” (“Our Strengths Can Become Our Downfall,” Ensign, Oct. 1994, 13–14).

Судраас судлах

Сүнсэнд тулгуурлах нь маш чухал тул Их Эзэн Сүнсийг үгүйсгэж, дарахгүй байхыг бидэнд сэрэмжлүүлсэн байдаг. Та дараах судрын хэсгүүдээс юу сурсан бэ?


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Хуудсыг хоёр баганад хуваа. Нэг баганыг “Их Эзэний хийсэн зүйл,” нөгөө баганыг “Лихайн эсвэл Нифайн хийсэн зүйл” хэмээн хаягла. Лиахона болон хугарсан нумын түүхийг (1 Нифай 16:9–31) эсвэл усан онгоц барьсан Нифайн түүхийг унш (1 Нифай 17:7–16; 18:1–6). Түүхэнд гарсан үйл явдлуудыг зохих баганад жагсаан бич. Уг түүх сүнслэг өдөөлтийн мөн чанарын талаар юу зааж байгааг бодож үз.

  • Тэмдэглэлээ эргэн хараад, Сүнсээр хөтлөгдөж, эсвэл Сүнсний бэлгийг хүлээн авч байсан тохиолдлуудаа ол. Хэзээ, хаана, ямар учраас эдгээр үйл явдал болсон талаар бод. Их Эзэний мутар үүнд хэрхэн оролцсон бэ? Танд ямар санагдсан бэ? Тэдгээр үйл явдлыг марталгүй санах нь Сүнсийг ялган танихад танд тусална.

  • Алма 33:1–12, Алма 34:17–31-ийг судал. Алма, Амюлек хоёр ямар ямар асуултад хариулж байсан бэ? (Алма 33:1–2-ыг авч үзнэ үү.) Тэд эдгээр асуултад хэрхэн хариулсан бэ? Тэд ямар баталгаа өгсөн бэ?

  • Сүнс биднийг олон чухал арга замаар удирдан зална гэдгийг Их Эзэн амласан. Дараах судрын хэсгүүдийг уншихдаа, ажлын тань аль хүрээнд Сүнсний удирдамж заавар хэрэгтэй болохыг тодорхойл. Дараах судрууд хувиараа болон хамтрагчтайгаа судлах цагийн хувьд ямар ач холбогдолтой вэ? Мөн дүүргийн зөвлөлийн хурал, бүсийн чуулган, баптисмын ёслолын үйл ажиллагаа болон өөр бусад хурал цуглаанд ямар ач холбогдолтой вэ?

    Залбирах

    Хурал цуглаан хөтлөн явуулах

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Хамтрагчдын хувьд хэлдэг залбирлуудынхаа талаар ярилц. Залбирлууд тань Ариун Сүнсээр удирдуулагддаг уу? Хамтрагчийн хувьд та хоёр залбирлынхаа хариултыг хэрхэн авч байсан бэ? Хамтрагчтайгаа залбирахдаа та нар дараах зүйлийг хийдэг үү? Үүнд:

    • Зөв шударгаар гуйсан зүйлийг Бурхан Өөрийн тааллын дагуу өгнө гэдэгт та нар итгэдэг үү?

    • Залбирлынхаа хариултаа авснаа мэдэж, талархдаг уу?

    • Хүмүүсийн төлөө нэрээр нь дурдан залбирч, хэрэгцээг нь бодож үздэг үү?

    • Бие биеийнхээ төлөө мөн Сүнсээр удирдуулахын төлөө залбирдаг уу?

    • Залбирлынхаа хариултыг ялган таньдаг уу?

    • Хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлдэх хүсэлтэйгээр залбирдаг уу?

  • Та нар Сүнсийг хэрхэн илүү их чин сэтгэлээсээ эрэлхийлэх тухай ярилц.

  • Ариун Сүнсний нөлөөг хүмүүс хэрхэн өөр өөрөөр дүрсэлдгийг ярилц. Хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ ярьсан Сүнстэй холбоотой туршлагуудыг судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ. Та ариун нандин нөлөөг ялган танихад нь бусдад хэрхэн тусалж чадах вэ?

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Тохиромжтой гэж үзвэл, хамгийн сүүлийн гэрчлэлийн цуглаан, заасан хичээл, өөр бусад нөхцөлд сонссон түүх, туршлагаасаа хуваалцах боломжийг номлогчдод олго. Бусад хүний ярьсан сүнслэг түүх, туршлагууд нь итгэлээ хөгжүүлэхэд төдийгүй Сүнсний нөлөө нь өргөн хүрээнд, байнга илэрдэг болохыг хүлээн зөвшөөрөхөд тань тусална.

  • Номлогчдоос номлол, Ариун Сүнсний хүчний талаар үг хэлэхийг хүс.

  • Талархах нь Их Эзэн өчүүхэн жижиг гэлтгүй маш чухал арга замуудаар таныг адисалдгийг олж харахад хэрхэн тусалдаг талаар ярилц (Ифер 3:5; Сургаал ба Гэрээ 59:21-ыг үзнэ үү). Талархлаа илэрхийлэх арга замуудын талаар ярилц.

  • Шинэ гишүүнээс Сүмийн талаар суралцаж байхад нь Сүнс хэрхэн түүнд нөлөөлсөн талаар ярихыг хүс. Тухайн хүнээс зөвхөн хуваалцаж болно гэж үзсэн туршлагаа хуваалцахыг хүсээрэй.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Долоо хоног тутмын захидалдаа зохих сүнслэг туршлагаа оруулахыг номлогчдоос хүсэж болно.

  • Заримдаа ярилцлагын үеэр эсвэл харилцан яриандаа өглөөний болон оройн залбирлынх нь талаар асуу. Шаардлагатай бол залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгох талаар тэдэнтэй зөвлөлд.

  • Зааж байгаа хүмүүстээ Сүнсийг мэдэрч, ялган танихад нь хэрхэн тусалдаг талаар номлогчдоос асуу.