Номлолын дуудлагууд
10-р бүлэг: Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхийн төлөө заа


“10-р бүлэг: Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхийн төлөө заа,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“10-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Уулан дээрх номлол, Харри Андэрсон

10-р бүлэг

Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхийн төлөө заа

Дараахыг эргэцүүлэн бод

  • Би хэрхэн Сүнсээр заах вэ?

  • Би хэрхэн судраас заах вэ?

  • Би зааж байхдаа гэрчлэлээ хэрхэн хуваалцах ёстой вэ?

  • Би хичээлээ хүмүүсийн хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлэн төлөвлөж, тохируулан өөрчилж болох вэ?

  • Би хэрхэн илүү оновчтой асуулт тавьж, илүү сайн сонсогч байж чадах вэ?

  • Би хэрхэн хүмүүст асуултынхаа хариултыг олж, удирдамж заавар, хүч чадал хүлээн авахад нь тусалж чадах вэ?

Таныг хүлээн авах бүх хүнд та Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заахаар дуудагдсан. Заах нь таны хийдэг бүх ажлын төвд байдаг. Их Эзэнээс тусламж хүсэн, Түүнд найдвал Тэрээр:

“Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (Сургаал ба Гэрээ 84:88) хэмээн амласан.

Заах чадвараа сайжруулахын тулд залбирч байгаад судалж, дадлага хий. Энэ болон энэ номын бусад бүлэг дэх зарчмуудыг хэрэгжүүл. Бусдыг адисалж, Бурханыг алдаршуулахын тулд заах бэлгийг хүлээн авахаар чин сэтгэлээсээ эрэлхийл. Их Эзэнийг тууштай эрэлхийлэн, үгсийг нь судалбал Тэрээр танд хүч, эрх мэдлээр заахад тусална.

Аврагчийн зааж байсан аргаар заахыг хичээ

Есүс дэлхий дээрх тохинууллынхаа үеэр “зааж … , … тунхаглаж, … эдгээж байлаа” (Матай 4:23). Тэр синагогт, гэрт, зам дээр гээд төрөл бүрийн орчинд зааж байсан. Тэр том цугларалт дээр ч хувь хүнд зааж байв. Түүний хамгийн хүчирхэг харилцаа маш бага хугацаанд, ер бусын нөхцөлд болж өнгөрч байсан. Тэр өөрийн үйлдлээр мөн үгээр зааж байв.

Аврагч хүн нэг бүрд өөрсдийнх нь өвөрмөц хэрэгцээ шаардлагад тааруулан зааж байсан. Жишээлбэл: Тэр саа өвчин туссан хүнд үйлчилж байхдаа түүний нүглийг өршөөж, эдгээсэн (Марк 2:1–12-ыг үзнэ үү). Завхайрч байгаад баригдсан эмэгтэйд тохинуулж байхдаа Тэр түүнийг хамгаалж, дахин нүгэл бүү үйлд хэмээн хэлсэн (Иохан 8:2–11-ийг үзнэ үү). Тэрээр мөнх амьдралыг хүссэн баян эртэй ярьж байхдаа, Өөрийг нь дагах урилгыг хүлээн аваагүй ч түүнийг “хайрласан” (Марк 10:21; 17–21-р шүлгийг үзнэ үү).

Аврагч хэрхэн заадаг байсныг судалснаар та заах арга барилаа сайжруулж чадна. Жишээлбэл: Тэрээр Эцэгийг болон Өөрийн зааж байсан хүмүүсийг хайрладаг байв. Тэр залбирдаг байсан. Тэр судруудаас заадаг байв. Тэр сүнслэг байдлын хувьд бэлдэж; сүнслэгээр өдөөгдсөн асуултуудыг тавьдаг байв. Тэр хүмүүсийг итгэлээр үйлдэхэд урьдаг байсан. Тэр сайн мэдээний зарчмуудыг өдөр тутмын амьдралтай адилтгадаг байв.

Аврагчийн зааж байсан арга замаар заахыг эрэлхийлэх нь насан туршийн үйл хэрэг юм. Түүнийг дагах үед энэ нь танд шат шатаар өгөгдөх болно (2 Нифай 28:30; Ифер 12:41-ийг үзнэ үү).

“Эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл”

Есүс Христийн сайн мэдээг заахын тулд та үндсэн сургаал, зарчмуудыг мэддэг байх хэрэгтэй. Танд мөн сүнслэг мэдлэг, сайн мэдээний үнэнүүдийн баталгаа хэрэгтэй. Их Эзэн: “Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл” гэж хэлсэн.

Их Эзэний үгийг “олж авах” гэдэг нь үгийг нь судалж, зүрх сэтгэлийнхээ гүнд суулгасан байх ёстой гэсэн утгатай. Ийн хичээх юм бол Их Эзэн: “тэгвэл хэл чинь чөлөөтэй байх болно; тэгээд, хэрэв чи хүсэх аваас, миний Сүнс мөн миний үг, тийм ээ, хүмүүнийг итгүүлэх Бурханы хүч чамд байх болно” (Сургаал ба Гэрээ 11:21) хэмээн амласан.

Судар дээр тэмдэглэгээ хийж буй хүн

Их Эзэн мөн “амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл” (Сургаал ба Гэрээ 84:85) хэмээн хэлсэн. Их Эзэний үгсийг нөөцлөх нь таны мэдлэгийг зузаатган, гэрчлэлийг тань бэхжүүлнэ. Сайн мэдээг заах хүсэл, чадвар тань мөн адил өсөн нэмэгдэнэ. (Иаков 4:6–7; Алма 32:27–42; 36:26; 37:8–9-ийг үзнэ үү.)

Судар, амьд бошиглогчдын үгс болон 3-р бүлэг дэх хичээлүүдийг судалснаар Их Эзэний үгийг залбиран байж олж аван, оюундаа нөөцөл.

Сүнсээр заа

Есүс Христийн сайн мэдээ бол “итгэгч хүн бүрийг … авралд хүргэх Бурханы хүч мөн” (Ром 1:16). Иймээс сайн мэдээний Сэргээлтийн захиасыг тэнгэрлэг буюу Ариун Сүнсний хүчээр заах хэрэгтэй.

Таны хувьд заах ур чадвараа хөгжүүлэх нь чухал. Мөн заах сургаал, зарчмуудаа судлах нь чухал юм. Гэвч сүнслэг үнэнүүдийг заахдаа та өөрийн чадвар, мэдлэгт түрүүлж бүү найд.

Сүнслэг үнэнүүдийг Ариун Сүнсний хүчээр заадаг. Их Эзэн: “Мөн уг Сүнс итгэлийн залбирлаар та нарт өгөгдөх болно; мөн хэрэв та нар Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 42:14; мөн Сургаал ба Гэрээ 50:13–14, 17–22-ыг үзнэ үү).

“Сүнсээр заах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Та Сүнсээр заахдаа Ариун Сүнсний хүчийг хичээлдээ байлгахын тулд залбирдаг. Та мөн хүмүүсийг Сүнсээр үнэнийг хүлээн аваасай хэмээн залбирдаг. Хүмүүст зарим үнэний талаар ятган ойлгуулж болох ч хөрвөгдөхийн тулд тэдэнд Сүнстэй холбоотой туршлага байх хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг үзнэ үү).

Танаар дамжуулан заадаг Сүнсний зэмсэг байхад өөрийгөө бэлтгэ. Ариун Сүнсийг заахад хамт байдаг хамтрагчаа гэж бод.

Сүнс юу хэлэхээ мэдэхэд тань тусална гэдэгт найд. Тэр таны судалсан сургаалыг сануулна. Тэр танд заах зүйлээ тухайн хүний хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөж, тохируулан өөрчлөхөд тусална.

Сүнсээр заах үед Тэр таны захиасыг хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэх болно. Таныг гэрчлэлээ хуваалцах үед Тэр таны захиасыг батална. Та болон Сүнсээр таны заасан зүйлийг хүлээн авах хүмүүс сэнхэрч, бие биеэ ойлгож, хамтдаа баясах болно. (2 Нифай 33:1; Сургаал ба Гэрээ 50:13–22-ыг үзнэ үү.)

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Сүнс бол энэ ажлын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрийн дуудлагад Сүнсний тусламжийг хүлээн авснаар та номлолын талбарт Их Эзэний төлөө гайхамшгийг үйлдэж чадна. Таны авьяас, ур чадвараас үл хамааран, Сүнсгүй бол та хэзээ ч амжилтад хүрэхгүй” (Ezra Taft Benson, seminar for new mission presidents, June 25, 1986).

Таны дуудлагын амлалт

Таныг “Үнэнийг заахаар урагш илгээгдсэн, бүр Тайтгаруулагч болох Сүнсээр миний сайн мэдээг номлохоор” (Сургаал ба Гэрээ 50:14) дуудаж, онцгойлон адисалсан. Заримдаа та сандарч, зааж чадахгүй гэж бодож ч мэднэ. Та өөрийгөө хангалттай сайн мэдэхгүй мөн туршлага нимгэн хэмээн голж байж магад.

Тэнгэрлэг Эцэг хэн гэдгийг тань төгс мэддэг бөгөөд Есүс Христийн үнэнч дагалдагчийн хувьд таныг бусдад юу өгч чадахыг мэдэж байгаа учраас дуудсан. Тэр таныг орхихгүй. Сүнс таны чадварыг өсгөн нэмэгдүүлж, хүлээн авахад бэлэн хүмүүст үнэнийг заах болно.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Дөч гаруй жилийн өмнө би номлолын ажлын сорилт бэрхшээлийн тухай бодоод, энэ ажилд өөрийгөө тэнцэхгүй бас бэлтгэгдээгүй гэж бодож билээ. Би ‘Тэнгэрлэг Эцэг минь ээ, би ийм өчүүхэн мэдлэгтэй байж яаж номлолд үйлчилж чадах юм бэ?’ хэмээн залбирч байснаа санадаг. Би Сүмд итгэдэг байлаа. Гэвч сүнсний мэдлэг минь тун ч шалихгүй байна даа гэж би боддог байсан. Намайг залбирахад ‘Чи юм бүхнийг мэдэхгүй ч хангалттай зүйлийг мэднэ шүү дээ’ гэсэн мэдрэмж төрж билээ. Тэрхүү хариу надад номлолын талбар луу эргэх дараагийн алхмыг хийх зоригийг өгсөн” (“You Know Enough,” Liahona, Nov. 2008, 13)

Заахаар бэлтгэхдээ Сүнсийг урь

Хүмүүстэй хамт өнгөрүүлэх эхний хэдэн мөч маш чухал. Чин сэтгэлээсээ, хүндэтгэлтэй ханд. Үнэхээр сонирхож, хайрлаж байгаагаа харуул. Тэдний итгэлийг олохыг эрэлхийл. Хүмүүсийн итгэлийг олж авах нэг арга зам бол тэд тантай хамт байхдаа Сүнсийг мэдрэх явдал юм.

Тэдний өсөж төрсөн орчныг болон таны айлчлалаас юу хүсэн хүлээж байгааг ойлгоход туслах энгийн хэдэн асуулт тавь. Анхааралтай сонс.

Эхлэхээсээ өмнө тэнд байгаа бүх хүнийг хичээлд оролцоход урь. Их Эзэний Сүнсийг мэдрэхийн тулд саад болох зүйлсийг холдуулахад тэднийг урамшуул.

Хичээлээ залбирлаар эхэлж, залбирлаар дуусгахыг хүсэж байгаагаа тайлбарла. Нээлтийн залбирал хэлэхээр санал болго. Зааж байгаа хүмүүсийн тань амьдралыг бүх талаар адислахыг Бурханаас хүсэн, энгийн боловч чин сэтгэлээсээ залбир. Тэднийг таны заах зүйлсийн үнэнийг мэдрээсэй гэж залбир. “Зөвтийн залбирал … ихийг гүйцэлдүүлж чадна” (Иаков 5:16) гэдгийг сана.

Ариун Сүнсний хөрвүүлэгч хүчинд итгэ. Зааж эхлэхийнхээ өмнө Сүнсний удирдамжийн дагуу та доорхтой адил бодол санааг илэрхийлж болно. Тухайлбал:

  • Бурхан бол биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг мөн. Бид бүгдээрээ ах, эгч, дүүс. Тэр биднийг баяр баясгаланг мэдрээсэй хэмээн хүсдэг.

  • Бид бүгдэд зовлон бэрхшээл, асуудал тулгардаг. Юу ч хийж байлаа гэсэн, Есүс Христ болон Түүний сургаал танд тусалж чадна. Тэр танд амар амгалан, итгэл найдвар, аз жаргалыг олж авахад тусална. Есүс танд амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад хэрэгтэй илүү их хүч чадлыг олж авахад тусалж чадна.

  • Бид бүгд алдаа гаргадаг бөгөөд энэ нь гэмших, ичих, харамсах мэдрэмжийг төрүүлдэг. Биднийг наманчилж, Бурханы өршөөлийг эрэлхийлэхэд эдгээр мэдрэмж алга болно. Бид зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар нүглээсээ бүрэн эдгэрэх боломжтой.

  • Бидний захиас үнэн гэдгийг мэдэж авахад тань бид туслан, чиглүүлэх болно. Бид унших, залбирах, сүмд явах зэрэг зарим зүйлд таныг урина. Бид эдгээр урилгын дагуу үйлдэхэд тань тусалж, хүлээн авах адислалуудыг тань тайлбарлах үүрэгтэй. Асуух зүйл гарвал асуугаарай.

  • Бид өөрсдийн мэдэх зүйлийг хуваалцахаар Бурханы бошиглогчоор дуудагдсан. Бидний захиас үнэн гэдгийг бид мэднэ.

  • Бид танд хэрхэн Бурхантай гэрээ байгуулах буюу онцгой амлалт өгөхийг заана. Тэдгээр гэрээ нь таныг Бурхантай холбож, Түүнээс баяр баясгалан, хүч чадал, онцгой амлалтуудыг хүлээн авах боломжийг олгоно.

  • Та амьдралаа хэрхэн өөрчилж, Есүс Христийг болон Түүний сургаалыг дагах талаар сурч мэднэ. Есүс Христийн амин чухал нэг сургаал, бидний байгуулдаг эхний гэрээ бол Түүний үлгэр жишээг дагаж, зохих эрх мэдлээр баптисм хүртэх явдал юм (Иохан 3:5; Сургаал ба Гэрээ 22-ыг үзнэ үү).

Залбирч буй номлогчид

Хичээл заахын өмнө заах гэж байгаа зүйлээ энгийнээр тоймлон хэл. Энэ нь тэдэнд ямар ач холбогдолтойг олж харахад нь тусал. Жишээлбэл: Та “Өнөө үед Есүс Христ дэлхий дээр Өөрийн Сүмийг байгуулсан бөгөөд биднийг удирдан чиглүүлэхээр амьд бошиглогчдыг дуудсан гэсэн захиасыг хуваалцахаар бид энд ирсэн” эсвэл “Бурхан танд хайртай, таны аз жаргалд зориулсан төлөвлөгөө Түүнд бий гэдгийг олж мэдэхэд тань туслахаар бид энд ирсэн” гэж хэлж болно.

Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, дагаж амьдарснаар бүх хүн ашиг тусаас нь хүртэх болно. Тэнгэрлэг Эцэг таны олсон хүмүүсийг үнэ цэнтэй сүнслэг бэлтгэлээр адисалсан байж болох юм (Алма 16:16–17-г үзнэ үү).

Анхны уулзалтан дээрээ Сүнсийг урьж авчран, үнэнийг хуваалцах нь таныг Их Эзэний үйлчлэгч гэдгийг таньж мэдэхэд хүмүүст тусална.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Энэ хэсэг дэх санал болгосон зүйлсийг ашиглан хичээлийг өөр өөр арга замаар эхлүүлж дадлага хий.

Судруудыг ашиглах

Сүмийн жишиг бүтээлүүд бол Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заахад туслах үндсэн эх сурвалж юм. Заах хичээлийнхээ үндэс суурь болгож судруудыг ашиглах нь амин чухал байх олон шалтгаан бий. Жишээлбэл:

  • Судрууд зааж буй хичээлд тань Ариун Сүнсийг урин авчирдаг (Лук 24:13–32-ыг үзнэ үү).

  • Тэдгээр нь хүмүүсийн оюун ухаанд юунаас ч илүү хүчтэй нөлөөлдөг (Aлма 31:5-ыг үзнэ үү).

  • Судрууд бодгалийн агуу асуултуудад хариулдаг (5-р бүлэг; мөн 2 Нифай 32:3; Иаков 2:8-ыг үзнэ үү).

  • Судрууд таны хичээлд хүч чадал, үндэслэл өгдөг.

  • Их Эзэн болон Түүний бошиглогчид ийн үйлд хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 42:12, 56–58; 71:1-ийг үзнэ үү).

Хичээлдээ судруудыг ашигласнаар та бусдад судруудаас бие даан судалж эхлэхэд тусална. Сударт дуртай болохыг тань тэд харах юм бол тэдэнд судлах хүсэл төрнө. Судраас судлах нь сайн мэдээнээс суралцаж, Бурханы хайрыг мэдрэхэд хэрхэн тус болдгийг тэдэнд харуул. Судрууд хэрхэн асуултуудынхаа хариултыг олж авч; удирдамж, хүч чадал хүлээн авахад тэдэнд тусалж болох жишээг өг.

Судруудаас үр дүнтэй заадаг болохын тулд судар судлахад өөрийгөө бүрэн зориул (2-р бүлгийг үзнэ үү). Хувиараа болон хамтрагчтайгаа өдөр бүр судраас судалснаар тэдгээрээс заах чадвар тань сайжирна.

Судраас, ялангуяа Мормоны Номоос судлах замаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд хүмүүст тусал. Доорх зөвлөгөөнүүд тусалж болох юм. Үүнд:

Судраас судалж буй эмэгтэй

Судрыг танилцуул

Судрын хэсгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг товч тайлбарла. Дараах жишээнүүдэд судрыг танилцуулах зарим арга замыг үзүүлсэн болно.

  • “Иосеф Смитийн түүхэнд ойн төгөл рүү залбирахаар явахад юу тохиолдсон тухай Иосеф өөрийн үгээр өгүүлдэг. Тэрээр: ‘Би гэрлэн баганыг харсан юм …’ гэж хэлсэн байдаг.”

  • “Энэ судрын хэсэгт бошиглогч Алма Бурханы үгэнд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийг ядуу хүмүүст зааж байна. Тэрээр Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгаж болох үртэй адилтгасан. Та … шүлгээс эхлээд унших уу?”

Судрын хэсгийг унш

Шүлгүүдийг чанга унш эсвэл хичээл заалгаж байгаа хүнээсээ чанга уншихыг хүс. Муухан уншдаг хүмүүстэй болгоомжтой харьц. Хэрэв тэд судрын хэсгийг ойлгохгүй байвал тэдэнтэй хамт уншаад, шаардлагатай бол тайлбарлаж өг. Аливаа хэцүү үг, хэллэгүүдийн утгыг тодорхойл. Эсвэл судрын арай амархан хэсгийг тэдэнд өгч уншуул. Судрын хэсэг дэх тодорхой санааг хайж олоход тэднийг урь.

Судрыг хэрэгжүүл

Нифай “бидэнд эрдэм болон тус байж болохын тулд би бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгасан билээ” (1 Нифай 19:23) хэмээн хэлсэн. Судрыг адилтгах гэдэг нь судрыг амьдралдаа хэрэгжүүлэх гэсэн утгатай.

Тухайн түүх, зарчмууд тэдэнд ямар хамаатай болохыг үзүүлэх замаар судрыг зааж байгаа хүмүүстэйгээ адилтга. Жишээлбэл:

  • “Яг тантай адилаар Алмагийн хүмүүсийн дээр маш хүнд, бараг тэд тэсэж чадахааргүй тийм хүнд ачаа байсан. Гэвч итгэлээ хэрэгжүүлж, залбирахад Бурхан тэднийг зовлон бэрхшээлээ давж гарахуйц болгон хүчирхэгжүүлсэн. Дараа нь Тэрээр тэднийг зовлонгоос нь чөлөөлсөн юм. Яг тэр хүмүүст үйлдсэний адилаар та … [үйлдэх] аваас Бурхан таны зовлонг хөнгөлөх болно гэдгийг би мэднэ” (Мозая 24-ийг үзнэ үү.)

  • “Мормоны усны дэргэд хүмүүст өгсөн Алмагийн зааварчилгаа өнөөгийн бидэнд ч бас хамаатай. Жон, та … бэлэн байна уу?” (Мозая 18-ыг үзнэ үү.)

Судруудыг хэрхэн өөртэйгөө “адилтгахыг” хүмүүст заа. Өөрсдөө ингэж туршиж үзэх нь тэдэнд Бурханы үгийн хүчийг амьдралд хэрэгжүүлж, мэдрэхэд тусална.

Хүмүүсийг өөрсдөө бие даан уншихад урь мөн тусал

Зааж байгаа хүмүүс тань үнэний талаар гэрчлэлтэй болохын тулд судруудаас, ялангуяа Мормоны Номоос унших хэрэгтэй. Заахдаа судруудыг үр дүнтэй ашигласнаар та судраас өөрсдөө бие даан сурч эхлэхэд хүмүүст тусална.

Уулзалт бүрийн эцэст, унших тодорхой бүлэг эсвэл шүлгүүдийг тэдэнд санал болго. Унших үедээ бодож үзэх асуултуудыг бас санал болго. Өдөр бүр бие даан мөн гэр бүлээрээ судраас судлахад урамшуул. Та бас гишүүдээс хичээлүүдийн хооронд тэдэнтэй хамт уншихыг хүсэж болно.

Дараагийн хичээлийг эхлүүлэхийн өмнө, хүмүүсийг уншихад урьсан зүйлээ хамт ярилцан, уншсан эсэхийг нь шалга. Хэрэгтэй бол тэдэнд тэдгээр судрыг ойлгож, “адилтгахад” тусал. Бодол санаа, асуултуудаа тэмдэглэж бичихэд тэднийг урамшуул.

Судруудыг, ялангуяа Мормоны Номыг уншиж, ойлгож, хэрэгжүүлэхэд нь хүмүүст тусалбал тэд Бурханы үгтэй холбоотой сүнслэг туршлага олж авах болно. Энэ нь тэдний өөрсдөө бие дааж уншин, судруудыг амьдралынхаа чухал хэсэг болгох магадлалыг өсгөнө.

Гэр бүлд зааж буй номлогчид

Судраас судлахад нь хүмүүст тусал

Судрууд болон амьд бошиглогчдын үгсийг урьд өмнөхөөс илүү олон арга зам, олон хэлээр унших боломжтой болсон. Зааж байгаа хүмүүст тань хэвлэмэл болон дижитал ямар сонголтууд байгааг олж мэд. Хүмүүсийн хэрэгцээ, хүсэл сонголтод нийцүүлэн судраас судлахад нь тэдэнд тусал. Дараахыг бодолцож үзнэ үү. Үүнд:

  • Хүмүүсээс аль хэлээр судраа унших эсвэл сонсохыг хүсэж байгааг асуу.

  • Уншиж чадахгүй эсвэл уншсан зүйлээ ойлгохгүй байгаа хүмүүст хамтдаа чанга унших эсвэл аудио бичлэгийг сонсох нь тус болж болох юм. Эдгээрийг Сүмийн үнэгүй апп, вэбсайтуудаас авах боломжтой.

  • Хэрэв тухайн хүн дижитал төхөөрөмжтэй бол судруудаас, ялангуяа Мормоны Номоос судлахад нь тусал. Мормоны Ном аппликэйшн болон Gospel Library нь үнэ төлбөргүй бөгөөд хуваалцахад хялбар юм.

  • Хэрэв текст, чаат эсвэл э-мэйл ашиглаж байгаа бол судрын холбоос, зургийг илгээнэ үү. Видео чаатаар хичээл заахдаа, шүлгийг хамтдаа уншихын тулд дэлгэцээ хуваалцах талаар бодож үз.

  • Амьд бошиглогчдын үгстэй танилцахад хүмүүст тусал.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Таны болон хамтрагчийн тань утсан дээр Мормоны Ном апп, Gospel Library зэрэг судрын эх сурвалжуудын шинэчлэгдсэн хувилбар байхад анхаар.

Дараах судрын хэсгүүдээс нэгийг сонгоно уу. Үүнд: Мормоны Номын эхний хуудас; 3 Нифай 11; Моронай 10:3–8; Иохан 17:3; Ром 8:16–17; 1 Коринт 15:29; Иаков 1:5; 1 Петр 3:19–20; Амос 3:7.

Та нар дараах зүйлийг хэрхэн хийхээ шийд. Үүнд:

  • Судрын хэсгийг танилцуулах

  • Нөхцөл байдал, хам сэдвийг тайлбарлах

  • Судрын хэсгийг уншаад, утгыг нь тайлбарлах

  • Хэцүү үгсийг тайлбарлах

  • Зааж байгаа хүмүүстээ сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах зэрэг болно.

Судраас судлах

Яагаад судраас заах нь чухал вэ?

Гэрчлэлээ хуваалц

Гэрчлэл бол Ариун Сүнсний өгдөг сүнслэг гэрч. Гэрчлэлээ хуваалцах нь сайн мэдээний үнэний талаарх мэдлэг эсвэл итгэл үнэмшлээ энгийнээр, шууд тунхаглах явдал юм. Гэрчлэлээ хуваалцах нь таны судруудаас заасан үнэнд таны хувийн гэрчийг нэмдэг.

Гэрчлэлээ хуваалцах нь Сүнсийг урьж, Түүний нөлөөг бусдад мэдрэхэд тусалдаг хүчирхэг арга зам юм. Ариун Сүнсний үүрэг даалгавруудын нэг бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар гэрчлэх явдал мөн. Тэрээр үүнийг таныг гэрчлэх үед тантай хамтран биелүүлдэг.

Хүчтэй гэрчлэл нь уран сайхан ярих чадвар эсвэл дуу хоолойны тань чангаас биш, харин зүрх сэтгэлийн тань итгэл үнэмшил, чин сэтгэлээс шалтгаалдаг. Гэрчлэлээ яарч, хэт дөвийлгөн хуваалцахаас болгоомжил. Таны заасан зүйл үнэн гэдгийг Ариун Сүнс гэрчлэхийг мэдрэх боломжийг хүмүүст олго.

Гэрчлэл тань “Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч юм” эсвэл “Мормоны Ном үнэн гэдгийг би өөрөө мэдэж авсан” гэх мэт энгийн байж болно. Түүнчлэн та тэрхүү гэрчлэлээ хэрхэн олж авсан туршлагаа товчхон хуваалцаж болно.

Зөвхөн хичээлийн төгсгөлд бус, харин өдөөлт төрөх бүрд гэрчлэлээ хуваалцаарай. Хамтрагчаа зааж байхад түүний заасан зүйлийн хоёр дахь гэрч нь болж гэрчлэлээ хуваалц.

Таны зааж буй зарчмыг дагавал энэ нь тухайн хүний амьдралыг адислах болно гэдгийг гэрчил. Зарчмын дагуу амьдрах нь таны амьдралыг хэрхэн адисалсан талаар хэл. Таны чин сэтгэлийн гэрчлэл үнэнийг Ариун Сүнс баталж байгааг мэдрэх орчныг хүмүүст бүрдүүлэхэд тусалдаг.

Хувиараа судлах

Доорх судрын хэсгүүд нь гэрчлэлээ хуваалцах жишээнүүд юм. Судар бүрийг уншихдаа дараах асуултуудыг бодож үз. Судлах тэмдэглэлдээ хариултаа бичиж тэмдэглэ.

Судраас судлах

Дараах судрууд нь гэрчлэлээ хуваалцах зарчим, амлалтуудын талаар юу заадаг вэ?

Хичээлээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөж, тохируул

Хичээл заалгаж байгаа хүн бүр өвөрмөц. Хүн бүрийн сүнслэг сонирхол, хэрэгцээ, асуудлыг ойлгохыг эрэлхийл. Асуултууд тавьж, анхааралтай сонс. Хэдийгээр та тухайн хүний хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгохгүй байж болох ч Тэнгэрлэг Эцэг ойлгодог гэдгийг сана. Тэрээр Ариун Сүнсээр дамжуулан таныг удирдан зална.

Нэгэн хосод зааж буй номлогчид

Сүнсээр удирдуулан, хичээлийн дарааллыг сонго

Хичээл заах дарааллаа сонгохдоо Сүнсээр удирдуул. Та зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлага, асуулт, нөхцөлд байдалд хамгийн сайн тохирох дарааллаар хичээлээ заахаар уян хатан байх боломжтой.

Зарим тохиолдолд та хувь хүний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн өөр хичээлийн зарчмыг нийлүүлж болох юм. Дараах гурван жишээг харна уу.

Юүки таныг онлайнаас олсон бөгөөд яагаад Сүмийн найзууд нь тамхи татаж, архи уудаггүй талаар асуужээ. Та 3-р бүлэг дэх дараах хэсгүүдийг ашиглан, зарлигуудыг дагахад ирэх адислалуудын талаар түүнд зааж болох юм.

Самуел ямар ч газарт байсан нэгэн хэсэг гэдгээ мэдрэхгүй байв. Та 3-р бүлгийн дараах хэсгүүдийг ашиглан өөрийн мөн чанар, Бурханы гэр бүлд эзлэх байр суурийнх нь талаар түүнд зааж болох юм.

Татьяна олон шашныг судалсан бөгөөд чухам ямар зүйл Сүмийг өөр болгож байгааг мэдэхийг хүсжээ. Та 3-р бүлэг дэх дараах хэсгүүдийг ашиглан, Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар түүнд зааж болох юм.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг мэддэг учраас заахаар бэлдэхдээ дараах сонголтуудыг хийхийн тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийл. Юуг заахаа шийдэхдээ ялган таних бэлгийн төлөө залбир. Төрөх бодол санаа, мэдрэмждээ анхаар.

Судар уншиж буй гэр бүл

Сурч байгаа зүйлээ хэрэгжүүлэх хугацааг хүмүүст олго

Заах явцдаа хүмүүст сурч байгаа зүйлээ хэрэгжүүлэх хугацааг олго (3 Нифай 17:2–3-ыг үзнэ үү). Тэдэнд зарлигуудаа сахихад нь дэмжиж туслах зохих арга замуудыг эрэлхийл. Залбирах, унших, сүмд явах зэрэг итгэлийн суурийг тавих үйлдлүүдэд нь туслахад анхаарлаа төвлөрүүл. Энэ нь нэмэлт үүрэг амлалтуудыг сахих боломжийг тэдэнд олгоно.

Төлөвлөж, заахдаа хэдий хэмжээний шинэ мэдээлэл хуваалцах вэ гэдэгт мэдрэмжтэй ханд. Таны заах гол зорилго бол тухайн хүнд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусалснаар наманчлал руу хөтлөх явдал юм. Таны зорилго бол хэр их мэдээлэл түгээж чадахаа харах явдал биш юм.

Тухайн хүнд таарах хурдаар заа. Таны зааж буй зүйлийг хэр сайн сурч, хэрэгжүүлж байгааг ойлгохын тулд асууж, анхааралтай сонс.

Таны зааж буй үнэнүүд Ариун Сүнсний хүчтэй хосолсноор Христэд итгэх итгэлээ бэхжүүлэх байдлаар сонгох эрхээ хэрэгжүүлэхэд хүмүүст нөлөөлнө. Тэд сурсан зүйлээ хэрэгжүүлэх замаар Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлснээр сайн мэдээ үнэн гэдгийг Сүнсээр дамжуулан мэдэх болно.

Янз бүрийн заах арга барил ашигла

Заах боломжууд нь биечлэн уулзах, видео чаат хийх, утсаар ярих, мессеж бичих, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр холбогдох гэх мэт олон хэлбэрээр явагддаг.

Хүмүүсийн цагийг хүндэтгэ

Хичээлээ энгийн бөгөөд товч байлга. Хүмүүсийн цаг хугацаа, хүсэлтийг хүндэтгэвэл, тэдний тантай уулзах магадлал өндөр байна. Биечлэн очвол тэдэнд цаг хэр их байгааг асуу. Өөрийн биеэр байна уу аль эсвэл онлайнаар байна уу хичээлээ заахдаа тохиролцсон цагтаа эхэлж, цагтаа дуусга. Зарим газар утсаар ярих эсвэл видео чаат хийх нь үнэтэй байж болохыг анхаарна уу.

Нэг хичээл дэх зарчмуудыг заахын тулд олон удаа уулзах шаардлагатай болно. Ихэвчлэн уулзаж заах нь 30 минутаас хэтрэхгүй байх ёстой бөгөөд та хамгийн багадаа гэхэд 5 минутын дотор хичээл зааж болно. Хичээлээ хүмүүсийн цаг хугацаанд тохируул.

Технологийг ухаалгаар ашигла

Танд технологи ашиглан хүмүүст заах олон боломж бий. Зарим хүн цахим хэрэгслээр харилцахын оронд тохь тухтай, өөрийн орон зайд байхыг илүүд үздэг. Таны биеэр очиж уулзсан хүмүүст ч гэсэн технологиор дамжуулан нэмэлт дэмжлэг авах нь тустай. Харилцах боломжит нөөц бололцооны талаар ярилц. Дараа нь явцыг шалган, холбоотой бай. Харилцахдаа хүн бүрийн сонголтыг харгалзаж үз.

Видео дуудлага гэх мэт технологи нь завгүй эсвэл хол амьдардаг хүмүүст заахад тустай. Заримдаа технологийн тусламжтайгаар хичээлд оролцох нь гишүүдэд илүү хялбар байдаг.

Залуу суралцагчдад тусал

Аврагч тохинууллынхаа үеэр шавь нартаа “Хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр, Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал бол тэдэн шиг хүмүүсийнх юм” (Марк 10:14) хэмээн хэлсэн. Та хүүхдүүдэд заахдаа тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, арга барил болон захиасаа тохируулна уу. Тэдний мэддэг зүйлсийн талаар ярилцах замаар сайн мэдээг судлахад нь тусал. Тэд таны зааж буй зүйлийг ойлгож байгаа эсэхэд анхаар.

Судраас судлах

Сургаал ба Гэрээ 84:85-ыг унш. “Хүн бүрд тохирох хувийг” өгнө гэдэг нь ямар утгатай вэ? Та үүнийг хичээлдээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Их Эзэн юу хэлэхээ мэдэх талаар итгэлтэй номлогчдод юу амласан бэ?

Хамтрагчтайгаа эв нэгдэлтэй заа

Их Эзэн: “Та нар миний сайн мэдээг номлож, хоёр хоёроороо … миний Сүнсний хүчээр урагш одох ёстой” (Сургаал ба Гэрээ 42:6) хэмээн хэлсэн. Тэр мөн таныг болон таны хамтрагчийг нэг байгтун” (Сургаал ба Гэрээ 38:27) хэмээн зарлигласан. Хэрэв та хамтрагчтайгаа эвтэй нэгдэж ажиллах юм бол та хоёрын зааж байгаа зүйл илүү хүчтэй, сонирхолтой байх болно. Ээлжлэн, хичээлийг бага бага хэсгээр заа.

Хамт судлахдаа эв нэгдэлтэй байхын тулд хэрхэн заахаа ярилцаж, дадлага хий. Хүмүүст онлайнаар заахдаа хэрхэн хамтран ажиллахад бэлтгэ. 2-р бүлэгт тоймлосон технологийг аюулгүй ашиглах удирдамжийг дагаж мөрдөнө үү.

Номлогчид нэг хүнд зааж байгаа нь

Хамтрагчаа зааж байхад түүний төлөө залбирч, сонсож, харж байгаарай. Хамтрагчийнхаа гэрчилсэн үнэний хоёр дахь гэрч нь болж хамтрагчаа дэмж (Алма 12:1-ийг үзнэ үү). Ямар нэг зүйл хэл гэсэн Сүнсний өдөөлтийг хүлээн авсан бол уг мэдрэмжийг дага.

Зааж байгаа хүмүүсийнхээ хэн болохыг чин сэтгэлээсээ сонирх. Тэднийг сонс. Тэднийг ярьж байхад эсвэл өөрөө тэдэнтэй ярьж байх үедээ харцаа бүү салгаарай. Тэдний хариултыг анхааралтай ажиглаж, сүнслэг өдөөлтийг сонс.

Гишүүдийг оролцоход урих

Зааж байгаа хүмүүст тань зааж, дэмжлэг үзүүлэхэд гишүүдийг урь. Энэ нь биечлэн эсвэл цахим байдлаар байж болно. Долоо хоног тутмын зохицуулах хурлын үеэр хэн тусалж болох талаар тойргийн удирдагчидтай зөвлөлд.

Гишүүд заах, найзлан нөхөрлөх ажилд оролцох үедээ нэмэлт ойлголт өгч, найз нөхдийн хувиар харилцаа холбоо тогтоох боломжтой. Тэд номлогчийн ажлын баяр баясгаланг мэдрэх болно.

Заахад туслахыг гишүүдээс хүс

Хичээлийн өмнө хэрхэн хамтран ажиллахаа гишүүдтэй төлөвлө. Та юу зааж байгаа, хэн залбирах, яриаг хэн хөтлөх болон өөр бусад дэлгэрэнгүй мэдээллийг мессежээр эсвэл утсаар товч ярьж болно.

Хичээлийн үеэр гишүүд чин сэтгэлээсээ гэрчлэл, хувийн туршлагаа товч хуваалцах, зааж буй хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоох гэсэн үндсэн үүрэгтэй. Та гишүүдээс тухайн хичээлийн тодорхой нэг зарчмын талаар хэрхэн сурч мэдэн, хүлээн авч мөн даган амьдарч байгаагаа хуваалцахыг хүсэж болох юм. Хэрэв тэд хөрвөгч бол хэрхэн Сүмд нэгдэхээр шийдсэнээ хуваалцахад урь.

Хэрэв гишүүд сонирхогчийн нэрийг өгсөн бол тэднээс хичээлд оролцохыг хүс. Энэ нөхцөлд гишүүдийг илүү их татан оролцуулж болно. Хэрхэн оролцохыг хүсэж байгаа талаар нь тэдэнтэй зөвлөлд.

Гишүүдтэй хамт заахдаа технологийг хэрхэн ашиглах нь хэр тохиромжтой байж болох талаар бодож үз. Технологи нь биечлэн очиж уулзахад цаг хугацаа зарцуулалгүйгээр тантай хамт байх боломжийг гишүүдэд олгодог.

Долоо хоног тутмын зохицуулах хуралд тойргийн удирдагчидтайгаа хамт тухайн гишүүнийг аль болох олон хичээлд татаж оролцуулахаар төлөвлө (13-р бүлгийг үзнэ үү). Шинэ гишүүдээс заахад туслахыг хүсэх талаар бодож үз.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Гишүүний гэрт нэгэн гэр бүлд хичээл заахаар тохирсон гэж төсөөл. Дараах гишүүн бүрийг хэрхэн хичээлд оролцуулахаа ярилц. Үүнд:

  • Бүрэн цагийн номлолоос саяхан буцаж ирсэн тойргийн номлогч

  • Прист

  • Шинэ гишүүн

  • Ахлагчийн чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч

Гишүүдийг дэмжлэг үзүүлэхэд урь

Түүнчлэн гишүүд хичээлүүдийн хооронд хүмүүст үнэтэй дэмжлэг үзүүлж чадна. Тэд мессеж бичих, хамтдаа судраас унших, хүмүүсийг гэртээ эсвэл үйл ажиллагаанд урих аль эсвэл сүмд хамт суух замаар тусалж болно. Тэд асуултад хариулж, Сүмийн гишүүдийн хувьд амьдрал нь ямар болохыг харуулж чадна. Тэдний амьдралын туршлага, харах өнцөг нь заримдаа номлогчдын харилцдаг байдлаас нэлээн өөрөөр хүмүүстэй харилцан холбогдоход тусалдаг.

Хичээл заах уулзалтаас гадуур хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлэхэд хамтран ажиллах арга замуудын талаар гишүүдтэй зөвлөлд.

Ойлгуулахын тулд заах

Хүмүүст ойлгуулахын тулд Есүс Христийн сайн мэдээг заа. Судрууд болон хичээлүүдийг ойлгомжтой заахын тулд тэдгээрийг судал. Хэдий чинээ ойлгомжтой заана, Ариун Сүнс үнэний талаар төдий чинээ илүү сайн гэрчлэх боломжтой.

Заасан зүйлийн тань талаар бодоход туслах асуултыг хүмүүст тавь. Дараа нь ойлгож уу, хүлээж авч уу гэдгийг мэдэхийн тулд тэднийг сонс.

Ойлгомжтой заахын нэг хэсэг бол үг, хэллэг, санааг тайлбарлах явдал юм Та дараах байдлаар сайн мэдээг заах чадвараа сайжруулах боломжтой. Тухайлбал:

  • Хэрэглэж байгаа үгсээ ойлго.

  • Бусдын ойлгохгүй байж болох үгсийг тайлбарла.

  • Хүмүүсээс “Та бидний сая тайлбарласан зүйлийн талаар юу ойлгосноо бидэнтэй хуваалцах уу?” эсвэл “Та бидний ярилцсан зүйлсийг нэгтгэн дүгнэж болох уу?” зэргээр асуу.

3-р бүлэг дэх сургаалыг заахдаа хүмүүсийн ойлгохгүй байж болох аливаа үг, хэллэг, санааг анхааралдаа ав. Тэдгээрийг Gospel Library дахь Судруудын удирдамж зэрэг эх сурвалжийг ашиглан тодорхойл.

Хичээлээ энгийн бөгөөд товчхон байлга. Үүнийг Есүс Христийн сайн мэдээнд төвлөрүүлж, үндсэн сургаал, зарчмуудын талаарх ойлголтыг нь хөгжүүл. Ариун Сүнснээс ирдэг ойлголтыг эрэлхийлэхэд хүмүүст тусал. Тэд энэхүү ойлголтыг олж авснаар сайн мэдээний захиасанд итгэдэг болно.

Судраас судлах

Яагаад бид сургаалыг тайлбарлахдаа болгоомжтой байх ёстой вэ?

Бид хэрхэн сурдаг вэ? Мэдээллийг бага багаар заах нь яагаад чухал вэ?

Яагаад энгийн байх нь чухал вэ?

Бурхан хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдаг талаар дараах шүлгээс юу мэдэж авч болох вэ?

Асуулт тавих

Аврагч Өөрийнх нь заасан үнэний талаар тунгаан бодож, гүнзгий мэдрэхэд туслах асуултуудыг хүмүүст тавьдаг байсан. Түүний асуулт сэтгэл рүүгээ өнгийн харж, дагаж мөрдөх хүслийг төрүүлдэг байв.

Сайн асуултууд таны хичээлд ч мөн чухал. Тэдгээр нь хүмүүсийн сонирхол, асуудал, асуултуудыг ойлгоход танд тусална. Сайн асуултууд нь Сүнсийг урьж, хүмүүст сурч мэдэхэд тусалдаг.

Сүнслэгээр өдөөгдсөн асуулт тавь

Сайн асуулт тавихдаа Сүнсний удирдамжийг эрэлхийл. Зөв цагт зөв асуулт тавих нь хүмүүст сайн мэдээг сурч, Сүнсийг мэдрэхэд тусалдаг.

Сүнслэгээр өдөөгдсөн асуултууд болон чин сэтгэлээсээ сонсох нь хүмүүст биеэ барилгүй нээлттэй ярилцаж, бодол санаагаа хуваалцахад тусална. Энэ нь гэрчлэл нь өсөж байгааг олж харахад тэдэнд тусална. Тэд мөн ямар нэг зүйлийг ойлгохгүй байвал эсвэл асуудал гарч ирэх үед биеэ барилгүйгээр танаас асуух болно.

Дараах хүснэгтэд сүнслэгээр өдөөгдсөн асуулт тавих зарчмуудыг зарим жишээний хамт өгөв.

Сүнслэгээр өдөөгдсөн асуултуудын зарчим ба жишээ

Зарчим

Жишээ

Хүмүүсээс Сүнсийг мэдрэхэд туслах асуулт тавь.

  • Та Бурханы нөлөөг амьдралдаа мэдэрч байсан туршлагаасаа хуваалцана уу?

  • Бурханы таныг гэх хайрыг та хэзээ мэдэрч байсан бэ?

Энгийн бөгөөд ойлгоход амархан асуулт тавь.

  • Та энэ судраас Есүс Христийн талаар юу мэдэж авсан бэ?

Зааж байгаа зүйлийн тань талаар бодоход хүмүүст туслах асуулт тавь.

  • Энэ нь таны аль хэдийн итгэдэг зүйлтэй хэр адил байна вэ? Юугаараа ялгаатай байна вэ?

Таны зааж буй зүйлийг хэр сайн ойлгож байгааг мэдэхэд хүмүүст туслах асуулт тавь.

  • Бидний өнөөдөр заасан зүйлийн талаар танд ямар асуулт байна вэ?

  • Та бидний өнөөдрийн яриаг хэрхэн хураангуйлж болох вэ?

Юу мэдэрч байгаагаа хуваалцахад туслах асуулт тавь.

  • Есүс Христ хэрхэн таны амьдралд тусалж байсан бэ?

  • Өнөөдөр бидний ярилцсан зүйлээс танд юу нь хамгийн чухал санагдсан бэ?

Хайрлаж, санаа тавьж байгааг тань харуулах асуулт тавь.

  • Бид та нарт хэрхэн тусалж болох вэ?

Хүмүүст сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь туслах асуулт тавь.

  • Бид энэ судраас юу мэдэж авч болох вэ?

  • Энэ судар таны амьдралд хэрхэн туслах вэ?

  • Бидний ярилцсанчлан, танд сурсан зүйл дээрээ үндэслэн ямар зүйл хийх сэдэл төрсөн бэ?

Хамтрагчтайгаа судлах

Сүүлд заасан хичээлийнхээ төлөвлөгөөг эргэн хар. Төлөвлөгөөндөө тоймлосон гол зарчим бүрээр нэг асуулт бич.

Асуултууд нь энэ хэсэг дэх зарчмуудтай нийцэж байгаа эсэхийг шалга.

Дараа нь хичээл заалгаж байгаа хүн мэтээр асуулт бүрд хариул.

Асуултаа хамтрагчтайгаа хуваалц. Хамтдаа асуултуудаа үнэлж дүгнэн, сайжруулаарай.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Зааж байгаа хүмүүст тань дараах зүйлс тохиолдож магад.

  • Тэд Мормоны Номыг уншиж байхдаа сүнсийг мэдэрдэг.

  • Хамт ажилладаг хүмүүс нь шашин шүтлэгтэй холбоотой зүйлсэд байнга доог тохуу хийн ханддаг.

  • Гэр бүлийн гишүүд нь өөр сүмийн идэвхтэй гишүүд.

  • Найзууд нь “мормончууд”-ыг Христэд итгэгчид биш гэж итгэдэг.

Дээрх нөхцөл байдал бүрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд ямар асуулт тавьж болох талаар бод. Судлах тэмдэглэлдээ тэдгээр асуултыг бич. Бичсэн асуултуудаа хэрхэн сайжруулж болох талаар хамтрагчтайгаа ярилц.

Үр дүнгүй эсвэл хэт урт асуултаас зайлсхий

Дараах асуултуудыг тавихгүй байхыг хичээ. Үүнд:

  • Хариулт нь тодорхой;

  • Хариултаа мэдэхгүй хүнийг эвгүй байдалд оруулж болох;

  • Нэгээс илүү санаа агуулсан;

  • Заагаагүй сургаалтай холбоотой;

  • Тодорхой зорилгогүй;

  • Хэт урт;

  • Янзыг нь үзсэн эсвэл хүмүүсийг бухимдуулж, гомдоож болзошгүй.

Үр дүн муутай асуултуудын жишээг өгье.

  • Анхны бошиглогч хэн байсан бэ? (Тухайн хүн хариултыг нь мэдэхгүй байж болно.)

  • Бие махбодоо цэвэр ариун байлгах нь Сүнстэй хамт байж, Бурханы бошиглогчийг дагахад бэлэн гэдгээ харуулахад хэрхэн бидэнд туслах вэ? (Нэгээс илүү санаа агуулсан.)

  • Бурханы зарлигуудыг мэдэх нь чухал уу? (Энэ бол хариулт нь ойлгомжтой, тийм-үгүй гэж хариулах асуулт)

  • Бидэнд Бурхантай илүү ойртоход туслах ямар зүйлийг бид өдөр бүр хийж болох вэ? (“Залбирах” гэх мэт тодорхой хариулт авах гэсэн тодорхой бус асуулт.)

  • Ноагийн дараачийн бошиглогч хэн байсан бэ? (Тухайн хүн хариултыг нь мэдэхгүй байж болох бөгөөд асуулт нь таны захиасанд чухал биш.)

  • Миний асууж байгаа зүйлийг ойлгож байна уу? (Тухайн хүнд та өөрийг нь дорд үзэн ярьж байгаа мэт санагдаж болох юм.)

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Зааж байгаа хүнийхээ хэрэгцээг бодож үз. Таны асуултуудад тэр хэрхэн хариулж болох талаар ярилц. Энэ хэсгийн удирдамжид нийцсэн асуултуудыг тавихаар төлөвлө. Эдгээр асуулт нь хэрхэн Сүнсийг урьж, сайн мэдээнээс судлахад нь тухайн хүнд тусалж болохыг ярилц.

Сонсох

Бусдыг анхааралтай сонссоноор та тэднийг илүү сайн ойлгоно. Тэдний бодол санаа, мэдрэмж танд хэчнээн чухал болохыг тэд мэдэх юм бол зааж буй зүйлийг тань илүү нээлттэй хүлээн авч, хувийн туршлагаа хуваалцаж, амлалт өгөх магадлал илүү өндөр байна.

Тэднийг сонссоноор та зааж байгаа зүйлээ хэрхэн тэдний хэрэгцээ, сонирхолд илүү сайн нийцүүлж болох талаар санаа олж авч чадна. Тэдэнд сайн мэдээний аль үнэн хамгийн их тустай болох талаар та илүү сайн ойлголттой болно.

Ялангуяа Сүнсний шивнээг сонс. Бусад хүнийг сэтгэлээ хуваалцаж байх үед Ариун Сүнс танд бодол төрүүлж, санаа өгч болох юм. Сүнс танд хүмүүсийн юу илэрхийлэхийг хичээж байгааг ойлгоход тусална.

Нэгэн гэр бүлтэй ярьж байгаа номлогчид

Чин сэтгэлээсээ анхаарал халамж тавин сонс

Сонсоход хүчин чармайлт гаргаж, чин сэтгэлээсээ анхаарал халамж тавих шаардлагатай. Өөр хүнийг ярьж байхад та түүний хэлж буй зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд анхаар. Хэлэх зүйлээ төлөвлөдөг хандлагаас зайлсхий.

Ахлагч Жэффри Р.Холланд: “Ярихаас илүү чухал зүйл бол сонсох юм. Тэр хүмүүс баптисмын статистикийн тооны ард байдаг амьгүй биес биш ээ. Эдгээр найзаасаа тэдэнд юу хамгийн их чухал байдгийг асууж, мэд. Тэд юуг нандигнаж, юуг эрхэмлэдэг вэ? Тэгээд сонс. Хэрэв нөхцөл байдал зөв тохиромжтой байвал та нар тэдний юунаас эмээдэг, юу хүсэж мөрөөддөг эсвэл амьдралд нь юу дутагдаж байгааг асууж лавлаж болох юм. Тэдний хэлэх ямар нэг зүйл үргэлж та нарын гэрчлэлээ хуваалцаж болох, бүр илүү ихийг ч өгч болох сайн мэдээний ямар нэгэн үнэнийг онцолно гэдгийг би амлая. Хэрвээ бид хайраар сонсох юм бол юу гэж хэлэх талаар санаа зовохгүй байх болно. Энэ нь бидэнд Сүнсээр мөн найз нөхдөөр маань дамжин өгөгдөх болно” (“Witnesses Unto Me,” Ensign, May 2001, 15).

Үгэн бус хэлэмжийг ажигла

Хүмүүс мөн биеийн хэлэмжээр харилцдаг. Тэдний сууж байгаа байдал, нүүрний хувирал, гараараа үйлдэж байгаа хөдөлгөөн, дууны өнгө, хаашаа харж байгаа байдлыг ажигла. Эдгээр үгэн бус хэлэмжийг ажиглах нь зааж байгаа хүмүүсээ ойлгоход танд тусална.

Түүнчлэн өөрийн биеийн хэлэмжид анхаар. Чин сэтгэлээсээ сонссоноор сонирхож, шамдан сонсож байгаагаа харуул.

Хүмүүст бодож, хариулах цаг гаргаж өг

Аврагч хариулахад цаг хугацаа шаарддаг асуултуудыг ихэвчлэн тавьдаг байсан. Асуулт тавихдаа тухайн хүнд бодож, хариулах боломж олгож түр чимээгүй бол. Чимээгүй байхаас бүү ай. Хүмүүст асуултад хариулан, мэдэрч буй зүйлээ илэрхийлэхэд нь ихэвчлэн бодох хугацаа хэрэгтэй байдаг.

Та асуулт тавьж, сүнслэг туршлагаа хуваалцсаныхаа дараа эсвэл хүмүүс өөрсдийгөө илэрхийлж чадахгүй байвал түр чимээгүй болж болно. Өөрөө хариулахаасаа өмнө тэдэнд бодож дуусах цаг гаргаж өгөхөд анхаар. Тэдний яриаг бүү таслаарай.

Бусдын зовлонг ойлгон хариул

Боломжтой бол тухайн хүнийг асуултад хариулсны дараа зовлонг нь ойлгож байгаагаа илэрхийлэн хариулаарай. Бусдын зовлонг ойлгодог чанар нь таны чин сэтгэлээсээ санаа тавьдаг гэдгийг харуулдаг. Шууд дүгнэлтэд хүрч, шийдэл санал болгохоос зайлсхийн, бүх хариултыг мэддэг гэж харагдахгүй байхыг хичээ.

Хүмүүсийн хэлснийг ойлгож байгаагаа батал

Хүний хэлж буй зүйлийг ойлгохыг хичээхдээ, өөрийнхөө юу ойлгосныг нягталдаг байхад анхаар. Жишээлбэл: “Тэгэхээр та … гэж хэлж байгаа юм байна. Зөв үү?” эсвэл “Хэрэв би зөв ойлгосон бол та … гэж бодож байгаа юм байна” гэж асууж болно. Зөв ойлгосон эсэхдээ эргэлзэж байвал тодруулж өгөхийг уг хүнээс хүс.

Харилцааны асуудлыг шийд

Та Есүс Христийн сайн мэдээг зааж өгснөөр хүмүүст хамгийн их тус хүргэнэ. Зарим хүн ганцаараа ярих хүсэлтэй байж ч мэднэ. Заримдаа хүмүүст зөвхөн тэдний зовлон бэрхшээл, санаа бодлыг ойлгож сонсох хүн хэрэгтэй байдаг. Харин зарим нь хүнийг давж дээр нь гарах, хэрүүл маргаан гаргах гэж оролддог.

Ийм нөхцөл байдлыг эелдгээр, хайраар зохицуулж сур. Та тухайн хүний хуваалцсан зүйлд тохируулан хичээлээ өөрчилж болно. Эсвэл дараа нь тэдний асуудлыг авч ярилцмаар байгаагаа эелдгээр хэлэх хэрэг ч гарч болох юм. Хүнд хэцүү нөхцөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхэд Сүнс танд тусална.

Сэтгэл санаагаа нуулгүй хуваалцахад хүмүүст тусал

Ичмээр байдалд орохгүйн тулд зарим хүн асуултад хариулахдаа бодол санаагаа нуулгүй хуваалцахын оронд таны сонсохыг хүсэж байгаа гэж бодсон хариултыг өгдөг. Тантай сэтгэл санаагаа нуулгүй хуваалцах боломжийг олгох харилцаатай болохыг эрэлхийл.

Хүмүүсийг ойлгож, тэдэнтэй холбогдох нь танд тэдэнд тусалж, тэдний сонирхол, хэрэгцээнд нийцүүлэх, Аврагчийн хайрыг тэдэнд илэрхийлэх боломжийг олгоно. Тэдэнтэй үнэнч шударга, номлогчийн зохистой харилцаатай байж, хүндэтгэл үзүүлснээр итгэлцлийн харилцаа үүсгэ.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Бусдыг хэр сайн сонсож байгаагаа эргэцүүлэн бод. Доорх асуултуудын хариултыг судлах тэмдэглэлдээ бич. Эсвэл хамтрагчтайгаа ярилц.

A = Огт үгүй, B = Заримдаа, C = Ихэвчлэн, D = Үргэлж

  • Хүмүүсийг надтай ярьж байхад би анхааралтай сонсохын оронд хуваалцаж болох төстэй тохиолдлуудын талаар боддог.

  • Хүмүүсийг сэтгэлээ хуваалцаж байхад би тэдний оронд өөрийгөө тавьж надад ямар байх байсныг ойлгох гэж хичээдэг.

  • Би хүмүүст заахдаа дараа нь юу хэлэх, юу заахаа боддог.

  • Би хүмүүсийг хэт их ярихад бухимддаг.

  • Бусдын юу гэх гээд байгааг мэдэж, ойлгоход надад хэцүү байдаг.

  • Хамтрагчаа зааж байх хооронд би өөр зүйл боддог.

  • Хэн нэгнийг надтай ярьж байх үед өөр хүн дундуур орж ирэхэд эсвэл анхаарлыг маань сарниулахад би уурладаг.

  • Ямар нэг зүйл хэлэх эсвэл хийх сүнслэг өдөөлт хүлээн авсан ч би тэдгээрийг дагадаггүй.

Хүмүүст асуулт, асуудлынхаа хариултыг олоход туслах

Хүмүүсийн асуултад чин сэтгэлээсээ хариулж, асуудлыг шийдвэрлэхийг хичээ. Гэхдээ асуулт бүрд хариулах нь таны үүрэг биш юм. Эцсийн эцэст хүмүүс асуулт, асуудлаа өөрсдөө шийдэх ёстой.

Бүх асуулт, асуудалд бүрэн хариулах боломжгүй гэдгийг ойлгоорой. Зарим хариулт цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тодорхой болдог. Зарим хариултыг хараахан өгөөгүй байгаа. Сайн мэдээний үндсэн, нэн чухал үнэний бат бөх суурийг тавихад анхаарлаа төвлөрүүл. Энэхүү суурь нь танд болон таны зааж байгаа хүмүүст хариу нь байхгүй эсвэл хэцүү асуулт гарч ирэх үед тэвчээртэй, итгэлтэй урагшлахад тусална.

Асуултад хариулах зарим зарчмыг энэ хэсэгт тоймлосон болно.

Худгийн дэргэд Есүс самари эмэгтэйн хамт

Асуудлыг ойлго

Таны хүмүүст зааж буй зарим зүйл ойлгоход хэцүү эсвэл харь зүйл мэт санагдаж магад. Хэрэв хүмүүст асуулт, асуудал байвал эхлээд тэдгээрийг тодорхой ойлгохыг хичээ. Заримдаа хүмүүсийн асуудал яг мөсөн уултай адил байдаг. Зөвхөн багахан хэсэг нь л гадаргуу дээр ил харагддаг. Эдгээр асуудал амаргүй байх нь бий. Ялган таних бэлгийн төлөө залбирч, Сүнсийг даган хариул. Тэнгэрлэг Эцэг бүх хүний зүрх сэтгэл, туршлагыг мэддэг (мөсөн уулыг бүхэлд нь). Тухайн хүний хувьд юу хамгийн сайн болохыг мэдэхэд Тэр танд тусална.

Ихэнх тохиолдолд асуудал нь сургаалын бус, харин нийгмийн чанартай байдаг. Жишээлбэл: Зарим нь Сүмд нэгдвэл гэр бүлийн гишүүд нь эсэргүүцнэ гэдгээс эмээж байж болно. Эсвэл ажлын найз нөхөд нь нүүр буруулахаас айж болох юм.

Асууж, сонсох замаар асуудлынх нь эх үүсвэрийг ойлгохыг эрэлхийл. Тухайн хүнд Сэргээлтийн үнэний талаар сүнслэг баталгаа байхгүй учраас асуудал гарч ирсэн үү? Энэ нь тухайн хүн сайн мэдээний зарчмын дагуу амьдрахыг хүсэхгүй байгаа учраас үүссэн үү? Тэдний асуудлын шалтгааныг мэдэх нь гэрчлэлд анхаарлаа төвлөрүүлэх үү, амлалтад төвлөрүүлэх үү гэдгийг мэдэхэд танд тусална.

Асуултад хариулахдаа судруудыг, ялангуяа Мормоны Номыг ашигла

Судар дээрх үнэнүүд тэдний асуултад хариулж, асуудлыг нь шийдвэрлэхэд хэрхэн тусалж болохыг хүмүүст харуул. (5-р бүлэг дэх Мормоны Ном бодгалийн асуултуудад хариулдаг хэсгийг үзнэ үү.) Хүмүүс судраас судалж, хэрэгжүүлэх замаар сүнслэг өдөөлт эрэлхийлэх үедээ Их Эзэнийг сонсож, дагах чадвар нь өсөн нэмэгддэг. Түүнд итгэх тэдний итгэл нэмэгдэнэ. Итгэл нэмэгдэхийн хэрээр гэрчлэлтэй болж, наманчилж, баптисм хүртдэг.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Заримдаа би сургаалын талаар мэдэхээр судраас уншдаг. Заримдаа би удирдамж заавар авахаар уншдаг. Асуух боллоо гэхэд, би ихэвчлэн “Бурхан намайг юу хий гэх байсан бэ?” эсвэл “Тэр надад юуг мэдрүүлэх байсан бэ?” гэж асуун уншдаг. Ямар ч тохиолдолд би урьд өмнө хэзээ ч орж ирж байгаагүй шинэ санаа орж ирж, асуултынхаа хариуд сүнслэг өдөөлт, удирдамж заавар хүлээн авдаг” (Henry B. Eyring, “A Discussion on Scripture Study,” Ensign, July 2005, 22).

Есүс Христийн сайн мэдээний талаарх бидний ойлголтын ихэнх нь бошиглогч Иосеф Смитэд болон түүний залгамжлагчдад илчлэгдсэн зүйлээс ирдэг гэдгийг тайлбарлах нь тустай байж болох юм. Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан талаар гэрчлэлтэй болох нь сайн мэдээний үнэний талаарх асуултуудыг шийднэ. Мормоны Номын талаар уншиж, залбирах нь энэхүү гэрчлэлийг олж авахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхэд нь хүмүүст тусал. Мормоны Номыг уншиж, залбирах нь тэдний итгэлийг бэхжүүлэхэд туслах чухал арга зам юм.

Итгэлийнхээ дагуу үйлдэхэд хүмүүсийг урь

Сэргээгдсэн сайн мэдээний талаар гэрчлэлээ хөгжүүлж, хүчирхэгжүүлснээр хүмүүс өөрсдийн асуулт, асуудлыг итгэл дээрээ тулгуурлан шийдвэрлэх боломжтой болно. Итгэдэг үнэнийхээ дагуу үйлдвэл сайн мэдээний бусад үнэний талаар гэрчлэлтэй болох боломж нээгдэнэ.

Итгэлээр үйлдэх зарим арга замыг өгье.

  • Сүнслэг өдөөлт, удирдамж заавар авахын тулд байнга, үнэн хүсэлтэйгээр залбир.

  • Судруудыг, ялангуяа Мормоны Номыг судал.

  • Сүмдээ яв.

Хамтрагчтайгаа судлах

Зааж байхдаа өгч болох нэг урилгыг сонго. Дараа нь хэн нэгнийг урилга хүлээж авахад эсвэл амлалтаа биелүүлэхэд саад болж болох асуудлуудыг тодорхойл. Асуудлуудаа шийдвэрлэхэд хүмүүст хэрхэн туслах хамгийн сайн арга замын талаар ярилцаж, дадлага хий.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Дараах асуудлуудад хариулахдаа та Иосеф Смит болон Мормоны Номын талаар юу гэж хэлэхээ судлах тэмдэглэлдээ бич.

  • “Бурхан хүмүүстэй ярьдаг гэдэгт би огт итгэдэггүй.”

  • “Зохион байгуулагдсан шашнаар дамжилгүйгээр Бурханыг өөрийн арга замаар шүтэн биширч болно гэдэгт би итгэдэг.”

  • “Танай сүмд нэгдлээ гээд би яагаад хоолныхоо үеэр дарс уухаа болих ёстой гэж?”

  • “Шашин надад яагаад хэрэгтэй вэ?”

Судлах, залбирах зүйл үлдээх

Очиж заах хичээл бүрийн төгсгөлд хүмүүст судлах, тунгаан бодох, дараагийн уулзалтад бэлтгэхийн тулд залбирах ямар нэгэн зүйл гарга. Очиж заах хичээлүүдийн хооронд уншиж, залбирч, тунгаан бодох нь Ариун Сүнсний нөлөөг тэдний амьдралд урин авчрах болно.

Та хүмүүсийг Мормоны Номын тодорхой бүлгүүдийг уншихад урьж болно. Эсвэл та тэдний асуултын хариултыг олж, аль нэгэн сэдвийн талаар судалж, видео үзэхийн тулд Gospel Library зэрэг Сүмийн эх сурвалжуудыг ашиглахад урамшуулж болно. Энэ нь дараагийн уулзалтаар яриаг эхлүүлэх сэдэв болно.

Судраас судалж буй хүн

Хүмүүст, ялангуяа та тэдэнтэй ойр ойрхон, богино хугацаанд заадаг бол хэт их хийх зүйл өгөхөөс зайлсхий.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Энэ долоо хоногт хичээл заахаар төлөвлөсөн хүмүүсийнхээ талаар нэг бүрчлэн бод. Мормоны Номын ямар бүлгүүд тэдэнд хамгийн их туслах вэ? Өөр ямар эх сурвалж тэдэнд туслах вэ? Хүн бүрд юу өгөх гэж байгаагаа тэмдэглэ. Мөн дараагийн уулзалтаар үйл явцыг мэдэхийн тулд юу хийхээ тэмдэглэ.

Донтолттой хүмүүст туслах

Та донтолтоос салахыг хичээж буй хүмүүстэй зовлон бэрхшээлийнх нь талаар хайраар ярилцаж, өргөн дэмжиж, тус болох эх сурвалжуудтай холбох замаар тусалж чадна. Та тэднийг Сүмийн донтолтоос салахад туслах аль нэгэн бүлэгт оролцохыг уриалж болно. Тэдгээр бүлэгт биечлэн эсвэл онлайнаар оролцож болно. (AddictionRecovery.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.) Gospel Library дахь “Амьдралд зориулсан тусламж”-аас “Донтолт” хэсгийн эх сурвалжуудыг ашиглахад тэднийг урамшуул.

Орон нутгийн Сүмийн удирдагч, гишүүд бас дэмжлэг тусламж үзүүлж болно. Зарим донтолттой хүнд мэргэжлийн эмч, сэтгэцийн эмчилгээ үйлчилгээ шаардлагатай байж магадгүй.

Донтолтоос салахыг хичээж буй хүмүүсийг хэрхэн дэмжих талаар хэдэн зөвлөмжийг энд оруулав. Үүнд:

  • Христэд ирэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтад нь тусламж дэмжлэг үзүүл. Донтолтоосоо салж, эдгэрэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр харж, үнэлж байгааг олж харахад нь тэдэнд тусал. Тэд Аврагчаар болон Түүний Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжиж чадна гэдгийг тэдэнд заа. Чин сэтгэлээсээ сайн сайхныг хийх гэсэн тэдний хүслийг Аврагч мэддэг.

  • Та тэдэнтэй хамт мөн ганцаараа залбирахдаа тэдний төлөө залбир. Боломжтой бол орон нутгийн санваарын удирдагчаас санваарын адислал авахыг эрэлхийлэхэд тэднийг урамшуул.

  • Есүс Христийн сайн мэдээг үргэлжлүүлэн заа. Тэнгэрлэг Эцэг, Аврагч, Ариун Сүнс гурав тэдэнд хайртай бөгөөд амжилтад хүрээсэй гэж хүсдэг тухай заа.

  • Сүмд тогтмол явж, гишүүдтэй найзлан нөхөрлөхөд тэднийг урамшуулан дэмж.

  • Ялангуяа буцаж донтсон бол өөдрөг байж, урам дэм өг.

Есүс эмэгтэйд хүрч байгаа нь

Донтолтоос салах хэцүү бөгөөд буцаж орсон тохиолдол ч бий. Сүмийн удирдагч, гишүүд үүнд цочирдох ёсгүй. Тэд шүүмжлэхгүйгээр, хайрлаж буйгаа харуулах ёстой.

Шинэ хөрвөгч гэнэт сүмд ирэхээ больсон бол буцан донтож, өөрийгөө зохисгүй хэмээн бодож, сэтгэлээр унасан байж болзошгүй. Даруйхан очиж уулзан, урам зориг өгч, дэмжлэг үзүүлэх нь тус болж болох юм. Гишүүд үг, үйл хөдлөлөөрөө Сүм бол Христийн хайрыг олох газар гэдгийг үзүүлэх ёстой (3 Нифай 18:32-ыг үзнэ үү).

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Донтолтоос салахыг хичээж буй зааж байгаа хүнээ, шинэ хөрвөгчөө эсвэл эргэн ирж буй гишүүнийхээ талаар бод. 3-р бүлэг дэх Есүс Христийн сайн мэдээ хичээлийн “Есүс Христэд итгэх итгэл,” “Наманчлал” зэрэг хичээлийг унш.

  • Та тухайн хүнд туслах ямар зүйлийг энэ хичээл болон бүлгээс зааж болох вэ?

  • Тухайн хүнд туслах хичээлийн төлөвлөгөө гарга.

Христийн шашин шүтлэггүй хүмүүст заах

Таны заадаг хүмүүсийн зарим нь Христийн шашин шүтлэгтэй холбоогүй эсвэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэдэггүй байж болно. Гэхдээ тэр хүмүүсийн ихэнхэд нь эрхэмлэн дээдэлдэг итгэл үнэмшил, зан үйл, газрууд байдаг. Та тэдний шашны итгэл үнэмшил, уламжлалыг хүндлэх нь чухал.

Бурхан гэж хэн болохыг ойлгоход тэдэнд тусал

Та Христийн шашин шүтлэггүй хүмүүст заахдаа, хэрхэн хичээлээ тохируулан өөрчилж болох талаар бодож болох юм. Итгэлтэй болгоход тусалдаг зарчмууд бүх соёлд ижил. Хүмүүст Бурханы тухай болон Есүс Христийн тэнгэрлэг үйл хэргийн талаар зөв ойлголттой болоход тусал. Тэдний хувьд эдгээр үнэнийг сурах хамгийн сайн арга зам бол хувийн сүнслэг туршлагатай болох явдал юм. Та эдгээр туршлагыг олж авахад нь тэдэнд тусалж болох зарим арга замыг дурдав.

  • Бурхан бол бидний Эцэг, Тэр бидэнд хайртай бөгөөд бид бол Түүний хүүхдүүд гэдгийг заа. Уг гэрчийг өөрсдөө олж авахыг эрэлхийлэхэд тэднийг урь.

  • Авралын төлөвлөгөөний талаар тэдэнд заа.

  • Бурхан Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэнийг заа.

  • Сайн мэдээний талаар, тухайлбал Тэнгэрлэг Эцэгийн хайрыг хэрхэн мэдэрдэг, яагаад Есүс Христийг дагахаар болсон талаарх гэрчлэлээ чин сэтгэлээсээ хуваалц.

  • Тэднийг тантай хамт болон өөрсдөө энгийн бөгөөд чин сэтгэлээсээ залбирахад урь.

  • Тэднийг тантай хамт болон ганцаараа Мормоны Номоос өдөр бүр уншихад уриал.

  • Тэднийг сүмд ирэхэд урь.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн итгэдэг болсноо тайлбарлаж чадах Сүмийн гишүүдтэй тэднийг танилцуул.

  • Тэднийг зарлигуудыг сахихад урь.

Ихэнх хүн Бурхантай илүү сайн холбоотой байж, амьдралын зорилго, утга учрыг олохыг хүсдэг. Тэд Тэнгэр дэх хайраар дүүрэн Эцэгийн хүүхдүүд бөгөөд Түүнд тэдэнд зориулсан төлөвлөгөө байгааг олж харахад тэдэнд тусал. Жишээлбэл: Та эхлээд дараах зүйлийг хэлж болно.

Бурхан бол бидний Тэнгэр дэх Эцэг ба Тэр бидэнд хайртай. Бид бол Түүний хүүхдүүд. Бид төрөхөөсөө өмнө Түүнтэй хамт амьдарч байсан. Бид бүгд Бурханы хүүхдүүд учраас бид бүгдээрээ ах, эгч, дүүс юм. Тэр биднийг Өөрт нь эргэж ирээсэй хэмээн хүсдэг. Биднийг хайрладаг тул Тэр Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан Өөр дээр нь эргэж ирэх замыг бидэнд өгсөн.

Шаардлагатай бол хичээлээ тохируулан өөрчил

Христийн бус шашнаас хөрвөгдсөн олон хүн номлогчдын зааж байсан зүйлийг төдийлөн сайн ойлгодоггүй байсан гэж хэлдэг. Гэхдээ тэд Сүнсийг мэдэрч, номлогчдын хүссэн зүйлийг хийхийг хүсдэг байсан. Сайн мэдээний сургаалыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хий. Тэвчээртэй байж, дэмжиж тусал. Сэтгэл санаагаа тодорхойлж, илэрхийлж сурахад хүмүүст хугацаа шаардагдаж болох юм. Тэдэнд туслахын тулд хичээлээ хэр хурдан, хэр гүнзгийрүүлэн заахаа тохируулан өөрчлөх хэрэг танд гарч болно.

Христийн шашин шүтлэггүй хүмүүст заах хичээлийг бэлдэхэд дараах зөвлөмжүүд тус болж болох юм. Үүнд:

  • Ямар сүнслэг хэрэгцээ, сонирхол тэднийг тантай уулзахад түлхэц болж өгч байгааг ойлго.

  • Хичээл бүрд зориулан энгийн товч тайлбар, тойм өг.

  • Юу ойлгосон, ямар зүйл болж өнгөрсөн талаар хэлэхийг тэднээс хүс.

  • Чухал үг, зарчмуудыг тодорхойл. Хичээлээ заахдаа ашигласан олон үгийг таны зааж байгаа хүмүүс мэдэхгүй байж болно.

  • Сургаалыг илүү тодорхой заахын тулд өмнө нь заасан хичээлээ дахин авч үз. Хичээлийн аль ч явцад дахин авч үзэх хэрэг гарч болох юм.

  • Сайн мэдээний адислалуудыг мэдрэхэд нь хүмүүст туслахын тулд өгч болох урилгуудаа тодорхойл.

Христийн шашин шүтлэггүй хүмүүст туслахын тулд ашиглаж болох Gospel Library дэх зарим эх сурвалж:

  • Бурхан гэж хэн бэ?

  • Есүс Христ гэж хэн бэ?

  • Есүс Христ бол Бурханы Хүү.

  • Муслим ба хожмын үеийн гэгээнтнүүд: Итгэл үнэмшил, үнэт зүйлс болон амьдралын хэв маяг

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Боломжтой бол номлогчидтой уулзахаасаа өмнө Христийн шашин шүтлэггүй байсан хөрвөгчийг ол. Түүнтэй уулзах цаг товлож, хөрвөгдсөн түүхийнх нь талаар асуу. Жишээлбэл: Та тэр хүнээс дараах зүйлийг асууж болно. Тухайлбал:

  • Юу түүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэхэд хөтөлсөн бэ?

  • Анх удаа залбирахад ямар байсан бэ?

  • Залбирлынхаа хариуг авснаа анх мэдрэхэд ямар байсан бэ?

  • Хөрвөгдөхөд нь судрууд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

  • Сүмд очиход ямар байсан?

Сурч мэдсэнээ судлах тэмдэглэлдээ бич.

Христийн шашин шүтлэггүй хүнд заахад туслах хэн нэгнийг урих талаар бодож үз.


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Та өөрийгөө доорх нөхцөл байдалд орсон гэж төсөөл. Энэ хүмүүст өсөж хөгжихөд нь туслахын тулд та энэ бүлэг дэх зарчим, ур чадваруудыг хэрхэн ашиглаж болох вэ? Нөхцөл бүрд тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлө.

    • Баптисм хүртэхээр бэлтгэж байсан хүн тантай уулзахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

    • Хоёр жилийн турш хэд хэдэн номлогчоор заалгасан хүнтэй та долоо дахь удаагаа уулзаж байна. Түүнээс өсөж хөгжиж байгаа шинж тэмдэг маш бага харагдаж байлаа.

  • Номлогчийн хичээлүүдээс нэгийг сонго. Гол зарчим бүрээс нэг эсвэл хоёр судрын хэсгийг тодорхойл. Энэ бүлгийн “Судруудыг ашигла” хэсэгт тоймлосноор тэдгээр судрын хэсгээ заах дадлага хий.

Хамтрагчтайгаа судлах, хамтрагчтайгаа харилцан ярилцах

  • Алма 18–19-өөс Аммон, хаан Лемонай хоёрын тухай мөн Алма 22:4–18-аас Аароны түүхийг унш. Унших явцдаа Аммон, Аарон хоёр хэрхэн доорх зүйлсийг хийснийг тодорхойлж, дүрсэл. Үүнд:

    • Сүнсийг дагаж, хайраар заасан.

    • Зааж эхэлсэн.

    • Заах зүйлээ хэрэгцээнд нь нийцүүлсэн.

    • Гэрчлэлээ хуваалцсан.

    • Судруудыг ашигласан.

    • Асуулт тавьж, сонсож, заасан хүмүүстээ асуудлаа шийдвэрлэхэд нь тусалсан.

    • Заасан хүмүүсээ амлалт өгөхөд урамшуулсан.

    Тэдний үйлчлэл болон сургаал хаан Лемонай, түүний эцэг, Абиш нарт хэрхэн нөлөөлсөн талаар ярилц.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Гишүүдийг эсвэл одоо зааж байгаа хүмүүсээ хуралдаа урьж оролцуул. Чухал захиаснуудаа хуваалцах номлогчдын чадварыг сайжруулахыг хүсэж байгаагаа уг бүлгийнхэнд тайлбарла. Нэг хичээл, нэг ур чадварыг сонго. Таны тодорхойлсон ур чадвар дээр төвлөрөн, уг хүнд эсвэл хүмүүст сонгосон хичээлийг 20 минут заах боломжийг номлогчдод олго. 20 минутын дараа, тэдний зааж байгаа хүмүүсийг соль. Номлогчдыг зааж дууссаны дараа бүлгийнхнийг цуглуул. Тухайн хүнээс эсвэл хүмүүсээс юу нь хамгийн үр дүнтэй байсныг болон сайжрах нэг арга замыг номлогчдод хэлэхийг хүс.

  • Номлогчид хүмүүст зааж эсвэл хүмүүстэй холбоо тогтоож байгаа жишээг харуулсан видео үзүүл. Нэг ур чадварыг сонгоод, тухайн номлогчид уг ур чадварын зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлснийг ярилц.

  • Ур чадвараа сонгоод, түүнийг дэмжих сургаал эсвэл судрын хэсгүүдийг олж тогтоо. Ур чадварын сургаалын үндэс суурийг номлогчдод заа.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Заримдаа номлогчдыг хичээл заахад хамт яв. Хичээлд хэрхэн оролцохоо төлөвлө.

  • Орон нутгийн удирдагчдыг номлогчидтой хамт очиж, заахад оролцохыг уриал.

  • Номлогчдод оновчтой асуулт тавих, сонсох гэх мэт энэ бүлэгт тайлбарласан нэг заах ур чадварыг үзүүлэн, дадлага хийхэд нь тусал.

  • Бүсийн чуулган, номлолын удирдагчдын зөвлөлийн хурал, ярилцлагын үеэр номлогчдод заахдаа судруудыг хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг харуул. Тэдэнтэй хамт заахдаа ч мөн адил ийн үйлд.

  • Номлогчдод судруудыг ойлгож, хайрлах хайрыг хөгжүүлэхэд нь тусал. Ахлагч Жэффри Р.Холланд номлолын удирдагчдад ийн зөвлөсөн.

    “Бурханы үгийг хайрлах хайрыг номлолын соёлынхоо төвд байлга. … Илчлэлтүүдтэй танилцах, жишиг бүтээлүүдийг тогтмол ашиглах явдлыг номлогчдынхоо амьдралын туршид дагаж мөрдөх гол шинж чанаруудын нэг болгоорой.

    Дандаа заадаг шигээ номлогчдодоо заахдаа судраас зааж бай. Хүч чадал, сүнслэг өдөөлтөө хаанаас авч байгаагаа тэдэнд үзүүл. Тэдэнд хуримтлуулсан илчлэлтүүдээ хайрлаж, тэдгээрт найдахыг заа.

    Номлолын ерөнхийлөгч бидэнтэй хамт байхдаа үргэлж Мормоны Номоос болон [бусад] судраас заадаг эсвэл заадаг юм шиг санагддаг байсан. Тэр хувийн ярилцлагад судар оруулдаг байв. Хурлын тойм нь жишиг ажлуудаас татаж авсан байдаг байж билээ. …

    Тэр тухайн үед үүнийг мэддэггүй байсан ч ерөнхийлөгч маань биднийг устгалд өртүүлэхгүйн тулд баруун, зүүн гар талаас маань зэвсэглэн, өөрийн бодгалийн бүх эрч хүчээр мөн өөрт буй бүх чадавхаараа төмөр бариулаас чанга барихыг ухуулсан байв [1 Нифай 15:23–25-ыг үзнэ үү]” (“The Power of the Scriptures” seminar for new mission leaders, June 25, 2022).